Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2024/01530

 

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 29 өдөр Дуга 210/МА2024/01530

 

 

Н ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Э.Энэбиш, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 30-ны өдрийн 181/ШШ2024/02211 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Н ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Л ХХК холбогдох,

 

Худалдан авсан бүтээгдэхүүний төлбөрт 8,755,120 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн өмгөөлөгч Б.Хонгорзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Сүхбаатар дүүргийн ХХХХХ , ХХХХ байрлах Л ресторанд 2019 оны 07 сарын 03-ны өдрөөс 2022 оны 11 сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд 44,048,320 төгрөгийг бүтээгдэхүүнийг захиалгын дагуу нийлүүлсэн.

1.2. Хариуцагч компани нь худалдан авсан бүтээгдэхүүний төлбөрийг хэсэгчлэн төлж, үлдэгдэл төлбөр 8,755,120 төгрөгийг төлөх үүргээ биелүүлэхгүй манай компанид хохирол учруулж байна. Иймд хариуцагч Л ХХК-аас худалдан авсан бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр 8,755,120 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга:

2.1. Манай компани нь ресторан, лоунж, клубын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байсан бөгөөд Н ХХК-тай 2019 оноос бараа бүтээгдэхүүнийг худалдан авах мөн маркетингийн чиглэлээр хамтран ажилладаг байсан.

2.2. 2021-2022 онд маркетингийн зорилгоор 5,000,000 төгрөгийн өртөг бүхий бараа бүтээгдэхүүнийг үнэгүй нийлүүлэн хамтран ажиллахаар 2 компанийн менежерүүд бараа бүтээгдэхүүн үнэгүй нийлүүлж, амталгаа явуулахаар харилцан тохиролцсон. Үүнд: Виноны менюд 100 хувь тухайн компаний бүтээгдэхүүнийг худалдан борлуулахаар сольсон. Менюны зардал 800,000-1,000,000 төгрөг, Шинэ бүтээгдэхүүнийг танилцуулах болон бусад эвент хүлээн авалтад өөрсдийн эзэмшлийн заалаа үнэгүй ашиглуулах, нэг өдрийн заалны түрээс 1,500,000 төгрөг байдаг ба 1 удаа арга хэмжээ зохион байгуулсан.

2.3. Ингэхдээ маркетингийн дүнд тооцож нийлүүлэх шаарлагагүй, захиалаагүй бараа материалыг нийлүүлсэн ба зарлагын падаан нягтлан бодогчид ирээгүй тул тооцоо нийлсэн акт үйлдээгүй. Өөрөөр хэлбэл Н ХХК-аас тооцоо нийлж, акт үйлдэхгүйгээр бараа бүтээгдэхүүн ирсэн бол зар сурталчилгаа, амталгааны бараа бүтээгдэхүүн ирлээ гэж ойлгож, манай компани худалдан борлуулах бус амталгаанд ашигладаг байсан.

Иймд, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч компани нь манай компанид амталгааны бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, сурталчилгаа хийсний төлбөрт мөнгө шилжүүлэх зэргээр үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, харин манай компани нь нэхэмжлэгчийн бараа бүтээгдэхүүнийг таниулахад туслалцаа үзүүлж хамтран ажиллаж байсан.

2.4. Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 8,755,120 төгрөгийн 5,631,000 төгрөгийг 2022 оны 03 сарын 31-ний өдөр тооцоо нийлсэн гэх агуулгаар нэхэмжилж зарлагын баримтыг хавсаргасан байна.

2.5. 2022 оны 03 сарын 31-ний өдрийн тооцоо нийлсэн актын хувьд 5,000,000 төгрөг нь бараа бүтээгдэхүүний сурталчилгаа байсан. Үнэ төлбөргүйгээр нэхэмжлэгчийн виног амталгаа явуулж сурталчлах талаар талууд аман байдлаар харилцан тохиролцсон. Нэхэмжлэгч 5,000,000 төгрөгийн үнэгүй бараа нийлүүлж, манайх хариуд нь сурталчилахаар гол нөхцлийг тохирсон. Иймд 5,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. 2022 оны 03 сарын 31-ний өдрөөс хойш 6,000,000 төгрөгийг төлсөн ба үүнийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасах ёстой гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л ХХК-аас гэрээний үүрэгт 8,755,120 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 155,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 155,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Нэхэмжлэгч Н ХХК нь нэхэмжлэлдээ Авлагын гүйлгээний түүх гэх баримтыг хавсаргаж өгсөн бөгөөд анхан шатны шүүх уг баримтыг үндэслэн шийдвэрээ гаргасан. Гэтэл энэ баримт нь зөвхөн Н ХХК-аас гаргаж өгсөн, Л ХХК хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулаагүй баримт юм.

4.2. Тус Авлагын гүйлгээний түүх баримтад дурдагдсан тооцоолол нь санхүүгийн анхан шатны баримт болох борлуулалтын зарлагын баримт-уудтай нийцэж, борлуулалтын зарлагын баримт-ыг үндэслэн талууд тооцоо нийлж акт үйлдсэнээр Л ХХК тус төлбөрийг төлөх үүрэг үүснэ. Энэ талаар Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.5 дахь хэсэгт дэлгэрэнгүй тусгасан. Гэтэл зөвхөн Н ХХК-аас гаргаж өгсөн борлуулалтын зарлагын баримтаар тогтоогдоогүй Авлагын гүйлгээний түүх баримтыг үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

4.3. Мөн 2022 оны 04 сарын 14-ний өдрийн борлуулалтын зарлагын баримтад Domaine La Baume Sauvignon Blanc нэртэй нэг бүрийн үнэ нь 37,900 төгрөгийн үнийн дүн бүхий бүтээгдэхүүн 12 ирэх ёстойгоос 3 дутуу ирж, нийт 113,700 төгрөгийн үнийн дүн бүхий бараа бүтээгдэхүүн дутуу ирсэн байх бөгөөд борлуулалтын зарлагын баримт дээр хүлээн авсан хүн нь тэмдэглэгээ хийж, 1,074,300 төгрөгийн үнийн дүн бүхий бараа бүтээгдэхүүн хүлээн авсан хэмээн гарын үсэг зурсныг балаар дарж, балласан баримтыг шүүхэд ирүүлсэн байна.

Гэтэл тус баримтыг шүүх үнэлж, баримтад дурдагдсан бүтээгдэхүүнийг бүгдийг нь бүрэн авсан мэтээр дүгнэлт гаргаж байгаа нь үндэслэлгүй.

4.4. Мөн талууд Тооцооны үлдэгдлийн баталгаа хэмээх баримт үйлдэж, компанийн санхүүгийн ажилтан санхүүгийн тамга дарж баталгаажуулснаар тооцоо нийлж, тухайн баримтыг үйлдэх хүртэлх хугацааны бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн, хүлээн авсан үнийн дүнг баталгаажуулдаг. Н ХХК болон Л ХХК нь 2022.01.01-2022.03.31-ний өдрийг хүртэлх хугацааны тооцооны үлдэгдлийг баталгаажуулж, тооцооны үлдэгдлийн баталгааны баримт /XX-34-р тал/ үйлдсэн бөгөөд үүнээс хойшхи баримтыг Л ХХК-ийн санхүүгийн эрх бүхий албан тушаалтан баталгаажуулж, хүлээн зөвшөөрөөгүй.

4.5. Анхан шатны шүүх хуралдаанд дурьдсаны дагуу 2024 оны 04 сарын 01-ний өдрийн Борлуулалтын зарлага баримтад гарын үсэг зурсан н.Ж гэх хүн тухайн үед Л ХХК-д ажиллаж байгаагүй.

2022 оны 05 сарын 30-ны өдөр, 2022 оны 04 сарын 06-ны өдөр, 2022 оны 04 сарын 20-ны өдрийн Борлуулалтын зарлага баримтуудад хэн гарын үсэг зурсан тодорхойгүй байх бөгөөд тухайн үед Л рестораны менежер, зохион байгуулагчаар ажиллаж байсан Ө.О , Ж.А , н.М нар л бараа хүлээн авах эрхтэй байсан бөгөөд дээрх баримтуудад дурдагдсан бараа бүтээгдэхүүнийг Л ХХК хүлээн авсныг санхүүгийн ажилтан хүлээн зөвшөөрч, Тооцооны үлдэгдлийн баталгаа-ны баримт үйлдээгүй байхад хариуцагч дээрх баримтуудыг хүлээн авсан мэтээр шийдвэр гаргаж, бодит байдалд нийцээгүй шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.

4.6. Маргаан бүхий харилцаа үүсэх үед Л ресторанд менежерээр ажиллаж байсан Ж.А ыг 2024 оны 04 сарын 05-ны өдөр гэрчээр асуусан бөгөөд гэрч Ж.А нь хариуцагчийн татгалзлыг нотлох тайлбарыг гаргаж, хавтаст хэрэгт гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар шүүх бүрдүүлсэн. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасантай нийцсэн нотлох баримт юм.

4.7. Гэтэл анхан шатны шүүхээс ... гэрчийн мэдүүлэг, уг нотолгооны хэрэгслийг давхар нотлох бараа материал сурталчлах, таниулах үйд ажиллагааны талаар талууд харилцан тохиролцсон гэрээ, хэлцэл хийгдсэн, түүнийг хэрхэн тооцож дүгнэх, талууд ямар нөхцөлийг тохиролцсон талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй гэж үндэслэлгүй дүгнэлт өгсөн.

Хариуцагчийн зүгээс анхан шатны шүүхэд шаардлагатай, нотлох баримтын шаардлага хангасан баримтыг хавтаст хэрэгт гаргаж өгсөн ба хэргийн үйл баримтыг гэрчийн мэдүүлгээр нотлохоос өөрөөр 5,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий бараа материалыг үнэгүй нийлүүлж, хариуд нь тус компанийн оруулж ирдэг world wine нэрийн бүтээгдэхүүнийг үнэ төлбөргүй сурталчилахаар харилцан тохиролцсон талаар нотлох боломжгүй байсан.

4.8. Дээрх тохиролцоо хийгдсэнтэй нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид маргадаггүй, энэ талаарх баримт байхгүй гэх тайлбарыг өгдөг. Гэвч дээрх тохиролцоо нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.1-т заасантай нийцсэн, амаар тохиролцож байгуулсан хүчин төгөлдөр хэлцэл мөн байхад анхан шатны шүүх дээрх тайлбар, хуулийн зохицуулалтыг үл харгалзан, гэрч Ж.А ын мэдүүлгийг баримтаар нотлоогүй гэх үндэслэлгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү

 

5. Хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

2. Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч Л ХХК-д холбогдуулан 8,755,120 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь 651,320 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хэрэгт цугларсан баримт, болон зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлэхэд Н ХХК нь 2019 оны 07 сарын 03-ны өдрөөс 2022 оны 11 сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд импортоор оруулж ирдэг согтууруулах ундааны тодорхой нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнийг Л ХХК-д нийлүүлэх, хариуцагч Л ХХК нь өөрийн ажиллуулдаг ресторанаас дамжуулан худалдан үнийг төлөхөөр аман хэлбэрээр тохиролцсон болох нь тогтоогдож байна. Энэ талаар зохигч талууд маргаангүй.

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж гэрээний харилцааг зөв тодорхойлжээ.

 

5. Зохигч талуудын хооронд 2022 оны 04 сарын 07-ны өдрийн Тооцооны үлдэгдлийн баталгаа баримт үйлдэж, уг баримтаар 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс 2022 оны 03 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хариуцагч байгууллага нь 5,651,320 төгрөгийн төлбөртэй болохыг баталгаажуулжээ.

 

Дээрх хугацаанаас хойш буюу 2022 оны 03 сарын 31-ний өдрөөс хойш нэхэмжлэгч байгууллагын Борлуулалтын зарлага-ын баримтаар 9 удаагийн нийлүүлэлтээр 8,196,000 төгрөгийн үнэ бүхий согтууруулах ундааны төрлийн бүтээгдэхүүнийг Л ХХК-д хүлээлгэн өгсөн, мөн хариуцагч нь 2022 оны 06 сарын 22-ны өдөр 3,000,000 төгрөг, 2022 оны 11 сарын 22-ны өдөр 3,000,000 төгрөг тус тус шилжүүлсэн байна.

 

Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан Авлагын гүйлгээний түүх гэх нэртэй баримт нь нэг талын баримт боловч уг баримтаар зохигч талуудын хооронд 2019 оны 01 сарын 01-ний өдрөөс 2023 оны 07 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны нийлүүлсэн бүтээгдэхүүний үнэ, төлсөн төлбөр болон үүссэн өрийн талаар нэгбүрчлэн бүртгэсэн баримт нь хэрэгт цугласан бусад бичгийн баримтаар давхар тогтоогдож байх тул анхан шатны шүүх нэхэмжлэгч талын Авлагын гүйлгээний түүх-ийн баримтыг үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй байна.

 

Анхан шатны шүүх хариуцагч Л ХХК-аас худалдах, худалдах авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 8,755,120 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н ХХК-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцжээ.

 

6. Хариуцагч талын давж заалдах гомдлын хангах үндэслэл хэрэгт цугларсан баримтаар тогтоогдсонгүй.

 

6.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар гэрчийн мэдүүлэг нь нотолгооны хэрэгсэл мөн боловч гэрч Ж.А нь мэдүүлэг нь хэрэгт цугларсан бусад баримтаар тогтоогдож байж шүүхийн шийдвэрийн үндэслэл болно.

Гэрч Ж.А нь ... бараа материал авч, зарж, борлуулж хамтран ажилладаг байсан. Сүүлд тоглолт, эвентийн арга хэмжээгээр бараа материалаа танилцуулж, сурталчилж хамтран ажилласан...2021 оны 11 сараас 2022 оны 02 сар хүртэл сурталчлах, таниулах үйл ажиллагааны зардлыг 5,000,000 төгрөгөөр тохиролцсон ... гэсэн мэдүүлэг нь хэрэгт цугларсан бусад баримтаар тогтоогдоогүй тул хариуцагч байгууллагыг Н ХХК-ийн импортоор оруулж ирдэг согтууруулах ундааны тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүнийг тоглолт, эвентийн арга хэмжээгээр бараа материалаа танилцуулж, сурталчилсны ажлын хөлс 5,000,000 төгрөгөөр тохиролцсон гэж үзэх үндэслэлгүй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

6.2. Нэхэмжлэгч байгууллагын Борлуулалтын зарлага-ын баримт хариуцагч талыг төлөөлөн Ө.О , н.Ж , н.М нар гарын үсэг зурж баталгаажуулж, бүтээгдэхүүнийг хүлээн авч байсан, нэхэмжилж байгаа 8,755,120 төгрөгийг тооцооллыг үгүйсгэсэн баримтыг шүүхэд гаргаагүй тул энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй.

Хариуцагч нь н.Ж гэж хүн манай байгууллага ажиллаж байгаагүй гэсэн тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

 

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 30-ны өдрийн 181/ШШ2024/02211 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 155,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.МАНДАЛБАЯР

 

ШҮҮГЧИД  Э.ЭНЭБИШ

 

С.ЭНХБАЯР