Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 00542

 

         Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,   

           Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг, Боргүвээгийн 5 дугаар хэсэг гудамж, 138 тоотод оршин суух, 1963 онд төрсөн, эмэгтэй, ОЖ63101705 регистрийн дугаартай, Борлууд овогтой Жамъянсүрэнгийн Долгорын,

          Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

             Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Т.Дашдорж оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

        Нэхэмжлэгч Ж.Долгор шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: “Миний бие нь 1963 онд төрсөн, 53 настай. Би 1980 оны 7 дугаар сараас эхлэн 1990 оныг хүртэл хугацаанд Увс аймгийн Малчин сумын Малчин нэгдэлд мал маллаж байсан. Тухайн үед хөдөлмөрийн дэвтрээ авч чадаагүй байтал нэгдэл тарсан. Одоо миний бие нь тэтгэвэрт орох болсон ба Малчин сумын Малчин нэгдэл тарсан учраас бичиг баримт олдохгүй байна. Надад Малчин нэгдэлд ажиллаж байхдаа авч байсан баярын бичиг болон сайшаалын үнэмлэх байсан боловч гэр шатаж бүхий л бичиг баримтаа алдсан юмаа. Иймд миний Малчин сумын Малчин нэгдэлд 1980 оны 7 дугаар сараас 1990 оныг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан жилийг тогтоож өгнө үү. Танай шүүхэд ажиллаж байсан байдал тогтоолгох тухай өргөдөл гаргаж, шүүх хуралдааны товоо өөрийн биеэр мэдээд байж байтал бага охин маань оюутан болж Улаанбаатар хотод хурдан ирэх хэрэгтэй байна хэмээн дуудуулсан байна. Иймд миний бие буцах шаардлагатай болсон тул намайг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж, миний хүсэлтийг хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад  ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Ж.Долгор нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.

            Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн цалингийн тодорхойлолтод Увс аймгийн Малчин сумын Малчин нэгдэлд ажиллаж байсан Жамъянсшрэнгийн Долгорын 1980 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэж ирүүлсэн байна.

            Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Я.Цэгээн, Б.Буяндэлгэр нараас гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд гэрч Я.Цэгээн: “Би Увс аймгийн Малчин суманд төрж өссөн хүн юмаа. Би Увс аймгийн Хөдөө аж ахуйн удирдах газар ажиллаж байгаад Малчин сумын Мал эмнэлэгт ерөнхий мал зүйчээр очиж 1992 оныг хүртэл хугацаанд ажилласан юм. Тэгэхэд Ж.Долгор нь Малчин сумын Малчин нэгдэлд аав, ээжийн хамтаар мал маллаж байсан Долгорын аавыг Жамъянсүрэн гэх хүн нь Малчин нэгдэлд үхэр малладаг байсан. Ж.Долгор нь Тулгаа гэх хүнтэй суун үргэлжлүүлэн Малчин нэгдэлдээ нөхрийн хамтаар мал малласан. Одоо Ж.Долгорын гэр Сэлэнгэ аймагт байдаг. Ж.Долгор нь 1980 оноос 1990 оныг хүртэл хугацаанд Малчин нэгдэлд мал малласан” гэж, гэрч Б.Буяндэлгэр: “Би Увс аймгийн Малчин сумын Малчин нэгдэлд 1974 оноос эхлэн нягтлангаар ажилласан. Ж.Долгорыг сайн мэднэ. Тэднийх Малчин нэгдлийн 4 дүгээр бригадад нэгдлийн үхэр малладаг байсан. Ж.Долгор аав, ээжийн хамтаар мал маллаж байгаад Дорлигийн Тулгаа гэх залуутай гэр бүл зохион мөн нэгдэлдээ малаа маллан амьдарч байгаад сүүлд Сэлэнгэ аймаг руу шилжин явсан. Ж.Долгорын аавыг Жамъянсүрэн гэх хүн байсан. Ж.Долгор нь 1980 оноос 1989 оныг дуустал хугацаанд мал малласан. Увс аймгийн Малчин сумын Малчин нэгдлийн даргаар н.Бадам, н.Дэмбэрэл, н.Баазар, Р.Батсүх гэх хүмүүс ажиллаж байсан” гэж тус тус мэдүүлсэн байх ба гэрчүүдийн ажиллаж байсан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбар болон ажиллаж байсан байдал тогтоосон Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 529 тоот шийдвэрийн хуулбар зэрэг баримтууд хэрэгт авагджээ.            

         Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан дээрх баримтуудыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаар Ж.Долгорын 1980 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Малчин сумын Малчин нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож шийдвэрлэлээ.

         Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.Долгорын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

     Мөн нэхэмжлэгч нь өөрийг нь байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийлгэх тухай хүсэлтээ ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаар Борлууд овогтой Жамъянсүрэнгийн Долгорын 1980 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Малчин сумын Малчин нэгдэлд малчнаар нийт 9 /ес/ жил 6 /зургаа/ сар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

       2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.Долгорын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.ГЭРЭЛТУЯА