Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2024/01533

 

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 29 өдөр Дуга 210/МА2024/01533

 

 

ХХ ХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Нямбазар, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 сарын 26-ны өдрийн 102/ШШ2024/03387 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ХХ ХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б.А д холбогдох,

 

Гэрээний үүргийн биелэлтэд 98,371,082.17 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ө , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Б.А нь ХХ ХК-тай 2019 оны 09 сарын 24-ний өдөр №ЗГ/ВСС00 тоот Зээлийн гэрээ, №ЗБ/ВСС00 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг байгуулан 50,000,000 төгрөгийн зээлийг жилийн 24,0 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай зээлдэж авсан.

1.2. Зээлийн гэрээний үүргийн баталгаа болгож Б.А өөрийн өмчлөлийн ХХХХХ байр, 45 тоот хаягт байрлалтай 82,47 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалсан.

1.3. ХХ ХК нь хариуцагч Б.А гаас зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж 2023 оны 11 сарын 13-ны өдөр баталгаат шуудангаар мэдэгдэл хүргүүлэхэд хаягт газар ийм хүн байхгүй гэх шалтгаанаар шуудан буцаасан. Хаягт зээлдэгч байгаагүй учир утасны дугаараар холбогдож мэдэгдсэн. Утсаар ярихад өөрөө Гачууртад байна, заасан хаягт амьдардаггүй гээд ХХХХ тоотод амьдардаг гэсэн боловч тухайн хаягт бүртгэлгүй байсан. Зээлийн гэрээний 5.4-т заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг шаардах мэдэгдлийг Өдөр тутмын сонины 8 дугаар хуудаст мэдэгдэл хэвлэж гардуулсанд тооцсон.

1.4. Б.А хамгийн сүүлд 2020 оны 10 сарын 30-ны өдөр 2,500,000 төгрөгийн төлөлт хийсэн ба Б.А нь банкинд зээлийн төлбөр төлөлтийг 3 сараар хойшлуулах хүсэлт гаргасныг банк хүлээн авч хойшлуулсан. Иймд хариуцагч Б.А гаас үндсэн зээл 50,000,000 төгрөг, зээлийн үндсэн хүү 44,874,301.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,471,780.81 төгрөг, нотариатын зардал 25,000 төгрөг, нийт 98,371,082.17 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг ХХХХХ байр, 45 тоот хаягт байрлалтай 82,47 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр хангаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга:

2.1. 2019 оны 09 сарын 24-ний өдөр талуудын хооронд 2 жилийн хугацаатай 50,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдаж, миний өмчлөлийн орон сууцаа барьцаалсан.

2.2. Гэрээний хугацааны зээл, хүүгийн төлбөр 63,140,401.52 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна.

2.3. Харин ХХ ХК нь гэрээний хугацаанд зааснаас илүү хэмжээний төлбөрийг нэхэмжилж байгаа, гэрээний хугацаа дууссанаас хойших хүүгийн төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж маргаж байна.

2.4. Ковидын үед зээлийн төлөлт хийх боломжгүй талаар зээлдэгчид мэдэгдэж, зээлийн төлөлттэй холбоотой шүүхэд нэхэмжлэл гаргаж зээлийн хүүг зогсоож өгнө үү гэх хүсэлтийг гаргаж байсан. Хариуцагч зээлийн төлбөрийг төлнө гэдгээ бичгээр гаргаж, харин 895 хоногийн хүү 35,230,680 төгрөгийг төлөхгүй гэж маргасан.

2.5. Нэхэмжлэгч зээлийн гэрээ дууссанаас хойш гэрээг цуцлалгүй 3 жил болж энэ нь хүү, нэмэгдүүлсэн хүү бодох банкинд ашигтай болсон. ХХ ХК нь зээлээс урт хугацааны хүү авахын тулд зээлийн буцаан шаардах эрхээ хэрэгжүүлээгүй. Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд заасан журмын дагуу Б.А д үүргийн гүйцэтгэлтэй холбогдуулж барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах мэдэгдлийг хүргүүлээгүй.

2.6. Банк зээлдэгчид 2 удаа мэдэгдэл хүргүүлэх ёстой байдаг ч бодит байдал дээр зохих ёсоор мэдэгдэл ирээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 35,230,680 төгрөгийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Б.А гаас 98,371,082.17 төгрөг гаргуулж нэхэмжпэгч ХХ ХК-д олгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар Б.А гийн өмчлөлийн ХХХХХ байр 45 тоот хаягт байрлалтай 82,47 м.кв талбайтай орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 720,005 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.А гаас 720,005 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХХ ХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие 2024 оны 06 сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанд анх удаа оролцсон бөгөөд хэргийн оролцогчийн эрхээ эдэлж, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллагаас нэмэлт нотлох баримт гаргуулан хэрэгт хавсаргуулах, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр эрх ашиг нь хөндөгдөж буй Хариуцагчийн хүүхдүүдийг татан оролцуулах тухай хүсэлтийг тус тус гаргасныг шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьсан, үндэслэл муутай болсон.

4.2. Нэхэмжлэлийн шаардлага нь 98,371,082.17 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай гэсэн 2 тусдаа шаардлага байх бөгөөд нэхэмжлэгч нь 70,200 төгрөг, 649,805.41 төгрөг, нийт 720,005 төгрөг төлсөн. Гэвч хавтаст хэргийн 5-д байгаа баримтаар нэхэмжпэгч нь 1,338,725.45 төгрөгөөр нэхэмжлэх үүсгээд байхад шүүх үүнийг тодруулж бүрдүүлбэр хангагдсан эсэх тал дээр үнэлэлт дүгнэлт хийгээгүй,

4.3. Нэхэмжлэгч нь ХХ гэх нээлттэй Хувьцаат Компани гэсэн хуулийн этгээд байдаг. Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т Хуулийн этгээд удирдах байгууллагаараа дамжуулан иргэний эрх зүйн харилцаанд оролцоно, 26.5-д Хуулийн этгээдийн удирдах байгууллагын эрх зүйн байдлыг хууль буюу үүсгэн байгуулах баримт бичгээр тодорхойлно гэж тус тус заасан байхад хуульд заасан бүрдүүлбэрийн шаардлага болох нэхэмжлэгчийн хуулийн этгээдийн дүрмийг нэхэмжлэлд хавсаргах шаардлага адилхан тавигдах байтал ХХ ХК-ийн дүрэм хэрэгт авагдаагүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийн бүрдүүлбэрийн шаардлага зөрчигдсөн.

4.4. Хэрэгт авагдсан нэхэмжлэлийн шаардлагын тооцоолол болох хүснэгт нь нотлох баримтын шаардлага хангахгүй, тамга тэмдгээр баталгаажаагүй хуулбар хувь байдаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон баримтыг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр гарган өгөөгүй байхад шүүх нотлох баримтын шаардлааг хангаагүй баримтыг үндэслэн нэхэмжлэлийн үнийн дүнгээр хангаж шийдсэн нь хууль зөрчсөн. Түүнчлэн гэрээний заалт ёсоор мэдэгдлийг банк өөрөө дотооддоо бичиж гаргах биш, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр тохиролцсон. Хэрэгт байгаа ХХ ХК-ийн мэдэгдэл гэх баримтуудад хариуцагчид гардуулсан ямар нэг үйл баримт байдаггүй.

4.5. Тиймээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Сүхбаатар дүүргийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газраас зөвхөн анхны зээлийн гэрээ, барыдааны гэрээний хуулбараас гадна түүнд оруулсан нэмэлт өөрчлөлтийн бүртгэл, хууль болон гэрээнд заасан ёсоор үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай мэдэгдлийг бүртгүүлж байсан эсэх бүртгэлээ хийлгэж, бүртгүүлсэн эсэх тухай баримтыг гаргуулахаар хүсэлт гаргасныг хангаагүй нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой хамгийн гол нотлох баримтыг гаргуулаагүй хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн үндсэн эрхийг хангаагүй ноцтой зөрчил болсон.

4.6. Өөрөөр хэлбэл хариуцагч нь нэхэмжлэлийн үнийн дүнгээс үндсэн зээл болон үндсэн зээлийн хүүгийн төлбөр 63,140,401.52 төгрөгийг хүлээн зөвшөөрч зээлийн гэрээ дууссанаас хойш шүүхэд хандах хүртэл нийт 895 хоногийн хүүгийн төлбөр 35,230,680 төгрөгийг банк хариуцагчийг зориудаар төлбөрийн чадваргүй байдалд оруулан, бүхэл бүтэн 895 хоногийн хугацаанд зээлээ эргэн дуудах ажиллагааг хйилгүйгээр өндөр хүүгийн өр үүсгэсэн гэж маргадаг /хх 34/. Энэхүү тайлбар үндэслэлээ нотлох зорилгоор банк хууль болон гэрээнд заасан ёсоор үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай мэдэгдлийг барьцаалбарыг бүртгэсэн бүртгүүлж байсан эсэх, 895 хоногийн хүүг тооцох үндэслэлтэй ажиллагааг хийсэн эсэхийг эрх бүхий байгууллагын лавлагаа, тодорхойлолтоор тодруулахыг хүссэн боловч шүүх уг хүсэлтийг хангалгүй хэргийг шийдвэрлэх хангалттай нотлох баримт бүрдээгүй байхад шийдвэрлэсэн.

4.7. Хариуцагчаас ... зээлээ төлж чадахгүй болсон тул гэрээг цуцалж өгнө үү гэсэн хүсэлтийг ХХ ХК-ийн салбарт өгч байсан тул тус салбараас хүсэлтийг нотлох баримтаар гаргуулах хүсэлтийг гарган шүүхээс ХХ ХК-аас Б.А д хоблогдох баримт гаргуулахаар захирамж гарсан. Гэвч нэхэмжпэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гараараа баримт байхгүй гэсэн бичиг бичиж өгсөн нь шүүгчийн нотлох баримт гаргуулах захирамж биелсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

4.8. Хэдийгээр итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ө нь ХХ ХК-аас олгосон итгэмжлэлийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа боловч түүнд олгосон итгэмжпэлд дурдсан нотлох баримт гарган өгөх гэх агуулга нь банкины баримт бичгийг шүүхэд гарган өгөх процессийн ажиллагааг хийх үйлдлийг тодорхойлж байгаа юм.

4.9. Өөрөөр хэлбэл ХХ ХК нь шүүхийн захирамжийг биелүүлэн нотлох баримтыг гарган өгөх, боломжгүй бол энэ тухайгаа албан ёсны албан бичгээр энэ шүүхэд ирүүлэх ёстой байхад итгэмжпэгдсэн төлөөлөгч нь ХХ ХК-ийн зээл олгосон салбарын өмнөөс тодорхойлолт гаргах эрхгүй болно. Гэвч шүүгч нь захирамжийн биелэлт хангагдаагүй байгаа талаар өмгөөлөгчийн дээрх тайлбарыг хүлээн авалгүйгээр захирамж биелээгүй байхад хэргйиг шийдвэрлэсэн. Нотлох баримт бүрэн бүрдэж байж үнэн зөв, бүх талаас нь мэтгэлцэх эрхийг хангаж шийдвэрлэх боломжтой болох юм. Иймд дээрх үндэслэл бүхий нөхцөл байдлуудыг хянан анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон хэргийг дахин шийдвэрлүүхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч тайлбар, татгалзлын агуулга:

5.1. Хариуцагчийн зүгээс шүүх хуралдаанд Улсын бүртгэлийн ерөнхий газраас барьцааны гэрээ, барьцаат зээлийн гэрээтэй холбоотой нотлох баримтыг гаргуулах хүсэлт гаргасан. Уг хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

5.2. Улсын бүртгэлийн газраас заавал нотлох баримт гаргуулах шаардлага байхгүй. ХХ ны зүгээс нэхэмжлэл гаргахдаа нотлох баримт болон зээлийн гэрээ, барьцааны гэрээг нотлох баримтаар гаргаж өгсөн.

5.3. Мэдэгдлийн хувьд банк зээлдэгчтэй холбоотой үүргийн гүйцэтгэл шаардах мэдэгдлийг зээлдэгч нарт өгөх ёстой. Заавал Улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагагүй. Маргаж байгаа асуудал нь зээлийн гэрээний 5 дахь хэсэгт заасан барьцааны зүйлийг шүүхийн бус журмаар худалдах гэх агуулгыг хариуцагч буруу ойлгоод, заавал 2 удаа мэдэгдэл гаргаж Улсын бүртгэлд бүргүүлэн гэх тайлбарыг гаргаад байдаг гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

2. Нэхэмжлэгч ХХ ХК нь хариуцагч Б.А д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 98,371,082.17 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь зээлийн үндсэн төлбөр 63,140,400 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үлдэх 35,230,680 төгрөгийг төлөхгүй гэж эс зөвшөөрч маргажээ.

 

3. Талууд 2019 оны 09 сарын 24-ний өдөр №ЗГ/ВСС00 тоот Зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр 50,000,000 төгрөгийн зээлийг жилийн 24 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдүүлэх, Б.А нь зээлийн мөнгөн хөрөнгийг тохирсон хугацаанд хүүгийн хамтаар буцаан төлөх, ийнхүү төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцжээ.

 

Мөн өдөр талууд №ЗБ/ВСС00 тоот Баталгаат ипотекийн гэрээ байгуулж, Б.А гийн өмчлөлд бүртгэлтэй, ХХХХХ байр 45 тоот хаягт байрлалтай 82,47 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

 

4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа, 156 дугаар зүйлийн 156.1, 165 дугаар зүйлийн 165.1-д заасан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, эдгээр гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.

 

5. Зээлдүүлэгч нь 2017 оны 09 сарын 24-ний өдөр 50,000,000 төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн байна.

 

6. Зээлдэгч нь 2020 оны 11 сараас зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн ба зээлдүүлэгч нь зээлийн гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгэхийг зээлдэгчээс удаа дараа шаардсан үйл баримт тогтоогдсон.

 

7. Хэрэгт авагдсан зээлийн дансны хуулга, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний тооцооллоос үзвэл зээлдэгч зээлийн гэрээний эргэн төлөлтөд зээлийн хүүнд 8,353,000 төгрөгийг төлсөн, нэхэмжлэл гаргах үеийн 2024 оны 03 сарын байдлаар үндсэн зээл 50,000,0000 төгрөг, зээлийн хүү 44,874,301 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,471,780 төгрөг, нийт 98.371,082 төгрөгийн өр төлбөртэй байна.

 

8. Хариуцагч тал Ковидын үед зээлийн төлөлт хийх боломжгүй талаар зээлдэгчид мэдэгдэж байсан тул хэтэрсэн хугацааны хүү 35,230,680 төгрөгийг төлөхгүй ... гэсэн агуулгатай хариу тайлбар, татгалзал үндэслэлгүй.

Анхан шатны шүүх Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7, 10.8-д заасан хуулийн зохицуулалтад хэрэглээний зээл хамаарахгүй тул зээлийн гэрээний хугацааны хүүг төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй гэж зөв дүгнэжээ.

 

9. Нэхэмжлэгч ХХ ХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1-д зааснаар үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхийг хариуцагч Б.А гаас шаардах эрхтэй.

Анхан шатны шүүх зээлийн гэрээний үүрэгт нийт 98,371,082 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 175 дугаар зүйлийн 175.1 дахь хэсэгт заасантай тус тус нийцсэн байна.

 

10. Хариуцагч талын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилтэй холбоотой гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй.

 

10.1. ХХХХХ байр 45 тоот хаягт байрлалтай 82,47 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө нь хариуцагч Б.А гийн өмчлөлд бүртгэлтэй байх тул түүний хүүхдүүдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулах хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

 

10.2. Компанийн дүрэм хэрэгт баримтаар авагдаагүй нь хэргийн шийдэлд нөлөөлөхгүйн зэрэгцээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасан ноцтой зөрчилд хамаарахгүй.

 

10.3. Тооцооллын хүснэгт нотлох баримтын шаардлага хангахгүй, мөн мэдэгдлийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй талаар гомдол нь үндэслэлгүй.

 

Хариуцагчийн ... тухайн зээл төлж чадахгүй гэдэг байдлаар нэхэмжлэгчид баримт гаргаж байсныг нэхэмжлэгчээс гаргуулах гэсэн хүсэлтэд дурдсан баримт ... нэхэмжлэгчид байхгүй гэж нэхэмжлэгч тал шүүхэд тайлбар гаргасан тул захирамжийн биелэлт хангагдсан гэж үзнэ.

 

11. Дээрх үндэслэлээр хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 сарын 26-ны өдрийн 102/ШШ2024/03387 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 720,005 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧИД  Д.НЯМБАЗАР

 

С.ЭНХБАЯР