| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2016/00470/и |
| Дугаар | 00544 |
| Огноо | 2016-08-31 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 00544
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах, 9016001007 улсын бүртгэлийн дугаартай, 2578697 регистрийн дугаартай, Хас банкны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар багийн 13-19 тоотод оршин суух, 1978 онд төрсөн, эрэгтэй, ОО78121616 регистрийн дугаартай, Борлууд овогтой Норслойн Гантулга,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар багийн 13-19 тоотод оршин суух, 1977 онд төрсөн, эмэгтэй, ОО77021608 регистрийн дугаартай, Булгадар овогтой Даалхайн Тунгалаг нарт холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 5.800.000 төгрөг, зээлийн хүү 1.148.612 төгрөг, нийт 6.948.612 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хас банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч тус банкны Увс салбарын захирал М.Пүрэвхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Н.Гантулга нь тус банкнаас 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 1250021584 тоот зээлийн гэрээ байгуулан 5.800.000 төгрөгийг мал авах зориулалтаар 36 сарын хугацаатай, сарын 2,48 хувийн хүүтэй, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгон Увс, Улаангом сум, 6 дугаар баг, 13-38 Б тоотод орших 650 м.кв өмчлөх эрхийн гэрчилгээтэй хашаа, гэр, хөлдөөгч зэргийг тус тус барьцаалуулж авсан болно. Зээлдэгч нь эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу зээлийн төлбөрөө төлөхдөө 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс хойш төлөлт хийгээгүй байна. Зээл төлөхийг шаардаж ярихад “цалингаа аваад төлнө, хүнээс мөнгө аваад төлнө” гэх зэргээр худал хэлж, зээл төлөх ямар нэгэн үйлдэл хийхгүй байна. Цалин болон бизнесийн орлогоор зээл төлөөс зайлсхийж өрхийн бусад төрлийн хэрэгцээнд зарцуулж байна. Зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчтэй өмнө нь зээл төлүүлэх талаар удаа дараа уулзаж зээл төлөх боломжтой хугацаа өгч хүлээсэн боловч зээл төлөх ямар ч сэтгэлгээгүй, банкны зээлийг төлөхөөс зайлсхийж байна. Зээлдэгч зээлийн төлбөрөө хугацаанд нь төлөхгүй байгаа нь банктай байгуулсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.1-д “Зээлийн гэрээнд заасан зориулалтаар ашиглаж, зээл хүүгийн төлбөрийг энэхүү гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүрэгтэй”, 2.3.5-д заасан “Банкнаас зээлийн хяналт хийх бүхий л бололцоог хангаж, шаардсан мэдээ мэдээллийг гаргаж өгнө”, 3.2.6-д заасан “Өрхийн орлогын эх үүсвэр, өөрийн болон өрхийн гишүүдийн ажил эрхлэлтийн байдалд өөрчлөгдөх, бизнесийн үйл ажиллагааны чиглэл өөрчлөгдөх, өөр зээлдүүлэгчээс давхар зээл авах тохиолдолд банкинд урьдчилан 10 өдрийн өмнө мэдэгдэж бичгээр зөвшөөрөл авна” гэсэн заалтуудаар хүлээсэн үүргээ тус тус зөрчсөн байх тул банкны зүгээс гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-д заасны дагуу зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 5.800.000 төгрөг, зээлийн хүү 1.148.612 төгрөг, нийт 6.948.612 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна” гэжээ.
Хариуцагч Н.Гантулга, Д.Тунгалаг нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Хас банкны нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 6.948.612 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Тухайн мөнгөнөөс 2016 оны 10, 11 дүгээр сард 2.000.000 төгрөгийг нь 12 дугаар сарыг дуустал 1.000.000 төгрөгийг тус тус төлөөд үлдэх 3.448.612 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарыг хүртэл хугацаанд төлж барагдуулна. Төлөгүй тохиолдолд барьцааны эд хөрөнгийг зарж борлуулахад татгалзах зүйлгүй” гэжээ.
Нэхэмжлэгч Хас банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Төгсжаргал шүүхэд гаргасан тайлбартаа: “Иргэн Н.Гантулга, Д.Тунгалаг нараас нэхэмжилсэн төлөөгүй зээлийн үлдэгдлийг хариуцагч нар нь төлөхөө хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Хэрвээ заасан хугацаандаа төлөөгүй бол албадан гүйцэтгүүлэх болно” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хас банк нь хариуцагч Н.Гантулга, Д.Тунгалаг нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 5.800.000 төгрөг, зээлийн хүү 1.148.612 төгрөг, нийт 6.948.612 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Гантулга, Д.Тунгалаг нар нь нэхэмжлэгч Хас банкны нэхэмжлэлийн шаардлага болох 6.948.612 төгрөгийг 2016 оны 10, 11 дүгээр сард 2.000.000 төгрөг, 2016 оны 12 дугаар сард 1.000.000 төгрөгийг тус тус төлөөд үлдэх 3.448.612 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарыг хүртэл хугацаанд төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч Н.Гантулга, Д.Тунгалаг нар нь сайн дураар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126.128 төгрөгөөс 63.064 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 63.064 төгрөгийг, хариуцагч Н.Гантулга, Д.Тунгалаг нараас 63.064 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хас банкинд олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н.Гантулга, Д.Тунгалаг нар нь Хас банкны нэхэмжлэлийн шаардлага болох Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 5.800.000 төгрөг, зээлийн хүү 1.148.612 төгрөг, нийт 6.948.612 /зургаан сая есөн зуун дөчин найман мянга зургаан зуун арван хоёр/ төгрөгийг 2016 оны 10, 11 дүгээр сард, 2.000.000 төгрөгийг нь 12 дугаар сарыг дуустал 1.000.000 төгрөгийг тус тус төлөөд үлдэх 3.448.612 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарыг хүртэл гэхэд төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Хас банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126.128 /нэг зуун хорин зургаан мянга нэг зуун хорин найман/ төгрөгийн тал хувь буюу 63.064 /жаран гурван мянга жаран дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн ХААН банк дахь 150000941 тоот данснаас 63.064 /жаран гурван мянга жаран дөрөв/ төгрөгийг, хариуцагч Н.Гантулга, Д.Тунгалаг нараас 63.064 /жаран гурван мянга жаран дөрөв/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хас банкинд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч нар заасан хугацаандаа шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА