Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
Хэргийн индекс | 101/2023/06541/И |
Дугаар | 210/МА2024/00618 |
Огноо | 2024-03-27 |
Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 210/МА2024/00618
2024 03 27 210/МА2024/00618
П.Ч-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Т.Бадрах, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
П.Ч-гийн нэхэмжлэлтэй, НШШГГ-т холбогдох,
Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, А.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас миний өмчлөлийн улсын бүртгэлийн 000000000 дугаартай, 000000 зоорийн давхрын 000 тоотод байрлах автозогсоолыг надад мэдэгдэхгүйгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж шинжээчийн дүгнэлтэр орон сууцыг 383,300,000 төгрөг, автозогсоолыг 24,000,000 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээний мэдэгдлийг 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр гардуулсан.
1.2. Дээрх орон сууц болон автозогсоол зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн байна. Тодруулбал, өнөөдрийн байдлаар Unegui.mn сайтад 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар сууцны зарах үнэ 440,000,000 төгрөг, Кристалл таун хотхоны зарын группт 1 м.кв-ын үнийг 4,380,000 төгрөг буюу 433,620,000 төгрөгөөр зарлагдсан байна. Түүнчлэн, хоёр ариун цэврийн өрөөтэй байхад үнэлгээний тайланд тусгаагүй байх тул нэг ариун цэврийн өрөөг үнэлээгүй.
Иймд орон сууц болон авто зогсоолыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1.Тус шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 000000000 дугаар шийдвэрээр П.Чгээс 134,802,601 төгрөгийг гаргуулж О ББСБ ХХК-д олгох, төлбөрийг төлөөгүй тохиолдолд түүний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн 000000000 дугаарт бүртгэлтэй, 000000 дугаарт бүртгэлтэй мөн хаягт байрлах зоорийн давхрын 0000 тоот автозогсоолоор үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.
2.2. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр үүсгэж, төлбөр төлөгчид шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг гардуулсан боловч төлбөрийн үүрэг биелэгдээгүй тул төлбөр төлөгчийн орон сууц болон автозогсоолыг 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр битүүмжилж, 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хураан авсан. Талуудад үнийн санал ирүүлэх мэдэгдлийг хүргүүлэхэд харилцан тохиролцож үнийн санал ирүүлээгүй төлбөр төлөгчийн үнийн санал хэт өндөр төлбөр авагч шинжээч томилуулах хүсэлтийг гаргасан тул В ХХК шинжээчээр томилсон.
Шинжээч нь эрхийн улсын бүртгэлийн эрхийн улсын бүртгэлийн 000000000 дугаарт бүртгэлтэй 0000000 бүртгэлтэй, 00000 хаягт байрлах 13.5 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 24,000,000 төгрөгөөр тус тус үнэлсэн. Улмаар П.Ч-д 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 4-187/18368 дугаартай албан бичгээр мэдэгдэж танилцуулсан.
Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн татгалзал, тайлбарын агуулга:
Нэхэмжлэгч нь үүргийн гүйцэтгэлийг хангуулах эд хөрөнгийн саналыг шийдвэр гүйцэтгэх газарт орон сууцыг 1,000,000,000 төгрөг, авто зогсоолыг 100,000,000 төгрөгөөр үнэлсэн нь бодит байдалд нийцээгүй. Улмаар нэхэмжлэгч нь В ХХК-ийн үнэлгээг зөвшөөрч, уг үнээр өөрийн эд хөрөнгийг зарж борлуулах саналыг 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр бичгээр гаргасан. Иймд үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан улсын бүртгэлийн 000000000 гэрчилгээтэй, 00000 дугаар гэрчилгээтэй, 00000талбайтай авто зогсоолыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах П.Чгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод оруулж үлдээж шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
5.1. Нэхэмжлэгч өр төлбөртэй байгаа нь үнэн боловч өртэй хүний хөрөнгө зах зээлийн ханшаас доогуур үнэлэгдэх ёстой гэсэн зүйл байхгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар төлбөр төлөгч нь хөрөнгийн үнэлгээний талаар гомдол гаргах эрхтэй гэж заасны дагуу өөрийн үл хөдлөх хөрөнгүүдийг зах зээлийн ханшаас багаар үнэлсэн, 2 ариун цэврийн өрөөтэй байхад жакуцтай том талбайтай ариун цэврийн өрөөг болон хувцасны өрөөг тайландаа тусгаж үнэлээгүй. Мөн автозогсоол нь давхар зогсдоггүй буюу бусдаас хамааралгүй зэрэг онцлог давуу байдлыг харгалзан үзэлгүй үнэлгээг хийсэн.
5.2. О -аас бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцох хүсэлтийг шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 29211 дугаартай захирамжаар хуульд заасан ямар эрх, үүрэг зөрчигдөж байгаа нь тодорхойгүй гээд хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан. Гэтэл захирамжинд заасан зөрчлийг арилгаагүй мөн ямар ч шийдвэр захирамж гараагүй байхад 2024 оны 01 дүгээр сарын 11-ний шүүх хуралд гуравдагч этгээд гээд оролцсон нь хууль зөрчсөн. Учир нь тухайн өдөр хэргийн материалтай танилцахад гуравдагч этгээдээр оролцуулах талаар захирамж хэрэгт байгаагүй Анхан шатны шүүх хүсэлтийг шийдвэрлэхгүй 2 cap болсны дараа шүүх хуралдааныг 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр зарласан нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн.
5.3. Нэхэмжлэгчийн зүгээс санаатайгаар олон удаа хурал хойшлуулаад байсан зүйл байдаггүй. Би нэхэмжлэгчтэй 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр гэрээ байгуулан өмгөөлөгчөөр оролцохоор хэргийн материалтай танилцах, өмгөөлөх боломжит хугацаагаар хангуулахаар өмгөөлөгчийн хувиар эрхийнхээ дагуу хүсэлт гаргаж шүүх хуралдааныг хойшлуулсан. Тухайн өдөр нэхэмжлэгчээс бага насны 3 хүүхэдтэй, харгалзах хүнгүй орхиод шүүх хуралд ирэх нь хүүхдүүдээ эрсдэлд оруулж байгаа тул итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хуралд оролцуулах хүсэлтийн дагуу надад итгэмжлэл өгсөн. Миний бие 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр БНСУлс руу гэнэт ажил гарч явах шаардлагатай болсон тул шүүхэд онгоцны билет, гадаад паспорт, визны орчуулга зэрэг нотлох баримтуудаа хавсарган хүсэлт гаргасан. Гэвч шүүх хүндэтгэн үзэх шалтгаан биш гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулахгүй хэргийг шийдвэрлэсэн нь хуульд заасан эрхийг ноцтой зөрчсөн. Би шүүх хуралдаанд эрх нь зөрчигдсөн нэхэмжлэгчээ төлөөлөн хуралд биечлэн оролцож, мэтгэлцэх хүсэлттэй, улмаар шүүхээс хуралдаан товлогдсон өдөр эх орондоо байхгүй, хуралд оролцох боломжгүй байхад хүндэтгэн үзэх шалтгаан биш гэж үзсэн нь ойлгомжгүй.
Мөн шүүх хуралдаан дээр хариуцагчаас нэхэмжлэгчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэх талаар хүсэлт гаргаагүй байхад нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна. Шүүх хуралдааны тэмдэглэлээс харахад шүүх хуралдаан хуульд заасан дэгийн дагуу явагдаагүй. Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаас ирц илтгэхэд нэхэмжлэгчийн төлөөлөгч хүсэлт ирүүлсэн талаар танилцуулахад шүүхээс ирцтэй холбогдуулан шийдвэр гаргалгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчиж нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад оролцох эрхийг хязгаарлан, тэгш эрхтэйгээр мэтгэлцэх боломжийг хангахгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Хүсэлтийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг үндэслэн шийдвэрлэсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчин шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн.
5.3. Шүүх хуралдааны тэмдэглэлээс харахад шүүх хуралдаанд оролцоогүй нэхэмжлэгчээс нэхэмжлэлээ дэмжиж байна, өөрчлөгдсөн зүйл байхгүй, эвлэрэхгүй гэж бичигдсэн байгаа нь нэхэмжлэгчийн эрхийг ханган хамгаалах бус хэргийг хурдан шийдвэрлэж дуусгах гэсэн байдлаар хандсан нь тодорхой байна. Мөн хариуцагч, гуравдагч этгээд нараас нотлох баримт шинжлэн судлуулаагүй, асуулт тавигдаагүй байгаа нь хэрэгт ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдээгүй, талуудыг мэтгэлзүүлээгүй байна. Хариуцагчаас бие даан худалдан борлуулах хугацаа авсан нь үнэлгээг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх бөгөөд хугацаа авах гэж шүүхэд хандсан гэх тайлбар үндэслэлгүй. Нэхэмжлэгчээс бие даан борлуулах хугацаа авах хүсэлт гаргасан боловч шийдвэр гүйцэтгэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т зааснаар 3 хоногийг дотор хариу өгөөгүй, эргэж холбогдоогүй атлаа худал тайлбар өгсөн. Нэхэмжлэгчээс 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр үнэлгээний тайланг хүлээн авч эс зөвшөөрсөн учраас шүүхэд 7 хоногийн дотор нэхэмжлэлээ гаргасан.
5.4. Анхан шатны шүүхээс эд хөрөнгийг хураан авсан, талуудаас үнийн санал авсан, шинжээч томилж, зах зээлийн үнэлгээг тогтоолгосон тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд нийцсэн гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 23380897/5 дугаартай тогтоолоор эд хөрөнгийг хураагаагүй битүүмжилсэн. Хавтаст хэргийн 53 дугаар талд байгаа эд хөрөнгө хураах тогтоолоор битүүмжилсэн учраас хураан авч байна гээд үйлдсэн тэмдэглэл дээр эхэлсэн, дууссан цаг байхгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.7 дахь хэсэгт зааснаар битүүмжлэх, хураах арга хэмжээ нь нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд тохирсон байх хуулийн заалтыг зөрчсөн. Хоёр үл хөдлөх хөрөнгө нийлээд 400,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн, харин төлбөрийн шаардлага 124,000,000 төгрөг байгаа нь төлбөл зохих төлбөрөөс өндөр үнэтэй, өөр өөр зориулалттай үл хөдлөх хөрөнгийн эрхийн бүртгэлд тусдаа бүртгэлтэй, тусгаарлагдах боломжтой үл хөдлөх хөрөнгүүдийг битүүмжилсэн гэсэн үндэслэлээр хураан авч, худалдан борлуулах нь хуульд нийцээгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан өгнө үү гэжээ.
6. Давж заалдах гомдолд гаргасан гуравдагч этгээдийн тайлбарын агуулга:
6.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар хэргийн оролцогчид өөрсдөө нотлох баримтыг цуглуулж, бүрдүүлэх үүрэгтэй. Нэхэмжлэгчийн зүгээс тухайн үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээний талаарх нотлох баримтыг гаргаж өгөөгүй. Манай зүгээс үнэлгээний тайланг үнэн зөв гарсан гэж үзэж байна. Учир нь тухайн үнэлгээг эрх бүхий байгууллагаас томилогдсон тусгай зөвшөөрөлтэй этгээдүүд уг үнэлгээг хийсэн тул үндэслэлтэй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан хугацаанд явагдсан бөгөөд хэргийн оролцогчид өөрсдөө 2 сарын хугацаанд нотлох баримтуудыг бүрдүүлж өгөх үүрэгтэй боловч нэхэмжлэгч уг үүргээ биелүүлээгүй тул шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн.
6.2. О ХХК-ийн эрх ашиг хөндөгдөөгүй тул гуравдагч этгээдээр оролцуулаагүй. 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ажиллагааг түдгэлзүүлэх захирамж гарснаар О -ийн төлбөр барагдуулах ажиллагаа зогссон тул эрх ашиг нь хөндөгдсөн гэж анхан шатны шүүхээс дүгнэсэн. Тухайн эд хөрөнгийг битүүмжилсэн боловч нэхэмжлэгч талаас хураасан гэж тайлбарладаг. 2023 оны 08 дугаар сарын 27-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хураан авсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар битүүмжилсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор хураан авахаар зохицуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нараас шүүх хуралдааныг зарлах талаар санал авсны үндсэн дээр 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр шүүх хуралдаан зарласан.
6.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ямар шалтгаан үндэслэлээр гадагшаа явах болсон талаарх нотлох баримтыг хүсэлтэд хавсаргаж өгөөгүй. Нэхэмжлэгч талаас 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр уг хүсэлтийг гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр гадагшаа явах нислэгийн билет захиалсан нөхцөл байдлаас харахад шүүх хуралдааны өмнө мэдэгдэх боломжтой байсан. Уг нөхцөл байдлаас шалтгаалан нэхэмжлэгч талаас шүүх хуралдааныг зориуд хойшлуулах санаатай байсан гэж үзэж байна. Мөн визний мэдүүлгээс харахад 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр виз гарч, мөн оны 07 дугаар сарын 03-ны өдөр хариугаа авсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ямар үндэслэлээр шалтгаанаар яаралтай Солонгос улс руу явах болсон нөхцөл байдал тогтоогдоогүй. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Мөн талуудын мэтгэлцэх зарчим нь анхан шатны шүүх хуралдааны явцад нээлттэй байсан гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч П.Ч нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан В ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн орон сууц болон авто зогсоолын хамт 407,300,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 5214 дугаар шийдвэрээр хариуцагч П.Ч-гээс 134,802,601 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О ББСБ ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг П.Ч-гийн өмчлөлийн 00000тоот хаягт байрлах, 99.84 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, 00000 талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тус тус худалдан борлуулсан үнийн дүнгээс хангуулахаар шийдвэрлэсэн.
Дээрх шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 000 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
Улмаар Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 001/ШХТ2023/00000 дүгээр тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэснээр шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. /хх-ийн 26-36/
3.1. Төлбөр төлөгч дээрх шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул төлбөр авагчийн гаргасан хүсэлтээр тус дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 1317 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолоор дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг явуулсан. /хх 22, 38/
3.2. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь эрхийн бүртгэлийн 000000000 дугаарт бүртгэлтэй, 000000 хаягт байршилтай, 13.5 м.кв талбайтай авто зогсоол зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 23380897/5, 23380897/6 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 23380897/7, 23380897/8 дугаар тогтоолоор тухайн үл хөдлөх хөрөнгүүдийг хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасантай нийцсэн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна. /хх7-9, 48-54/
3.3. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 4-187/16369 тоот албан бичгээр үнийн санал ирүүлэхийг нэхэмжлэгч П.Ч-д мэдэгдэхэд тэрээр орон сууцыг 1,000,000,000 төгрөгөөр, автозогсоолыг 100,000,000 төгрөгөөр тус тус үнэлснийг төлбөр авагч О -иас эс зөвшөөрч шинжээч томилуулах хүсэлт гаргасан тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх гүйцэтгэх газар 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 9/349 дугаартай тогтоолоор Виннэрвэй ХХК-ийг шинжээчээр томилж эрх, үүргийн тайлбарлажээ. /хх-ийн 65-70/
3.4. Шинжээч В ХХК-ийн үнэлгээчин О.Б нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий этгээд болох нь Хөрөнгийн үнэлгээний тайланд хавсаргасан тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /хх-ийн 106/
3.5. Шинжээч В ХХКнь БЗД тоот тоот хаягт байршилтай, 99.84 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийг 383,300,000 төгрөгөөр, БЗДтоот хаягт байршилтай, 13.5 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 24,000,000 төгрөгөөр тус тус үнэлснийг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 4-187/18367, 4-187/18368 тоот мэдэгдлүүдээр нэхэмжлэгч П.Ч-д мэдэгдэхэд тэрээр 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр дуудлага худалдааг нэг сарын хугацаагаар хойшлуулах хүсэлт гаргасан үйл баримт хэргиийн баримтаар тогтоогджээ. /хх-ийн 71-104, 112-113, 116/
3.6. Шинжээч В ХХКнь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасан арга аргачлалын дагуу хөрөнгөд үнэлгээ хийснээс гадна хөрөнгийн үнэлгээний тайлан нь хууль, стандартад нийцсэн байна. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...2 ариун цэврийн өрөөтэй байхад том талбайтай ариун цэврийн өрөө болон хувцасны өрөөг тайландаа тусгаж үнэлээгүй, автозогсоолын онцлог давуу байдлыг харгалзан үзээгүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй. Түүнчлэн, нэхэмжлэгч тухайн үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх тайлбар болон гомдлоо баримтаар нотлоогүй.
Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн нотлох баримтад үндэслэгдсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.
4. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.
4.1. О -иас 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гуравдагч этгээд оролцох хүсэлт гаргасан бөгөөд шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШЗ2023/29211 дугаартай захирамжаар зохигчдын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхэд О -ийн хуульд заасан ямар эрх, үүрэг зөрчигдөх гэж байгаа нь хүсэлтэд тодорхойгүй байна гэх үндэслэлээр хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэжээ. Улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж шийдвэрлэсэнтэй холбоотойгоор О -иас гаргасан хүсэлтийг шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШЗ2024/00000 дугаар захирамжаар хангаж, О -ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүгчийн захирамж гаргахгүйгээр гуравдагч этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан гэх гомдлыг хангахгүй.
4.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1 дэх хэсэгт Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдсэн гэж шүүгч үзсэн, эсхүл энэ хуулийн 71.1-д заасан хугацаа дууссан, түүнчлэн шаардлагатай гэж үзсэн бусад тохиолдолд шүүгч уг хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гаргаж, шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг товлох гэж заасан бөгөөд шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШЗ2023/0000 дугаар захирамжаар дээрх хуульд заасан үндэслэлээр гарсан тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хууль зөрчсөн гэх гомдлыг хангахгүй.
4.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр БНСУ руу ажлаар явах болсон тул шүүх хуралдаанд биечлэн оролцох боломж олгож, шүүх хуралдааныг хойшуулах агуулга бүхий хүсэлтийг гаргасан бөгөөд шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШЗ2024/00000 дугаар захирамжаар түүнийг гадаад улс руу зорчсон нь шүүх хуралдааныг хойшлуулах хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй гэж дүгнэн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байхаас гадна шүүх эрх хэмжээний хүрээнд хүсэлтийг шийдвэрлэсэн. Иймд энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй.
4.4. 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг шийдвэрлэхээр шүүх хуралдаан завсарласан. Харин даргалагчаас нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна уу, өөрчлөгдсөн зүйл байна уу, эвлэрэх санал байна уу гэхэд нэхэмжлэгч дэмжиж байна, өөрчлөгдсөн зүйл байхгүй, эвлэрэхгүй гэж техникийн шинжтэй алдаатай бичигдсэн байна. Дээрх шүүх хуралдааны тэмдэглэлд алдаатай бичигдсэн нь шүүхийн шийдвэрийг өөрчлөх эсхүл хүчингүй болгох үндэслэл болохгүй тул энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй.
4.5. Нэхэмжлэгч шүүхэд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн. Харин тэрээр эд хөрөнгийг битүүмжилсэн, хураан авсан талаар шаардлага гаргаагүй байх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2024/00463 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ