| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2019/0335/Э |
| Дугаар | 358 |
| Огноо | 2019-03-27 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Р.Очирсүрэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 358
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,
Улсын яллагч Р.Очирсүрэн,
Өсвөр насны шүүгдэгч А., түүний хууль ёсны төлөөлөгч Б., тэдний өмгөөлөгч Г.Тамир /ҮД:2571/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийв.
Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сээтэн овогт ийн д холбогдох 1808014530182 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 03 дугаар сарын 19-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 2002 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Архангай аймгийн Хашаат суманд төрсөн, 16 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-6, эцэг, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Жаргалантын тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Сээтэн овогт ийн //.
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:
Өсвөр насны шүүгдэгч А. нь 2018 оны 03 дугаар сарын 19-ний шөнө 02-03 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны гадна гар утсаараа яриад явж байсан иргэн Б.гийн самсунг-эс6 маркийн гар утсыг дээрэмдэж, 264,600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг Э.тай бүлэглэн үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ./прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1.Хохирогч Б.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 03 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө 02 цагийн үед би өөрийн нөхөр Найманжин, найз нарын хамт цэргийн баяр тэмдэглэх гээд Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах пабад орж пиво уусан. Би орой болсон болохоор гэртээ харих санаатай нөхрөө дагуулан тухайн пабны гарсан тооцоог хийгээд би түрүүлээд гарахад манай нөхөр найзтайгаа хамт араас гарч ирсэн. Би хүүхэд рүүгээ залгаад "миний хүү хаалгаа тайлаарай ээж аав хоёр нь очиж байна" гэж хэлээд утсаар яриад явж байтал араас миний гарт байсан гар утсыг хүн шүүрээд гүйгээд явсан. ...би утсаа 330,000 төгрөгөөр үнэлж байна. ...” гэсэн мэдүүлэг /хх 24-25 х/,
2.Өсвөр насны шүүгдэгч А.ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2018 оны 03 сарын 18-ны өдөр Өргөөгийн "Шөлөндөө" хоолны газрын урд таарсан, түүнтэй хамт Саппорогийн байрны голоор буюу цэцэрлэг сургууль хоёрын голоор алхаад явж байхад Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны хажууд нэг эмэгтэй хүн согтуу утсаар яриад явж байсан. Тэгээд гамбир хочтой намайг утсыг нь авчих гэхээр нь би тэр эмэгтэйн гар утсыг нь шүүрээд гүйсэн. ... утсаа д өгөөд 10,000 төгрөг аваад тоглосон байгаа...” гэх мэдүүлэг /хх 47, 51 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
3.Гэрч Б.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...миний хүүхэд нь дөлгөөн ааштай, огцом уургүй хүүхэд. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй. Тамхи татдаг талаар сайн мэдэхгүй, муу зуршилгүй, их ажилсаг хүүхэд. ...” гэх мэдүүлэг /хх 29 х/,
4.Гэрч Н.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...хөөрхөн ааштай гайгүй хүүхэд байгаа юм. ...” гэх мэдүүлэг /хх 28 х/,
5.Гэрч Н.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... зан байдлын хувьд элдэв ааш зангүй, сайхан харьцаатай, муу зуршил гээд байх зүйлгүй, архи дарс хэрэглэдэг боловч тааруулаад хэрэглэдэг. ...” гэх мэдүүлэг /хх 29-30 х/,
6.Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “Самсунг эс-6 маркийн гар утас 264,000 төгрөгийн үнэлгээтэй” /хх 37-38 х/
7.Төрсний бүртгэлийн лавлагаа /хх 49, 61 х/
8.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 69 х/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.
Өсвөр насны шүүгдэгч А. нь Э.тай бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 19-ний шөнө 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт утсаараа яриад явж байсан иргэн Б.гийн “самсунг-эс 6” загварын гар утсыг авч зугтаан, 264,600 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Б.гийн “...Би хүүхэд рүүгээ залгаад "миний хүү хаалгаа тайлаарай ээж аав хоёр нь очиж байна" гэж хэлээд утсаар яриад явж байтал араас миний гарт байсан гар утсыг хүн шүүрээд гүйгээд явсан. ...” гэсэн мэдүүлэг /хх 19 х/,
Өсвөр насны шүүгдэгч А.ийн “… “гамбир хочтой намайг утсыг нь авчих” гэхээр нь би тэр эмэгтэйн гар утсыг шүүрээд гүйсэн. ...” гэх мэдүүлэг /хх 47, 51 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “Самсунг эс-6 маркийн гар утас 264,000 төгрөгийн үнэлгээтэй” /хх 37-38 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Өсвөр насны шүүгдэгч А.ийн хохирогч Б.гийн гар утсыг илээр, түүнд хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан /авч зугтаасан/ үйлдлээр уг гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангаж байгаа.
Өсвөр насны шүүгдэгч А. өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүнийг хүсч, уг хохиролд зориуд хүргэсэн гэж үзэх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 14-16 хүртэл насны хүн уг гэмт хэргийг субьект байхаар хуульчлагдсан.Өсвөр насны шүүгдэгч А. нь гэмт хэрэг үйлдэх үедээ 15 настай байсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субьектийн насны шалгуурыг хангаж байгаа болно.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, А.ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.
Хохирогч Б.гийн гар утсыг үнэлгээний байгууллагаас 264,000 төгрөгөөр үнэлсэн, хохирол төлөгдөөгүй байгаа болно.
Энэ гэмт хэргийн шүүгдэгч нь насанд хүрээгүй, өөрийн гэсэн орлого, өмч хөрөнгөгүй тул уг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг түүний хууль ёсны төлөөлөгч төрсөн эцэг болох Б.ээс гаргуулах нь Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.4, 503.5 дугаар зүйлүүдэд нийцэж байгаа болно.
Улсын яллагч: А.д холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1-д зааснаар тооцвол 01 жилийн хугацаа дууссан байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: А. нь 2018 оны 03 сарын 19-ний өдөр гэмт хэрэг үйлдсэн, үүнээс хойш 1 жилийн хугацаа дууссан учраас хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү? гэх саналыг гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээ бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн,
1.2.энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг нэг жилээс дээш, дээд хэмжээг найман жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг нэг жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн ... гэж хуульчилсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь ялын хувьд “... зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэх ялын санкцтай.
Үүнээс үзэхэд дээрх зүйл ангид заасан 06 сараас 05 жил хүртэлх хорих ялын хугацаа дээрх хоёр зохицуулалтын хорих ялын интервалын алинд нь ч хамаарахгүй байгаа.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй.
Мөн зүйлийн 2 дахь хэсэг “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэж гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох зохицуулалтыг хоёр өөр байдлаар хуульчилж Эрүүгийн хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдлуудыг үүсгэж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлд хамаарч байгаа тул өсвөр насны шүүгдэгч А.ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерийн бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тогтоолд дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сээтэн овогт ийн ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар өсвөр насны шүүгдэгч А.д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3.Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.4, 503.5, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар Б.ээс 264,000 төгрөг гаргуулж Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо Монгол хотхон 41а-62 тоотод оршин суух НЗ75040389 регистрийн дугаартай Б.д олгосугай.
4.А.ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн камерийн бичлэг 01 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар өсвөр насны шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ