Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2024/01536

 

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 29 өдөр Дуга 210/МА2024/01536

 

 

Ц.М ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Б.Мандалбаяр, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 28-ны өдрийн 102/ШШ2024/02809 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ц.М ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: НШ т холбогдох,

 

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Нандин-Эрдэнэ, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дарханбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. НШ ын Баянгол дүүргийн хэлтсийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч ахмад Б.О ын 2023 оны 11 сарын 30-ны өдрийн 00 тоот Мэдэгдэлтэй 2023 оны 12 дугаар 01-ний өдөр танилцсан.

1.2. Барьцаа хөрөнгө болох Ц.Г , Г.У нарын өмчлөлийн ХХХХХХХХ , 28 тоот, 18 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-00 дугаартай, 1 өрөө орон сууцыг 103,626,636 төгрөгөөр үнэлсэн. Барьцаа хөрөнгийг үнэлэхдээ зах зээлийн үнээс хэт хямд үнэлсэн байна.

1.3. Уг үл хөдлөх эд хөрөнгийг анх барьцаалснаас хойш долларын ханш өсөж, төгрөгийн ханш суларч, үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ өссөн байхад хэт бага үнээр үнэлж байгаа нь барьцаа хөрөнгийг үнэгүйдүүлсэн гэж үзэх үндэслэлтэй. Иймд 1 өрөө орон сууцыг 103,626,636 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:

2.1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 сарын 21-ний өдрийн 57/81 дугаар захирамжаар Ц.М аас 116,616,402 төгрөг гаргуулж, сайн дураар биелүүлэхгүй бол 2011 оны 05 сарын 11-ний өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгө болох Ц.Г болон Ц.У нарын өмчлөлийн ХХХХХХХХ тоот хаягт байрлах 18 м.кв, 1 өрөө орон сууцыг албадан худалдах хэлбэрээр хангуулахаар тус шүүхийн 2022 оны 02 сарын 11-ний өдрийн 477 дугаар шийдвэр,******* Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 сарын 06-ны өдрийн 859 дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын 2022 оны 06 сарын 24-ний өдрийн 698 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн байна.

2.2. Нэхэмжлэгчийн барьцаалагдсан ХХХХХХХХ тоот хаягт байрлах, 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу зах зээлийн үнийн саналыг талууд төлбөр төлөгч, төлбөр авагч нар харилцан тохиролцоогүй тул 2023 оны 11 сарын 21-ний өдрийн 13/436 дугаар тогтоолоор хөрөнгийн үнэлгээний шинжээч томилсон.

2.3. Үнэлгээний тайланг 2023 оны 11 сарын 29-ний өдөр хүлээн авч, 11 сарын 30-ны өдрийн ХХХХХХ дугаар мэдэгдлээр төлбөр авагчид хүргүүлсэн. 2023 оны 12 сарын 01-ний өдрийн ХХХХХХ , 00 албан бичгүүдээр төлбөр авагч нэхэмжлэгч талд мэдэгдсэн байна.

2.4. Төлбөр төлөгч тогтоосон хугацаанд хүсэлт ирүүлээгүй байх тул 2023 оны 12 сарын 22-ны өдөр НШ анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар 2023 оны 12 сарын 08-ны өдрийн 00 , 0000 тоот албан бичгүүдээр төлбөр төлөгч, авагч нарт мэдэгдэж, дуудлага худалдааг явуулсан. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Гуравдагч этгээдийн хариу тайлбарын агуулга:

3.1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ барьцаа хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн буюу үл хөдлөх эд хөрөнгийн анх барьцаалснаас хойш долларын ханш өссөн, үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ өссөн байхад барьцаа хөрөнгийг үнэгүйдүүлсэн гэсэн байх боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Шүүх шинжилгээний тухай хуулийн ямар зүйл заалтыг зөрчсөн нь тодорхойгүй байна.

3.2. Түүнчлэн өнөөдөр үл хөдлөх хөрөнгө нь байгаа учраас үнэ цэнээ хадгалаад байгаа. Шинжээч хөрөнгийг үнэлснээрээ хөрөнгийг үнэгүйдүүлэх ямар ч боломжгүй юм.

3.3. 2023 оны 11 сарын 30-ны өдрийн 00 дугаартай мэдэгдлийг эс зөвшөөрч байна. Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж, ерөнхий шийдвэр гүйцэтгэгч 2023 оны 12 сарын 06-ны өдөр хариу өгсөн. Нэхэмжлэл, гомдол гаргах хугацааг тоолж буй нь эргэлзээтэй байна.

3.4. Үнэлгээ бол шийдвэр гүйцэтгэгч бие дааж хийж буй ажиллагаа биш. Үнэлгээг мэргэжлийн байгууллага гаргаж байгаа. Үнэлгээтэй холбоотой маргаж байгаа бол шууд шүүхэд хандах ёстой. Гэтэл шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаатай холбогдуулан ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан нь нэхэмжлэл дээр байна. Гомдол гаргах хугацааг хэтрүүлэн гомдол гаргасан гэж үзэж байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсгийг баримтлан НШ т холбогдох, Г.У , Ц.Г нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-00 дугаарт бүртгэлтэй, ХХХХХХ 28 тоот хаягт байрлах, 18 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцанд хийгдсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Ц.М ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга

5.1. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 14-д Хариуцагч байгууллага 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээлгэн өгөн үнэлгээний тайлангийн талаарх мэдэгдлийг төлбөр төлөгч Ц.М ад 2023 оны 12 сарын 01-ний өдөр хүлээлгэн өгч, нэхэмжлэгч нь 2023 оны 12 сарын 11-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ , 15-д Нэхэмжлэгч нь хуульд заасан 7 хоногийн хугацааг хэтрүүлсэн болох нь нэхэмжлэлийг хүлээн авсан шүүхийн дардсаар тогтоогдож байх 6а ..., 16-д Иймд нэхэмжлэгч шүүхэд гомдол гаргах хугацаагаа хэтрүүлсэн тул шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаан дахь хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай төлбөр төлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ гэж дүгнэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа тоолох, тодорхойлох журмыг ноцтой зөрчиж байна гэж үзэж байна.

5.2. Тодруулбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3, 55.7-д заасны дагуу нэхэмжлэгчийн зүгээс НШ т холбогдуулан гаргасан Үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлээ хугацаандаа буюу НШ ын Баянгол дүүргийн хэлтсийн дарга бөгөөд ахдах шийдвэр гүйцэтгэгч ахмад Б.О ын 2023 оны 11 сарын 30-ны өдрийн 00 тоот Мэдэгдэл-тэй 2023 оны 12 сарын 01-ний өдөр танилцаад, 2023 оны 12 сарын 08-ны өдөр нэхэмжлэлээ Монгол шуудангаар дамжуулан гаргасан.

5.3. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.4, 72 дугаар зүйлийн 72.5-д заасны дагуу эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээтэй холбоотой гомдлоо хуульд заасан хугацаандаа гаргасан гэж тооцогдоно.

5.4. Ийнхүү хэргийн оролцогчид нь шуудангаар илгээсэн нэхэмжлэл, гомдол, хүсэлтийг хуульд заасан хугацаанд гаргасан эсэхийг тогтоохын тулд шууданд хийсэн огноо болон шуудангийн тамга, тэмдгийг агуулсан дугтуйг хэрэгт хавсаргах ёстой. Гэтэл уг иргэний хэргийн хавтаст хэрэгт дээрх мэдээллийг агуулсан дугтуйг нь хавсаргаагүйгээр зөвхөн Монгол шуудангаас Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд тус нэхэмжлэл хүргэгдсэн 2023 оны 12 сарын 11-ний өдрөөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дахь хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлыг гаргах хугацааг тоолон дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлээ хуульд заасан хугацаандаа гаргасан байх тул нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

5.5. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 11-д ... үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан шаардлагад нийцсэн байх бөгөөд дуудлага худалдааны зориулалтаар хийж буй хөрөнгийн үнэлгээний журам, ... үнэлгээ хийх зорилготой нийцсэн гэж дүгнэлээ гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

5.6. Хариуцагчийн зүгээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд шинжээчийг оролцуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2 болон Шүүх шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т Энэ хуулийн 10.2-т заасан үйл ажиллагааг явуулсны дараа шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, энэ хуулийн 8.2.1, 8.2.2, 8.2.3-т заасан этгээдэд, мэргэжлийн байгууллагын удирдлага, эсхүл төлөөлөх эрх бүхий этгээдэд шинжилгээ хийлгэх шийдвэрийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна гэж тус тус заасныг зөрсөн гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл Шүүх шинжилгээний тухай хуулийн 49 дүгээр зүйлд шинжээчийн эрх, үүрэг, хориглох зүйлийг заасан ба Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлд үнэлгээчний эрх, 12 дугаар зүйлд үнэлгээчний үүрэг, 27 дугаар зүйл хариуцлагыг тус тус зааж өгсөн байна.

5.7. Гэтэл хариуцагчийн зүгээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд шинжээч оролцуулахдаа Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 13 дугаар зүйл, 14 дугаар зүйл, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйл, 13 дугаар зүйл, 14 дугаар зүйлийг танилцуулсан байх тул шинжээчид эрх, үүргийг танилцуулаагүй, хариуцлагыг сануулаагүй гэж үзэхээр байна.

Энэ нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны ноцтой зөрчил буюу шинжээч нь холбогдох хууль, журам, аргачлалыг зөрчиж дүгнэлт гаргасан тохиолдолд ямар ч хуулийн хариуцлага хүлээлгэх боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Ийнхүү хариуцагч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны барьцаа хөрөнгийн үнэлгээтэй холбоотойгоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зөрчил гаргасан тул С ХХК-ийн үнэлгээний тайланг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлтэй гэж үзэж байна.

5.8. Иймд шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа тоолох журмыг зөрчсөн байх тул дээрх нөхцөл байдлуудыг дахин хянан шалгаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү гэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд хариуцагчаас тайлбар гаргаагүй болно.

 

7. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд гуравдагч этгээдийн тайлбарын агуулга:

7.1. Хэрэгт 2023 оны 12 сарын 01-ний өдөр 10 цаг 30 минутад шийдвэр гүйцэтгэгч н.Доржханд нь Ц.М ад хөрөнгийн үнэлгээг танилцуулж, гардуулаад 10 цаг 46 минутад дуусгасан талаарх нотлох баримт хэрэгт авагдсан. Иргэний хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсэгт Долоо хоног, хоногоор тогтоосон хугацаа уг хугацаа дуусах өдрийн мөн цагт дуусна. гэж заасан бөгөөд шүүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 11 цагт хугацаа дууссан гэж үзнэ.

7.2. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлээ Монгол шуудангаар хүргүүлсэн гэх баримтаа давж заалдах гомдолдоо хавсаргаж ирүүлсэн байна. Гэвч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. гэж заасан. Нэхэмжлэгчээс 2023 оны 12 сард нэхэмжлэл гаргаснаас хойш хэрэг шийдвэрлэх хүртэлх хугацаанд нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой тайлбар, нотлох баримт гаргаж өгөөгүй бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан.

7.3. Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй давж заалдах гомдол гаргасан байх бөгөөд шинжээчид эрх, үүргийг Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.2 дахь хэсэгт заасны дагуу тайлбарласан нь хуульд нийцнэ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Ц.М нь хариуцагч НШ т холбогдуулан эрхийн улсын бүртгэлийн Ү-00 дугаартай ХХХХХХХХ , 28 тоот, 18 м.кв талбай бүхий орон сууцыг үнэлсэн С ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь ...шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргасан, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Эрдэнэбилэг нь хариуцагч талыг дэмжиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон.

 

3. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 сарын 11-ний өдрийн 102/ШШ2020/00477 дугаар шийдвэрээр Ц.М аас 2015 оны 05 сарын 11-ний өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-00 дугаартай ХХХХХХХХ , 28 тоот, 18 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдах хэлбэрээр хангуулахаар шийдвэрлэжээ. /хх-7-11/

 

4. Дээрх шийдвэрийг төлбөр төлөгч Ц.М сайн дураараа биелүүлээгүй гэж үзсэн төлбөр авагч Г.Эрдэнэбилэгийн хүсэлтээр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 сарын 02-ны өдрийн 477 дугаар гүйцэтгэх хуудас бичигдэж, НШ шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, уг ажиллагааны явцад Ц.Г , Г.У нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-00 дугаартай ХХХХХХХХ , 28 тоот, 18 м.кв талбай бүхий орон сууцыг 2022 оны 11 сарын 28-ны өдөр битүүлжилсэн, 2023 оны 11 сарын 15-ны өдөр хураан авсан ажиллагааны талаар талууд маргаагүй. /хх-35-44/

 

5. Албадан дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг тогтоохоор талуудыг харилцан тохиролцох ажиллагаа явуулахад тэдгээр нь тохиролцоогүй тул шийдвэр гүйцэтгэх байгууллага үнэлгээ тогтоолгохоор шинжээч томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцжээ. /хх-49-75/

5.1. С ХХК-ийн үнэлгээчин Д.Э нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий этгээд байх бөгөөд хариуцагч байгууллагаас үнэлгээчинд 2023 оны 11 сарын 22-ны өдөр эрх үүрэг, хариуцлагыг танилцуулж, хууль тайлбарлан өгчээ./хх-51-52, 75/

Шинжээчид Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 13, 14 дүгээр зүйл, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9, 13, 14 дүгээр зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2-т заасан эрх, үүргийг танилцуулсан байна. Эдгээр хуулийн зүйл, заалтын агуулга нь адилхан байх тул шинжээчид эрх, үүргийг сануулж, хуулийг тайлбарлаагүй гэж үзэх үндэслэлгүй. Энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй.

5.2. Шинжээч С ХХК нь 2023 оны 11 сарын 28-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-00 дугаартай ХХХХХХХХ , 28 тоот, 18 м.кв талбай бүхий орон сууцыг хөрөнгийн байдал, өнөөгийн ашиглалтын түвшин, цаашид ашиглах боломж зэргийг үндэслэн зах зээлийн үнийг 103,626,636 төгрөг гэж үнэлсэн байна. /хх-ийн 55-75/

 

6. Хариуцагч байгууллагаас Шинжээчийн үнэлгээний тайланг нэхэмжлэгч 2023 оны 12 сарын 01-ний өдөр мэдэгдэж, гарын үсэг зуруулан, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны тэмдэглэл үйлдэгдсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасантай нийцжээ./хх-77/

 

7. Нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан 7 хоногийн хугацааг хэтрүүлэн гомдол гаргасан байх тул үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн зөв.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5, 161 дүгээр зүйлийн 161.4-т зааснаар анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй баримтыг давж заалдах болон хяналтын журмаар гаргасан тохиолдолд шүүх түүнийг үнэлэхгүй. Иймд нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдолдоо Монгол шуудангийн баримтыг хавсаргаж өгснийг давж заалдах шатны шүүхээс үнэлэхгүй тул нэхэмжлэлээ хуульд заасан хугацаандаа гаргасан гэх гомдол үндэслэлгүй.

 

9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 28-ны өдрийн 102/ШШ2024/02809 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД  Б.МАНДАЛБАЯР

 

С.ЭНХБАЯР