| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2016/00548/и |
| Дугаар | 00553 |
| Огноо | 2016-09-05 |
| Маргааны төрөл | Асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоосныг хүчингүйд тооцох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 00553
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын 7 дугаар баг, Магсаржавын 72 айлын орон сууцны 36 тоотод оршин суух, 1995 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ПЮ95110116, Боролдой овогтой Мягмардоржийн Жүгдэрбарамын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан баг, 1-80 айлын орон сууцны 3-45 тоотод оршин суух, 1966 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ПЭ66081708, Тарвагатайхан овогтой Бямбаагийн Долгормаадхолбогдох,
Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 448 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах, хүү Ж.Буд-Эрдэнийг өөрийн асрамжид авах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мягмардорж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэл, хариуцагч Б.Долгормаа, хариуцагчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сувд-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Жүгдэрбарам, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мягмардорж нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: М.Жүгдэрбарам миний бие 2010 оны 1 дүгээр сард Б.Мягмарбаяртай танилцаж, улмаар хайр сэтгэлийн холбоотой болж хоёр талын гэртээ ээлжлэн хамтран амьдарч байсан ба бидний дундаас 2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүү Ж.Буд-Эрдэнэ төрсөн. Ингээд хүү Ж.Буд-Эрдэнийг бүртгүүлж, төрсний гэрчилгээ авахаар Жаргалант сумын иргэний бүртгэлийн ажилтан Хоролсүрэнд хандахад намайг 18 нас хүрээгүй, эрх зүйн чадамжгүй гэж ээж Б.Мягмарбаяраар овоглон гэрчилгээ олгосон. Гэтэл хүүгийн ээж Б.Мягмарбаяр нь 2012 оны 6 дугаар сарын 22-ны өдөр өвчний улмаас нас барсан. 2012 оны 6 дугаар сараас 2013 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүртэл хугацаанд өөрийн хүү Ж.Буд-Эрдэнийг аваад өөрийн ээж Оюуны хамтаар Улаанбаатар хотод амьдарсан ба би тухайн үед Хүрээ дээд сургуульд барилгын инженерийн ангид суралцаж байсан юм. Гэтэл хадам ээж Б.Долгормаа нь тухайн үеийн Ховд аймгийн Жаргалант сумын Засаг дарга Б.Дүгэржавт хуурамч бичиг баримт бүрдүүлэн өгч, хүү Ж.Буд-Эрдэнийг бүтэн өнчин, эх Б.Мягмарбаяр нь нас барсан, одоо миний асрамжид байгаа хэмээн худал хэлж, айлган сүрдүүлж байгаад 2012 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр А/206 тоот захирамжаар өөрийгөө асран хамгаалагчаар тогтоолгож, улмаар Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 448 дугаар шийдвэрийг гаргуулсан байдаг. Энэ хугацаанд Ховд аймгийн Цагдаагийн газар болон Прокурорын газарт хандаж, намайг хүү Ж.Буд-Эрдэнийг хулгайлсан хэмээн гомдол гаргаж, шалгуулсан. Өөрөөр хэлбэл, 2012 оны 5 дугаар сараас хойш ор үндэслэлгүйгээр хүн амины болоод бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан, хүн хулгайлсан хэрэгт гүтгэгдэж, өөрийн эцэг Н.Мягмардоржийн хамтаар эрүүгийн хэрэгт шалгагдаж, хоригдсон бөгөөд хүн хулгайлсан хэргээр Монгол Улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан. 2013 оны 5 дугаар сард хүүгээ аргагүйн эрхэнд хадам эх Б.Долгормаад өгснөөс хойш хүүтэй уулзах боломжгүй байснаас гадна уулзах санал гаргахад татгалзсан хариу өгдөг ба хамгийн сүүлд 2015 оны 10 дугаар сард өмгөөлөгчөөр дамжуулан уулзах хүсэлт тавьж уулзалт зохион байгуулсан боловч Б.Долгормаа нь манай өмгөөлөгч рүү дайрч доромжлон, хэрүүл маргаан үүсгэсний улмаас Б.Долгормаа хүүг булаан аваад явсан. Ингээд бид 4 жилийн хугацаанд энэ асуудлаар хууль, шүүхийн байгууллага дамжин явсан бөгөөд хүүгээ өөрийн асрамжид авч, асран хүмүүжүүлэх эрхээ эдэлж чадахгүй байна. Иймд хүүгээ өөрийн асрамжид авч, өсгөн хүмүүжүүлэх боломжийг хааж байгаа Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 448 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хүү Ж.Буд-Эрдэнийг миний асрамжид шилжүүлэн өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Долгормаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний охин Б.Мягмарбаяр нь М.Жүгдэрбарамтай 2011 оны 3 дугаар сард танилцаж, улмаар тэдний дундаас хүү Ж.Буд-Эрдэнэ 2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн. Миний галын зээ хүү эхийнхээ хэвлийд бүрэлдэн бий болсон цагаас хойш ээжийнхээ хамтаар миний асрамжид байж, өсөж бойжиж байна. Миний охин Б.Мягмарбаяр нь 2012 оны 6 дугаар сарын 22-ны өдөр гэнэт нас барсан бөгөөд түүнээс минь үлдсэн ганц хүүг маань энэ хүмүүс авахаар ингэж улайрч байгаад гомдолтой байна. М.Жүгдэрбарам хүүг 2012 оны 7 дугаар сарын 14-ний өдөр надаас булаан авч яваад 10 сар тасралтгүй шүүх, хяналтын байгууллагаар явсаны эцэст цагдаагийн ажилчид 2013 оны 5 дугаар сарын 17-ны өдөр надад хүүг хүлээлгэн өгсөн. Миний зээ Ж.Буд-Эрдэнэ нь миний охин Б.Ням-Ундралын охин Учралтай ихэр юм шиг тоглож, наадаж, инээд цангинасан орчинд, миний асрамжид өнөөдрийг хүртэл эрүүл саруул өсөн бойжиж байна. Мөн намайг ээжээ гэж дууддаг бөгөөд миний мөөмийг хөхөж өссөн. Мөнх бусыг үзүүлсэн нялх охиныг минь орлож, элгийг минь дэвтээж байдаг. Би хүүгээ өөрийн гараар өсгөн хүмүүжүүлж, ээжийнх нь эдэлж чадаагүйг эдлүүлж, эзэмшүүлж чадаагүй эмч мэргэжлийг нь эзэмшүүлэн, ирээдүйд энэрэнгүй хүн болгон өсгөж, хүмүүжүүлэхээ амалсан. М.Жүгдэрбарам хүүг надаас булааж авч яваад хаана байгаа, ямар орчин нөхцөлд байлгаж байгаа талаар ямар нэгэн мэдээ, мэдээлэл өгөхгүй байсан. Зээ хүүд маань миний асран хамгаалалт шаардлагатай байсан тул шүүхээр асран хамгаалагчаар тогтоолгосон нь хууль зөрчөөгүй. М.Жүгдэрбарамын эцэг, эх нь хоёрдмол амьдралтай, суурь хүмүүжил муутай, хоёулаа шүүхээс ял эдэлж байсан. М.Жүгдэрбарам өөрөө хүүхэд өсгөн хүмүүжүүлэх дадлага туршлага байхгүй, аливаа асуудалд хайхрамжгүй ханддаг, мөн Б.Золжаргал гээд охинтой үерхэж дундаасаа нэг хүүхэдтэй болсон. Ингээд үзэхээр М.Жүгдэрбарам өөрөө амьдралын туршлага байхгүй, өөр эмэгтэйгээс хүүхэдтэй болсон хэрнээ түүнийгээ хүлээн зөвшөөрдөггүй байдал нь миний зээ хүүг аваад өсгөх чадваргүй болохыг харуулж байна. Нөгөө талаар, Ж.Буд-Эрдэнийн дассан орчин нөхцөлийг өөрчлөн, эдгээр хүмүүсийн гарт очсон тохиолдолд хүмүүжлийн болон бусад доголдол үүсэхийг үгүйсгэхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 146 дугаар зүйлийн 146.6-д зааснаар асран хамгаалагчийн хувьд эрхээ урвуулан ашигласан, үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, асран хамгаалж байгаа хүнийг хараа хяналтгүй, тусламж дэмжлэггүй орхисон зүйлгүй тул Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 448 дугаар шийдвэрийг хүчингүй болгох М.Жүгдэрбарамын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн хүүг М.Жүгдэрбарамын асрамжид өгөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч М.Жүгдэрбарам нь хариуцагч Б.Долгормаад холбогдуулан Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 448 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах, хүү Ж.Буд-Эрдэнийг өөрийн асрамжид авах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Б.Долгормаа Хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлөх магадлалтай тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Хэрэгт авагдсан баримтууд болон зохигчдын шүүхэд гаргасан тайлбараас үзэхэд иргэн М.Жүгдэрбарам нь Б.Мягмарбаяртай 2011 онд танилцаж, улмаар тэдний дундаас 2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүү Ж.Буд-Эрдэнэ төрсөн байх бөгөөд хүүгийн эх Б.Мягмарбаяр нь 2012 оны 6 дугаар сарын 22-ны өдөр нас барсан байна.
Ингээд хариуцагч Б.Долгормаа Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргад хандан хүү Ж.Буд-Эрдэнийн асран хамгаалагчаар тогтоолгох тухай хүсэлт гаргасны дагуу тус сумын Засаг даргын 2012 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн А/206 тоот захирамжаар Б.Мягмарбаяр нь нас барж, түүний хүү Буд-Эрдэнэ нь бүтэн өнчин үлдсэн гэсэн үндэслэлээр асран хамгаалагчаар нагац эмээ Б.Долгормааг тогтоож, улмаар Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 448 тоот шийдвэрээр хүү Ж.Буд-Эрдэнийг асран хамгаалагч Б.Долгормаад хариуцуулан шийдвэрлэжээ.
Гэтэл нэхэмжлэгч М.Жүгдэрбарам дээрх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон Жаргалант сумын Засаг даргын 2012 оны А/206 захирамжийг эс зөвшөөрч захиргааны хэргийн шүүхэд хандсан байх ба Захиргааны хэргийн анхан шатны 17 дугаар шүүхийн 2014 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 02 тоот шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 132 тоот магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 115 тоот тогтоолоор тус тус Жаргалант сумын Засаг даргын 2012 оны А/206 захирамжийг хүчингүй болгосон байна. /1 хавтас, 28-35 дугаар хуудас/
Мөн Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 498/А тоот шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхийн 2014 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 02 тоот магадлалаар хүү Ж.Буд-Эрдэнийн эцэг М.Жүгдэрбарам мөн болохыг тогтоож, улмаар хүү Ж.Буд-Эрдэнийг М.Жүгдэрбарамаар овоглон төрсний гэрчилгээ олгосон нь 1 хавтасны 19-27, 67 дугаар хуудаст авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Түүнчлэн нэхэмжлэгч М.Жүгдэрбарам 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр шүүхэд хандан Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 448 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах, хүү Ж.Буд-Эрдэнийг өөрийн асрамжид авах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Сум дундын 25 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 543 тоот шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхийн 2015 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 19 тоот магадлалаар тус тус шийдвэрлэхдээ 2 нас 8 сартай хүү Ж.Буд-Эрдэнийн асрамжийг өөрчилсөн тохиолдолд түүний оюун ухаан, хөгжил, эрүүл мэнд, сэтгэхүйд муугаар нөлөөлөх боломжтой, мөн эцэг М.Жүгдэрбарам нь хугацаат цэргийн албанд татагдсан нь хүүтэйгээ хамт байж, хүүг биечлэн тэжээн тэтгэх, асран хамгаалах бололцоогүй гэж үзэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Гэвч М.Жүгдэрбарам одоогийн байдлаар хугацаат цэргийн албаа хаасан, мөн хүү Ж.Буд-Эрдэнэ 4 нас хүрсэн, түүнийг эцэг нь өөрийн асрамждаа авч, биечлэн өсгөн хүмүүжүүлэх боломжоо хангаж, ажил орлоготой болсон, орон байраа захиалсан болох нь цэргийн үүрэгтний үнэмлэх, 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Орон сууц захиалгаар бариулах гэрээ /1 хавтасны 231-232/, өөрийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, татвар төлөгчийн дэвтрийн хуулбар, Түмэн цагаан шувуут ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1 хавтасны 233-236/, Цаст алтайн жинчид ХХК-ийн 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 52 тоот тодорхойлолт /2 хавтасны 477/, 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 54 тоот Орон сууц захиалах гэрээ /2 хавтасны 480-481/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /2 хавтасны 487/, Голомт банкны Ховд салбарын 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 10/24 тоот тодорхойлолт /2 хавтасны 483/ зэргээр тогтоогдож байна.
Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн захирамжийн дагуу томилогдсон Ховд аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргын 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А/13 тоот тушаалаар томилогдсон шинжээчдийн багийн дүгнэлтэд нэхэмжлэгч М.Жүгдэрбарам хүүхдийн эрүүл, аюулгүй, тайван орчин нөхцөлийг хангалттай бүрдүүлсэн, түүний эцэг, эхийн зүгээс анхаарал халамж, тусламж дэмжлэг сайн тавьдаг, М.Жүгдэрбарам өөрийн хүүтэйгээ хамт амьдрах хүсэл эрмэлзэлтэй байдаг бөгөөд хоёр талын аав, ээжүүд нэхэмжлэгч М.Жүгдэрбарамд хүүхдээ өсгөж, хүмүүжүүлэх үүргээ биелүүлэхэд нь саад болохгүй, хөндлөнгөөс оролцохгүй байж, эцэгт нь бүрэн итгэл хүлээлгэх зайлшгүй шаардлагатай гэсэн дүгнэлтийг гаргажээ.
Нөгөө талаар, хариуцагч талаас нэхэмжлэгч М.Жүгдэрбарам хүүхдээ өөрийн асрамжид авах хүсэлтэй байгаа эсэхэд эргэлзэж байна, шүүх хуралдаанд ирж оролцдоггүй, хүүтэйгээ уулзах талаар санаачлага гаргадаггүй гэж, мөн Ж.Буд-Эрдэнийг биечлэн асран хүмүүжүүлэх чадваргүй гэж тус тус тодорхойлж байх боловч хэргийн 2 дугаар хавтасны 379-390 дүгээр хуудаст авагдсан Ховд аймгийн Прокурорын газрын Прокурорын 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 11 тоот тогтоол, мөн өдрийн 14 тоот тогтоол, мөн өдрийн 15 тоот тогтоол, Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн шүүгчийн 2013 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 15, 16 тоот захирамж, Ховд аймгийнПрокурорын газрын Прокурорын 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 22, 23 тоот тогтоолуудаас үзэхэд М.Жүгдэрбарамыг хүүгийн эхийн амь насыг хохироосон, хүн хулгайлсан гэх шалтгаанаар хууль хяналтын байгууллагад шалгуулж байсан, цаашлаад зөвхөн М.Жүгдэрбарамыг бус түүний эцэг эхийг энэхүү асуудалд холбон шалгуулж байсан нөхцөл байдал тогтоогдож байгаа тул хариуцагчийн дээрх тайлбарыг зөвтгөх боломжгүй байна.
Хууль зүйн талаас нь судлан үзвэл:
- Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2-т Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэж, мөн зүйлийн 5-д: Монгол Улсын иргэн ... хүүхэд төрүүлэх, асрах ... эрхтэй гэж, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 2-т: үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүрэгтэй гэж,
- Монгол Улс 1990 оны 7 дугаар сарын 05-ны өдөр соёрхон баталсан Хүүхдийн эрхийн тухай конвенц-ийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: Хүүхэд ... эцэг эхээ боломжийн хэрээр мэдэх, хайр халамжийг нь хүртэх эрхтэй гэж, 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: Оролцогч улсууд... хүүхдийг хүсэл зоригийнх нь эсрэг эцэг эхээс нь салгахгүй байх үүрэг хүлээнэ гэж, 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт: Хүүхдийн дээд ашиг сонирхолд харшлахгүй бол эцэг эхийнхээ аль нэгнээс буюу хоёулангаас нь салж хагацсан хүүхэд эцэг, эхийнхээ аль алинтай байнга хувийн болон шууд харилцаа холбоотой байх эрхтэй гэж,
- Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх ... эрхтэй гэж,
- Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5-д Хүүхдийг гэр бүлийн дотор эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, хөгжүүлэх, түүний эрх, ашиг сонирхлыг нь нэн тэргүүнд хамгаалахыг эрхэмлэнэ гэж, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т Эцэг, эх нь хүүхдийг хууль бусаар авсан хүнээс хүүхдээ эргүүлж авахыг шаардах эрхтэй гэж тус тус заасан байна.
Хэдийгээр хариуцагч Б.Долгормаа нь хүү Ж.Буд-Эрдэнийг эрүүл саруул өсгөн бойжуулж, түүний хүмүүжил, боловсролд хангалттай анхаарал хандуулж байгаа нь түүний гаргаж ирүүлсэн баримтууд болон Ховд аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргын 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн А/05 тоот тушаалаар томилогдсон шинжээчийн багийн дүгнэлт зэргээр тогтоогдож байгаа хэдий ч хүү Ж.Буд-Эрдэнэ нь өөрийн төрсөн эцэг М.Жүгдэрбарамтай хамт амьдрах, түүний асран хамгаалалтад байх эрхтэй байна.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.5, 146 дугаар зүйлийн 146.6-д зааснаар Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 448 тоот шийдвэрийг хүчингүй болгож, 2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн, ПЮ12241190 регистрийн дугаартай, Боролдой овогтой Жүгдэрбарамын Буд-Эрдэнийг түүний эцэг М.Жүгдэрбарамын асрамжид шилжүүлэхээр шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч М.Жүгдэрбарамын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Долгормаагаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Жүгдэрбарамд олгох нь зүйтэй.
Харин хүү Ж.Буд-Эрдэнийн өвөө, эмээ нарын хэн аль нь урьд өмнө нь ял шийтгэлтэй байсан, эсхүл байнга захиргааны зөрчилд холбогддог, орон байрныхаа төлбөр тооцоог цаг тухайд нь төлдөггүй гэх мэтээр талууд тайлбар гаргаж, түүнийг нотлохоор холбогдох Прокурорын тогтоолууд, шүүхийн шийтгэх тогтоолууд, мөн захиргааны зөрчлийн баримтууд, Сууц өмчлөгчдийн холбооны тодорхойлолт зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байх боловч эдгээр нотлох баримтууд нь хүүхдийн асрамж өөрчлөн тогтоох тухай асуудалд хамааралгүй тул хэргийн 1 дүгээр хавтасны 103-107, 146-147, 157-160, 221-223, 225 дахь талд авагдсан нотлох баримтуудыг үнэлээгүй болно.
Мөн 2 дугаар хавтасны 495-497 дугаар хуудаст авагдсан гэрэл зургийн үзүүлэлтүүдийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Долгормаа хүүг хараа хяналтгүй орхиж, түүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах хэмжээнд байлгаж байдаг хэмээн тухайн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн боловч дээрх гэрэл зургийг эрх бүхий этгээдүүд бэхжүүлж авсан байх, хууль ёсны дагуу бүрдүүлж авсан байх шаардлагад нийцэхгүй байгаа тул тэдгээрийг нотлох баримтаар үнэлээгүйг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.5, 146 дугаар зүйлийн 146.6-д зааснаар Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 448 тоот шийдвэрийг хүчингүй болгож, 2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн, ПЮ12241190 регистрийн дугаартай, Боролдой овогтой Жүгдэрбарамын Буд-Эрдэнийг түүний эцэг М.Жүгдэрбарамын асрамжид шилжүүлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч М.Жүгдэрбарамын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Долгормаагаас 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Жүгдэрбарамдолгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА