Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2024/00575

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 03 22 210/МА2024/00575

 

 

 

Б.Д-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 183/ШШ2024/00090 дугаар шийдвэртэй,

Б.Д-ийн нэхэмжлэлтэй, Р ХХК, Б.Б нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 138,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Р ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Миний бие Б.Б-тай 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 50,000,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн бөгөөд түүний хүсэлтээр Д.Н-гийн ХААН банкны дансанд мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн. Зээлийн гэрээний хугацаа 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр дууссан боловч тэрээр ковид-19 цар тахлын улмаас зээл төлөх хугацаагаа амаар хэлэлцэн тохирч өөрчилснийг би хүлээн зөвшөөрч байсан. Гэвч тэрээр цар тахлаас хойш зээл, зээлийн хүүг буцаан төлөх үүргээ хэрэгжүүлээгүй.

1.2. Зээлийн гэрээний үүрэгт Я.Хонгорзулын 0000 тоот хаягт байршилтай, 700 м.кв талбайтай газар, мөн 000 мкв талбай бүхий газрыг тус тус барьцаалсан. Харин барьцааны зүйлийг бус зээлсэн мөнгө, хүү, алдангийн хамт авах хүсэлтэй байна.

Иймд хариуцагч Р ХХК, Б.Б нараас үндсэн зээл 50,000,000 төгрөг, хүү 63,000,000 төгрөг, алданги 25,000,000 төгрөг, нийт 138,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч нар шүүхэд хариу тайлбараа гаргаагүй болно.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.4, 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Р ХХК-аас 75,160,952 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Д-ид олгож, нэхэмжлэлийн шаардлагын 62,839,048 төгрөгийн хэсэг болон Б.Б-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 847,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж 533,754.8 төгрөгийг хариуцагч Р ХХК-аас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Шүүх хуралдааны товыг мэдээгүйн улмаас оролцож чадаагүй. Тиймээс намайг оролцуулаагүй хурал хийсэн болон шүүхээс 75,160,952 төгрөг төлөхөөр шийдвэрлэсэн хэсгээс 7,000,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

Шүүхэд нэхэмжлэл гаргахаасаа өмнө Б.Б-д мэдэгдэхэд тэрээр явах газраараа яв гэж хэлсэн. 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр нэг жилийн хугацаатай гэрээ байгуулаад мөнгө зээлсэн бөгөөд тухайн үед Б.Б нь 6 сарын хугацаанд зээлээ буцааж төлнө гэж хэлсэн боловч зээлийн гэрээг 1 жилийн хугацаатайгаар байгуулсан. Уг гэрээг байгуулснаас 5 жилийн турш тухайн гэрээний маргаан үргэлжилж байна.

Миний бие нэхэмжлэл гаргахдаа 2023 оны 6 дугаар сар хүртэл хугацааны төлбөр болох 138,000,000 төгрөгийг нэхэмжилсэн. Анхан шатны шүүх хуульд зааснаар гэрээний дагуу нэг жилийн хугацааг тооцож, үлдэгдэл 2 жилийн хугацааны төлбөрийг тооцох боломжгүй гэж дүгнэн шүүхээс 138,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 75,000,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байх тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

3. Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч Р ХХК, Б.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 138,000,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

3.1. Б.Д, Р ХХК-ийн хооронд 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч Б.Д нь 50,000,000 төгрөгийг зээлдэгч Р ХХК-д1 жилийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй зээлдүүлэх, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.025 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон. /хх-ийн 3/

 

3.2. Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч Р ХХК-ийн хүсэлтээр ХААН банк ХК дахь Д.Н-гийн эзэмшлийн 000000 тоот дансанд зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн болох нь хэргийн 9 дүгээр талд авагдсан орлогын мэдүүлгийн баримтаар тогтоогдсон тул талуудын хооронд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар гэрээ байгуулсанд тооцно.

 

Анхан шатны шүүх Б.Д, Р ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, уг гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

4. Хариуцагч нь 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр эхний сарын хүү 1,750,000 төгрөгийг 11 хоног хэтрүүлж, 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 2 дахь сарын хүүг 23 хоног хэтрүүлж, 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 3 дахь сарын хүүг 31 хоног хэтрүүлж, 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 4 дэх сарын хүүг 185 хоног хэтрүүлж, 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 5 дахь сарын хүүг 156 хоног хэтрүүлж, 6 дахь сарын хүүг 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр буюу 339 хоног хэтрүүлж, нийт 6 удаагийн гүйлгээгээр 10,500,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдсон.

 

4.1. Харин хариуцагч нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй боловч тэрээр татгалзлын үндэслэлээ хуульд заасан журмын дагуу баримтаар нотлоогүй.

 

4.2. Иймд хариуцагч Р ХХК нь зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх үүргээ зөрчсөн буруутай байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус зааснаар үүргийн гүйцэтгэлд зээл, хүү, алдангийг шаардах эрхтэй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна. Харин нэхэмжлэгч Б.Д болон Б.Б нарын хооронд иргэний хувьд эрх зүйн харилцаа үүсээгүй байх тул түүнээс зээл, зээлийн хүү, алданги шаардах эрхгүй талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.

 

5. Анхан шатны шүүх зээлийн гэрээний хугацаанд хариуцагчийн төлсөн 8,750,000 төгрөгийг зээлийн хүүгээс, харин зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш хариуцагчийн төлсөн 1,750,000 төгрөгийг үндсэн зээлээс тус тус хасч тооцон, хариуцагч Р ХХК-аас үндсэн зээлд 48,250,000 төгрөг, зээлийн хүүнд 12,250,000 төгрөг, алданги 14,070,062 төгрөг, нийт 75,160,952 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Д-ид олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсэг болох 62,839,048 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй.

 

6. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

6.1. Учир нь шүүх нэхэмжлэлийн хувийг хариуцагчид 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гардуулж, хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоход эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлан өгсөн боловч хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан хугацаанд хариу тайлбар гаргаагүй. Түүнчлэн, 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч Б.Б-ын эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт ирүүлснийг хангаж, шүүх хуралдааныг 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 13 цаг 30 минут хүртэл хугацаагаар хойшлуулсан.

 

6.2. Хариуцагч нь 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас оролцох боломжгүй талаар хүсэлт болон холбогдох баримтыг ирүүлээгүй байхаас гадна хариуцагч шүүхээс шүүх хуралдааны товыг лавлах үүрэгтэй. Иймд хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасанд нийцсэн байна. Энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 183/ШШ2024/00090 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Р ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 126,950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ