Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 374

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

Улсын яллагч Ц.Ариунтуяа,

Хохирогч Д.

Шүүгдэгч Б. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийв.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт гийн ад холбогдох 1908004000259 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

  Монгол Улсын иргэн, 1981 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 37 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа барилгын засал чимэглэл хийдэг гэх, ам бүл 4, хамтран амьдрагч, эх, ахын хамт Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Малчны тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт гийн  //.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

             Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:

 

            Б. нь 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Малчны тоотод хардалтын улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Д.ийг толгой, нүүрэн тус газар нь мөргөж, гараараа цохиж зодон эрүүл мэндэд нь баруун, зүүн хөмсөг, зовхи, хамрын нуруу, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

1.Хохирогч Д.ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр... намайг найз залуутайгаа хардан миний нүүр лүү толгойгоороо нэг удаа мөргөсөн. Миний нүүрэн тус газар гараараа 2-3 удаа цохисон...урьд өмнө нь намайг зодож цохиж байгаагүй анх удаал намайг зодож цохиж байна...надад нэхэмжлэх зүйл байхгүй, надад одоо санал гомдол байхгүй. Бид хоёр хамт амьдарч байгаа...” гэх мэдүүлэг /хх 13-14 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

             2.Шүүгдэгч Б.ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр эхнэр Д.ийн хамтаар цамбын автобусны буудлын орчимд байдаг нэг пабад орж би нэг шил 0,5-н хараа архи авсан. Тэгээд би нөгөө архинаасаа эхнэртээ хийж өгч манай эхнэр 2 удаа л татсан. Тэгээд би үлдсэнийг нь ганцаараа уугаад бид хоёр нөгөө пабаасаа гараад цамбын тэндээс такси бариад Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Алтан-Овоогийн тоотод гэртээ ирсэн юм. Тэгээд би эхнэр ийг гэрээс дуудаж гадаа гараад ир гэж хэлсэн чинь  гэрээс гараад ирсэн. Тэгэхээр нь би чи яагаад манай найзтай явалддаг юм гэж хэлээд нүүрлүү нь нэг удаа мөргөсөн юм. Тэгээд  уурлаад явлаа гэхээр нь би араас нь очиж үсдэж аваад нүүрлүү нь нэг удаа гараараа цохиж авсан юм.  цаашаа хашааны хаалгаар гараад явахаар нь би араас нь очиж дахиж нэг удаа нүүрлүү нь цохисон. Тэгсэн манай эхнэр уурлаад цагдаад дуудлага өгсөн байсан. ...” гэх мэдүүлэг /хх 261 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

            3.Гэрч П.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... миний төрсөн охин байгаа юм. энэ хоёр хамт амьдраад арай жил болоогүй байна. манайд архи уугаад ирж байгаагүй.  намайг зодож цохилоо гэж ирж байгаагүй болохоор сайн мэдэхгүй байна. ...” гэх мэдүүлэг /хх 15 х/,

4.Шинжээчийн 1317 тоот дүгнэлт

  1.Д.ийн биед баруун, зүүн хөмсөг, зовхи, хамрын нуруу, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

  2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн 1 болон түүнээс дээш удаагийн үйчлэлээр үүсэх боломжтой.

  3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

  5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой." гэх дүгнэлт /хх 18 х/,

 

5.Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хх 28-32 х/,      6.Хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх 33-34 х/,

7.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 21 х/

8.Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 25 х/

9.Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 26 х/

10.Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх 27 х/

11.Эвлэрлийн гэрээ /хх 51 х/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.

 

Шүүгдэгч Б. нь 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 18 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Малчны тоотын хашааны гадаа үүдэнд Д.ийг бусадтай хардан толгой, нүүрэн тус газар нь мөргөж, гараараа цохиж зодон эрүүл мэндэд нь баруун, зүүн хөмсөг, зовхи, хамрын нуруу, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Д.ийн “... найзтайгаа хардан миний нүүрэн тус газар мөргөж, гараараа 2-3 удаа цохисон ...” гэх мэдүүлэг /хх 13-14 х/,

             Шүүгдэгч Б.ын “... нүүрлүү нь нэг удаа мөргөсөн юм. Тэгээд  уурлаад явлаа гэхээр нь би араас нь очиж үсдэж аваад нүүрлүү нь нэг удаа гараараа цохиж авсан юм.  цаашаа хашааны хаалгаар гараад явахаар нь би араас нь очиж дахиж нэг удаа нүүрлүү нь цохисон. ...” гэх мэдүүлэг /хх 261 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Шинжээчийн 1317 тоот дүгнэлт

  1.Д.ийн биед баруун, зүүн хөмсөг, зовхи, хамрын нуруу, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

  2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн 1 болон түүнээс дээш удаагийн үйчлэлээр үүсэх боломжтой.

  3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

  5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой." гэх дүгнэлт /хх 18 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Шүүгдэгч Б. нь Д.ийн биед баруун, зүүн хөмсөг, зовхи, хамрын нуруу, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон тул хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан.

Шүүгдэгч Б. хохирогчийн эрүүл  мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

 

            Б.ын үйлдсэн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж нь Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн байх тусгай шалгуурыг тогтоосон.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийн нэр томьёо, ухагдахууныг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримталж тайлбарлах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчимд нийцэж байгаа

            Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлээр уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тодорхойлж, 3.1.1. “... хамтран амьдрагч, ...” гэж заасан, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний ... бие махбодид халдсан үйлдэл, ..., 5.1.2-т “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж “гэр бүлийн хүчирхийллийн улмаас ... бие махбод, сэтгэл санааны байдлаараа хохирсон хүнийг хэлнэ” гэж тус тус хуульчлан зааж өгсөн.

             Шүүгдэгч Б., хохирогч Д. гэр бүлийн баталгаагүй ч хамтран амьдрагч болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, гэр бүлийн хүчирхийлийн нөхцөл байдлын үнэлгээ зэргээр тогтоогдож байгаа тул тэдгээрийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээд гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Б.ын хохирогч Д.ийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдаж хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж хүндрүүлэн зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Б.ын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан тул шүүгдэгчийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай улсын яллагчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

 

Хохирогч Д. эмчилгээний зардал, төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй, эвлэрсэн болох нь хавтаст хэргийн 51 дүгээр хуудсан дахь бичгээр гаргасан баримтаар тогтоогдож байгаа тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн.

 

Улсын яллагч: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх торгуулийн ял оногдуулах санал гаргасан.

 

Шүүгдэгч: Гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, торгуулийн ялыг хөнгөрүүлж өгнө үү? гэсэн.

 

Б.ад холбогдох хэрэгт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршиг их биш, хувийн байдлын хувьд анх удаа шүүхээр ял шийтгүүлж байгаа, хувиараа ажил хөдөлмөр эрхэлдэг, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан шүүхээс 600 нэгжтэй тэнцэх торгуулийн ялыг оногдуулж, 06 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 

           Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1.Боржигон овогт гийн ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  

  2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг ялтан Б.ад үүрэг болгосугай.

  4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Б.ад мэдэгдсүгэй.

  5.Б.ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

          6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

          7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ