Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 128/2021/0179/З |
Дугаар | 001/ХТ2023/0022 |
Огноо | 2023-04-03 |
Маргааны төрөл | Хуулийн этгээдийн улсын бүртгэл, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2023 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 001/ХТ2023/0022
“М з х” НҮТББ-ын Ерөнхийлөгч А.М-ын нэхэмжлэлтэй,
Улсын бүртгэлийн ерөнхий газар болон
тус газрын хяналтын улсын байцаагч
Д.Ч-д холбогдох захиргааны
хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: П.Соёл-Эрдэнэ
Шүүгчид: Д.Батбаатар
М.Батсуурь
Х.Батсүрэн
Илтгэгч шүүгч: Г.Банзрагч
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2022/0794 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2023/0051 дүгээр магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч И.Х, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н-Э нарыг оролцуулж,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 109 дүгээр хэлэлцүүлэх тогтоолтой захиргааны хэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.2-т заасан “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсэх” үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага:
“М з х” НҮТББ-ын Ерөнхийлөгч А.М-аас Улсын бүртгэлийн ерөнхий газар болон тус газрын хяналтын улсын байцаагч Д.Ч-д холбогдуулан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Д.Ч-ын 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2803 дугаар дүгнэлт, хууль ёсны хүчинтэй 2011 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн №0000127... дүгээр гэрчилгээ байсаар байтал дахин олгосон №0002127... дүгээр хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” нэхэмжлэл гаргажээ.
2. Хэргийн нөхцөл байдал:
2.1. “М з х” НҮТББ-ын хариуцлагын хорооны дарга Э.Н-Э-ээс 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 11 дүгээр шийдвэрээр “90191101... дугаар тамгыг дүрмийн бусаар авсан тул хүчингүй болгуулах хүсэлт ирүүлсний дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Д.Ч-ын 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2803 дугаар дүгнэлтээр “М з х” НҮТББ-д 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдөр олгосон тамга, тэмдгийн хяналтын 11152013... дугаар тамга, тэмдгийг хураан авах, 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр олгосон тамга, тэмдгийн 90191101... хяналтын дугаарыг хүчингүй болгохоор шийдвэрлэжээ. Дээрх 2803 дугаар дүгнэлтийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагч Ч.Э-ийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 3241 дүгээр дүгнэлтээр хүчингүй болгосныг тус газрын хяналтын улсын ахлах байцаагч Ж.Ч, Ө.Н, Ц.О нарын 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 5256 дугаар дүгнэлтээр хүчингүй болгосон байна.
2.2. Иймд нэхэмжлэгч “М з х” НҮТББ-ын Ерөнхийлөгч А.М-аас Улсын бүртгэлийн ерөнхий газар болон тус газрын хяналтын улсын байцаагч Д.Ч-холбогдуулан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Д.Ч-ын 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2803 дугаар дүгнэлтийг, хууль ёсны хүчинтэй 2011 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн №000012781 дүгээр гэрчилгээ байсаар байтал дахин олгосон №0002127... дүгээр хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.
3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
3.1. М-ын з-ын х-г шинэчлэх хөдөлгөөн нэрийдлээр цахим хурал нэртэйгээр хүмүүс цуглуулан хуурамч тамга, тэмдэг ашиглан төв холбооны нэрийг барьж дэлхий нийтэд тархаад буй коронавируст цар тахал буюу /COVID-19/-ын халдвартай үед залуучуудыг цуглуулан М-ын з-ын холбооны VI Их хурал мэтээр 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр бүлэг хүмүүс уулзалт зохион байгуулсан байна. Дээрх хууль бус хурлаар сонгогдсон бүрэлдэхүүн нь М-ын з-ын х-г төлөөлөх эрхгүй, үндэсний залуучуудын зөвлөлийн гишүүн бус, М-ын з-ын х-г үндсэн дүрмийн дагуу төлөөлөх эрхгүй этгээдүүдийн тамга, тэмдэг хаяж үрэгдүүлсэн мэтээр гаргасан хүсэлтийг Улсын бүртгэлийн ерөнхий газар үндэслэж, 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр тамга, тэмдгийг дахин олгосон нь үндэслэлгүй. Уг тамга, тэмдгийг давхардуулан олгохдоо М-ын з-ын х-ны албан ёсны төлөөлөгч Ерөнхийлөгч А.М-ад албан ёсоор мэдэгдэлгүйгээр Тамга, тэмдэг олгох журам, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийг тус тус зөрчсөн. ...Их хурал гэх үйл ажиллагааг хууль ёсны эсэхийг тогтоосон шүүхийн эцсийн хүчин төгөлдөр шийдвэр гараагүй, хүчинтэй тамга, тэмдэг байхад алга болсон мэтээр хуурамч бичиг баримт бүрдүүлж, тамга, тэмдэг давхардуулж, гэрчилгээг дахин авсан нь үндэслэлгүй. Иргэн О.Г-О-ын үйлдлийг хууль бус болохыг тогтоосон Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагч Ч.Э-ийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 3241 дүгээр дүгнэлт гарсан боловч аливаа үйл ажиллагаа явуулахыг хориглосон прокурорын зөвшөөрөл байх хугацаанд гарсан гэх ганцхан үндэслэлээр хүчингүй болсон... Иймд, хүчин төгөлдөр тамга, тэмдэг, гэрчилгээ байсаар байхад дахин давхардуулан М-ын з-ын х-ны тамга, тэмдгийг олгосон хяналтын улсын байцаагчийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2803 дугаар дүгнэлтийг, мөн шинээр олгосон 0002127… дугаар М-ын з-ын х-ны хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
4. Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас дараах үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн. Үүнд:
4.1. М-ын з-ын х төрийн бус байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Ш-гийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн “... М-ын з-ын х-ны Удирдах хорооны 2019 оны анхдугаар хурлын 05 тоот тогтоолоор байгууллагын бэлгэ тэмдэг, албан бичгийн бланкны загвар өөрчлөгдсөн тул тамга, тамганы дугаарыг шинээр олгож өгнө үү” гэж дурдсан 02/227 дугаар хүсэлтэд 2015 онд хүчингүй болсон тэмдгийг дарж гарын үсгийг баталгаажуулсан байсан бөгөөд тамга, тэмдгийн загварыг өөрчилсөн шийдвэр гаргаагүй тогтоол, хүсэлт ирүүлснийг улсын бүртгэгч хүлээн авч тамга, тэмдгийн хяналтын дугаар олгосон нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны A/216 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Тамга, тэмдэг хийлгэх үйл ажиллагаанд хяналт тавих, лавлагаа олгох журам”-ын 2.1.3-т заасныг зөрчсөн. Уг тэмдгийг Хууль зүйн сайдын 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/42 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Иргэн, хуулийн этгээдийн тамга, тэмдэг, баталгааны тэмдэг хийлгэх үйл ажиллагаанд хяналт тавих, лавлагаа олгох журам”-ын 2.2.3, 2.2.4-т заасны дагуу 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдөр улсын бүртгэгчид хураалгаагүй.
4.2. Улсын бүртгэлийн архив дахь “хураан авсан тамга, тэмдэг, баталгааны тэмдгийн бүртгэлийн дэвтэр”-ийн хураалгасан хүний гарын үсэг хэсэгт С.А гэх итгэмжлэлгүй этгээд гарын үсэг зурж бүртгүүлсэн нь дээрх A/216 дугаар тушаалаар батлагдсан журмын 5.1.10-т заасныг тус тус зөрчсөн, тамга, тэмдгийн хяналтын дугаарын улсын бүртгэлийн зөрчил үүсгэсэн нь тогтоогдсон тул 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2803 дугаар дүгнэлтийг гаргасан. Уг эрх зүйн үндэслэл бүхий хүчин төгөлдөр дүгнэлтийг хяналтын улсын ахлах байцаагч Ч.Э-ийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 3241 дүгээр дүгнэлтээр хүчингүй болгосон бөгөөд тухайн дүгнэлтийг хяналтын улсын ахлах байцаагч Ж.Ч, Ө.Н, Ц.О нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг хянаад хяналтын улсын байцаагчийн 2020 оны 2803 дугаар дүгнэлтийг үндэслэлгүй хүчингүй болгосныг тогтоож, 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 5256 дугаар дүгнэлтээр хүчингүй болгож, Захиргааны ерөнхий хууль болон улсын бүртгэлийн холбогдох хууль тогтоомжид нийцүүлж шийдвэрлэсэн.
4.3. Улсын байцаагчийн 2803 дугаар дүгнэлт гаргахдаа болон М-ын з-ын х-ны 0002127… дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга, тэмдгийг олгохдоо хууль бус аливаа арга хэрэглээгүй, хууль зөрчөөгүй буюу Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон Тамга, тэмдэг олгох журмын дагуу дүгнэлт гаргаж, гэрчилгээ, тамга, тэмдгийг олгосон нь М-ын з-ын х-ны эрх, хууль ёсны ашиг сонирхолд, мөн нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхгүй. Нэхэмжлэгчийн хууль бус болохыг тогтоолгохоор шаардаж буй 2803 дугаар дүгнэлт, 0002127… дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга, тэмдэг эрх зүйн зөрчилгүйгээр гарсан, олгогдсон учраас хууль бус байх хууль зүйн үндэслэлгүй.
4.4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хууль бус хурлаар сонгогдсон, М-ын з-ын х-г төлөөлөх эрхгүй этгээдүүдэд олгосон гэрчилгээ, тамга, тэмдэг хууль бус хэмээн тодорхойлсон байх боловч улсын бүртгэлийн байгууллагад тус хурлыг хууль бус хэмээн дүгнэх эрх зүйн үндэслэл, боломж байхгүй бөгөөд улсын байцаагч дүгнэлт гаргахдаа Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан улсын бүртгэлийн үйл ажиллагаа үнэн зөв байх зарчимд үндэслэсэн нь хууль ёсны болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
5. Гуравдагч этгээд нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд:
5.1. ... А.М нь тус холбоог удирдах насны дээд хязгаарт хүрсэн боловч Их хурлаа хуралдуулахгүй байсан тул хариуцлагын хороо нь дүрмийн зөрчлөө арилгаж, VI хурлаа зарлаж, холбогдох бичиг баримтаа бүрдүүлж Улсын бүртгэлийн байгууллагад өгсөн. Төрийн бус байгууллагын тухай хууль болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу зөвхөн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн зөвшөөрлөөр л тухайн байгууллагын бүртгэл өөрчлөгддөг зохицуулалт байхгүй. Нэг байгууллага нэг хяналтын дугаартай, 2 тамгатай байсныг хариуцлагын хорооны дарга Э.Н-Э гэдэг хүний гомдлоор хяналт шалгалтын улсын байцаагч Д.Ч илрүүлсэн. Улсын бүртгэгч У.М 2019 онд хураах ёстой тамгаа хураалгүйгээр Ө.Ш гэдэг хүний дур зоргоороо хийлгэсэн, бүртгэлгүй тамгыг хурааж, дахин тамга олгосон. Улсын байцаагч Д.Ч нь хуулийн дагуу төрийн хяналт шалгалт явуулсан. Улсын бүртгэлийн ерөнхий хуульд зааснаар зөвхөн эрх нь хөндөгдсөн этгээд гомдол гаргах тухай ойлголт байхгүй. Улсын байцаагч Д.Ч дүгнэлтдээ 4 зөрчлийг тогтоосон. Нэхэмжлэгч нь маргаан бүхий акттай маргаж байгаа атлаа маргаан бүхий актын эрх зүйн үндэслэлтэй огт маргахгүй байна. Нэгэнт нэхэмжлэгч талаас маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлтэй маргаагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй.
5.2. Хяналт шалгалтаар “М з х” НҮТББ-аас С.А-т тамга, тэмдэг солиулах талаар өгсөн итгэмжлэл байхгүйг дурдсан. ...Нэхэмжлэлийн үндэслэлд дурдагдсан шинээр тамга, тэмдэг авч байгаа зүйл огт байхгүй. “М з х” НҮТББ-ын VI Их хурлыг хүчингүй гэж шийдсэн хууль ёсны шийдвэр байхгүй учраас Улсын бүртгэлийн байгууллага нь бүртгэл хийхээс татгалзах үндэслэл байхгүй. “М з х” НҮТББ нь үйл ажиллагаа явуулахын тулд 9249 хяналтын дугаартай шинэ тамга бүртгүүлж авсан. Энэ бүртгэлийг хүчингүй болгуулахаар маргаагүй учраас нэхэмжлэгчийн ямар эрх сэргэх гэж байгаа нь тодорхойгүй. Улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгосноор 7 дугаар Их хурлыг хууль бус болохыг хэн ч тогтоохгүй, тухайн Их хурал нь хүчин төгөлдөр юм. Иймд улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгосноор А.М- нь “М з х” НҮТББ-ын Ерөнхийлөгч болох тухай ойлголт байхгүй. Э.Н-Э нь хариуцлагын хорооны даргын хувьд тамгыг хүчингүй болгуулахаар хандсанаас биш тамга, тэмдгийн хяналтын дугаар авах хүсэлтийг гаргаагүй. Улсын бүртгэгчийн бүртгэлийн үйл ажиллагаа хүчингүй болсны дагуу гэрчилгээ солигдох ёстой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж тус тус маргасан байна.
6. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2022/0794 дүгээр шийдвэрээр: Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 18 дугаар зүйлийн 18.7.1, 19 дүгээр зүйлийн 19.4.1, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.8.3, 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг тус тус баримтлан “М з х” НҮТББ-ын Ерөнхийлөгч А.М-ын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газар болон тус газрын хяналтын улсын байцаагч Д.Ч-д холбогдох Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Д.Ч-гын 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2803 дугаар дүгнэлт, хууль ёсны хүчинтэй 2011 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн №0000127… дүгээр гэрчилгээ байсаар байтал дахин олгосон №0002127… дугаар хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийсэн байна. Үүнд:
6.1. М-ын з-ын х-ы 2019 оны анхдугаар хуралдаанаар ... тухайн байгууллагын тамга, тэмдгийг дахин авах талаар хэлэлцээгүй, уг асуудлаар шийдвэр гараагүй гэж үзэхээр байна. Тамга, тэмдэг устгах ажлын хэсгийн хүчингүйд тооцсон тамга, тэмдгийг устгах жагсаалтын 605-рт тус холбооны 11152013... хяналтын дугаар бичигдээгүй, хураан авсан тамга, тэмдэг, баталгааны тэмдгийн бүртгэлийн 2393-рт уг хяналтын дугаар бүхий тамга, тэмдэг дарагдаагүй байх тул улсын байцаагчийн дүгнэлт үндэслэлтэй, өөрөөр хэлбэл, хуулийн этгээдийн бүртгэл зөрчилгүй, үнэн зөв байж дахин давтагдашгүй дугаар бүхий зөвхөн нэг тамга, тэмдэг хэрэглэх ёстой бөгөөд өмнө олгосон хяналтын дугаар бүхий тамга, тэмдгийг хураан авалгүйгээр /11152013…/ дахин хяналтын дугаар олгосныг /90191101…/ зөрчилд тооцож хүчингүй болгосон хариуцагчийн дүгнэлт Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1, 19 дүгээр зүйлийн 19.4.1-д тус тус нийцсэн.
6.2. “М з х” НҮТББ-ыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй этгээд буюу тус холбооны хариуцлагын хорооны дарга Э.Н-Э-ийн хүсэлтээр уг хяналт шалгалтыг эхлүүлсэн зөрчил байгаа хэдий ч энэ нь тухайн зөрчлийг үгүйсгэх, маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй. Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагч Д.Ч-гын 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2803 дугаар дүгнэлтийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
6.3. Иргэн О.Г-О-с 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр УБ-О5 маягтаар “М з х” НҮТББ-ын Ерөнхийлөгчөөр бүртгүүлэх, мөн өдөр УБ-12 маягтаар хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлүүдийг тус тус гаргаж, өргөдөлд “М з х” НҮТББ-ын 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 6 дугаар хуралдааны 008, 009 дүгээр тогтоолуудыг хавсаргасан бөгөөд дээрх баримтуудын хүрээнд №0002127… дугаар хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгосонд хариуцагчийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй.
6.4. Хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт орох бүрт гэрчилгээг дахин авах боломжтой бөгөөд ингэхдээ өмнөх хуулийн этгээдийн гэрчилгээг эх хувиар нь хавсаргах талаар Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, түүнд нийцүүлэн гарсан бусад эрх зүйн хэм хэмжээний актуудаар журамлаагүй тул хууль ёсны хүчинтэй 2011 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн №0000127… дүгээр гэрчилгээ байсаар байтал дахин олгосон №0002127… дугаар хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулахыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзжээ.
7. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлоор хэргийг хянан хэлэлцээд 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2023/0051 дүгээр магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2022/0794 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээхдээ анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв дүгнэж, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж дүгнэсэн байна.
8. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 221/ЕШ2023/0117 дугаар “Шүүх бүрэлдэхүүн болон даргалагчийг томилсон шийдвэрийг албажуулах тухай” захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Д.Баатархүү /илтгэгч шүүгч/ нарыг, шүүх хуралдаан даргалагчаар ерөнхий шүүгч Б.Тунгалагсайханыг томилсон шийдвэрийг албажуулсан. 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд Ерөнхий шүүгчийн захирамжаар албажаагүй шүүгч Г.Билгүүн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1, 72.2-т заасныг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.
9. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй.
10. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг жил, хагас жил зэрэг тодорхой хугацаагаар тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс хуваарь гарган томилж, Ерөнхий шүүгчийн захирамжаар албажуулна”, 72.2-т “Хуваарийн дагуу томилогдсон шүүгч, шүүх бүрэлдэхүүн тухайн шүүх хуралдаанд оролцож чадахгүй тохиолдолд түүнийг орлох шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг энэ хуулийн 72.1-д заасан журмаар томилно.”, 119 дүгээр зүйлийн 119.4-т “Магадлал хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна ...” гэж тус тус заасан.
11. Хэрэгт авагдсан баримт болох Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 221/ЕШ2023/0117 дугаар захирамжаар “М з х” НҮТББ-ын Ерөнхийлөгч А.М-ын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газар болон тус газрын хяналтын улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Д.Баатархүү /илтгэгч шүүгч/ нарыг, шүүх хуралдааны даргалагчаар Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайханыг томилсон шийдвэрийг албажуулсан байх ба үүнээс өөрөөр уг хэргийг хянан хэлэлцэх шүүх бүрэлдэхүүнийг өөрчлөн томилсон шийдвэр алга байна.
12. Гэтэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 221/ТМ2023/114 дүгээр шүүх хуралдааны тэмдэглэлд “... шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Г.Билгүүн, Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй ...” хийж, Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан гарын үсэг зурж баталгаажуулсан, мөн өдрийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 221/МА2023/0051 дүгээр магадлалын Удиртгал хэсэгт шүүх хуралдаан даргалагчаар Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Г.Билгүүн, илтгэгч шүүгч Д.Баатархүү нар оролцож, тогтоолын Тогтоох хэсэгт эдгээр шүүгч нар гарын үсэг зуржээ. Өөрөөр хэлбэл уг хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд Ерөнхий шүүгчийн захирамжаар албажаагүй шүүгч Г.Билгүүн оролцсон болох нь тогтоогдсон, энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлтэй.
13. Ийнхүү хэргийг хуульд заасан журмын дагуу томилогдоогүй шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн” үндэслэлд хамаарах бөгөөд энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд тооцогдох тул магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд нэхэмжлэгч “М з х” НҮТББ-ын Ерөнхийлөгч А.М-ын овгийн эхний үсгийг Л.М гэж алдаатай бичсэн байгааг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 221/МА2023/0051 дүгээр магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Д.БАТБААТАР
М.БАТСУУРЬ
Х.БАТСҮРЭН
Г.БАНЗРАГЧ