Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 307

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэнг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “1” дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Г” ХХК

Хариуцагч: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар

Гуравдагч этгээд: Б.Б

Нэхэмжлэлийн шаардлага: “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын бүртгэгч О.Шгийн 07 тоот хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан мэдэгдлийг илт хууль бус болохыг тогтоолгож, “Г” ХХК-ийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөн дүрэм болон хаягийн өөрчлөлтийг бүртгэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт даалгуулах”

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, гуравдагч этгээд Б.Б, түүний өмгөөлөгч Ц.З  нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэг. Нэхэмжлэгч “Г” ХХК-ийн захирал Б.Г 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...“Г” ХХК-ийн хувьцаа эзэмшигч М.Э тус компанийн хувьцаа болох 21.6 хувь буюу нийт 85 ширхэг хувьцааг эзэмшдэг. М.Э нь 2016 оноос эхлэн өөрийн хувьцаагаа бусад хувьцаа эзэмшигчид болон компанид худалдах тухай удаа дараа хувьцаа эзэмшигчдийн хурал болон бусад хурлууд дээр мэдэгдэж байсан. Үүний дагуу нэр бүхий 4 хувьцаа эзэмшигч Үүний дагуу нэр бүхий 4 хувьцаа эзэмшигч болох Б.Г 13 ширхэг, Н.Л 13 ширхэг, Ж.Э 13 ширхэг, Т.М 12 ширхэг, компанийн менежер Б.Г 12 ширхэг хувьцааг худалдан авах саналаа ирүүлсэн тул 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хувьцаа эзэмшигч М.Этай “Хувьцаа шилжүүлэх тухай” гэрээг байгуулж нэг бүр нь 500,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Мөн М.Э нь өөрийн эзэмшилд үлдсэн 22 ширхэг хувьцааг хувьцаа эзэмшигч Б.Гт хариу төлбөргүйгээр шилжүүлэхээр болж гэрээг байгуулсан. Иймд компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр компанийн хувьцаа эзэмшигчид өөрчлөгдсөнтэй холбоотойгоор компанийн дүрэмд өөрчлөлт оруулах шаардлагатай болсон тул хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2017 оны 01 дүгээр сарын 19-ний 13 цагт компанийн байранд зарлан хуралдуулах тухай тогтоолыг гаргаж компанийн хувьцаа эзэмшигчдэд ээлжит бус хурлын зар болон хурлаар хэлэлцэх асуудлыг утсаар мэдэгдэж цахим шуудангаар хүргүүлсэн. Ингээд 2017 оны 01 дүгээр сарын 19-ний 13 цагт компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хуралд хувьцаа эзэмшигч Б.Г, Н.Л, Ж.Э, Т.М, Б.Г, М.М нар хүрэлцэн ирж оролцсон бөгөөд хувьцаа эзэмшигч Б.Б хуралд оролцоогүй. Тус хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар хувьцаа эзэмшигч М.Э өөрийн эзэмшлийн 63 ширхэг хувьцааг худалдаж, 22 ширхэг хувьцааг шилжүүлсэнтэй холбоотой асуудлыг хэлэлцэж компанийн дүрэмд хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөнтэй холбоотой өөрчлөлтийг оруулж, компанийн хаягийг өөрчлөх тухай Хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр гарсан. Мөн тус хурал дээр М.М өөрийн эзэмшлийн 4 ширхэг хувьцааг Б.Гт шилжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж “Хувьцаа шилжүүлэх гэрээ”-г байгуулж дүрэмд өөрчлөлтийг оруулсан. Компанийн тухай болон Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуульд заасны дагуу хувьцаа эзэмшигчтэй холбоотой өөрчлөлтийг заавал Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлэх ёстой тул бичиг баримтуудыг бүрдүүлэн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлэх өргөдлөө гаргасан. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газраас 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ирж хариугаа авах хуудсыг өгсөн бөгөөд тус өдөр очиход улсын бүртгэгч О.Ш бүртгэл хийх боломжгүй тул Хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзасан 07 тоот мэдэгдлийг өгсөн. Иймд дээрх улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан мэдэгдэлд заагдсан асуудлыг засварлаж 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр өргөдлөө дахин гаргасан боловч 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр улсын бүртгэгч О.Ш Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын хяналтын байцаагч н.Гоос бүртгэл хийж болох тухай тодруулж хувьцаа эзэмшигч Б.Бын Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын зарыг хүлээж авсан гарын үсэгтэй баримт байхгүй тул бүртгэл хийх боломжгүй гэдэг хариуг амаар өгсөн. Тиймээс улсын бүртгэгч О.Шгаас бүртгэл хийхээс татгалзсан мэдэгдлээ өгөхийг хүсэхэд өмнөх татгалзал хүчинтэй байгаа тул дахин өгөх шаардлагагүй гэсэн. Иймд манай “Г” ХХК-ийн зүгээс Хуулийн этгээдийн улсын бүртгэгчийн 07 тоот Хуулийн этгээдийг бүртгэхээс татгалзсан мэдэгдэл нь илтэд хууль бус захиргааны акт, түүнчлэн Б.Бд хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын зарыг хүргүүлсэн гэх гарын үсэгтэй баримт байхгүй гэдэг үндэслэлээр бүртгэл хийхээс татгалзсан үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгож, хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөнтэй холбоотой бүртгэл хийхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар даалгах нэхэмжлэлийг гаргаж байна” гэжээ.

Хоёр. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б 2017 оны 04 дүгээр  сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“Г” ХХК нь Б.Г, Н.Л, Ж.Э, Т.М, М.Э, Б.Б, М.М гэсэн нийт 7 хувьцаа эзэмшигчтэй компани юм. Манай улсад хуулийн этгээд шинээр бүртгүүлэх, бүртгэлд өөрчлөлт оруулах асуудлыг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, Компанийн тухай хууль, Хууль зүйн сайдын 2015 оны А/39 дүгээр тушаалын хавсралт “Хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх журам”-аар тус тус зохицуулдаг. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлд зааснаар хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулахад 23.1-д "Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ” гээд 23.1.1-д нэр өөрчлөх тохиолдолд шинээр олгосон нэрийн баталгаажуулалт; 23.1.2-т баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл; 23.1.3-д үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай шийдвэр; 23.1.4-т “үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлт; 23.1.5-д “шаардлагатай тохиолдолд итгэмжлэл”, 23.1.6-д “улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт”. Түүнчлэн 23.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол улсын бүртгэлийн байгууллага өргөдөл гаргагчаас энэ хуулийн 23.1-д зааснаас бусад баримт бичгийг шаардахгүй” гэж бүрдүүлэх бичиг баримтыг тодорхой заасан. Мөн 23.3-т “Хуулийн этгээдийн эрх шилжүүлэх өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ” гээд 23.3.1-д баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл; 23.3.2-т эрх шилжүүлж байгаа тухай үүсгэн байгуулагчийн шийдвэр; 23.3.3-д дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт; 23.3.4-т “Иргэний хуульд заасан холбогдох гэрээ”, 23.3.5-д “улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт”. Дээрх хуульд ямар ямар бичиг баримт бүрдүүлэхийг маш тодорхой заасан ба хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын зар хүргүүлсэн гарын үсэг зурсан баримт байхыг “Хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх журам”-д ч заагаагүй. Мөн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх журмыг Компанийн тухай хуулийн 65 дугаар зүйлд заасан бөгөөд 65.1-д “Энэ хуулийн 60.1-д заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хурал зарласан этгээд нь тухайн хурлын зарыг хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчид мэдээлэх үүрэг хүлээнэ” гэсэн ба заавал шуудангаар хүргүүлж зар хүлээн авсан тухай гарын үсэг зуруулах шаардлагыг хуульчлаагүй ба тэгэх ч шаардлага байхгүй нь ойлгомжтой. Манай компанийн хувьд өмнө нь ч хувьцаа эзэмшигчдийн хурлын зарыг утсаар мэдэгдэх, хувьцаа эзэмшигч хүссэн бол цахим шуудангаар явуулах, хуралдаа хүрэлцэн ирэхэд нь бичгээр өгөх зэргээр хурлаа хуралдуулж байсан. Мөн Хуулийн этгээдийн бүртгэлийн газраас тавьж буй шаардлагыг хүндэтгэж манай компанийн зүгээс хувьцаа эзэмшигч Б.Бд цахим шуудангаар хурлын зар хүргүүлсэн нотлох баримтыг гаргаж, компанийн хувьцаа эзэмшигчид нэмэлт тайлбар гаргаж өгөөд байхад ийнхүү бүртгэл хийхээс хууль зүйн үндэслэлгүйгээр татгалзаж байгаа нь хууль зөрчсөн уйлдэл юм. Захиргааны ерөнхий хуульд захиргааны актыг гаргахад тавигдах шаардлагын талаар заасан байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-д захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах гэсэн байдаг. Тэгэхээр захиргааны байгууллагаас иргэн, хуулийн этгээдэд хандаж гаргасан захиргааны акт нь үндэслэл бүхий байх гэсэн шаардлагыг хангаагүй тохиолдолд илт хууль бус захиргааны актад тооцогддог. Иймд улсын бүртгэгчийн 07 тоот бүртгэхээс татгалзсан мэдэгдэл нь ямар ч хууль зүйн үндэслэл заагдаагүй бөгөөд энэ нь хууль зүйн үндэслэлгүй гэдгээ бататгаж байгаа зүйл юм. Өөрөөр хэлбэл Хуулийн этгээдийн бүртгэлийг хийхдээ хууль болон журамд заасан бичиг баримтын бүрдүүлбэрийг шалгаж шийдвэр гаргахаас хэн нэгэн туршлагатай, өмнө нь өөрийн бүртгэл хийдэг байсан практикт үндэслэж хууль, журамд заагдаагүй бичиг баримт шаардах нь төрийн албан хаагчийн ур чадвар, ёс зүйд ч нийцэхгүй үйлдэл. Мөн манай компанийн гаргасан шийдвэр, бүрдүүлсэн материал бүр нь үнэн зөв бөгөөд Компанийн тухай хууль, Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуульд заасан бүх талын шаардлагыг хангасан баримт бичгүүд болно. Иймд үндэслэлгүй захиргааны актаас болж бидний эрх ашиг ноцтойгоор зөрчигдөж байна. Өнөөдрийг хүртэл бүртгэлээ хийлгэж чадаагүй, хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа хуралдуулж чадаагүй, хэн хэдэн хувийн хувьцаа эзэмшигч гэдэг нь маргаантай болоод байгаа учраас бидний эрх ашгийг сэргээж өгч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын бүртгэгч О.Шгийн 07 тоот Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан мэдэгдлийг илтэд хууль бус захиргааны акт болохыг тогтоож, “Г” ХХК-ийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөн дүрэм болон хаягийн өөрчлөлтийг бүртгэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт даалгаж өгөх нэхэмжлэл гаргаад байгаа юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

Гурав. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г” ХХК нь 7 хувьцаа эзэмшигчтэй. Хувьцаа эзэмшигч Н.Э хувьцаагаа зарах талаар компанидаа мэдэгдсэн. Компаний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т зааснаар компани нь бусад хувьцаа эзэмшигч нарт мэдэгдэх ёстой гэж заасан. Тэгэхээр н.Бд Компаний тухай хуульд заасан эрхээ эдлэх эсэх талаар хүргүүлсэн баримт байдаггүй. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн тайлбартаа дурдаж байна. Мэдэгдсэн мөртлөө холбогдож чадаагүй гэсэн сонин зүйл ярилаа. Манай байгууллага хуулийн этгээдийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахдаа Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан баримтанд үндэслэдэг. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.3-д үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай шийдвэр, 23.3.2-т эрх шилжүүлж байгаа тухай үүсгэн байгуулагчийн шийдвэр гэж заасан байдаг. Тэгэхээр Компаний тухай хуулийн 60 дугаар зүйл 60.3-д хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол хувьцаа эзэмшигчдийн хурлыг энэ хуулийн 60.1-д заасан шийдвэр гарснаас хойш 40-өөс доошгүй хоногийн дараа хуралдуулна гэж заасан. 60.1-д төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/, эсхүл энэ хуулийн 61.7-д заасан этгээд хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах тухай шийдвэрийг гаргана. 40-өөс доошгүй хоногийн дараа хуралдуулах ёстой байтал 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн хурлыг 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хийхээр шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл 2 хоногийн дараа юм. Энэ нь дээрх хуулийг ноцтой зөрчиж байгаа юм. 60.4-т компани энэ хуулийн 60.1-д заасан шийдвэр гарснаас хойш тав хоногийн дотор хувьцаа эзэмшигчдийн хурлын зарыг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хувьцаа эзэмшигчид хүргэх үүрэгтэй. Тэгэхээр Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай шийдвэр нь хүчин төгөлдөр бус хурлаас гарсан шийдвэр болж байгаа. “Г” ХХК-ийн ТУЗ-ийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01 тоот тогтоол, 01 дүгээр сарын 19-ний өдрийн 01 тоот тогтоол зэрэг нь Компаний тухай хуулийг зөрчсөн хууль бус тогтоол юм. Ийм учраас манай бүртгэлийн байгууллага хууль бус хурлаас гарсан хууль бус тогтоолыг үндэслэж бүртгэл хийх эрх зүйн үндэслэлгүй. Энэ талаар Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.2-т энэ хуулийн 5.3-5.5-д заасан улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, түүнд хавсаргасан нотлох баримт бичгийг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-т үүсгэн байгуулах баримт бичиг энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаагүй бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзана гэж заасан. Ийм учраас улсын бүртгэгчийн бүртгэхээс татгалзсан 07 дугаар тогтоол нь Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, Компаний тухай хуулийн холбогдох зүйл заалтуудыг баримталсан мэдэгдэл. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хүчингүй болгож, шийдвэрлэж өгнө үү” гэв.

Дөрөв. Гуравдагч этгээд Б.Б 2017 оны 04 дүгээр  сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би энэ компаний 22 хувийн хувьцааг эзэмшдэг бөгөөд намайг 21.8 хувийн хувьцааг эзэмшдэг гэдэг  нь үндэслэлгүй юм. Хувьцаа эзэмшигч Э******* нь өөрийн эзэмшлийн 21.6 хувийн  буюу 85 ширхэг хувьцаагаа худалдах саналаа компанид гаргаж компани нь бусад хувьцаа эзэмшигч нарт  мэдэгдсэн гэж байгаа боловч би тухайн үед мэдээгүй, харин надаас бусад хувьцаа эзэмшигч нар болон  огт хувьцаа эзэмшдэггүй хүн хүртэл худалдаж авсаны дараа 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн ээлжит бус хурал хийх тухайгаа миний хуучин ажлын и-майл хаягруу явуулсан нь надад огт хамааралгүй бөгөөд би хувьцаа худалдах талаар болон хувьцаа эзэмшигчдийн хурлын зар аль алийг нь хүлээж аваагүй” гэв.

Тав. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.З 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ерөнхийдөө нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна. Бүртгэхээс татгалзасан мэдэгдлийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага байна. Тэгэхээр энэ маргааныг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх ёстой. Үүний тулд улсын бүртгэгч н.Ш*******ийн 07 тоот мэдэгдэл илт хууль бус захиргааны акт мөн эсэхийг тодорхойлох ёстой. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд илт хууль бус болох гэдгийг 7 үндэслэлээр заасан. Тэгээд энэ нэрлэж заасан 7 үндэслэлийн алинд ч хамаарахгүй байна. Иймд илт хууль бус акт гэдэгт хамаарахгүй байгаа тул илт хууль бус акт байна гэж тогтоох боломжгүй байна. Учир нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.3-д зааснаар  бүртгэхээс татгалзахаар байна. Уг мэдэгдэлд бичсэнээр 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр н.Б давуу эрхийн хувьцаанаас татгалзсан тухай мэдэгдлийг хавсарга гэсэн татгалзсан мэдэгдэл байхгүй байгаа. Мөн компаний дүрмэнд хувьцаа эзэмшигчид бүгд гарын үсэг зурах ёстой. Энэ бол зүй ёсны шаардлага. Улсын бүртгэлийн байгууллага ирсэн материалуудыг шууд аваад бүртгээд байх ёстой гэж нэхэмжлэгч тал бодоод байх шиг байна. Уг материалыг шалгах, хянах ёстой. Хууль зөрчсөн бол татгалзах эрхтэй байгаа. Улсын бүртгэгч мэдэгдэлдээ зарим зөрчлүүдийг дурдаагүй орхисон байна. Компаний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигч нь компанийн болон бусад хувьцаа эзэмшигчийн худалдах хувьцаа, түүнийг худалдан авах эрхийн бичиг болон тэдгээрт хөрвөх үнэт цаасыг гуравдагч этгээдэд санал болгох үнээр өөрийн эзэмшлийн хувьцааныхаа тоонд хувь тэнцүүлэн энэ хууль болон компанийн дүрэмд заасны дагуу тэргүүн ээлжид худалдан авах эрхтэй. Гэтэл энэ процесс хийгдээгүй байна. Мөн хуулийн 5.5-д энэ хуулийн 5.4-т заасан мэдэгдэлд худалдах хувьцааны төрөл, тоо, худалдах үнэ, тэргүүн ээлжид худалдан авч болох хувьцааны тоо, худалдан авах хугацаа, журмыг тодорхойлсон байна. Гэтэл энэ тохиолдолд хувь тэнцүүлсэн зүйл байхгүй, дур мэдэн хувааж авсан байдаг. Мөн хувьцаа эзэмшигч биш хүн хүртэл хувьцаа худалдаж аваад хувьцаа эзэмшигч болсон байдаг. Ийм хууль зөрчсөн зүйл илэрхий харагдаж байна. Компаний тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.8-д энэ хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу буюу хувьцааг тэргүүн ээлжид худалдан авах хувьцаа эзэмшигч нь хувьцаа, бусад үнэт цаасыг тэргүүн ээлжид худалдан авах эрхээ хэрэгжүүлэх эсэх талаар заасан. Гэтэл нэхэмжлэгч компани нь худалдах тухай биш худалдаад авсан хойно хурал хийх тухай зар тараагаад ямар ч ач холбогдолгүй. Хариуцагч талын тайлбартаа хэлсэн 2 хоногийн дараа хурал зарласан гэдэг нь үнэн. Зар нь хүртэл тодорхой бус байсан. Хуульд зааснаар юуг хэлэлцэх талаар дурдсан байх ёстой. 01 дүгээр сарын 10-ны өдөр хувьцааг худалдаж аваад, 17-ны өдөр хурлаа товлож, 19-ний өдөр нь хурлаа хийсэн байдаг. Ийм зүйл байж болохгүй. Тэгэхээр дээр үндэслэлээр маргаан бүхий акт нь хууль бус гэдгийг тогтоох боломжгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болно гэж заасан. Үүнээс үзэхэд Захиргааны ерөнхий хуульд заасан илт хууль бус акт огт биш. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга Улсын ерөнхий бүртгэгч байх бөгөөд Улсын ерөнхий бүртгэгч нь улсын бүртгэгчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, түүний хууль зөрчсөн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох эрхтэй этгээд байхад хандсан зүйл харагдахгүй байна. Мөн бүртгүүлэх хүсэлтээ өгөхдөө итгэмжлэлгүйгээр бүртгүүлэхийг оролдсон асуудал ч байна. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т зааснаас өөр зүйл шаардахгүй гэж зүтгэж байгаа. Хэдийгээр өөр зүйл шаардаагүй зөвхөн хууль зөрчсөн гэдгээр нь татгалзаад байгаа. Тэгэхээр энийг ойлгож хүлээж авах байсан байх гэж бодож байна. Иймд бүртгэхээс татгалзсан нь үндэслэлтэй гэж үзээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

                                                               ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын бүртгэгч О.Шгийн 07 тоот хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан мэдэгдлийг илт хууль бус болохыг тогтоолгож, “Г” ХХК-ийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөн дүрэм болон хаягийн өөрчлөлтийг бүртгэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт даалгуулах” гэж тодорхойлжээ

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судалж, үнэлээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн газрын бүртгэгч О.Шгийн 07 тоот хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан мэдэгдлийг илтэд хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 “Г” ХХК нь нийт 7 хувьцаа эзэмшигчтэй компани бөгөөд тус компаний хувьцаа эзэмшигч Б.Г 23.6 хувийн, Н.Л 9.4 хувийн, Ж.Э 10.7 хувийн, Т.М 11.9 хувийн, М.Э 21.6 хувийн, Б.Б 21.8 хувийн хувьцааг тус тус эзэмшдэг байна. Хувьцаа эзэмшигч М.Э нь өөрийн эзэмшлийн 21.6 хувийн хувьцаа болох нийт 85 ширхэг хувьцааны 63 ширхэгийг нь худалдахаар бусад хувьцаа эзэмшигч нар болон компанид мэдэгджээ.  Энэхүү хувьцааг худалдаж авахаар 4-н хувьцаа эзэмшигч саналаа ирүүлсэн тул “хувьцаа шилжүүлэх  тухай” гэрээ байгуулжээ.  Компанийн  хувьцаа эзэмшигчид өөрчлөгдсөнтэй холбоотойгоор тус компаний төлөөлөн удирдах зөвлөлөөс хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 13:00 цагт хуралдуулахаар зарлан тогтоол гаргаж, зарыг болон хэлэлцэх асуудлыг утсаар мэдэгдэж, цахим шуудангаар хүргүүлсэн байна. Хувьцаа эзэмшигчтэй холбоотой өөрчлөлтийг бүртгүүлэхээр 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн газарт өргөдлөө хүргүүсэн боловч 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр бүртгэхээс татгалзсан 07 тоот мэдэгдлийг өгчээ.  

            Тус мэдэгдэлд “Тухайн компаний хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол болон худалдах, бэлэглэх, эрх шилжүүлэх гэрээнүүдэд хувьцаа эзэмшигчдийн эзэмшиж байгаа хувийг тусгах буюу эзэмшлийн тоо ширхэгийг зааж хийсэн тохиолдолд тийм үнийн дүнтэй тэдэн ширхэг хувьцааг бэлэглэж, худалдаж буйг тусгах. Хувьцаа эзэмшигч Б.Б нь давуу эрхийн хувьцаанаас татгалзсан тухай мэдэгдлийг хавсаргах, дүрэмд хувьцаа эзэмшигчид бүгд гарын үсгээ зурах” гэж заажээ. Хавтас хэрэгт авагдсан хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын зарыг “2017 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн 13 цагт хувьцаа эзэмшигчдийн хурал болохыг мэдэгдэж, хурлаар М.Э өөрийн эзэмшлийн хувьцаагаа шилжүүлсэнтэй холбоотой компаний дүрэмд өөрчлөлт оруулах, Компанийн хаягийн өөрчлөлтийг оруулах асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэжээ.  Үүнийг 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хувьцаа эзэмшигч Б.Бын 99****** дугаарын утсаар холбогдож мэдэгдсэн мөн [email protected] гэсэн и-мэйл хаяг руу явуулсан гэж тэмдэглэжээ.

           Тэгвэл “Г” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Б нь “би энэ компанийн 22 хувийн хувьцааг эзэмшдэг бөгөөд намайг 21.8 хувийн хувьцааг эзэмшдэг гэдэг нь үндэслэлгүй юм. Хувьцаа эзэмшигч Э******* нь өөрийн эзэмшлийн 21.6 хувийн  буюу 85 ширхэг хувьцаагаа худалдах саналаа компанид гаргаж компани нь бусад хувьцаа эзэмшигч нарт мэдэгдсэн гэж байгаа боловч би тухайн үед мэдээгүй, харин надаас бусад хувьцаа эзэмшигч нар болон огт хувьцаа эзэмшдэггүй хүн хүртэл худалдаж авсаны дараа 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн ээлжит бус хурал хийх тухайгаа миний хуучин ажлын и-мэйл хаягруу явуулсан нь надад огт хамааралгүй бөгөөд би хувьцаа худалдах талаар болон хувьцаа эзэмшигчдийн хурлын зар аль алийг нь хүлээж аваагүй болно” гэж шүүхэд тайлбар гаргажээ.

           Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг харахад Б.Б хувьцаа худалдан авах тухай мэдэгдэл гаргаагүй, 2017 оны 01 дүгээр сарын 2-ны өдрийн “Г” ХХК-ийн захирлын шийдвэрт “М.Эаас хувьцаагаа  худалдах тухай санал  ирүүлсэн тул бусад хувьцаа эзэмшигч нарт  утсаар болон бичгээр мэдэгдэж санал ирүүлсэн хувьцаа эзэмшигчийг бүртгэж авах”-ыг захиралын туслах Т.О*******д даалгасан боловч энэ талаар Б.Б******* мэдэгдсэн баримт байхгүй байна. 

          Мөн “Г” ХХК-ийн 2012 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор батлагдсан дүрмийн 3 дугаар зүйлийн 3.11-т “хувьцаагаа худалдахаар санал болгож байгаа хувьцаа эзэмшигч нь уг саналаа компанид мэдэгдэх бөгөөд энэ тухай компани нь бусад хувьцаа эзэмшигчид бичгээр мэдэгдэнэ” гэж заажээ. Компаний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь заалтаар  хувьцаа эзэмшигч Б.Б нь  компанийн болон бусад хувьцаа эзэмшигчийн худалдах хувьцаа, түүнийг худалдан авах, компанийн дүрэмд заасны дагуу тэргүүн ээлжид худалдан авах эрхтэй бөгөөд хувьцаагаа худалдахаар санал болгож байгаа хувьцаа эзэмшигч нь уг саналаа компанид мэдэгдэх бөгөөд энэ тухай компани нь бусад хувьцаа эзэмшигчид бичгээр мэдэгдэх гэсэн үүргээ биелүүлээгүй байна.

           Мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт зааснаар хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол хувьцаа эзэмшигчдийн хурлыг  шийдвэр гарснаас хойш 40-өөс доошгүй хоногийн дараа хуралдуулах заалтыг зөрчжээ.

         Иймд  улсын бүртгэгчийн  хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан  2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 07 дугаар мэдэгдэл хуулийн үндэслэлтэй бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.3-д зааснаар нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах эрхтэй байна.

         “Г” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн  хувьцаа эзэмшигчдийн хурлын 01 дүгээр тогтоолын 1-4 дэхь заалт нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-т заасан “үүсгэн байгуулах баримт бичиг энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаагүй” гэсэн бүртгэхээс татгалзах үндэслэл байна гэж дүгнэлээ.

         Нэгэнт “Г” ХХК-ийн хувьцаа эзэмшигч 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн компаний хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хууль бус гэж маргаж байгаа тул  энэ үүссэн маргаанаа шийдвэрлэсний дараа Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2- дахь хэсэгт зааснаар бүртгэлийн байгууллагад дахин бүртгүүлэх мэдүүлэг гаргах эрхтэй байна. 

          2. “Г” ХХК-ийн хаягийн өөрчлөлтийг бүртгэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд: “Г” ХХК нь Улаанбаатар хот Б дүүргийн ** дугаар хороо Сгийн тойрог “Э” төв ***--*** тоот гэсэн хаяг дээр оршиж үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд  хувьцаа эзэмшигчдийн хурлын 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 01 дүгээр тогтоолын 5 дахь заалтаар Компаний хаягийг Монгол Улс Улаанбаатар хот Б дүүрэг ** дугаар хороо Үйлдвэрийн баруун бүс Нийн гудамж **-* тоот гэж өөрчилжээ.

          “Г” ХХК-ийн дүрмийн  3 дугаар зүйлийн 3.4-д “ компани нь Монгол улсын хууль тогтоомжийн дагуу шаардлагатай  мэдээ, мэдээллийг тухай бүр эрх бүхий байгууллагуудад гаргаж өгөх” үүрэгтэй байх бөгөөд энэ дагуу хаягийн өөрчлөлтийг бүртгүүлж, мэдээллэх үүрэгтэй байна.

 Компанийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-д “Компанийн оршин байгаа газар, шуудангийн хаягийг түүний ерөнхий захиргаа байршин байгаа газраар тодорхойлно”, 10.5-д “Компанийн хаягийн өөрчлөлтийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу бүртгэх байгууллагад бүртгүүлнэ” гэж заасныг зөрчөөгүй байна. 

Мөн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1-д “улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу”, 19.1.2-т “үүсгэн байгуулах баримт бичиг энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаагүй”, 19.1.3-д “өргөдөл гаргагч хууль тогтоомжид заасан баримт бичгийг хуурамчаар бүрдүүлснийг эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоосон” бүртгэхээс татгалзах үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж, “Г” ХХК-ийн хаягийн өөрчлөлтийг бүртгэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.13-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.3, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2, 19.3-д тус тус заасныг баримтлан “Г” ХХК-ийн нэхэмжлэлээр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт холбогдуулан гаргаснаар “Г” ХХК-ийн хаягийн өөрчлөлтийг бүртгэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт даалгаж, улсын бүртгэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн “хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан 07 дугаар мэдэгдлийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг  50 хувь болох 35100 төгрөгийг хариуцагчаас гаргуулан  нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.ЧАНЦАЛНЯМ