Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 00555

 

            Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, шүүгч П.Болор, Л.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

           Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, Ундарга 16 айлын орон сууцны 3 тоотод оршин суух, 1969 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЖ69052456, Монголмууд овогтой Дашийн Цэндсүрэнгийн нэхэмжлэлтэй,

         Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр баг, 10-029 тоотод оршин суух, 1988 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ88091430, Найман овогтой Сайнбилэгийн Анхбаяр,

        Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр баг, 12-040 тоотод оршин суух, 1986 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ86060212, Борлууд овогтой Батаагийн Батбаяр,

          Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар баг, 6 айлын орон сууцны 5 тоотод оршин суух, 1984 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ84102210, Тайж овогтой Цэдэн-Ишийн Гантөмөр нарт холбогдох,

          Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан арга хэрэгслээр няцаалт хийхийг хариуцагч нарт даалгах тухай нэхэмжлэлийг 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2016 оны 4 дугаар сарын 14-нийөдөр иргэний хэрэг үүсгэн, хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Алтанбадралт /цахимаар/, хариуцагч С.Анхбаяр, Ц.Гантөмөр, иргэдийн төлөөлөгч Т.Байгалмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сувд-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч Д.Цэндсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 142 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаар нэхэмжлэгч Д.Цэндсүрэн миний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, харин олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр уучлалт гуйлгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагч С.Анхбаяр, Б.Батбаяр, Ц.Гантөмөр нарын түгээсэн мэдээ, мэдээлэл нь бодит байдалд үл нийцэж, олон нийтийг төөрөгдүүлсэн байх ба Д.Цэндсүрэн, манай дарга ар гэх мэтчилэн тодорхой иргэн, албан тушаалтанд хандсан байгаа нь нэхэмжлэгч Д.Цэндсүрэнгийн нэр төр, алдар хүнд болон ажил хэргийн нэр хүндэд халдсан үйлдэл болсон гэж үзэх үндэслэлтэй байна... гэжээ. Энэхүү шүүхийн шийдвэрийг хариуцагч нар гардан авсан атлаа давж заалдах журмаар гомдол гаргаагүй. Харин нэхэмжлэгч Д.Цэндсүрэн дээрх шүүхийн шийдвэрт давж заалдах журмаар гомдол гаргасан боловч энэхүү гомдлоосоо Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө татгалзсан. Ингэснээр Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 142 дугаар шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлд заасан үндэслэл, журмын дагуу хуулийн хүчин төгөлдөр болжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, 120 дугаар зүйлийн 120.4-т зааснаас үзэхэд хариуцагч С.Анхбаяр, Б.Батбаяр, Ц.Гантөмөр нар нь дээрх шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримттай маргах эрхгүйн дээр түнийг дахин нотлохгүй. Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч Д.Цэндсүрэн миний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээсэн хэдий ч хариуцагч С.Анхбаяр, Б.Батбаяр, Ц.Гантөмөр нар нь нэхэмжлэгч миний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан үйлдэлдээ иргэний эрх зүйн хариуцлага хүлээхгүй үлдсэн. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1-т зааснаас үзэхэд бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээдийн хүлээх иргэний эрх зүйн хариуцлага нь уг мэдээг тараасан хэрэгслээр няцаалт хийх юм. Иргэний эрх зүйн харилцааны оролцогч этгээд нь өөрийн хэлсэн үг, хийсэн үйлдлийнхээ хууль зүйн үр дагаварыг ухамсарлах ёстой. Иймээс хариуцагч С.Анхбаяр, Б.Батбаяр, Ц.Гантөмөр нараар нэхэмжлэгч Д.Цэндсүрэн миний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, бодит байдалд үл нийцэх мэдээ тараасан арга хэрэгслээрээ няцаалт хийхийг даалгуулахыг хүсч энэхүү нэхэмжлэлийг гаргалаа. ... Иймд нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгөхийг шүүхээс хүсье гэжээ.

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Алтанбадралт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 142 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Д.Цэндсүрэнгийн миний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, харин олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр уучлалт гуйлгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Одоо гаргаж байгаа нэхэмжлэлийн шаадлага бол өөр, тараасан арга хэрэгслээр няцаалт хийхийг даалгах тухай юм. Шүүхийн шийдвэрийг хариуцагч нар гардан авсан атлаа давж заалдах журмаар гомдол гаргаагүй байгаа нь шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаа үндэслэл юм. Ингэснээр Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 142 дугаар шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлд заасан үндэслэл, журмын дагуу хуулийн хүчин төгөлдөр болсон байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, 120 дугаар зүйлийн 120.4-т зааснаас үзэхэд хариуцагч С.Анхбаяр, Б.Батбаяр, Ц.Гантөмөр нар нь дээрх шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримттай маргах эрхгүйн дээр түнийг дахин нотлохгүй. Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч Д.Цэндсүрэнгийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээсэн тул Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1-т зааснаар тухайн тараасан арга хэрэгслээрээ няцаалт хийхийг хариуцагч нарт даалгаж өгнө үү гэжээ.

          Хариуцагч Ц.Гантөмөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Цэндсүрэнгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Түүнээс уучлалт гуйхгүй. Түрүүний шүүх хуралдаанаар уучлалт гуйлгах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байгаа. Би сумын иргэдийн төлөөлөгчийн хувьд асуулга тавьсан. Миний бие Д.Цэндсүрэнгийн нэр төрд халдаж гутаан доромжилсон зүйл байхгүй. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үүгэжээ.

            Хариуцагч С.Анхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Д.Цэндсүрэн гэж хүний нэрийг огт бичээгүй. Д.Цэндсүрэнгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

           Иргэдийн төлөөлөгч Т.Байгалмаа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Ц.Гантөмөр, С.Анхбаяр, Б.Батбаяр нар нь иргэн хүний хувьд өөрийн нүүр хуудсандаа өөрийн санаа бодлоо илэрхийлсэн гэж дүгнэж байна. Аймгийн Засаг дарга хүн буруу үйлдэл хийж байхад таслан зогсоох ёстойг л хэлсэн. Иймд энэ хүмүүс буруугүй гэж дүгнэж байна гэжээ.

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч Д.Цэндсүрэн нь хариуцагч Ц.Гантөмөр, С.Анхбаяр, Б.Батбаяр нарт холбогдуулан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаахыгхариуцагч нарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

        Хариуцагч С.Анхбаяр, Ц.Гантөмөр нарын өөрсдийн цахим мэдээллийн хэрэгсэл болох Facebook хаягаараа дамжуулан олон нийтэд түгээсэн мэдээ, мэдээлэл нь Иргэн Д.Цэндсүрэнгийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан хэмээн, харин хариуцагч нар нь Өөрсдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хардах эрхийнхээ хүрээнд, уг асуудалд аймгийн удирдлагуудын анхаарал хандуулах зорилгоор дээрх мэдээ, мэдээллийг өөрийн цахим хуудасаар дамжуулан түгээсэн тул Д.Цэндсүрэнгийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан зүйл байхгүй, бидэнд түүнээс уучлал хүсэх шаардлага байхгүй хэмээн маргаж байна.

             Гэтэл Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ гэж заажээ.

           Өөрөөр хэлбэл, хариуцагч Ц.Гантөмөр, С.Анхбаяр, Б.Батбаяр нар нь иргэн Д.Цэндсүрэнгийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан болох нь Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 142 тоот шийдвэрээр тогтоогдсон ба энэхүү шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлд заасан үндэслэл, журмын дагуу хуулийн хүчин төгөлдөр болжээ.

           Мөн хариуцагч Б.Батбаяр нь нэхэмжлэлийн хувийг гардаж авсан боловч хариу тайлбараа хуулийн хугацаанд шүүхэд ирүүлээгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж заасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцсон бөгөөд хариуцагчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч ирээгүй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан саналыг хүлээн авч, мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч Б.Батбаярын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

           Иймд Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Цэндсүрэнгийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаахыг хариуцагч С.Анхбаяр, Б.Батбаяр, Ц.Гантөмөр нарт даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Анхбаяр, Б.Батбаяр, Ц.Гантөмөр нараас 70.200 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч Д.Цэндсүрэнд олгох нь зүйтэй.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

             1. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1-т зааснаар хариуцагч Ц.Гантөмөр, С.Анхбаяр, Б.Батбаяр нарт нэхэмжлэгч Д.Цэндсүрэнгийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаахыг даалгасугай.

        2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Цэндсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчС.Анхбаяр, Б.Батбаяр, Ц.Гантөмөр нараас 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч Д.Цэндсүрэнд олгосугай.

               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увсаймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Н.ГЭРЭЛТУЯА

        ШҮҮГЧИД                     П.БОЛОР

                                                            Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ