| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2016/02024/и |
| Дугаар | 5032 |
| Огноо | 2016-09-05 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 5032
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбит 61 гудамжны 10 тоотод оршин суух, эмэгтэй, регистрийн дугаар НИ 58120408, Мазаалай овогт Рагчаагийн Эрдэнэгэрэл
Нэхэмжлэгч:Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбит 61 гудамжны 10 тоотод оршин суух, эмэгтэй, регистрийн дугаар НИ 79121303, Бэсүд овогт Ганболдын Баярмаа
Нэхэмжлэгч:Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 15-р хороолол 186-Г байрны 3 тоотод оршин суух, эмэгтэй, регистрийн дугаар НИ83120706, Бэсүд овогт Ганболдын Болормаа
Нэхэмжлэгч:Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбит 61 гудамжны 10 тоотод оршин суух, эрэгтэй, регистрийн дугаар НИ 85082717, Бэсүд овогт Ганболдын Энхбаатар
Нэхэмжлэгч:Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбит 61 гудамжны 10 тоотод оршин суух, эмэгтэй, регистрийн дугаар НИ 88062001, Бэсүд овогт Ганболдын Байгальмаа
Нэхэмжлэгч:Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбит 61 гудамжны 10 тоотод оршин суух, эмэгтэй, регистрийн дугаар НИ 795120521, Бэсүд овогт Ганболдын Отгонзул нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч:Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол 42 дугаар байрны 139 тоотод оршин суух, эрэгтэй, регистрийн дугаар ХЙ 84031919, Бэдэръяа овогт Ганчимэгийн Билэгсайханд холбогдох
Газар болон Орон сууц худалдах, худалдан авах гэрээг цуцалж, Ү-2201023379, Г-2201005828 Улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлагч нарын нэр дээр бүртгүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Очбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон тэдний төлөөлөгч Л.Очбаяр шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Р.Эрдэнэгэрэлийн нөхөр болон Баярмаа, Болормаа, Энхбаатар, Байгальмаа, Отгонзул нарын эцэг Д.Ганболд 2010 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Г.Билэгсайхантай газар болон орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 25 000 000 төгрөгөөр газар болон орон сууцаа зарахаар болсон бөгөөд Д.Ганболд нь 2014 онд нас барсан байна.Ингээд Р.Эрдэнэгэрэл дээрх нөхрийнхөө Г.Билэгсайхантай байгуулсан гэрээний үүргийг байнга шаардаж Д.Ганболдоос мөнгөө нэхсэн боловч өгөхгүй байгаа тул шүүхэд хандсан байгаа.Иймд Д.Ганболдын Г.Билэгсайхантай 2010 оны 10 дугаар сарын 1-ний өдөр байгуулсан газар болон орон сууц худалдах, худалдан авах гэрээг цуцалж, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 128 дугаар гудамжны 47 тоотод байрлах газар болон орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч нарын нэр дээр бүртгүүлэхийг Г.Билэгсайханд даалгаж өгнө үү, Нэхэмжлэгч нар Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 128 дугаар гудамжны 47 тоотод амьдарч байгаа бөгөөд хариуцагчийн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр зөвшөөрсөн тайлбарыг анх шүүхэд өгсөн боловч сүүлийн тайлбартаа талуудын хооронд 1 150 000 төгрөгийн өр авлагатай гэж бичсэн байгааг зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Хариуцагч Г.Билэгсайханы итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунзул шүүхэд гаргасан тайлбартаа:Д.Ганболд болон Г.Билэгсайхан нар нь 2010 оны 10 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 128 дугаар гудамжны 47 тоот хаягт байрлах газар болон үл хөдлөх хөрөнгийг нийт 25 000 000 төгрөгөөр худалдан борлуулахаар харилцан тохиролцож гэрээ байгуулж байсан.Тухайн үед гэрээг нотариатаар батлуулсан төдий бөгөөд гэрээний зүйл болох хашаа, байшин болон 7 500 000 төгрөгийг өгч, авалцсан зүйл байхгүй.Ийнхүү гэрээг цуцлахад татгалзах зүйлгүй бөгөөд хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг бухалд нь хүлээн зөвшөөрч байна.Нэхэмжлэгч хариуцагч нар нь хоорондоо 1 150 000 төгрөгийн өр авлагатай. Нэхэмжлэгч нар манай шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрвөл үлдсэн 1 150 000 төгрөгийг шүүхийн шийдвэр гарахаас өмнө төлж барагдуулъя гэсэн.Мөнгөн дүн бага учраас нэхэмжлэгч нарт итгэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч тайлбар өгсөн.Гэтэл нэхэмжлэгч нар хариуцагчид удаа дараа худлаа хэлж, үлдэгдэл төлбөрөө төлж барагдуулаагүй учир гэрээг цуцалж, өмчлөх эрхийг шилжүүлэхгүй.Харин дээрх төлбөрийг бүрэн төлж барагдуулж эсхүл төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч энэ тухай шүүхийн шийдвэрт тусгасан тохиолдолд гэрээг цуцалж, өмчлөх эрхийг шилжүүлнэ гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Р.Эрдэнэгэрэл, Г.Баярмаа, Г.Болормаа, Г.Энхбаатар, Г.Байгальмаа, Г.Отгонзул нар хариуцагч Г.Билэгсайханд холбогдуулан Д.Ганболдын Г.Билэгсайхантай 2010 оны 10 дугаар сарын 1-ний өдөр байгуулсан газар болон орон сууц худалдах, худалдан авах гэрээг цуцалж, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 128 дугаар гудамжны 47 тоотод байрлах газар болон орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч нарын нэр дээр бүртгүүлэхийг Г.Билэгсайханд даалгаж өгөх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Д.Ганболд нь Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 128 дугаар гудамжны 47 тоотод байрлах газар болон орон сууцыг Г.Билэгсайханд 25 000 000 төгрөгөөр худалдахаар хэлцэл хийж, 2010 оны 10 дугаар сарын 1-ний өдөр орон сууц болон газар худалдах, худалдан авах гэрээг байгуулсан байна.
Дээрх гэрээний худалдагч тал болох Д.Ганболд нь 2014 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр нас барсан байх бөгөөд энэхүү гэрээний дагуу Д.Ганболд нь Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 128 дугаар гудамжны 47 тоотод байршилтай орон сууц болон газраа Г.Билэгсайханд шилжүүлж өгөөгүй, худалдан авагч Г.Билэгсайхан ч 25 000 000 төгрөгийг нөгөө талдаа шилжүүлээгүй болох нь талуудын тайлбараар нотлогдож байна.
Өөрөөр хэлбэл Д.Ганболд, Г.Билэгсайхан нарын хооронд орон сууц болон газар худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн боловч уг хэлцэл бодитоор хэрэгжээгүй буюу энэхүү хэлцлийн дагуу үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшил Г.Билэгсайханд шилжээгүй болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байна.
Дээрх хэлцлийг хийхээс өмнө Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 128 дугаар гудамжны 47 тоотод байршилтай гэр бүлийн хэрэгцээний газар болон хувийн орон сууцны өмчлөгчөөр Д.Ганболд, Р.Эрдэнэгэрэл, Г.Энхбаатар, Г.Байгальмаа, Г.Отгонзул нар бүртгэлтэй байсан болох нь Сонгинохайхан дүүргийн улсын бүртгэл, статистикийн хэлтсийн 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 633 дугаартай баримтаар нотлогдож байна.
Нэхэмжлэгч Р.Эрдэнэгэрэл нь талийгч Д.Ганболдтой 1983 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр гэр бүл болсныг 1984 оны 3 дугаар сарын 15-ны өдөр бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн ПА-04 тоот гэрчилгээгээр нотлогдож байх бөгөөд тэдний дундаас Г.Баярмаа, Г.Болормаа, Г.Энхбаатар, Г.Байгальмаа, Г.Отгонзул нар төрсөн болох нь тэдний төрсний Г-76, Г-117, Г-68, Г-114 тоот гэрчилгээнүүд болон тэдний иргэний үнэмлэхний хуулбараар нотлогдож байна.
Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1-т зааснаар “Өвлүүлэгч нас барсан өдрөөс ... өв нээгдэнэ” гэж заасны дагуу 2014 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр өв нээгдсэн гэж үзэх үндэстэй байна.
Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т зааснаар нэхэмжлэгч нар буюу талийгч Д.Ганболдын эхнэр Р.Эрдэнэгэрэл болон тэдний хүүхдүүд болох Г.Баярмаа, Г.Болормаа, Г.Энхбаатар, Г.Байгальмаа, Г.Отгонзул нар нь хууль ёсны өвлөгч байх ба Д.Ганболдын хөрөнгийг адил хэмжээгээр өвлөх эрхтэй өвлөгчид байх бөгөөд тэд дээрх үл хөдлөх хөрөнгийг эзэмшиж байна.
Иргэний хуулийн 527 дугаар зүйлийн 527.1-т “Өвлөгдөх эд хөрөнгийг өвлөгч хүлээн авснаар өв залгамжлалыг гүйцэтгэсэнд тооцно”, 527.3-т “Өвлөгчийн хүлээн авсан эд хөрөнгийг, өв нээгдсэн өдрөөс өвлөгчид шилжсэн гэж үзнэ” гэж заасан ба дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг нэхэмжлэгч нар эзэмшиж байгаа болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч нар үл хөдлөх хөрөнгийн талаар шаардах эрхтэй байна.
Хариуцагч тал эхний удаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тухайгаа шүүхэд тайлбарлаж байсан боловч дараагийн тайлбартаа Д.Ганболд Г.Билэгсайхан нарын хооронд 1 150 000 төгрөгийн өр авлага байгаа, энэ мөнгийг нэхэмжлэгч нар төлөх буюу зөвшөөрвөл тэдний нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрнө гэсэн агуулагатай тайлбар өгсөн байх бөгөөд энэхүү тайлбарт бичсэн 1 150 000 төгрөгийн үндэслэлийн тодорхой тайлбараагүй бөгөөд сөрөг шаардлага гаргаагүй байна.
Нөгөө талаар Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байх бөгөөд Д.Ганболд, Г.Билэгсайхан нарын хооронд хийгдсэн газар болон орон сууц худалдах, худалдан авах хэлцлээр нэг талд хөрөнгө шилжээгүй, нөгөө тал тохирсон үнийг төлөөгүй байгааг хариуцагч тал маргахгүй байна.
Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3-т “Гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно” гэж заасан боловч нэхэмжлэгч нар нь мөн хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1, 226.1.3-т зааснаар үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох буюу урьдчилан сануулах шаардлагагүй гэж үзэж байгаа бөгөөд талуудын хооронд энэхүү гэрээнээс өмнө гүйцэтгэсэн үүрэг байхгүй тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлд заасан журам хамаарахгүй байна.
Иргэний хуулийн 225 дугаар зүйийн 225.2-т ”Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ” гэж заасан байна.
Мөн Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.3-т “үүргийн гүйцэтгэл нь гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгчид хамааралтай тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан” бол үүрэг дуусгавар болохоор заасан байна.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Д.Ганболд Г.Билэгсайхан нарын хооронд 2010 оны 10 дугаар сарын 1-ний өдөр хийсэн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 128 дугаар гудамжны 47 тоот хаягт байрлах газар болон орон сууцыг худалдах, худалдан авах гэрээг цуцалж, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 128 дугаар гудамжны 47 тоотод байрлах газар болон орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч Р.Эрдэнэгэрэл, Г.Баярмаа, Г.Болормаа, Г.Энхбаатар, Г.Байгальмаа, Г.Отгонзул нарын нэр дээр бүртгүүлэхийг хариуцагч Г.Билэгсайханд даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунзул шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул нэхэмжлэгч нарын төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг хариуцагчийн төлөөөгчийн эзгүйд шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1.1, 226.1.3, 227 дугаар зүйлийн 227.4-т зааснаар Д.Ганболд Г.Билэгсайхан нарын хооронд 2010 оны 10 дугаар сарын 1-ний өдөр хийсэн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 128 дугаар гудамжны 47 тоот хаягт байрлах газар болон орон сууцыг худалдах, худалдан авах гэрээг цуцалж, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 128 дугаар гудамжны 47 тоотод байрлах газар болон орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч Р.Эрдэнэгэрэл, Г.Баярмаа, Г.Болормаа, Г.Энхбаатар, Г.Байгальмаа, Г.Отгонзул нарын нэр дээр бүртгүүлэхийг хариуцагч Г.Билэгсайханд даалгасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245 500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Билэгсайханаас 245 500 /хоёр зуун дөчин таван мянга таван зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН