Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2024/00563

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 03 22 210/МА2024/00563

 

 

Э.Г-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2024/00401 дугаар шийдвэртэй,

Э.Г-ийн нэхэмжлэлтэй, Ч ХХК-д холбогдох

Цалин хөлс 375,965,716 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Би Ч банк-тай 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр контрактын гэрээ байгуулж, уг гэрээгээр Ч банк ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 5 жилийн хугацаанд нэг сарын 12,000,000 төгрөгийн цалин хөлстэй ажиллахаар тохиролцсон. Ажил олгогч нь гэрээний 6.1.1-д заасны дагуу олгох цалин хөлсийг контрактад заасан хэмжээгээр цаг хугацаанд олгох үндсэн үүрэг хүлээсэн. Түүнчлэн, хуульд зааснаар ээлжийн амралтын цалинг тооцуулж авахаас гадна банк Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажилтанд өдрийн хоолны мөнгийг олгодог. Хариуцагчаас 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх цалин хөлс, ээлжийн амралтын цалин болон хоолны мөнгө нийт 375,965,716.05 төгрөгийг олгоогүй зөрчлийг гаргасан.

1.2. Миний бие ажил олгогчид 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч биелүүлээгүй. Манай компани нь дотоод асуудлыг шийдвэрлэх маргаан таслах комиссгүй тул дээрх эрхийн зөрчлийг шийдвэрлүүлэхээр Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд өргөдөл гаргахад 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 14 дугаар шийдвэрээр гомдол гаргагч гурван талт хороонд гомдлоо гаргасан нь хууль тогтоомж зөрчөөгүй, талууд харилцан тохиролцож эвлэрэх боломжгүй тул урьдчилан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгож, дараагийн шатны арга хэмжээ авах эрх нь нээлттэй болно гэж шийдвэрлэсэн.

1.3. Монгол банкны шийдвэрээр гүйцэтгэх захиралд цалин хөлс олгохыг хязгаарласан тул олгох боломжгүй гэсэн хариу өгсөн. Ажил олгогчийн зүгээс банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг сайжруулах, банкны үйл ажиллагааг хэвийн болгох ажлыг гүйцэтгэж байгаа учраас удахгүй цалин хөлсийг олгож эхэлнэ гэж хэлсэн. Гэтэл цалин хөлс авах, ээлжийн амралты хөлсөө авахгүйгээр 2021 оны 3 дугаар сараас хойш ажиллаж байна.

1.4. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажил олгогчийн үндсэн үүрэг нь ажилтны цалин хөлсийг олгох ёстой. Ажилтан нь хэдийгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т заасны дагуу цалин хөлсийг 30 хоногийн хугацаанд олгоогүй нөхцөлд ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзах эрхтэй боловч нэхэмжлэгч талын гүйцэтгэж байгаа ажил нь компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, хариуцлагатай ажил тул ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзах боломжгүй. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлд ажил олгогч нь ажил үүрэг гүйцэтгэхийг түдгэлзүүлэх тухай зохицуулсан. Харин Монгол банкны ерөнхийлөгчийн тушаал, шийдвэр нь энэхүү үндэслэлд үл хамаарах тул ажилтны цалин хөлс авах, ээлжийн амралтын олговор авах эрхийг хязгаарлах үндэслэлгүй. Түүнчлэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ гэж заасан тул үндсэн цалин болон ээлжийн амралтын цалин нь тус тус цалин хөлс гэсэн ойлголтод багтах юм.

1.5. Үндсэн цалин болон ээлжийн амралтын цалинг тооцоход 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл үндсэн цалин 394,170,285.54 төгрөг, ээлжийн амралтын цалин 37,518,215 төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар, эрүүл мэндийн даатгалын шимтгэл зэргийг хасаад нийт 369,469,716.05 төгрөгийн цалин хөлс болсон.

Иймд хариуцагчаас цалин хөлс болох 369,469,716.05 төгрөг, хоолны мөнгө болох 6,496,000 төгрөг, нийт 375,965,716.05 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Манай компаниас Э.Г-той 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр контракт буюу онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг байгуулж, Ч банк ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 20/07 дугаартай тогтоолоор томилсон. Тогтоолын хавсралт болон Хөдөлмөрийн гэрээний 2.6-д заасны дагуу сар бүр 12,000,000 төгрөгийн үндсэн цалин, мөн Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ээлжийн амралтын цалин, хоолны мөнгийг олгохоор тохиролцсон. Нэхэмжлэгч нь гүйцэтгэх захирлын ажил үүргийг гэрээнд заасны дагуу гүйцэтгэж байх тул компанийн зүгээс нэхэмжлэлд дурдсан үйл баримт, шаардаж буй үндсэн цалин, ээлжийн амралтын цалин, хоолны мөнгө буюу нийт 375,965,716.05 төгрөгийг олгоход татгалзах зүйлгүй.

2.2. Монголбанкны ерөнхийлөгчийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 000 дугаартай, Чингис хаан банкны үйл ажиллагаанд зарим хязгаарлалт тогтоох тухай тушаалын 7-д гүйцэтгэх удирдлага, түүний орлогч, ерөнхий захирал, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүдэд цалин, урамшуулал, бусад нэмэгдэл, хандив, тусламж олгохыг хориглохыг Ч банк ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Ч, гүйцэтгэх захирал Э.Г нарт үүрэг болгож даалгасан. Энэхүү тушаалын үндэслэх хэсэгт Монголбанкны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2, 28.1.2 дахь заалтыг үндэслэн Банкны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.6-д Банкны удирдах албан тушаалтны урамшууллын тогтолцоо нь банкны өөрийн хөрөнгийн хангалттай байх түвшинд сөргөөр нөлөөлнө гэж Монголбанк дүгнэсэн бол цалин, урамшууллыг хязгаарлах гэж заасны дагуу арга хэмжээ авсан.

Дээрх тушаалын дагуу 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны үндсэн цалин, ээлжийн амралтын цалин, хоолны мөнгийг олгох боломжгүй нөхцөл үүссэн. Улмаар Монголбанкны ерөнхийлөгчийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр А-228 дугаартай тушаалаар дээрх 000 дугаартай тушаалын 7-д заасан хэсгийн гүйцэтгэх захирлын үндсэн цалинг тус банкны нийт ажилтны үндсэн цалингийн дундаж хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр тогтоох гэж өөрчлөлт оруулсан. Уг тушаалд өөрчлөлт оруулсны дагуу үндсэн цалинг олгохоор болсон ч Монгол банкны хяналт шалгалтын ажилтан нь тушаал гарсан өдрөөс хойш үндсэн цалинг дээрх өөрчлөлтийн дагуу олгох ёстой гэж тайлбарласан гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 104 дүгээр зүйлийн 104.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Г-ийн хариуцагч Ч ХХК-д холбогдуулан гаргасан цалин хөлс 375,965,716 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Э.Г-ийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-д зааснаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын тэмдэгтийн хураамжийн 100200600941 тоот данснаас 2024.01.02-ны өдөр төлсөн 2,037,800 төгрөгийг буцаан гаргуулж Э.Г-т олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1.Шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийг үндэслээгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлд ажил үүрэг гүйцэтгэхийг түдгэлзүүлж, цалин хөлс олгохыг зогсоох тухай зохицуулсан. Гэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу албан үүргээ гүйцэтгэхийг тодорхой хугацаагаар түдгэлзүүлэх тохиолдолд цалин хөлс олгохыг зогсоох бөгөөд бусад нөхцөлд ажилтны хөдөлмөрийн хөлсийг олгохыг зогсоох үндэслэл байхгүй. Мөн Үндсэн хуульд цалин хөлс авах, амрах эрхтэй гэж үндсэн эрхийг тодорхойлсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15 дахь хэсэгт Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа гэж ажилтан нь ажил олгогчийн удирдлага, заавар, хяналтын доор тодорхой ажил үүргийг энэ хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд ажил олгогчийн заасан ажлын байранд биечлэн гүйцэтгэх, ажил олгогч нь ажилтанд цалин хөлс олгох, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлөөр хангах талаар харилцан эрх эдэлж, үүрэг хүлээхээр тохиролцсоноор үүссэн харилцааг хэлнэ гэж заасан. Мөн хуулийн 5.1-д Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд оролцогч нь цалин хөлс авах, амрах суурь зарчмыг баримталж үндсэн эрхийг эдэлнэ гэж, мөн хуулийн 42.1 дүгээр зүйлийн 42.1.3-т Гүйцэтгэсэн ажил үүрэгтээ тохирсон цалин хөлс авах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч нь ажил үүргээ гүйцэтгэснийхээ хариу төлбөрт цалин хөлс, ээлжийн амралтын цалин хөлс болон хоолны мөнгөө авах үндсэн эрхтэй.

Нөгөө талаас ажил олгогч Ч банк ХХК нь компанийн дүрмийн сан, өөрийн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлж, Монголбанкнаас үүрэг болгосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангах үүргийг хүлээнэ. Харин нэхэмжлэгч нь компанийн өөрийн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх үүргийг хүлээхгүй. Гэтэл хариуцагч нь өөрийн хүлээх үүргийг гүйцэтгэх захиралд оногдуулж, 3 жилийн хугацааны цалин хөлс, ээлжийн амралтын цалин хөлс, хоолны төлбөрийг олгохгүй татгалзаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Монголбанкны өмнө хүлээсэн үүрэг хариуцлагыг нэхэмжлэгч хүлээх нь хуульд заасан эрхийг зөрчсөн. Шүүх энэ асуудлыг шийдвэрлэхээс зайлсхийж актын маргаанаа шийдвэрлүүлсний дараа тус асуудлыг шийдвэрлэх байдлаар дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй. Түүнчлэн, Монголбанкны ерөнхийлөгчийн 000, А-228 тоот тушаалаар ээлжийн амралтын цалин хөлс болон хоолны мөнгө олгохыг хязгаарлаагүй. Нэхэмжлэгчийн хувьд Монголбанкны Ерөнхийлөгчийн 000, А-228 дугаартай тушаал буюу захиргааны актууд нь хуульд нийцсэн эсэхийг хянуулах шаардлага гаргаагүй. Харин хариуцагч нь нэхэмжлэгчид үндсэн цалин, ээлжийн амралтын цалин хөлс, мөн хоолны мөнгийг олгохгүй байгаа үйлдэл нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэж байгаа эсэхийг хянуулах, зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо сэргээлгэх зорилготой байсан.

4.2. Монголбанкны Ерөнхийлөгчийн 000 дугаартай тушаалд 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр А-228 дугаартай тушаалаар өөрчлөлт оруулсан. Тус тушаалын 1 дэх хэсэгт Монголбанкны Ерөнхийлөгчийн 2021 оны 03 сарын 01-ний өдрийн 000 дугаартай тушаалын нэгдүгээр зүйлийн 7-д хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай гэж, 7 дахь хэсэгт энэ хэсгийн 7.1-д заасны дагуу тогтоосноос бусад гүйцэтгэх захирал болон гүйцэтгэх захирлын орлогч, ерөнхий захирал, ТУЗ-ын дарга, гишүүдэд цалин, урамшуулал, бусад нэмэгдэл, хандив, тусламж олгохыг хориглох, 7.1-д гүйцэтгэх захирлын үндсэн цалинг тус банкны нийт ажилтны үндсэн цалингийн дундаж хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр тогтоох гэж өөрчлөлт оруулсан. Гэтэл шүүхээс дээрх нөхцөлүүдийг харгалзахгүйгээр хариуцагчаас цалин хөлсийг олгоогүйг буруутгах үндэслэлгүй гэж дүгнэсэн нь буруу байна. Нэхэмжлэгч нь эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд 2021 оны 03 сарын 01-ний өдрөөс хойш үндсэн цалин, ээлжийн амралтын цалин хөлс, хоолны мөнгөө аваагүй.

Иймд нэхэмжлэгч цалин хөлс авахгүйгээр одоо хүртэл гүйцэтгэх захирлын албан тушаалыг зохих ёсоор гүйцэтгэж байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч тайлбар гаргаагүй болно.

 

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Э.Г нь хариуцагч Ч ХХК-д холбогдуулан цалин хөлс болон хоолны мөнгө 375,965,716 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Ч банк ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 20/07 дугаартай тогтоолоор Э.Г-ийг тус банкны гүйцэтгэх захирлаар томилж, уг тогтоолын 1-р хавсралтаар сарын үндсэн цалинг 12,000,000 төгрөгөөр тогтоосон байна. /хх-ийн 8-9/

 

Дээрх Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 20/07 дугаартай тогтоолын 2-р хавсралтаар тус компанийн гүйцэтгэх захирлын эрх, үүрэг, хариуцлагыг баталжээ.

 

3.1. Мөн Ч банк ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл нь Э.Г-той 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Контрактын гэрээ байгуулж, уг гэрээгээр Э.Гийг тус банкны гүйцэтгэх захирлын албан тушаалд 5 жилийн хугацаагаар ажиллуулахаар тохиролцжээ.

 

3.2. Монголбанкны Ерөнхийлөгчийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 000 дугаартай Чингисхаан банкны үйл ажиллагаанд зарим хязгаарлалт тогтоох тухай тушаалын 7 дугаар хэсэгт Гүйцэтгэх удирдлага, түүний орлогч, ерөнхий захирал, ТУЗ-ын дарга, гишүүдэд цалин, урамшуулал, бусад нэмэгдэл, хандив, тусламж олгохыг хориглосон байна.

 

3.3. Дээрх тушаалын 7 дугаар хэсэгт Гүйцэтгэх захирлын үндсэн цалинг тус банкны нийт ажилтны үндсэн цалингийн дундаж хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр тогтоох гэж Монголбанкны Ерөнхийлөгчийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А-228 дугаартай тушаалаар өөрчлөлт оруулсан үйл баримт хэргийн баримтаар тогтоогджээ. /хх-ийн 32-33/

 

3.4. Түүнчлэн, Ч банк ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 145 дугаартай тушаалаар ажилтнуудад олгодог 1 өдрийн хоолны зардлыг 1,000 төгрөгөөр нэмэгдүүлж 4,000 төгрөг, мөн захирлын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 16 дугаартай тушаалаар хоолны зардлыг 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 8,000 төгрөгөөр нэмэгдүүлж 12,000 төгрөгөөр тогтоосон байна. /хх-ийн 34-35, 36/

 

3.5. Монголбанкны Ерөнхийлөгчийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 000 дугаартай тушаалд өөрчлөлт орох хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нь тус компанид цалин хөлсгүйгээр ажил үүргээ гүйцэтгэж байсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсоноос гадна энэ талаар хариуцагч маргахгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх зааснаар цалин хөлсийг шаардах эрхтэй.

 

4. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

4.1. Шүүх хариуцагч нь Монгол банкны Ерөнхийлөгчийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 000 дугаар тушаалыг үндэслэн гүйцэтгэх захирал Э.Г-ийн цалин хөлсийг олгоогүйг буруутгах үндэслэлгүй, дээрх тушаалууд хуулийн хүчин төгөлдөр үйлчилж байна гэж дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг дараах байдлаар залруулж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

4.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх хэсэгт Гүйцэтгэсэн ажил үүрэгт нь тохирсон цалин хөлсийг тогтоосон хугацаанд ажилтанд олгох... үүрэгтэй гэж, мөн талуудын байгуулсан Контрактын гэрээний 6.1.1-д ажилтанд олгох цалин хөлсийг энэхүү контрактад заасан хэмжээгээр цаг хугацаанд нь олгох үүргийг ажил олгогч хүлээхээр тохиролцсон байна. Иймд ажил олгогчоос Монгол банкны Ерөнхийлөгчийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 000 дугаартай тушаалыг үндэслэн ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэж буй ажилтанд цалин хөлс олгохгүй байх үндэслэл болохгүй.

 

4.3 Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэж, мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2 дахь хэсэгт Энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор гэж заасан.

 

4.4. Гэтэл нэхэмжлэгч эрх зөрчигдсөн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 90 хоногийн дотор шүүхэд хандах эрхтэй байхад тэрээр 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр шүүхэд хандсан байна. Иймд нэхэмжлэгчийн шаардах эрхийг Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2 дахь хэсэгт зааснаар хязгаарлан, хариуцагч Ч банк ХХК-аас 2023 оны 10, 11, 12 дугаар сарын цалин 36,000,000 төгрөг, ээлжийн амралтын олговорт 12,835,297 төгрөг, хоолны мөнгө 756,000 төгрөг, нийт 49,591,297 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Гт олгож, харин нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шийдвэрт оруулах үндэслэлтэй байна.

 

5. Түүнчлэн, шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1 дэх хэсгийг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй байх тул уг заалтыг хассан өөрчлөлт оруулав.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2024/00401 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч банк ХХК-аас цалин хөлс 49,591,297 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Гт олгож, нэхэмжлэлээс үлдэх 326,374,419 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтыг ...олгосугай. гэснийг ...олгож, хариуцагч Ч банк ХХК-аас 405,906 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Г-т олгосугай. гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ