Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2024/01318

 

 С.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Золзаяа, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 21-ний өдрийн 102/ШШ2024/01431 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.Б-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н-т холбогдох, анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 07-ны өдрийн 102/ШШ2020/02926 дугаар шийдвэрээр С.Б, Т.Ө нараас 147,196,000 төгрөг гаргуулж, Ө.А-д олгохоор шийдвэрлэсэн. Н-ын 2022 оны 09 сарын 30-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаагаар Эрхийн улсын бүртгэлийн Ү-********* дугаартай орон сууцыг 85,200,000 төгрөгөөр худалдаж, З.Т дуудлага худалдааны ялагч болсон. Хариуцагч байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.10, 71.12-т тус тус заасныг зөрчсөн. Дуудлага худалдааны ялагч нь хуульд заасан хугацаанд дуудлага худалдааны мөнгөө төлнө гэснээс маргаан үүсвэл буцаан авна гэсэн хуулийн зохицуулалт байхгүй байхад ялагч З.Т 2022 оны 11 сарын 22-ны өдөр Н-т дуудлага худалдааны ялагчийн мөнгөө буцаан авах хүсэлт гаргаж, хүсэлтийн дагуу 2022 оны 11 сарын 25-ны өдөр З.Т-гийн Г банк дахь дансанд шилжүүлсэн байна. Дуудлага худалдааны ялагч төлсөн мөнгөө буцаан авсан байх тул дуудлага худалдааны ялагчаас татгалзсан гэж үзэж, 2022 оны 09 сарын 30-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааны зарын 13-рт зарлагдсан орон сууцыг худалдан борлуулсан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү. 2023 оны 12 сарын 11-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмаар гомдол гаргаагүй гэж Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 12 сарын 18-ны өдрийн 22005 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2022 оны 10 сарын 27-ны өдрийн 03/2519 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар шийдвэрлүүлсэн тул нэхэмжлэлээ дахин гаргасан гэжээ.

2. Хариуцагч хариу тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 07-ны өдрийн 2926 дугаар шийдвэрээр С.Б, Т.Ө нараас 147,196,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 964,130 төгрөг, нийт 148,160,130 төгрөгийг гаргуулж Ө.А-д олгох, шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Т.Ө-ын өмчлөлийн Б дүүргийн **-р хороо, Ү-ийн баруун бүс-1, М-ийн гудамж, **-р байрны ** тоот , эрхийн улсын Ү-********* дугаарт бүртгэлтэй 47.3 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Төлбөр төлөгч С.Б, Т.Ө нар 2021 оны 09 сарын 20-ны өдөр ** тоот 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 сарын 22-ны өдрийн 102/ШШ2022/00600 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 сарын 02-ны өдрийн 820 дугаар магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 09 сарын 30-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахад 85,200,000 төгрөгөөр иргэн З.Т ялагч болж, худалдан авсан. Төлбөр төлөгч С.Б, Т.Ө нар албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 30-ны өдрийн 102/ШШ2023/00515 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн бөгөөд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 сарын 22-ны өдрийн 1044 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Албадан дуудлага худалдааны ялагч худалдаж авсан хөрөнгийн үнийг хуульд заасан хугацаанд төлсөн бөгөөд төлбөр төлөгчөөс албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 11 сарын 09-ний өдрийн 18749 дугаар захирамжаар хэрэг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд худалдан борлогдсон хөрөнгөтэй холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахгүй байхыг даалгасан тул албадан дуудлага худалдааны ялагчийн хүсэлтийг үндэслэн худалдаж авсан хөрөнгийн үнийг иргэний хэрэг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд буцаасан нь хууль зөрчөөгүй. Иймднэхэмжлэгч С.Б-ийн албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

3. Анхан шатны шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-д заасныг баримтлан Т.Ө-ын өмчлөлийн, эрхийн улсын Ү-********* дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүргийн **-р хороо, Ү-ийн баруун бүс-1, М-ийн гудамж, **-р байрны ** тоот 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдсан 2022 оны 09 сарын 30-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгохыг хүссэн С.Б-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71.10-т Дуудлага худалдаагаар борлогдсон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн эсэх тухай дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн шийдвэрийг тогтоосон хугацаанд танилцуулна. Энэ хугацаа нь 14 хоногоос хэтрэхгүй байна гэж, 71.12-т Дуудлага худалдааны ялагч худалдан авсан эд хөрөнгийн үнийг энэ хуулийн 71.10-т заасан хугацаанд төлөөгүй бол дэнчинг улсын орлого болгоно гэж тус тус заажээ.

4.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахгүй байхыг даалгасан шүүхийн шийдвэрийг үндэслэн З.Т нь шүүхийн ажиллагаа дуустал дэнчингээ үлдээж, бусад 76,880,000 төгрөгийг шилжүүлж авсан нь ... ялагчаас татгалзсан гэж үзэж дуудлага худалдааг хүчингүй болгох үндэслэл болохгүй... гэж буруу дүгнэж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:  

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч Н-т холбогдуулан 2022 оны 09 сарын 30-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

3. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 07-ны өдрийн 102/ШШ2020/02926 дугаар шийдвэрээр хариуцагч Т.Ө, С.Б нараас 147,196,000 төгрөг болон 964,130 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ө.А-д олгож, хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Т.Ө-ын өмчлөлийн Б дүүрэг, **-р хороо, Ү-ийн баруун бүс-1, М-ийн гудамж, **-р байрны ** тоот хаягт байршилтай 47.3 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-********* дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэжээ.

4.  Дээрх хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу хариуцагч байгууллага 2021 оны 02 сарын 09-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна.

5. Нэхэмжлэгч С.Б өмнө нь шинжээч томилох тухай тогтоол, орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 сарын 22-ны өдрийн 102/ШШ2022/00600 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 сарын 02-ны өдрийн 210/МА2022/00820 дугаар магадлалаар, мөн 2022 оны 09 сарын 30-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 сарын 22-ны өдрийн 210/МА2023/01044 дугаар магадлалаар тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болжээ.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон ... үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй тул хариуцагч байгууллагаас явуулсан 2022 оны 09 сарын 30-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч С.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй юм.

7. Түүнчлэн, нэхэмжлэгч С.Б нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4-т тус тус заасан хугацааг хэтрүүлсэн байгааг дурдах нь зүйтэй.

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 21-ний өдрийн 102/ШШ2024/01431 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч С.Б гээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 06 сарын 06-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

Д.НЯМБАЗАР