Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 134/ШШ2016/00103

 

Говьсүмбэр аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Аминчимэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Д.О-ийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.О шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Бат-Оргил нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Д.О шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1982 онд 8 дугаар ангиа төгсөөд Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн илгээлтээр Дорноговь аймгийн Сүмбэр Сангийн аж ахуйн 3 дугаар фермд малчин болсон. Мал маллах хугацаандаа эчнээгээр 9,10 дугаар анги төгсөж 1986 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Хөдөө аж ахуйн дээд сургуульд элсэн орсон. Тухайн үед хөдөлмөрийн дэвтэр аваагүй 1990 оны хөдөлмөрийн дэвтэр дээр нөхөлт хийсэн нь хүчин төгөлдөр бусад тооцсон.

Дорноговь аймгийн Сүмбэрийн Сангийн аж ахуйд ажилд орсон тушаал байгаа боловч гарсан тушаал байхгүй тул 1982-1986 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Д.О хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Д.О нь 1982 онд 8 дугаар ангиа төгсөж, 1982 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс Сүмбэр сангийн аж ахуйн 3-р фермд малчнаар ажилд орсон нь 1982 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 230 дугаар тушаалаар нотлогдож байна. Харин ажлаас халагдсан тушаал байхгүй боловч 1986 онд Хөдөө аж ахуйн дээд сургуульд элсэн ортлоо малчнаар ажиллаж байсан болох нь гэрч А.А Д.И нарын мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

Д.О1986 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байгаад гарсан гэх боловч Хөдөө аж ахуйн дээд сургуульд элсэн орж сургуульдаа 8 дугаар сарын 25-ны өдөр бүртгүүлсэн байх учиртай тул ажлаас гарсан өдрийг нь 8 дугаар сарын 24-ны өдрөөр тооцлоо.

Хүсэлт гаргагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 134 дүгээр зүйлийн 134.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч Д.О 1982 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүртэл Дорноговь аймгийн Сүмбэр Сангийн аж ахуйд малчнаар ажиллаж байсныг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн доторГовьсүмбэр аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Б.АМИНЧИМЭГ