Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сэргэлэн Энхбаяр |
Хэргийн индекс | 184/2023/06874/И |
Дугаар | 210/МА2024/01552 |
Огноо | 2024-07-31 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 210/МА2024/01552
2024 оны 07 сарын 31 өдөр Дуга 210/МА2024/01552
Х ХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Э.Энэбиш, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 сарын 12-ны өдрийн 184/ШШ2024/03356 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Х ХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Ц.Ц , Ц.Ц нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 20,711,275.86 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наран, хариуцагч Ц.Ц гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нямжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Зээлдэгч Ц.Ц , хамтран үүрэг гүйцэтгэгч Ц.Ц нар нь тус банкны Төв тооцооны төвөөс 2018 оны 02 сарын 14-ний өдөр 000 дугаартай Зээлийн гэрээ болон БГХ000 тоот Барьцааны гэрээ байгуулан 11,090,000 төгрөгийг жилийн 19,2 хувийн хүүтэй 48 сарын хугацаатай цалингийн зээл авсан.
1.2. Зээлдэгч зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4.1 дэх хэсэгт заасны дагуу зээл хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 1,078,346.90 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,380,559.42 төгрөгийг төлж барагдуулсан болно.
1.3. Зээлдэгч Ц.Ц гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч /1840 хоног/ зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.7 дэх хэсэгт заасан үндэслэлээр зээлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдсөнгүй.
1.4. Иймд банк Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг зааснаар 2023 оны 11 сарын 10-ны өдрөөр тасалбар болгон үндсэн зээлийн үлдэгдэл 10,011,653.10 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 9,844,311.58 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 835,311.18 төгрөг, нотариатын зардал 20,000 төгрөг, нийт 20,711,275.86 төгрөгийг хариуцагч Ц.Ц , Ц.Ц нараас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Ц.Ц ын татгалзал, хариу тайлбарын агуулга:
2.1. Х ХК-тай байгуулсан зээлийн гэрээний харилцаанаас би нэг ч төгрөгийг авч ашиглаагүй, захиран зарцуулаагүй байхад ХХХ аймгийн Х ны салбар нь Ц.Ц той байгуулсан зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч хэмээн шүүхэд хариуцагчаар оролцуулсан байна.
2.2. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ хэмээн заасны дагуу тус зээлийн гэрээний төлбөрийг зээлдэгч Ц.Ц нь төлөх үүрэгтэй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
3. Хариуцагч Ц.Ц гийн татгалзал, хариу тайлбарын агуулга:
3.1. Хариуцагч Ц.Ц нь 2018 оны 02 сарын 14-ний өдөр №ЗГ000 дугаартай зээлийн гэрээг байгуулж, 15,000,000 төгрөгийн хэрэглээний зээл авсан.
3.2. Дээрх зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2018 оны 03 сарын 27-ны өдрөөс 2018 оны 09 сарын 27-ны өдрийг хүртэл 7 удаагийн төлөлтөөр 2,458,906.32 төгрөгийг төлсөн.
3.3. Хариуцагч Ц.Ц нь ХХХ аймагт багийн дарга хийдэг байсан бөгөөд ээлжийн амралт өгөөгүй учир 2018 оны 8 сард Улаанбаатар хот руу 8 хоног яваад ирэхэд ажлаас халсан байсан. Ажилдаа эгүүлэн тогтоолгож чадаагүй тул өөр ажил хийхээр 2018 оны 01 сарын 20-ны өдөр Хятад улс руу явсан боловч хамт явсан хүндээ хууртагдаад албадан буцах журмын дагуу 2019 оны 05 сарын 13-ны өдөр Монголд ирсэн. 2019 оноос Ковид-19 хэмээн цар тахал гарч ажил хийх боломжгүй нөхцөл байдал үүссэн тул зээлээ эргүүлэн төлөх боломжгүй байдалд хүрсэн.
3.4. Үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр болох 10,011,653.1 төгрөгийг эргүүлэн төлөхийг зөвшөөрч байна. Харин 2021 оны 11 сарын 18-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай тогтоолын 8 дах хэсэгт заасны дагуу 2020 оны 11 сарын 18-ны өдрөөс 2021 оны 07 сарын 01-ний өдөр хүртэлх /224 хоног/ хугацаанд бодогдсон зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг хасуулах хүсэлтэй байна гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан хариуцагч Ц.Ц , Ц.Ц нараас 19,875,964.67 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХК-д олгож, үлдэх 835,311.18 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 261,506 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Ц.Ц , Ц.Ц нараас улсын тэмдэгтийн хураамжид 257,329 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХК-д олгож шийдвэрлэжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
5.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Хариуцагч нь 2020 оны 04 сарын 29-ний өдрөөс дагаж мөрдөгдсөн Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх, сөрөг нөлөөллийг буруулах тухай хуульд зааснаар зээл төлөх хугацааг нэхэмжлэгч хойшлуулах ёстой гэж маргадагч хариуцагч нь нэхэмжлэгчид зээлийн төлөх хугацааг хойшлуулах ёстой гэж маргадагч хариуцагч нь нэхэмжлэгчид зээлийн төлөх хугацааг хойшлуулах тухай хүсэлт гаргаагүй, цар тахлын улмаас зээл төлөх боломжгүй нөхцөл байдал болсон талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй гэжээ.
5.2. Гэтэл миний бие иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 11 сарын 18-ны өдрийн Монгол улсын засгийн газрын Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоогдуулан эдийн засгийн дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай тогтоолыг шүүхэд гаргаж өгсөн. Дээрх баримтаар 2019 оноос 2021 оны хооронд Монгол Улсад удаа дараа бүх нийтийн бэлэн байдал зарлаж, хөл хорьж хүмүүсийн ажил хийх боломж, эрүүл мэндийн байдал, нийгэм эдийн засгийн байдал хүндэрснийг тус засгийн газрын тогтоолоор нотлогдож байна. Иймд 2020 оны 11 сарын 18-ны өдрөөс 2021 оны 07 дугаар 01-ний өдөр хүртэлх 224 хоногт тооцогдсон зээлийн үндсэн хүү 1,306,668.16 төгрөг хасаж тооцуулах хүсэлтэй байна.
5.3. Мөн хариуцагч Ц.Ц гийн 2023 оны 09 сарын 30-ны өдрийн Нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтийн талаарх тодорхойлолтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Уг нотлох баримт нь хариуцагчийг 2017 оны 01 сараас 2018 оны 09 cap хүртэл Арвайхээр Засаг даргын Тамгын газарт багийн даргаар ажиллаж байсныг, 2018 оны 09 сард тус ажлаас халагдаж зээлээ төлөх чадваргүй болсныг нотолж байна гэж үзэж байна.
5.4. Зээлийн үлдэгдэл 10,011,653.10 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна, харин зээлийн хүү 9,844,311.57 төгрөгийг төлөхгүй. Учир нь Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт зээлийн хүүг ашигласан хугацаагаар тооцно гэснээр зээлийн гэрээний хугацаа дууссан буюу 2022 оны 02 сарын 27-ны өдрөөс хойших зээлийн хүүг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Иймд нэхэмжлэгч Х ХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас нийт 7,386,255.85 төгрөгийг хасаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:
6.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй. Ковид-19 цар тахлын үеийн хуульд 2021 оны 07 сарын 01-ний өдрөөс өмнө хэрэв зээлдэгч цахимаар хүсэлт гаргасан тохиолдолд 6 сараар 2 удаа хойшлуулах заалттай бөгөөд зээлийн хүүгээс бүрэн чөлөөлөх заалт байхгүй.
6.2. Зээлдэгчийн зүгээс энэ эрхээ эдэлж хүсэлт гараагүй учраас зээл төлөхөөс чөлөөлөх үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд хариуцагч Ц.Ц тайлбар гаргаагүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2. Нэхэмжлэгч Х ХК хариуцагч Ц.Ц , Ц.Ц нарт холбогдуулан зээлийн үндсэн төлбөр 10,011,653.10 төгрөг, хүү 9,844,311.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 835,311.18 төгрөг, нотариатын зардал 20,000 төгрөг, нийт 20,711,275.86 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч Ц.Ц нь 224 хоногт хүү, нэмэгдүүлсэн хүүд 7,729,955.8 төгрөгийг эс зөвшөөрч, үлдэх 12,981,320 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хариуцагч Ц.Ц ... хамтран зээлдэгч биш гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.
3. Зохигч талуудын хооронд дараах зээлийн гэрээ байгуулагдсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.
3.1. Х ХК болон Ц.Ц нарын хооронд 2017 оны 04 сарын 14-ний өдөр ЗГ/000 дугаар Зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдэгч нар нь 6,000,000 төгрөгийг, жилийн 20.4 хувийн хүүтэй, 2021 оны 03 сарын 27-ны өдөр хүртэлх хугацаагаар зээлэхээр тохиролцсон;
3.2. Х ХК болон Ц.Ц , Ц.Ц нарын хооронд 2017 оны 08 сарын 11-ний өдөр ЗГ/201743184805 дугаар Зээлийн гэрээ байгуулагдаж, гэрээгээр зээлдэгч нар нь өмнөх зээлийн үлдэгдэл 5,700,000 төгрөг дээр 5,000,000 төгрөг нэмж, нийт 10,600,000 төгрөгийн зээлийг, жилийн 20.4 хувийн хүүтэй, 2021оны 07 сарын 27-ны өдөр хүртэлх хугацаагаар зээлэхээр тохиролцсон;
3.3. Х ХК болон Ц.Ц , Ц.Ц нарын хооронд 2018 оны 02 сарын 14-ний өдөр ЗГ/000 дугаар Зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр өмнөх зээлийн үлдэгдэл 9,590,000 төгрөг дээр 1,500,000 төгрөг нэмж, нийт 11,090,000 төгрөгийн зээлийг, жилийн 19.2 хувийн хүүтэй, 2022 оны 02 сарын 27-ны өдөр хүртэлх хугацаагаар зээлэхээр тохирчээ. /хэргийн 5-7, 59-60 дугаар тал/
4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, эдгээр гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.
5. Зээлдүүлэгч нь дээрх зээлийн гэрээнд дурсан мөнгөн хөрөнгийг зээлдэгч нарын өмчлөлд шилжүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн байна.
6. Зээлдэгч нар нь 2018 оны 09 сараас зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн ба зээлдүүлэгч нь зээлийн гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгэхийг зээлдэгч нараас удаа дараа шаардсан үйл баримт тогтоогдсон.
7. Хэрэгт авагдсан зээлийн дансны хуулга, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний тооцооллоос үзвэл нэхэмжлэл гаргах үеийн байдлаар үндсэн зээл 10,011,653 төгрөг, зээлийн хүү 9,844,311 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 835,311 төгрөг, нийт 20,511,275 төгрөгийн өр төлбөртэй болох нь тогтоогдож байна.
8. Хариуцагч Ц.Ц нь хамтран зээлдэгч биш ... гэсэн агуулгатай хариу тайлбар, татгалзал үндэслэлгүй.
Анхан шатны шүүх зээлийн гэрээнд хариуцагч Ц.Ц , Ц.Ц нар гарын үсэг зурж, хамтран зээлдэгчээр үүрэг хүлээсэн байх тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.11-д зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч болох ба хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй тул тэдгээрийн үүрэг тэнцүү байна гэсэн дүгнэлт хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
9. Нэхэмжлэгч Х ХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1-д зааснаар үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхийг хариуцагч нараас шаардах эрхтэй.
Анхан шатны шүүх зээлийн гэрээний үүрэгт 19,875,964 нийт төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 175 дугаар зүйлийн 175.1-д заасантай тус тус нийцсэн байна.
10. Анхан шатны шүүх Иргэний хуулийг 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасан анз багасгах зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж, мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасан нэмэгдүүлсэн хүүг багасгасан дүгнэлт буруу болжээ.
Нэхэмжлэгч байгууллага нь анхан шатны шүүхийн шийдвэрийн нэмэгдүүлсэн хүүг багасгаж шийдвэрлэсэн хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргаагүй тул талуудын зарчмын үүднээс хэвээр үлдээнэ.
11. Хариуцагч талын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилтэй холбоотой гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй.
11.1. Хариуцагч тал Ковидын үед зээлийн төлөлт хийх боломжгүй байсан тул хэтэрсэн хугацааны хүү 6,079,587 төгрөгийг төлөхгүй ... гэсэн агуулгатай хариу тайлбар, татгалзал үндэслэлгүй.
Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7, 10.8-д заасан хуулийн зохицуулалтад хэрэглээний зээл хамаарахгүй тул зээлийн гэрээний хугацааны хүүг төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй.
11.2. Зохигч талууд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.
Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулсан тохиолдолд Иргэний хуулийн 44 дүгээр бүлгийн 2 дахь дэд хэсэгт заасан тусгай зохицуулалт үйлчилнэ.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт зааснаар зээлийн мөнгөн хөрөнгийг төлөөгүй тохиолдолд зээлийг ашиглаж байна гэж үзэх тул зээлийн гэрээний үүргийг гүйцэтгээгүй нийт хугацаанд хэтэрсэн хугацааны зээлийн хүү төлнө.
12. Дээрх үндэслэлээр хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 сарын 12-ны өдрийн 184/ШШ2024/03356 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Ц гоос давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 133,130 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ
С.ЭНХБАЯР