| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2019/0378/Э |
| Дугаар | 391 |
| Огноо | 2019-04-05 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ц.Хашбаатар |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 391
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,
улсын яллагч Ц.Хашбаатар,
шүүгдэгч Т., түүний өмгөөлөгч Ц.Амар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийв.
Шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Гал овогт ын д холбогдох 1903001560144 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1988 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “” ХХК-д хангамжийн менежер ажилтай, Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбит тоотод ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Гал овогт ын //.
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:
Т. нь 2019 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 11 цаг 10 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Алтан-Овоо руу салдаг уулзвар замд Тоёота Приус маркийн улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9. Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэснийг зөрчиж гол замаар шулуун явж байсан Тоёота спринтэр маркийн дугаартай автомашины өмнүүр орсноос Тоёота спринтэр маркийн дугаартай автомашины жолооч Г. нь зүүн гар тийш рулиэ дарж өмнөөс ирж явсан Хюндай Аэросити 540 маркийн дугаартай автобусыг мөргөж, Тоёота спринтэр маркийн дугаартай автомашинд шууд 2,555,000 төгрөг, шууд бусаар 260,000 төгрөг, нийт 2,815,000 төгрөгийн, Хюндай Аэросити 540 маркийн дугаартай автобусанд шууд 755,000 төгрөг, шууд бусаар 65,000 төгрөг, нийт 820,000 төгрөгийн хохирол учруулсан, Тоёота спринтэр маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан М.ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ./Яллах дүгнэлтэнд бичсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:
1.Иргэний нэхэмжлэгч Ц.ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай байгууллагын эзэмшлийн Н.аеrосity 540 маркийн улсын дугаартай автобусанд ХХК-аар үнэлгээ хийлгэсэн бөгөөд 820,000 төгрөгний хохирол учирсан. Манай байгууллагын эзэмшлийн Н.аеrосity 540 маркийн улсын дугаартай автобус нь хяналтын камертай боловч алдаа заасны улмаас тухайн үеийн бичлэг хадгалагдаагүй байна. Өөр гомдол саналгүй. Үнэлгээгээр тогтоогдсон хохирлоо гаргуулж авах хүсэлтэй. ...” гэх мэдүүлэг /хх 40 х/,
2.Иргэний хариуцагч Д.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тоёота приус маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Д.миний эзэмшлийнх байгаа юм. ...Уг Тоёота приус маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодох зөвшөөрөл өгсөн бөгөөд манай нөхөр Т. нь хангамжийн менежер ажилтай бөгөөд 28, 14 хоногоор ирж очдог. 14 хоногийн амралтаараа ирэхээрээ уг тээврийн хэрэгслийг жолооддог байсан юм. ...Автомашинд зам тээврийн ослын улмаас зүүн талын 2 хаалга хонхойж орсон, арын хаалганы шил нь хагарсан байсан. Эвдрэл хохирлын үнэлгээг хийлгэхгүй. Буруутай тохиолдолд ослын улмаас учирсан хохирлыг төлж барагдуулахад татгалзах зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх 33-34 х/,
3.Шүүгдэгч Т.гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би бусдад учруулсан хохирлоо бүгдийг нь төлж барагдуулчихсан, гомдол саналгүй болгосон, албан бичиг болон хүсэлтийг өгсөн. Би учруулсан гэм хороо маш сайн ухаарч байна. Хохирол төлбөрөө
барагдуулчихсан. Иймд миний хэргийг хялбаршуулсан журмаар түргэн шуурхай
шийдвэрлэж өгнө үү. ...” гэх мэдүүлэг /хх 191-193 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/
4.Гэрч Д.ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 11 цагийн орчим уруудаад явж байтал миний автомашины урд Приус 30 маркийн автомашин явж байгаад уулзвар дээр ирээд баруун гар тийш эргэх дохио өгөөд зогссон. Энэ үед ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй 2 дугаар эгнээгээр цагаан өнгийн автомашин ирж байсан. Энэ машиныг өнгөрөөгөөд орох байх гэж бодоод байж байтал уг приус автомашин уулзвар руу гэнэт эргээд орчихсон. Тэгээд шулуун замаар явж байсан автомашин уг автомашинаас зайлахдаа эсрэг урсгалаар явж байсан автобусны урдаас нь очоод мөргөчихсөн. ...Приус маркийн автомашин гэнэт эргэхдээ 2 дугаар эгнээ рүү тулаад шулуун замаар явж байсан Тоёота спринтэр маркийн машины урдуур орчих шиг болсон. ...” гэм мэдүүлэг /хх 95 х/
5.Гэрч Т.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 10 цаг 10 минутын орчимд дөнгөж цайнаасаа гараад ХХК-ийн эзэмшлийн улсын дугаартай автобусыг жолоодон Толгойтын эцсээс хөдлөөд Алтан-Овоогийн уулзварт зорчих хэсгийн 2 дугаар эгнээнд 30 км цагийн хурдтай явж байтал эсрэг урсгалаас цагаан өнгийн автомашин маш хурдтай орж ирээд миний жолоодож явсан автобусны зүүн урд тал руу мөргөөд, мөргөлтийн хүчиндээ автомашины хойд талаараа уулзварын хойд талаас орж ирсэн автомашиныг шүргэсэн. Би өөдөөс ирж байсан цагаан өнгийн автомашиныг хараад жолоогоо баруун гар тал руугаа дарж зүүн урагш харж зогссон. ...” гэх мэдүүлэг /хх 97 х/,
6.Гэрч Г.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 11 цаг 10 минутын орчимд өөрийн эзэмшлийн Тоёота спинтэр маркийн улсын дуаартай тээврийн хэрэгслийг жолоодон Толгойтын замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй зорчих хэсгийн 2 дугаар эгнээд 45-50 км цагийн хурдтай явж байтал гэнэт нэг машин Алтан-Овооны уулзвараас ороод ирсэн. Би сандрахдаа эсрэг урсгалд явж байсан автобусны урд талаас очоод мөргөөд автомашин эргэх үед хажуу талаас орж ирсэн Приус маркийн автомашин зүүн талаараа миний жолоодож явсан автомашины баруун хойд талаар мөргөлдөж зогссон. ...Би автомашиныг гэнэт урдуур орж ирэхийг хараад жолоогоо зүүн гар тийш дарж автобусыг мөргөсөн. Уг автомашин нь уулзвар дээр зогсоогүй шууд л дээрээс хурдтай уруудаад орж ирсэн. Тэгээд миний жолоодож явсан автомашины баруун хойд талаар мөргөлдсөн. ...” гэх мэдүүлэг /хх 107 х/
7.Шинжээчийн 2049 дугаар дүгнэлт:
1.М.ын биед зүүн шилбэний шаант ясны далд хугарал, доод үүдэн зүүн 1, 2-р шүдний туушин сэртэнгийн хугарал, 4 шүдний булгарал, буйланд шарх шилбэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд
үүсэх боломжтой.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар
мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4.Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 32 х/,
8.“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 23 дугаар шинжээчийн дүгнэлт:
1.Уг автотээврийн хэрэгслийг тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад хоёр дугуйнуудын тоормосны хүчний зөрүү, зүүн болон баруун гар талын их гэрлийн урсгал хол, ойр дээрээ, дугуйн хээний гүн стандартын шаардлага хангаж байна. Харин зүүн талын урд хаалга бариулны хэсэгт будаг нь халцарч хонхойсон, зүүн гар талын хойд хаалга будаг нь халцарч ихээхэн хэмжээний хонхойсон, зүүн гар талын хойд хаалганы цонхны шил бяцарч хагарсан зэрэг нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна.
2.Зүүн гар талын урд хаалга бариулны хэсэгт будаг нь халцарч хонхойсон, гар талын хойд хаалга будаг нь халцарч ихээхэн хэмжээний хонхойсон, зүүн гар талын хаалганы цонхны шил бяцарч хагарсан зэрэг эвдрэл, гэмтэлтэй байна.
3.Тухайн зам тээврийн осолд нөлөөлсөн эвдрэл, гэмтэл байхгүй байна. Учирсан эвдрэл, гэмтэл нь тухайн зам тээврийн ослын үед үүссэн шинэ эвдрэл гэмтэл байна.
4.Тоормосны систем нь шингэн дамжуулгатай АВS системтэй.
5.Тоормосны систем нь шингэн дамжуулгатай АВ8 тул уг автомашин тоормос гишгэхэд замын гадаргуугийн байдал, автомашины хурд, тоормосны дөрөөн дээр гишгэх хүч, ачсан ачаа зэргээс шалтгаалж тасалдсан мөр зам дээр үүснэ.
6.Уг тээврийн хэрэгслийн спидометр хэвийн ажиллагаатай эвдэрч гэмтсэн зүйлгүй байна. гэх дүгнэлт /хх 152-155 х/
9.Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 165 тоот дүгнэлт:
1.Тоёота приус маркийн улсын дугаартай автомашины жолооч нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9 “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө." гэж зааснаар зохицуулдаггүй уулзвар нэвтрэх дарааллыг зөрчин давуу эрхтэй гол замаар яваа Г. жолоочтой Тоёота Спринтер маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүй байна. Энэ нь камерын бичлэгт үлдсэн дүрс бичлэг, гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна. Тоёота Приус маркийн улсын дугаартай автомашины жолооч Т. нь Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.16 дахь хэсэгт зааснаар "зам тавьж өгөх" гэж замын хөдөлгөөнд оролцогч давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхөд нөлөөлөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй байх үйлдлийг хэлнэ, мөн дүрмийн 1.3. дахь хэсэгт зааснаар "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино." гэснийг тус тус биелүүлэлгүй гол замаар яваа Г. жолоочтой Тоёота Спринтер маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд аюул, саад учруулж хөдөлгөөнд осолтой байдлаар оролцсон нь зам тээврийн осол гарах үндсэн шалтгааныг бүрдүүлсэн байх үндэслэлтэй байна.
Тоёота Спринтер маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г. нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дэх хэсгийн 3.4.6/ "Хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх;" гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Мөн дүрмийн 23.8-д зааснаар Суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана." гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Дээрх зөрчлүүд нь зам тээврийн осол гарахад шууд нөлөөлөхгүй харин зам тээврийн осол болж байх агшинд учрах хохирлыг багасгахад чиглэгдсэн идэвхгүй аюулгүй байдалтай холбоотой байдаг.
Хюндай Аэро сити загварын 0572 УНӨ улсын дугаартай автобусны жолооч Т. нь замын хөдөлгөөний ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.
2.Зам орчны байдал нөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
3.Замын тэмдэг, тэмдэглэл нөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. гэх дүгнэлт /хх 182-183 х/,
10.Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /хх 3-6 х/
11.Жолоочийн согтууруулах ундааны зүйл хэрэгслэсэн эсэхийг шалгах хуудас /хх 124 х/
12.Гэрэл зургийн үзүүлэлт /хх 12-15 х/
13.Хохирлын баримтууд /хх 70-81, 82-86, 90-94 х/
14.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 119 х/
15.ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 133 х/
16.Тэнцвэр эстимейт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 143-145 х/
17.Вендо ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 164 х/
18.ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 170 х/
19.Хохирол төлсөн баримт /хх 196, 197 х/
20.Гомдол саналгүй тухай бичгээр гаргасан баримт /хх 198 х/ зэрэг нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.
Шүүгдэгч Т. нь 2019 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 11 цаг 10 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Алтан-Овоо руу салдаг уулзвар замд “Тоёота Приус” маркийн улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9. Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэснийг зөрчиж гол замаар шулуун явж байсан “Тоёота спринтэр” маркийн дугаартай автомашины өмнүүр орсноос уг автомашины жолооч Г. нь зүүн гар тийш жолоогоо дарж өмнөөс ирж явсан “Хюндай Аэросити” 540 маркийн дугаартай автобусыг мөргөж, “Тоёота спринтэр” маркийн дугаартай автомашинд шууд 2,555,000 төгрөг, шууд бусаар 260,000 төгрөг, нийт 2,815,000 төгрөгийн, “Хюндай Аэросити” 540 маркийн дугаартай автобусанд шууд 755,000 төгрөг, шууд бусаар 65,000 төгрөг, нийт 820,000 төгрөгийн хохирол учруулсан, “Тоёота спринтэр” маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан М.ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
Иргэний нэхэмжлэгч Ц.ы “... Манай байгууллагын эзэмшлийн Н.аеrосity 540 маркийн улсын дугаартай автобусанд ХХК-аар үнэлгээ хийлгэсэн бөгөөд 820,000 төгрөгний хохирол учирсан. ...” гэх мэдүүлэг /хх 40 х/,
Шүүгдэгч Т.гийн “...Би бусдад учруулсан хохирлоо бүгдийг нь төлж барагдуулчихсан, гомдол саналгүй болгосон ... Би учруулсан гэм хороо маш сайн ухаарч байна. ...” гэх мэдүүлэг /хх 191-193 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Гэрч Д.ий “...уг приус автомашин уулзвар руу гэнэт эргээд орчихсон.Тэгээд шулуун замаар явж байсан автомашин уг автомашинаас зайлахдаа эсрэг урсгалаар явж байсан автобусны урдаас нь очоод мөргөчихсөн. ...” гэх мэдүүлэг /хх 95 х/
Гэрч Т.ийн “...цагаан өнгийн автомашин маш хурдтай орж ирээд миний жолоодож явсан автобусны зүүн урд тал руу мөргөөд, мөргөлтийн хүчиндээ автомашины хойд талаараа уулзварын хойд талаас орж ирсэн автомашиныг шүргэсэн. ...” гэх мэдүүлэг /хх 97 х/,
Гэрч Г.ын “...Би автомашин гэнэт урдуур орж ирэхийг хараад жолоогоо зүүн гар тийш дарж автобусыг мөргөсөн. Уг автомашин нь уулзвар дээр зогсоогүй шууд л дээрээс хурдтай уруудаад орж ирсэн. Тэгээд миний жолоодож явсан автомашины баруун хойд талаар мөргөлдсөн. ...” гэх мэдүүлэг /хх 107 х/
Шинжээчийн 2049 дугаар дүгнэлт:
1.М.ын биед зүүн шилбэний шаант ясны далд хугарал, доод үүдэн зүүн 1, 2-р шүдний туушин сэртэнгийн хугарал, 4 шүдний булгарал, буйланд шарх шилбэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд
үүсэх боломжтой.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар
мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4.Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 32 х/,
Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 165 тоот дүгнэлт:
1.Тоёота приус маркийн улсын дугаартай автомашины жолооч нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9 “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө." гэж зааснаар зохицуулдаггүй уулзвар нэвтрэх дарааллыг зөрчин давуу эрхтэй гол замаар яваа Г. жолоочтой Тоёота Спринтер маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүй байна. ... Тоёота Приус маркийн улсын дугаартай автомашины жолооч Т. нь Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.16 дахь хэсэгт зааснаар "зам тавьж өгөх" гэж замын хөдөлгөөнд оролцогч давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхөд нөлөөлөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй байх үйлдлийг хэлнэ, мөн дүрмийн 1.3. дахь хэсэгт зааснаар "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино." гэснийг тус тус биелүүлэлгүй гол замаар яваа Г. жолоочтой Тоёота Спринтер маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд аюул, саад учруулж хөдөлгөөнд осолтой байдлаар оролцсон нь зам тээврийн осол гарах үндсэн шалтгааныг бүрдүүлсэн байх үндэслэлтэй байна. ... гэх дүгнэлт /хх 182-183 х/,
Хөрөнгийн үнэлгээний компаниудын үнэлгээний тайлангууд /хх 133, 143-145, 164, 170 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар.
Энэ гэмт хэргийн объектив талын заавал байх шинж нь гэм буруутай этгээд болох жолоочийн хууль тогтоомж зөрчсөн эс үйлдэл ба хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр гэмтэл хоёрын хоорондын шалтгаант холбоо юм.
Жолооч Т. нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9. Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэснийг зөрчиж гол замаар шулуун явж байсан автомашины өмнүүр орсноос уг автомашины жолооч Г. нь зүүн гар тийш жолоогоо дарж өмнөөс ирж явсан Хюндай Аэросити 540 маркийн дугаартай автобусыг мөргөж, Тоёота спринтэр маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан М.ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгчийн эс үйлдэл, хохирол хоёр хоорондоо шалтгаант холбоотой.
Шүүгдэгч Т.гийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн эс үйлдэл, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар хохирогчид учирсан гэмтэл нь “... эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна ...” гэх дүгнэлт /хх 129 х/ зэргээр уг гэмт хэргийн объектив талын шинжүүд хангагдсан.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Т.гийн эс үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, улсын яллагчаас Т.г дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.
Хохирогч М.ын эрүүл мэндийн хохиролд 5,185,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч “Эрдэм транс” ХХК-ийн нэр дээрх улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 820,000 төгрөг, “Тоёота спринтэр” маркийн улсын дугаартай Ц.ы эзэмшлийн тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд 2,815,000 төгрөг, нийт хохиролд 8,820,000 төгрөг төлсөн болох нь хохирол төлсөн баримтууд /хх 196, 197 х/, гомдол саналгүй тухай бичгээр гаргасан баримт /хх 198 х/-аар тус тус нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.
Улсын яллагч: Шүүгдэгчид 600 нэгжээр торгох ялын санал гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч:Хохирол төлөгдсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож шүүгдэгч ажил хөдөлмөр эрхэлдэг тул улсын яллагчийн ялын саналыг дэмжиж байна гэх тайлбарыг гаргасан.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улсаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо өөрийн сайн дураар нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудад тооцож харин түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд тохиолдлын шинжтэйгээр болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдлын хувьд ажил хөдөлмөр эрхэлдэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлөгдсөн, мөн улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан Т.д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгуулийг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон гэж шүүх үзсэн.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг шийтгэх тогтоолд дурьдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гал овогт ын г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг ялтан Т.д үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Т.д мэдэгдсүгэй.
5.Т.гийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохиролд 8,820,000 төгрөг төлөгдсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Т.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ