Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 134/ШШ2016/00109

 

Говьсүмбэр аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Аминчимэг даргалж, хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч:Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 3 дугаар баг, Малчны гудамжны 1 тоотод оршин суух, Билэгт овогт Орломын Энхтайваны /РД:ЕЙ60111011/ хүсэлттэй, ажиллаж байсан байдлаа тогтоолгох  тухай хүсэлтийг 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхтагтаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Чанцалдулам  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч О.Энхтайван шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие авто 1983 оны 07 дугаар сарын 15-ны өдөр авто тээврийн 40 дүгээр баазад засварчнаар ажилласан тус баазын даргын 1983 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 98 дугаар тушаалаар авто тээвэрт элсэн суралцаж, 1984 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 35 дугаар тушаалаар 40 дүгээр баазын захиргаанд шилжин ирсэн. 1984 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 51 дүгээр тушаалаар дагалдан жолоочоор томилогдон, 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд хүнд даацын машин жолоодох, жолоочийн ажил хийсэн, 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн авто тээврийн 40 дүгээр баазын даргын 139 дүгээр тушаалаар жолоочоос шилжүүлж, галчаар ажиллуулах болсон ба баазын даргын 1987 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 09 дүгээр тушаалаар авто тээврийн 40 дүгээр баазыг 14 дүгээр баазад шилжүүлэн нэгтгэсэн. 1987 оны 06 дугаар сард авто тээврийн 14 дүгээр бааз Налайх дүүрэг рүү шилжих болоход би Налайхад суурьших боломжгүй гэсэн санал өгсөн учраас Замын гуравдугаар ангийн захиргаанд засварчны ажлаар шилжиж ирсэн. Улаанбаатар төмөр замын Чойр дахь замын гуравдугаар ангийн даргын 1987 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 254 дүгээр тушаалаар Чойрын хайлуур жоншны эскпедицийн харъяанд галчаар шилжин очиж 1999 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд тасралтгүй галч, уулын малтагчаар ажилласан.

Авто тээврийн 40 дүгээр баазад 1983 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1984 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд засварчнаар, 1984 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хүнд даацын машины дагалдан жолоочоор, Чойрын хайлуур жоншны эскпедицед 1987 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл галчаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

О.Энхтайван нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан байна.

Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргийг үндэслэн хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Үүнд: 1979 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хөдөлмөрийн дэвтрийн нотиаратаар гэрчлүүлсэн хуулбар, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Нийгмийн даатгалын дэвтрийн нотиаратаар гэрчлүүлсэн хуулбар, Улаанбаатар төмөр замын техникумын захирлын 1978 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 340 дугаар тушаал, Улаанбаатар төмөр замын техникумын захирлын 1979 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 218 дугаар тушаал, Тээврийн яамны харъяа авто тээврийн 40 дүгээр баазын даргын 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 40 дүгээр баазын 139 дүгээр тушаал, Геологи уул, уурхайн үйлдвэрийн яамны харъяа, Чойрын Алтан гадас опонт хайлуур жоншны экспедицийн даргын 1987 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 190 дүгээр тушаал, Улсын геологийн төвийн харъяа шинжлгээний Говь нэгдлийн даргын 1992 оны 05 сарын 07-ны өдрийн 64 дүгээр тушаал, 1992 оны 01 дүгээр сарын 29-ний 12 дугаар тушаал, 1992 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 192 дугаар тушаал, 1992 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 58 дугаар тушаал, 1993 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 148 дугаар тушаал, 1994 оны 12 дугаар сарын 21-ний  өдрийн 61 дүгээр тушаал, Геологи уул, уурхайн үйлдвэрийн яамны харъяа, Чойрын Алтан гадас одонт хайлуур жоншны экспедицийн даргын 1988 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 08 дугаар тушаал, Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр, геологийн яамны харъяа Чойр дахь хайлуур жоншны экспедицийн даргын 1989 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 82 дугаартай тушаал, 1989 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 83 дугаартай тушаал, 1990 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 128 дугаар тушаал, 1990 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 214 дүгээр тушаал, 1991 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 71 дугаартай тушаал, 1991 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 115 дугаар тушаал, 1983-1984 оны авто сургуулийн зураг, нотиаратаар гэрчлүүлсэн, 1985 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн баярын бичиг нотиаратаар гэрчлүүлсэн, 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн баярын бичиг нотиаратаар гэрчлүүлсэн, 1992 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн аваргын диплом нотиаратаар гэрчлүүлсэн, гэрч  Ц.Ганганцохио, М.Чимэдхас, Ц.Ачилт, С.Оюунбилэг нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 134 дүгээр зүйлийн 134.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч О.Энхтайваныг авто тээврийн 40 дүгээр баазад 1983 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1984 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд засварчнаар, 1984 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хүнд даацын машины дагалдан жолоочоор Чойрын хайлуур жоншны эскпедицед 1987 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл галчаар ажиллаж байсныг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар О.Энхтайваны улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                 Б.АМИНЧИМЭГ