Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2024/00562

 

 

 

 

 

 

 

 

2024 03 22 210/МА2024/00562

 

 

Э.Е-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Т.Бадрах, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2024/00542 дугаар шийдвэртэй

Э.Е-гийн нэхэмжлэлтэй, Г сургуульд холбогдох

Сургалтын төлбөрийн үлдэгдэл төлбөр болох 1,441,176 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Е, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Тус сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилд миний хүү Е.М нь 2а ангид суралцаж байсан. Улмаар сургалтын чанар муу, багш тогтворгүй, байнга солигддог шалтгаанаар гэрээнээс татгалзаж өөр сургуульд шилжүүлсэн.

1.2. Миний хүү тус сургуульд 2022 оноос суралцсан цагаас нүүрээ гэмтээх, үе тэнгийн хүүхдүүдийн хүчирхийлэлд өртөж байсан. Тухайн сургуульд би олон удаагийн хүсэлт гаргахад надад албан бичгээр хариу өгсөн боловч сургалтын чанартай холбоотой асуудал сайжраагүй. Энэ жилийн хувьд эцэг эхэд мэдэгдэхгүйгээр ангийн болон англи хэлний багш сольсон.

1.3. Тус сургуулийн 2023-2024 оны хичээлийн сургалтын төлбөрт 7,000,000 төгрөг төлсөн бөгөөд гэрээнээс татгалзахад надад 4,117,647 төгрөгийг буцаан шилжүүлсэн. Тус сургуульд 35 хоног хичээлд суусан байхад сургалтын төлбөрийг 2 дахин нэмэгдүүлэн 70 хоногоор тооцон 2,882,352 төгрөгийг суутгаж авсныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь нийт сургалтын төлбөрөө хичээл орсон хоногтоо хувааж тооцвол нэг өдрийн төлбөр 41,416 төгрөг буюу 35 хоногийн хичээлд суусан төлбөрт 1,441,160 төгрөг суутгахаар байхад гэрээнд зааснаар 2 дахин нэмэгдүүлж тооцно гэж 2,882,352 төгрөгийг суутгасан нь үндэслэлгүй. Гэрээг цуцлахад тус сургуулийн буруутай үйл ажиллагаа, хариуцлагагүй байдлаас шалтгаалсан. Хуулиас давсан хүчин төгөлдөр гэрээ гэж байхгүй.

Иймд суугаагүй хугацааны төлбөрт суутган авсан 1,441,176 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Тус сургууль 2002 оноос өнөөг хүртэл тасралтгүй сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Герман хэлний хөтөлбөр, Кэмбрижийн олон улсын хөтөлбөр, Үндэсний цөм хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Сурагч Е.М нь 2022-2023 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид элсэн суралцсан. Улмаар 2023-2024 оны хичээлийн жилд 2 дугаар ангид суралцаж байгаад 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр шилжсэн.

2.2. Талуудын хооронд байгуулсан төлбөртэй сургалтын гэрээний 12 дугаар зүйлийн 12.5-д заасны дагуу хичээлийн жилийн дундаас сургалтын гэрээ цуцлахад хичээлд суусан хугацааг 2 дахин нэмж, нийт төлсөн төлбөрөөс хасаж, үлдэгдэл дүнг буцаан олгодог. Сургууль нь тухайн хичээлийн жилд сурагчийн суудлын тооны дагуух сургалтын төлбөрөөр багш ажилтны цалин хангамж, сургалтын орчин, урсгал зардал, хичээл сургалтын үйл ажиллагааны зардалд зарцуулдаг бөгөөд сургуулийн хэвийн үйл ажиллагааг хангах үүднээс дээрх заалтыг оруулсан. Мөн хичээлийн явцад сул суудал гарч сургалтын хэвийн үйл ажиллагаа доголдохоос сэргийлэн Сургуулийн дотоод журмын 15 дугаар зүйлийн 15.2.6-д заасан.

2.3. Сурагч Е.М-ийн асран хамгаалагч төлбөртэй сургалтын гэрээний дагуу сургалтын төлбөрт 7,000,000 төгрөг төлснөөс 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хичээлд суусан ирцээр 9 дүгээр сард 20 хоног, 10 дугаар сард 15 хоногт буюу нийт 35 хоног хичээлд суусныг гэрээнд заасны дагуу 2,882,352.94 төгрөгийг суутган, үлдэх 4,117,647.06 төгрөгийг буцаан олгосон болно.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г сургуулиас 1,441,176 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.Е-д олгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,009 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г сургуулиас 38,009 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.Е-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Сурагч Е.М-ийн эцэг, эх, асран хамгаалагчтай 2023-2024 оны хичээлийн жилийн сургалтын гэрээг 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан бөгөөд тус гэрээгээр үргэлжлүүлэн суралцаж байгаа сурагчдын нэгэн адил хөнгөлөлт эдлэх нөхцөлийг бүрдүүлсэн. Сурагч нь хичээлийн жил эхэлснээс хойш сургалтын гэрээг цуцлах, хугацаанаас өмнө дуусгавар болгох нь байгууллагын үйл ажиллагаанд доголдол үүсгэх, бусад хүүхдийн элсэн суралцах боломжийг хязгаарлах зэрэг олон үр дагаварт хүргэдэг учраас сургалтын гэрээг тухайн сурагчийн эцэг, эх, асран хамгаалагчийн хүсэлтийг үндэслэн байгуулдаг.

Гэрээ байгуулагдах үед тухайн жилийн сургалтын төлбөрийн 30 хувийг урьдчилгаа болгон төлөхөөр гэрээнд харилцан тохиролцдог. Өөрөөр хэлбэл тухайн сурагчийн эцэг, эх, асран хамгаалагчийн хүсэлтээр сургалтын гэрээ нэгэнт байгуулагдсан бол урьдчилгаа болгож төлсөн мөнгө болох төлбөрийн 30 хувь гэрээнд зааснаар сургуулийн үйл ажиллагаанд зарцуулагдаж, сургалтын гэрээний 12.5-д зааснаар буцаан олгох боломжгүй нөхцөл үүсдэг. Сурагч Е.М-ийг шилжих үед түүний төлсөн 2023-2024 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрөөс торгуулийн мөнгийг гэрээнд заасан хувь хэмжээгээр суутган авсан.

4.2. Нэхэмжлэгч нь гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болгох үндэслэлээ сургуулийн буруутай үйл ажиллагаатай холбон тайлбарласан боловч энэ талаар шүүхэд ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүй тул гэрээг хүлээн зөвшөөрч байна гэж үзнэ. Гэтэл шүүх нэхэмжпэлд дурдаагүй асуудлаар буюу гэрээний заалтын үг зүйн болон утга агуулгын хувьд өөрийнхөөрөө тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд ханган шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Талуудын хооронд нэгэнт байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээгээр хүлээсэн үүргээ нэхэмжлэгч тал зөрчиж, гэрээг шалтгаангүйгээр хугацаанаас өмнө дуусгавар болгож, татгалзсан байтал гэрээ цуцлагдсанаас учирсан хохирол, нэхэмжлэгчийн хүүхдийн суралцахаар гэрээ байгуулснаас үүссэн зардлыг бүхэлд нь манай сургуульд хариуцуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

Миний хүү тус сургуульд суралцаж байх хугацаанд англи хэлний багшийг нэг удаа, анги удирдсан багшийг 2 удаа хүүхдийн эцэг, эхэд мэдэгдэлгүйгээр сольсон. Манай гэр бүлийн зүгээс сургалтын чанартай холбоотой шаардлагыг хэд, хэдэн удаа тавьсан боловч хүлээн аваагүй. Эцсийн дүнд 2023 оны 10 дугаар сард хүүхдээ аваад яв гэх хариуг тус сургуулийн ерөнхий захирал н.Хажидмаагаас сонссон тул өөрсдийн хүсэлтээр хүүхдээ шилжүүлэх шийдвэрт хүрсэн.

Энэ хугацаанд манай хүү цаг хугацаа, мэдлэг боловсрол, эрүүл мэндээрээ хохирсон боловч миний зүгээс бусад хохиролтой холбоотой нэхэмжлэл гаргаагүй. Суралцсан хугацааныхаа төлбөрийг төлье гэх шаардлагыг тавьсан боловч хариуцагчийн зүгээс манай сургууль хохирч байна гэх тайлбарыг хэлсэн. Монгол Улсын хэмжээнд Ерөнхий боловсролын сургууль хүүхэдгүй болох, сургалтын төлбөрөөс болж хохирох асуудал гарахгүй. Тус хичээлийн жилд 10 гаруй хүүхэд тухайн сургуулиас шилжилт хөдөлгөөн хийж гарсан. Бид хүүхдийнхээ ирээдүйтэй холбоотой энэ шийдвэрийг гаргасан. Би анх нэхэмжлэл гаргахдаа өмгөөлөгч болон хуульчаас ямар нэгэн зөвлөгөө аваагүй тул холбогдох бичиг баримтыг гаргаж өгч чадаагүй. Гэхдээ сургалтын үйл ажиллагаа болон эцэг, эхэд мэдэгдэхгүйгээр багшийг сольсонтой холбоотой гомдолтой байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Э.Е нь хариуцагч Г сургуульд холбогдуулан сургалтын төлбөрийн үлдэгдэл төлбөр болох 1,441,176 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Талуудын хооронд 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Сургууль, эцэг эх, асран хамгаалагчтай байгуулах сургалтын гэрээ байуулагдаж, уг гэрээгээр Г сургууль нь Е.М-ийг сургуульд суралцахтай холбогдуулан сургуулийн захиргаа, эцэг эх, асран хамгаалагчийн хооронд харилцан хүлээх эрх үүрэг, хичээлийн жилийн сургалтын төлбөрт 7,000,000 төгрөг төлөх талаар тохиролцсон байна. /хх-ийн 3-6/

 

Гэрээний агуулга, талуудын харилцан хүлээсэн эрх, үүрэг гэрээний шинжээс үзвэл Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр, хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

4. Нэхэмжлэгч нь 2023-2024 оны сургалтын төлбөрт гэрээгээр тохиролцсоны дагуу 7,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн, сурагч Е.М нь 2023-2024 оны хичээлийн жилд 2 дугаар ангид суралцаж байгаад 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс өөр сургуульд шилжсэн, хариуцагч байгууллагаас сургалтын төлбөрөөс 4,117,647 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгосон үйл баримт хэргийн баримтаар тогтоогдсон байна.

 

4.1. Талуудын хооронд байгуулсан гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан тохиолдолд хичээлд суусан хугацааг 2 дахин нэмж төлсөн төлбөрөөс хасч тооцох үндэслэлтэй эсэх нь зохигчдын маргааны зүйл болсон.

 

4.2. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэг зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан. Энэ тохиолдолд гэрээний нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцааж өгөх үүрэг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар үүснэ. Нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсан үйл баримтын талаар хариуцагч маргаагүй тул үүргийн зөрчилтэй холбоотой хууль зүйн дүгнэлт хийхгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

4.3. Зохигчдын хооронд байгуулсан сургалтын гэрээний 12 дугаар зүйлийн 12.5-д эцэг, эх асран хамгаалагчийн хүсэлтээр сургуультай байгуулсан гэрээг цуцлах талаар сургуулийн захиргаанд албан ёсоор бичгээр мэдэгдсэн өдрөөс хойш ...1 долоо хоног хичээллэсэн бол 2 долоо хоногийн, 2 долоо хоног хичээллэсэн бол 4 долоо хоногийн гэх мэтээр хичээлд суусан хугацааг 2 дахин нэмж, нийт төлсөн төлбөрөөс хасаж, үлдэгдэл дүнг буцаан олгохоор тохиролцжээ.

 

4.4. Гэрээний энэ заалт нь Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.3 дахь хэсэгт Ажиллагч ажлынхаа хөлсийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг урьдчилан авсан үед гэрээ цуцлагдсан бол урьд олгосон хөлсийг буцаан төлүүлнэ гэж заасантай нийцэхгүй байна. Иймд талуудын байгуулсан гэрээний дээрх тохиролцоо хуульд нийцээгүй тул нэхэмжлэгч нь хичээлд суугаагүй хугацааны төлбөрт суутган авсан 1,441,176 төгрөгийг хариуцагчаас буцаан шаардах эрхтэй байх тул сургалтын төлбөрөөс торгуулийн мөнгийг гэрээнд заасан хувь хэмжээгээр суутган авсан гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

5. Анхан шатны шүүх хэргийн баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж дээрх үйл баримтыг зөв тогтоож, хариуцагч Г сургуулиас 1,441,176 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Е-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...шүүх гэрээний заалтын үг зүйн болон утга агуулгын хувьд өөрийнхөөрөө тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2024/00542 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38,009 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ