Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2024/00561

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 03 22 210/МА2024/00561

 

 

Н.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Т.Гандиймаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШШ2024/00314 дугаар шийдвэртэй

Н.О-ийн нэхэмжлэлтэй, Н.Б-т холбогдох,

Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах, орон сууц гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Н.Б орон сууцгүй, айлын голомт сахих хүү учраас өөрийн 00 тоотхаягт байршилтай, 64.99 м.кв талбайтай орон сууцыг 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн.

1.2. Дүү Н.Б, эхнэр М.У нар ээжийг гэртээ оруулахгүй, сэтгэл санааны гүн дарамтад оруулснаар даралт ихсэж бие нь өвдсөн. Би Н.Б-тай уулзаад ээжийг ад үзнэ гэж бодоогүй, ээжийг бодож байраа өгсөн, одоо буцааж авна гэхэд тэрээр дүү нь дахин ийм асуудал гаргахгүй, ээжийгээ асарна гэж гуйсан. Ах манайд ирээд Болдоо чинь эхнэртэйгээ нийлээд бас л ээжийг гэртээ оруулахгүй шоовдорлоод байна гэсэн. Би Н.Б-тай уулзаж байраа буцааж авъя гэхэд тэрээр уучлаарай байрнаас гарвал эхнэр хүүхдийн хамт хаачих юм бэ, дахин таны итгэлийг алдаж гомдоовол байраа аваарай гэж хэлсэн.

1.3. 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Н.Б эхнэр архи уугаад гэртээ тогтохгүй, ээжийг гэртээ оруулахгүй ад үзээд байна гэхээр нь би 3 өрөө байрыг ээжийг харж хандан, гэр бүлээ авч яваарай гэж бэлэглэсэн, байраа чамаас буцааж авна гэхэд байраа аваарай, удахгүй суллаж өгнө гээд явсан. Байр суллаж өг гэхэд байраа олоод суллаж өгнө гэж хэлснээс хойш суллаж өгөөгүй.

Ийм хариуцагч нь төрсөн эгч, ээжээ гомдоосон учраас бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, бэлэглэсэн орон сууцаа буцаан гаргуулан гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Миний төрсөн эгч Н.О 3 өрөө орон сууцыг бэлэглэхдээ айлын бага учраас гал голомтоо сахиж, ээжийг асарч хамгаалж яваарай гэж хэлсэн. Н.О нь настай ээжийг харж хандсангүй, эхнэртэйгээ нийлж ад үзэж байна гэж байнга хэрүүл хийгээд байраа буцааж авна гэж шаардахад дахин ааш гаргахгүй гэж удаа дараа амлалт өгч байсан.

2.2. Ээж танай эхнэртэй таарахгүй учраас төвөг удаад яах вэ гээд ирэхээ больсон. Ээжийг гэрт ирэхээр эхнэр хаалгаа тайлж гэртээ оруулдаггүй гэсэн. Энэ талаар эхнэртэйгээ ярилцаад эгч бид хоёрт уурлаад байраа авах гээд байна гэхэд хэрүүл маргаантай байраа авна л биз ээжтэй хамт амьдарч чадахгүй гэж хэлсэн. Би өөрийн ээж, эгч хоёрыг удаа дараа гомдоосон тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

3. Гуравдагч этгээдийн татгалзал, тайлбарын агуулга:

3.1. Н.Б-тай 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гэрлэлт бүртгүүлсэн, хамт амьдрах хугацаанд Б.Д, Б.Б нарыг төрүүлсэн. Н.Б-ын эгч Н.О нь бэлэглэсэн орон сууц болох Баянгол дүүргийн 7 хороо, 0000 тоот орон сууцыг бэлэглэгчийг ноцтой гомдоосон тул буцаан авахаар шаардсаныг Н.Б зөвшөөрснөөр хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж гаргасан байсан.

Дээрх шүүгчийн захирамжийг Н.О-ийн тус шүүхэд 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Н.Б болон надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг гардаж авах явцад мэдсэн. Шүүгчийн захирамж гарсныг Н.Б хэлэхгүйгээр эгчийнхээ хамт хуйвалдан хүүхдүүд болон миний эрх ашгийг ноцтой зөрчсөн.

3.2. Маргаан бүхий орон сууцыг 2013 онд эгч Н.Н-ээс худалдан аваад төлбөрийг Н.О-ийн дансанд 2017 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 20,000,000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 20,000,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 20,000,000 төгрөг, нийт 60,000,000 төгрөгийг төлсөн. Харин Швейцарь улсад амьдардаг эгч Н.Н-ийн мөнгөөр авсныг Н.Б болон надад орон сууцыг хүүгүй зээлээр зарсан болохоос Н.О бэлэглээгүй. Тухайн байрыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөр улсын бүртгэлд бүртгүүлсэн.

3.3. Би хадам ээжийгээ хүндэлдэг, хүүхэд харуулж ядраахгүй гэж бодож өөрийнхөө ээжээс тусламж хүсдэг байсан. Хадам ээж ч гэсэн миний ээжид баярласан талархсанаа илэрхийлдэг байсан. Би Н.Б-ын ээж, ах, эгч, хамаатан садануудтай энгийн сайхан хүндэтгэлтэй харьцдаг тэднийг гомдоож байгаагүй. Хадам ээжтэйгээ муудалцаж хөөгөөгүй.

3.4. Би шүүхэд 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Н.Б-т холбогдуулан гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүгчийн 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түдгэлзүүлсэн байгаа. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Н.Б-т холбогдох 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах, орон сууцыг буцаан гаргуулах тухай Н.О-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 308,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

Шүүхийн шийдвэрт хэрэгт цугларсан баримтаас үзэхэд хариуцагч Н.Б бэлэглэгчийг ноцтой гомдоосон үйлдэл хийсэн нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж дүгнэсэн. Хүүхдүүд нь ярилцаад отгон дүүдээ гал голомтыг нь өвлүүлэн, ээжийгээ тэднийд байлгаж асруулах талаар маргадаггүй боловч Н.Б, М.У нар өндөр настай ээжийгээ гэртээ оруулахгүй, хамт амьдрах нөхцөлгүй болгож байгаа нь сэтгэл санааны гэр бүлийн хүчирхийлэл байхаас гадна бэлэглэгчийг гомдоосон үйлдэл болсон. Дээрх үйлдэл нэг удаа болоод өнгөрсөн зүйл биш болохыг гэрч шүүх хуралдаан дээр мэдүүлснээс үзэхэд Н.Б эхнэрийн хамт ээжид сэтгэл санааны дарамтыг учруулдаг байсан гэж үзэхээр байна. Мөн хоол ундгүй гэрийн гадаа удаан сууж хаалга онгойхыг хараад өлсөж цанган суух нь бие мах бодийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзнэ.

Маргаан бүхий байрыг Н.Б нь Н.О-ээс худалдаж аваагүй, харин бэлэглэлийн журмаар үнэ төлбөргүйгээр шилжүүлж авсан нь тэдний хооронд байгуулсан гэрээ, шүүхэд гаргасан нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар зэргээр нотлогддог. Бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийн бэлгийг түүний хүсэл зоригийн дагуу ашиглаагүй бэлэглэгчийг гомдоосон тул хуульд заасны дагуу бэлэглэгч зориулалтын дагуу эзэмшиж ашиглахыг шаардах эрхтэй. Мөн бэлэг хүлээн авагч бэлгийн зүйлийг бэлэглэгчийн захиж хэлсэн шаардлагын дагуу ашиглаагүй түүний итгэл найдварыг алдаж гомдоож байсан бол бэлэглэгч нь бэлэг хүлэн авагчтай хийсэн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулж бэлгээ буцаан авах эрх зүйн үндэслэлтэй.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд байрыг худалдан авсан гэж тайлбарладаг боловч баримтаар нотлоогүй. Түүнчлэн, гуравдагч этгээд нэхэмжлэл гаргасан үндэслэл, нэхэмжлэлийг өөрчлөх, шаардлагыг ихэсгэх, багасгах, татгалзах, хүлээн зөвшөөрөх эвлэрэхээс бусад зохигчийн эрхийг эдлэх бөгөөд гуравдагч этгээдэд холбогдох асуудлыг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэхгүй. Хариуцагч ээж, эгчийгээ гомдоосон тул бэлэглэсэн байрыг буцаан өгөхийг хүлээн зөвшөөрч байна гэж тайлбар мэдүүлсэн байхад шүүх бэлэглэгчийг ноцтой гомдоогоогүй гэж дүгнэж нэхэмжлэгчийг хохироож хэрэгсэхгүй болгосныг хууль буруу тайлбалан хэрэглэсэн гэж үзэж байна.

Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга:

Маргаан бүхий байрыг Н.О-ээс худалдаж аваагүй, бэлэглэлийн журмаар үнэ төлбөргүйгээр шилжүүлж авсан бэлэглэлийн гэрээгээр нотлоно. Эгч Н.О нь байр бэлэглэхдээ айлын бага учраас гал голомтоо авч өөрийнхөө ээжийг хажуудаа авч асарч яваарай гэж хэлсэн. Гэтэл би бэлэглэгчийн бэлгийг түүний хүсэл зоригийн дагуу ашиглаагүй, өөрийнхөө ээжийг ад үзэн гэртээ оруулахгүй удаа дараа хөөж явуулж байсан учраас эгч байраа буцааж авна гэж бид нарын хооронд удаа дараа хэрүүл маргаан гарч байсан боловч би гуйж байгаад байрандаа үлдсэн. Эгч байрыг надад бэлэглэсэн боловч эхнэрийн шахалтаар сүүлд нь гэрчилгээн дээр түүний нэрийг оруулсан байсныг мэдэгдээгүй.

Манай эхнэр бид хоёр энэ байрыг Н.О-ээс худалдаж авсан бэлэглэлийн гэрээ хийхгүй байх байсан. Миний хувьд өөрийнхөө гомдоосон үйлдлийг хүлээн зөвшөөрч байхад шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхгүйгээр Н.Б нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж дүгнэж байгаа нь ойлгомжгүй . Н.Б-ыг голомт залгах хүү хажуудаа ээжийгээ асарч, тэтгэж авч яваарай гэж хэлээд байраа бэлэглэж байхад эхнэртэйгээ нийлж байгаад төрсөн эхийгээ гэртээ оруулаагүй, эхнэр нь хадам ээжтэйгээ цагаан сараар очиж золгохгүй үл хүндэтгэсэн байдал нь бэлэглэгчийг гомдоосноор бэлэглэгчийн зүгээс бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулж, байраа бэлэг хүлээн авагчаас буцаан авахаар шаардах эрхтэй.

Иймд хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гуравдагч этгээд тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Н.О нь хариуцагч Н.Б-т холбогдуулан 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, орон сууц гаргуулахаар шаардсаныг хариуцагч хүлээн зөвшөөрсөн, харин гуравдагч этгээдээс эс зөвшөөрч маргаан бүхий орон сууцыг зээлээр худалдан авсан гэж маргажээ.

 

3. Хариуцагч Н.Б нь нэхэмжлэгч Н.О-ийг ноцтой гомдоосон эсэх нь зохигчдын хоорондын маргааны зүйл болсон байна.

 

4. Хэргийн баримтаар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

 

4.1. Н.О нь Н.Б-тай 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ байгуулсан. Гэрээгээр бэлэглэгч Н.О нь улсын бүртгэлийн 000000 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, /16094/ Дилав хутагт Жамсранжавын гудамж, 0000 тоот хаягт байршилтай, 64.99 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг бэлэг хүлээн авагч Н.Б-т үнэ төлбөргүй шилжүүлсэн. /хх-ийн 4-5/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт заасан бэлэглэлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаар зөв дүгнэсэн байна.

 

4.2. Дээрх гэрээг үндэслэж маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр Н.Б 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн. 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр орон сууцны хамтран өмчлөгчөөр Б.Д, Б.Б, М.У нар бүртгэгджээ.

 

4.3. Маргааны зүйл болох орон сууцыг Н.Б бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авснаар түүний хуваарьт хөрөнгө болсон боловч тэрээр өөрийн гэр бүлийн гишүүдийг орон сууцны өмчлөгчөөр нэмж улсын бүртгэлд бүртгүүлснээр гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд шилжсэн байна. /хх-ийн 88-94/

 

4.4. Нэхэмжлэгч нь ... маргаан бүхий орон сууцыг өндөр настай ээжийгээ харж хандаж байгаарай гэж бэлэглэсэн боловч тэрээр ээжийгээ харж хандахгүйгээр төрсөн ээж, эгч нараа гомдоосон, мөн надад мэдэгдэхгүйгээр эхнэр, хүүхдүүдээ орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн гэх үндэслэлээр бэлэглэлээр шилжүүлсэн орон сууцыг хариуцагчаас буцаан шаарджээ.

 

4.5. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-т бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн, 280.1.2-т бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийн, эсхүл түүний төрөл төрөгсдийн эрүүл мэнд, амь насыг санаатай хохироосон буюу хохироохыг завдсан тохиолдолд бэлэглэгч нь бэлэглэлийг хүчингүй болгохоор шаардах эрхтэй ба уг үндэслэл нь баримтаар тогтоогдох ёстой.

 

4.6. Бэлэг хүлээн авагч Н.Б бэлэглэгч Н.О-ийг ноцтой гомдоосон гэх нөхцөл байдлыг нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй болно. Түүнчлэн гэрч Н.Батчулууны мэдүүлэг өөр бусад баримтаар давхар нотлогдоогүй тохиолдолд эргэлзээгүй баримт гэж үзэх үндэслэлгүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.

 

4.7. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээд бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох хуульд заасан нөхцөл бүрдээгүй гэж дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Тодруулбал, хариуцагч нь маргаан бүхий орон сууцыг буцаан шилжүүлэх шаардлагыг хүлээн зөвшөөрч байх боловч тэрээр хуульд зааснаар нэхэмжлэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн талаар зөвшөөрсөн тайлбар гаргаагүй. Өөрөөр хэлбэл, Н.О, Н.Б нарын хооронд зөрчилдөөн үүссэн нь бэлэглэгчийг ноцтой гомдоосон гэх үндэслэл болохгүй. Түүнчлэн, хариуцагч гэр бүлийн гишүүдээ орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн нь бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй.

 

5. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1, 280.1.2-т заасан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй тул мөн хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШШ2024/00314 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ