Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2024/01319

 

Т.Т-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 29-ний өдрийн 181/ШШ2024/01749 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т.Т-ын нэхэмжлэлтэй, хариуцагч О.Б-д холбогдох,

Өмчлөлийн газраас 73 м.кв газрыг зөвшөөрөлгүй эзэмшсэнийг чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Эзэмшлийн газартай давхцуулан өмчилж байгаа 113 м.кв газрыг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй,

иргэний хэргийг хариуцагч болон гуравдагч этгээд нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Т.Б миний бие ээж Ж.А-оос 2018 оны 06 сарын 20-ны өдөр С дүүргийн **-р хороо, Б-ийн **-р гудамж, 70а тоот хаягт байршилтай, нэгж талбарын *************** дугаартай, 700 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Г-******** дугаарт бүртгэгдсэн, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг өвлөх эрхийн гэрчилгээгээр өвлөж авсан. Гэтэл хөрш О.Б нь хуучин байшингаа буулган манай газрын хилийн цэсийг нэвтрэн 73 м.кв талбайд шинэ байшингийнхаа талыг оруулан зөвшөөрөлгүй барьсныг сая мэдлээ. Иймд миний өмчлөлийн газраас 73 м.кв хэсгийг зөвшөөрөлгүй эзэмшиж байгаа О.Б-ны хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү. Т.Б нь Т.Т-д маргаан бүхий газрыг худалдсан, энэ газар Т.Т-ын өмчлөлийнх бөгөөд гэрчилгээ нь хүчинтэй хэвээр байгаа. О.Б, Ц.А нарт гэрчилгээ байдаггүй, эзэмших эрх хууль ёсны бичиг байхгүй. Эзэмших эрхээ сунгуулах хүсэлт гаргаагүй гэжээ.

2. Хариуцагч хариу тайлбартаа: Бид анх 1986 оноос одоогийн оршин суугаа газраа ирж суурьшин, Сүхбаатар дүүргийн АДХГЗ-нд зохих журмын дагуу өргөдөл хүсэлтээ гаргаж, тус бүр 400 м.кв 2 айл нийлээд 800 м.кв газрыг эзэмших гэрчилгээг авч хашаа, байшингаа барьж, амьдарч байна. 2003 онд миний ах Б.Ц өөрийн эзэмшлийн 400 м.кв газрыг өөрийн төрсөн хүү Ц.А-ын нэр дээр шилжүүлж, уг газрыг эзэмших эрхийг Сүхбаатар дүүргийн АДХГЗ-ны 62-р гэрчилгээгээр түүний хүү Ц.А эзэмших болсон. Ц.А-ын аав Б.Ц өөрийн хүүгийн газрын эрхийг сунгуулахаар 2005 оны 10 сард дүүргийн газрын албанд очиход тэр орчмын хашааны 1,100 м.кв орчим газрыг буюу миний эзэмшиж байсан 200 м.кв гаруй газраас бусад газрыг Д.Түмэнбаярын эхнэр Ж.А буюу нэхэмжлэгч Т.Б-ын ээж, тухайн үед өөртэйгөө хамтран амьдарч байсан Г.Д нар хамтран жинхэнэ газар эзэмшигч бид нарт мэдэгдэлгүй өөрсдийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг хууль бусаар гаргуулж авсныг мэдсэн. Ийнхүү Ж.А уг газрыг хууль бусаар авснаас шалтгаалан бидний газар эзэмших, өмчлөх эрх зөрчигдөж байгааг хянуулж эрхээ сэргээлгэх зорилгоор бид Сүхбаатар дүүрэг болон Нийслэлийн газрын албаны эрх бүхий алба, албан тушаалтнуудад өргөдөл гомдол гаргаж хөөцөлдсөөр өнөөдрийг хүрлээ. О.Б, Ц.А бид Ж.А-ын хууль бусаар гаргуулсан өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулж, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх шаардлага бүхий нэхэмжлэлийг Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан, шүүх уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа гэжээ.

3.  Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 сарын 08-ны өдрийн 128/ШШ2018/0486 дугаар шийдвэрээр хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь хэргийн нөхцөл байдал, холбогдох нотлох баримтуудад үндэслэн дахин шинэ акт гаргах хүртэл Нийслэлийн Засаг даргын 2003 оны 10 сарын 03-ны өдрийн 413 дугаар захирамжийн Ж.А-т холбогдох хэсгийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, холбогдох нотлох баримтууд болон бодит нөхцөл байдлыг сайтар харьцуулан судалж дахин шинэ акт гаргах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх, Нийслэлийн Засаг даргаас дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Нийслэлийн Засаг даргын 2003 оны 10 сарын 03-ны өдрийн 413 дугаар захирамжийн Ж.А-т холбогдох хэсгийн нэхэмжлэгч нарын газартай давхцаж буй хэсгийг хүчингүй болсонд тооцож шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 12 сарын 03-ны өдрийн 480 дугаар тогтоолоор хэвээр баталсан юм. Т.Б, Т.Т 2022 оны 05 сарын 09-ний өдөр дүүргийн газрын албаныхантай хуйвалдаж миний болон миний авга Ц.А-ын газартай давхцуулсан кадастрын зураглал гаргуулж, болон бусад баримт бичгүүдийг бүрдүүлжээ. Т.Б, Т.Т нар улсын бүртгэлд бүртгүүлэх мэдүүлэг гаргах болон өмчлөх эрхийг шилжүүлэхдээ эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах үндэслэл болох мэдүүлэг гаргасан өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн талаарх маргааныг Захиргааны хэргийн шүүхээр хянан хэлэлцэж байгааг болон Шүүхийн шийдвэрээр Ж.А-ын 700 м.кв газрыг өмчлөх эрх хүчингүй болсныг санаатай нууж, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5, 14 дүгээр зүйлийн 14.1.4-д заасныг зөрчсөн. Ж.А-ын газар өмчлөх эрх, түүнд эрх олгосон захирамж, өмчлөх эрхийн гэрчилгээ хүчингүй болсон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, тогтоолоор нотлогдож байгаа нөхцөлд Т.Б, Т.Т нарын дээрх бүх үйлдэл, баримт бичгүүд хууль бус болох нь нотлогдож байна. Иймд О.Б миний сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч, Т.Т-ын хууль бус өмчлөлөөс миний эзэмшлийн газрыг чөлөөлж өгнө үү. 2003 онд 700 м.кв хэмжээтэй газрыг авсанд буруутгахгүй. Т.Т кадастрын зургийг нөхөж хийхдээ зөрчил гаргаж Ц.А, О.Б нарын газартай давхцуулаад хийсэн байгаа. Ц.А нь 2003 онд аавынхаа газрын гэрчилгээг нэр дээрээ сэргээж авсан, маргаантай кадастрын зураг Ж.А-ын нэр дээр байгаа учраас л сольж өгөхгүй байгаа болно. Гэрчилгээ хүчинтэй гэж байгаа боловч кадастрын зураг байрлаж байгаа газар нь давхцаад байгаа. Давхцаж байгаа эсэх асуудлыг О.Б-ны 113 м.кв газар алга болсон учир давхацсан гэж үзэж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Т.Т миний өмчлөлийн газар нь хэний ч газартай давхцаагүй. Харин О.Б-ны байшингийн булан миний газар дээр м.кв хэсгээр хилийн зааг нэвтэрсэн. О.Б нь хөрш зэргэлдээ амьдардаг боловч түүнд хууль ёсны газар эзэмших эрх, бичиг баримт юу ч байхгүй, газар эзэмшлийн хугацаа нь дууссан гэрчилгээтэй, газрын хууль тогтоомжийг бүхэлд нь зөрчсөн этгээд юм гэжээ.

5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд тайлбартаа: Т.Т-ын газрыг хүчин төгөлдөр гэж яриад байна. Газар нь шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон газар. Газрын алба нь таны газрын маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр бүрэн биелэгдчихсэн гэсэн. Хавсралтад заасан Ж.А-ын газрыг хүчингүй боллоо гээд гаргачихсан. Одоо Нийслэлийн Засаг даргаас үүрэг болгоод шийдэж өгөх асуудал яригдаж байгаа гэжээ.

6. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Т-ын өмчлөлийн С дүүргийн **-р хороо, Б-н ** гудамж, 70а тоот хаягт байршилтай ************ нэгж талбарын дугаартай 700 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Г-******** дугаарт бүртгэгдсэн, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраас зөвшөөрөлгүй эзэмшиж байгаа 73 м.кв хэмжээ бүхий газрыг хариуцагч О.Б-ны эзэмшлээс чөлөөлж, хариуцагч О.Б-ны өөрийн эзэмшлийн 400 м.кв газартай давхцуулан Т.Т-ын хууль бусаар өмчилж байгаа 113 м.кв газрыг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагч О.Б-ны төлсөн 54,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 15,250 төгрөгийг гаргуулж улсын орлогод, 70,200 төгрөг, шинжээчийн зардалд 572,589 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагчаас төлөгдөөгүй шинжээчийн зардалд 646,574 төгрөгийн гаргуулж шинжээч Газар зохион байгуулалт, геодези, газар зүйн газарт олгож шийдвэрлэжээ.

7. Хариуцагч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нар давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна.

7.1.  Бидний нэхэмжлэлийн дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 сарын 08-ны өдрийн 128/ШШ2018/0486 дугаар шийдвэр, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 12 сарын 03-ны өдрийн 480 тогтоолоор Ж.А нь газар өмчлөх эрхийг хууль бусаар авсныг нотолж, түүний өмчлөх эрх бүхий газрын бидний газартай давхацсан хэсгийг хүчингүй болгож, бид анх авсан газраа эзэмших эрхтэй болохыг тогтоож бидний газрыг эргүүлж олгохоор шийдвэрлэсэн. Эдгээр шүүхийн шийдвэр, тогтоолыг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсний дээр холбогдох тайлбар татгалзлаа шүүхэд өгсөн болно.

7.2.  Гэтэл Ж.А-ыг нас барснаас хойш түүний хүүхдүүд болох Т.Б, Т.Т нар хэргийг шүүхээр хянагдаж байгааг болон уг газар өмчлөх эрх авсан захирамж болон өмчлөх эрхийг захиргааны хэргийн шүүхээс хүчингүй болгосныг нийслэл, дүүргийн газрын алба, улсын бүртгэлийн байгууллагаас нуун дарагдуулж, хуулийн шаардлагыг зөрчсөн хууль бус баримтуудыг бүрдүүлж, ажилтнуудад буруу ойлголт төрүүлэн хөөцөлдөж хоорондоо дамжуулан өмчлөх эрх авч, биднийг хохироож чирэгдүүлж ирсэн.

7.3.  Ийнхүү Т.Т 2022 онд дээрх шүүхийн шийдвэр, тогтоолоор хүчингүй болсон буюу бидний эзэмших эрхтэй газар дээр дахин давхцуулан кадастрын зургийг хууль бусаар гаргуулж, газар өмчлөх эрхийн гэрчилгээг хууль бусаар авсан байна. Эдгээр байдлыг нотолсон хөдөлшгүй нотлох баримтуудыг гаргаж өгсөн боловч шүүх огт үнэлэлгүй, Т.Т-ын газар өмчлөх эрхийг хүчин төгөлдөр гэж үзэж бидний газрыг түүнд олгохоор шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

8. Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: О.Б 1,932 м.кв газар хашаалсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тодорхой харагдана. 1,932 м.кв хашаан дотор 700 м.кв хашаа орсон. 1,400 м.кв талбай газрыг О.Б эзэмшиж байгаа. Нийслэлийн засаг даргын захирамжтай өмчлөх эрхийн гэрчилгээтэй газрыг Т.Б өвлөж авсан. Маргаан бүхий газрыг эзэмших гэрчилгээ Ц.А, О.Б нарт байхгүй. Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусах үед дахин эзэмших хүсэлт гаргаж, газар эзэмших хугацаагаа сунгуулаагүй. Хууль ёсны газар дээр хуучин байшингаа нурааж, шинээр байшин барихдаа нэхэмжлэгчийн газар руу оруулж барьсан. Мөн Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр Ж.А-ын газар нь Ц.А, О.Б нарын газартай давхацсан бол тус хэсгийг хүчингүй болгохоор заасан. Энэ асуудлаар Газрын албанд хүсэлт өгч шалгуулахад давхцал байхгүй гэж хариу өгсөн. Шинжээчийн дүгнэлт зөвхөн давхацсан газрын хэмжээ, хэмжээнээс гадна бичиг баримтыг давхар шалгасан. Газрын албанаас 1,400 м.кв газрыг 2 хувааж авах өргөдөл өгсөн болно гэж байхад заавал Т.Т-ын эзэмшлийн 700 м.кв газрын талыг нь авна гэж маргалддаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:  

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт өөрчлөлт оруулав. 

2. Нэхэмжлэгч Т.Т нь хариуцагч О.Б-д холбогдуулан өмчлөлийн газраас 73 м.кв газрыг зөвшөөрөлгүй эзэмшсэнийг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, эзэмшлийн газартай давхцуулан өмчилж байгаа 113 м.кв газрыг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гарган зохигчид маргажээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.А нь хариуцагчийн байр суурийг дэмжиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцжээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлээгүйн улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

4. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрх нэхэмжлэгчид үүсээгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэсэгт хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулж, хариуцагч болон гуравдагч этгээд нарын гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

4.1. Нэхэмжлэгчийн чөлөөлүүлэхийг хүссэн Сүхбаатар дүүргийн **-р хороо, Б-ийн ** гудамж, 70а тоот хаягт байршилтай, нэгж талбарын **************** дугаартай, 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөх эрх нь Нийслэлийн Засаг даргын 2003 оны 10 сарын 03-ны өдрийн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэр болон Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх тухай 413 дугаар захирамжаар Ж.А-т, 2018 оны 06 сарын 20-ны өдрийн 08 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээ-гээр Ж.А-оос Т.Б-д, 2018 оны 10 сарын 22-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-гээр Т.Б-аас Т.Т-д тус тус шилжсэн байна.

4.2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 сарын 08-ны өдрийн 128/ШШ2018/0486 дугаар шийдвэр, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 12 сарын 03-ны өдрийн 480 дугаар тогтоолоор хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь хэргийн нөхцөл байдал, холбогдох нотлох баримтуудад үндэслэн дахин шинэ акт гаргах хүртэл Нийслэлийн Засаг даргын 2003 оны 10 сарын 03-ны өдрийн 413 дугаар захирамжийн Ж.А-т холбогдох хэсгийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд хариуцагч Нийслэлийн Засаг даргаас дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Нийслэлийн Засаг даргын 2003 оны 10 сарын 03-ны өдрийн 413 дугаар захирамжийн Ж.А-т холбогдох хэсгийн нэхэмжлэгч нарын /Ц.А, О.Б / газартай давхцаж буй хэсгийг хүчингүй болсонд тооцохоор шийдвэрлэсэн байна.

4.3. Шүүхээс тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 сарын хугацаанд хариуцагч Нийслэлийн Засаг даргаас дахин шинэ акт гаргаагүй бөгөөд Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2003 оны 413 дугаар захирамжийн Ж.А т холбогдох хэсэгт хүчингүй тэмдэглэгээ хийсэн байна.

5. Дээрхээс үзвэл маргаан бүхий газрын өмчлөх эрхийг анх Ж.А-т олгосон эрх бүхий албан тушаалтны шийдвэр хүчингүй болсон байх тул үүнтэй холбоотойгоор Ж.А-оос Т.Б-д, Т.Б-аас Т.Т-д шилжсэн газар өмчлөх эрх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан шаардах эрхийг үүсгэхгүй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.

6. Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд хариуцагч тал давж заалдах гомдол гаргаагүй учир давж заалдах шатны шүүх сөрөг нэхэмжлэлд хууль зүйн дүгнэлт өгөхгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 29-ний өдрийн 181/ШШ2024/01749 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч О.Б-д холбогдох, Сүхбаатар дүүргийн **-р хороо, Б-ийн ** гудамж, 70а тоот хаягт байршилтай, нэгж талбарын ************** дугаартай, 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраас зөвшөөрөлгүй эзэмшиж байгаа 73 м.кв хэмжээ бүхий газрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Т.Т-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөг, хариуцагчаас төлсөн 54,950 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 15,250 төгрөгийг хариуцагчаас гаргуулан улсын төсөвт оруулж, шинжээчийн зардалд 609,581 төгрөгийг нэхэмжлэгчээс, 609,581 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан шинжээч Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт олгосугай гэж тус тус өөрчилж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч болон гуравдагч этгээд нарын гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч О.Б-аас 2024 оны 06 сарын 18-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөг, гуравдагч этгээд Ц.А-оос 2024 оны 05 сарын 30-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

Д.НЯМБАЗАР