Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2024/01342

 

Б.С-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Э.Энэбиш, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 16-ны өдрийн 181/ШШ2024/01568 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.С-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Э ХХК-д холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие С.С хариуцагч байгууллагад 2019 оны 05 сарын 20-ны өдрөөс хөрөнгийн удирдлагын газарт төслийн удирдлага хариуцсан мэргэжилтэн, 2020 оны 12 сарын 18-ны өдрөөс хөрөнгө оруулалтын хэлтэст төслийн үр ашгийн тооцоо хариуцсан мэргэжилтнээр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 07 сарын 08-ны өдрийн Б/70 тоот тушаалаар намайг ажлаас чөлөөлсөн. Э ХХК нь стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдүүд болон тэдгээртэй хамаарал бүхий дэд бүтцийн бүтээн байгуулалт, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгч хуулийн этгээдийн төрд ногдох хувь, төрийн мэдлийн хувьцааг эзэмшиж, тэдгээрийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг нь өргөтгөж ашигт ажиллагааг сайжруулах, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах, хөрөнгө босгох, нэмүү өртөг бий болгох боловсруулах үйлдвэрийн төслүүдийг хэрэгжүүлэх, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, компаниудын үйл ажиллагаанд Засгийн газрын бодлогыг уялдуулах чиг үүрэгтэй төрийн өмчийн компани болно. Иймд тус компанийн үндсэн ажил, чиг үүргийн хүрээнд Төслийн үр ашгийн тооцоо хариуцсан мэргэжилтэн ажлын байр нь зайлшгүй хэрэгцээ шаардлагатай, хуулиар аж ахуйн нэгж байгууллагад заавал байх шаардлага бүхий ажлын байр болно. Иймд орон тоо хасагдсан нь бодитой бус, үндэслэлгүй. Э ХХК-иас ажилтнуудын төлөөлөлтэй Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.3-т заасан хэлэлцээг огт хийгээгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1.2-т зааснаар бөөнөөр халах зохицуулалтад хамаарах боловч ажил олгогч нь бөөнөөр халах зохицуулалт бус орон тоо хасагдсан үндэслэлээр ажлаас халсан нь хуульд нийцэхгүй.

Иймд ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч хариу тайлбартаа: Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2021 оны 02 сарын 26-ны өдрийн 16, А/32 дугаар хамтарсан тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс Э ХХК-ийн 2019, 2020 оны үйл ажиллагаа болон охин компаниудын өнөөгийн байдалд хийсэн дотоод аудитын хяналт шалгалтын тайланд тус компанийн орон тоог 30 хүртэл хувиар бууруулах, стратегийн ач холбогдол бүхий орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажил хангалтгүй, бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн орон тоог бууруулж, алдагдалтай ажиллаж байгаа охин компаниудыг өөрчлөн зохион байгуулах, салгах, нэгтгэх, зардлыг бууруулах зэрэг дүгнэлтүүдийг дурдаж, зөвлөмж, ЗГХЭГ-ын дотоод аудитын хорооны 2021 оны 05 сарын 25-ны өдрийн 01 дугаар Дотоод аудитын дүнгийн тухай тогтоолын хамтаар ирүүлсэн байдаг. Монгол улсын Засгийн газрын 2022 оны 04 сарын 06-ны өдрийн 147 дугаар "Э ХХК-ийн дүрмийг шинэчлэн батлах тухай, тогтоолын хавсралтаар компанийн дүрмийг шинэчлэн, компанийг нэгдлийн бодлого, зарчмаар хөгжүүлэх хууль, эрх зүйн үндэслэлийг бататгасан. Компанийн шинэчлэн баталсан дүрэмд холбогдуулан 2022 оны 05 сарын 11-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргасан 28 дугаар хуралдааны тэмдэглэлийн 1-д даалгасан. Дээр дурдсан ЗГХЭГ-ын Дотоод аудитын хяналт, шалгалтын тайлан, аудитын хорооны тогтоол болон 2022 оны 05 сарын 11-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргасан 28-р хуралдааны тэмдэглэлийн хэрэгжилтийг хангаж, Э ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 21-р тогтоолоор батлагдсан Бүтэц, зохион байгуулалт болон Э ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 06 сарын 03-ны өдрийн А/61 дугаар Компанийн бүтцийн нэгжүүдийн чиг үүрэг, ажлын байрны нэр, орон тоог шинэчлэн батлах тухай тушаал, түүний хавсралтууд тус тус баталж, мөрдүүлсэн. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 12 сарын 08-ны өдрийн 367 дугаар Э ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын 1, 2022 оны 06 сарын 08-ны өдрийн 225 дугаар Э нэгдлийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын 1-д заасны дагуу Э ХХК нь цаашид нэгдлийн толгой компанийн буюу баялгийн сангийн хэлбэртэй санхүүгийн менежментийн үндсэн чиг үүрэгтэй тул нэгдсэн стратеги, хөрөнгө оруулалт, судалгааны чиглэлд үйл ажиллагаа явуулах бүтэц, зохион байгуулалтад шилжилт хийж байна. Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын А/61 дугаар тушаалаар хөрөнгө оруулалтын хэлтэс татан буугдаж, төслийн үр ашгийн тооцоо хариуцсан мэргэжилтэн гэх ажлын байрны орон тоо хасагдсан тул нэхэмжлэгч Б.С-т 2022 оны 06 сарын 06-ны өдөр хөдөлмөрийн гэрээг цуцлах мэдэгдлийг гардуулсан. Гүйцэтгэх захирлын 2022 оны 07 сарын 08-ны өдрийн Б/70 тоот тушаалыг Б.С-т 2022 оны 07 сарын 08-ны өдөр танилцуулсан. Б.С-ын тухайн ажлын байр, албан тушаал компанийн зохион байгуулалтын бүтцэд байх эсэх асуудлыг Компанийн тухай хууль болон компанийн дүрмээр Төлөөлөн удирдах зөвлөлийн чиглэлийн дагуу гүйцэтгэх захирлын тодорхойлох эрх хэмжээ байна. Нэхэмжлэгчийн ажиллаж байсан Хөрөнгө оруулалтын хэлтэс татан буугдаж Төслийн үр ашгийн тооцоо хариуцсан мэргэжилтэн гэх ажлын байрны гүйцэтгэх чиг үүрэг бүхэлдээ шилжсэн зүйл байхгүй, ажлын байрны нэршлийг өөрчилсөн гэх нэхэмжлэгчийн үндэслэл нь тогтоогдохгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4-д заасныг хэрэгжүүлж, мөн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.3-т заасны дагуу 2022 оны 06 сарын 29-ний өдөр хэлэлцээ хийгдсэн. Бөөнөөр халах зохицуулалтад хамаарах боловч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д заасан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлдөг тул нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.

Иймд компанийн бүтцээс Хөрөнгө оруулалтын хэлтэс татан буугдаж, Төслийн үр ашгийн тооцоо хариуцсан мэргэжилтэн гэх ажлын байр байхгүй болж ажлаас чөлөөлөх үндэслэлийг хуульд заасны дагуу нэхэмжлэгчид мэдэгдэж, гүйцэтгэх захирлын 2022 оны 07 сарын 08-ны өдрийн Б/70 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил ологчийн санаачилгаар цуцалсан тухай Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлийг хангасан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар нэхэмжлэгч Б.С-ыг Э ХХК-ийн Төслийн судалгаа, үнэлгээний газрын Төслийн үнэлгээ, эрсдэл хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч Э ХХК-иас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 28,724,390 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.С-т олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нэхэмжлэгч Д.С-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын дансанд шилжүүлэн, дэвтэрт нь зохих бичилтийг нөхөн хийж, баталгаажуулахыг хариуцагч Э ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Э ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 301,571 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

4.1. Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй, нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т нийцүүлэн үнэлээгүй. Хэргийн байдлын талаар хууль зүйн болон бодит үндэслэлд нийцсэн нотлох баримтуудаар тогтоогдож буй хэргийн бодит нөхцөл байдал хуулийн ямар зүйл заалтад хэрхэн зохицуулагдаж байгааг тодорхой дүгнээгүй.

4.2. Маргааны гол зүйл нь ажил олгогчийн тушаал бөгөөд тушаалын үндэслэлээ ажил олгогч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлсэн, ажпын байр бодитоор байхгүй болсон байхад хэвээр хадгалагдаж үлдсэн гэх дүгнэлт үндэслэлгүй.

4.3.  Хариуцагч талаас Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 07 сарын 08-ны өдрийн Б/70 тоот тушаалд заасны дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д зааснаар орон тоо хасагдсан тухай Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр, ажлын байрны хууль зүйн шинжилгээ, ажлын байрны тодорхойлолтуудаар нотлох үүргээ хэрэгжүүлсэн. Тус нотлох баримтуудыг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай шийдвэрт тусгаагүй. Нотлох баримтад хуульд тавигдсан шаардлагыг хангаж байгаа эсэх, бусад нотлох баримтаар давхар нотлогдож эсхүл үгүйсгэгдэж байгаа эсэх, тухайн нотлох баримт бусад нотлох баримтаас илүү бодит байдалд нийцсэн эсхүл нийцэхгүй байгаа, хэргийн үйл баримтыг шууд нотолж байгаа эсэх асуудлуудын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй.

Давж заалдах шатны шүүх хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь Төслийн үр ашгийн тооцоо, санхүүжилт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан. Хэргийн 65-р талд нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажил үүргийн талаар баримт авагдсан. Албан тушаалын чиг үүрэг нь төсөл хөтөлбөрийн санхүүжилт татах, хувилбар боловсруулах, холбогдох судалгаа тооцоо боловсруулах зэрэг эдгээр чиг үүргийг хэрэгжүүлж ажилладаг байсан. Хэргийн 106-р талд Хөрөнгө оруулалт, санхүүжилт хариуцсан мэргэжилтэн гэх шинэ ажлын байрны тодорхойлолт авагдсан. Анхан шатны шүүх эдгээр ажлын байрны тодорхойлолтуудыг хооронд нь зөв, хууль ёсны дагуу дүгнэсэн гэж үзэж байна. Хэргийн 235-р талд одоогийн ажил, албан тушаал нь бүтцийн өөрчлөлтөд орж өөрчлөгдсөн. Тухайлбал, Төслийн үр ашгийн тооцоолол хариуцсан мэргэжилтэн гэх албан тушаалын тодорхойлолтод нэхэмжлэгчийн ажил үүрэг өөрчлөгдсөн бөгөөд Төслийн санхүүгийн тооцоолол, аргачлал, судалгаа хариуцсан мэргэжилтэн болж ажлын байрны нэршил нь өөрчлөгдсөн. Хэргийн 114-р талд авагдсан баримтад хуучин байсан Хөрөнгө оруулалтын хэлтэс нь Эдийн засгийн зах зээлийн судалгааны хэлтэс болж өөрчлөгдсөн боловч чиг үүргийн хувьд адилхан болох нь хэргийн 53-р талд авагдсан шинэ чиг үүрэг баталсан тушаал, хэргийн 232-р талд авагдсан чиг үүрэг баталсан тушаалуудаар тус тус нотлогдоно.

Иймд орон тооны нэршил өөрчлөгдсөн буюу шүүх нотлох баримтыг бодитой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан судалсан учраас хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

2. Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч Э ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

3. Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 07 сарын 08-ны өдрийн Б/70 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай тушаалаар Б.С-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2022 оны 07 сарын 08-ны өдрөөр дуусгавар болгон цуцалж шийдвэрлэжээ.

Дээрх тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасныг баримталсан байх ба ...компанийн бүтэц зохион байгуулалт шинэчлэн батлагдаж, Хөрөнгө оруулалтын хэлтэс татан буугдаж, Төслийн үр ашгийн тооцоо хариуцсан мэргэжилтний орон тоог хассан... гэсэн үндэслэлийг тусгажээ.

4. Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д заасан хугацааны дотор хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон ажил олгогчийн шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд гомдлоо гаргажээ.

5. Э ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 05 сарын 31-ний өдрийн 21 дүгээр тогтоолоор компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг шинэчлэн баталж, ажилтныг чөлөөлөх, шилжүүлэх, томилох арга хэмжээг авахыг гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчид зөвшөөрсөн байна.

Үүний дагуу Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2022 оны 06 сарын 03-ны өдрийн А/61 дүгээр тушаалаар бүтцийн нэгжүүдийн чиг үүрэг, ажлын байрны нэр, орон тоо, ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн баталжээ.

6. Э ХХК-иас 2022 оны 06 сарын 06-ны өдөр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т заасан хугацаанд ажилтанд бичгээр хүргүүлсэн, ажилтан Б.С хүлээн авч гарын үсэг зурсан байна.

Мөн ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлд заасан бөөнөөр халах үеийн зохицуулалтыг хэрэглэж, хэлэлцээг хийсэн болох нь ажилтны төлөөлөгчидтэй 2022 оны 06 сарын 29-ний өдөр хуралдсан хурлын тэмдэглэлээр тогтоогдож байна.

Иймд ...хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах талаар нэхэмжлэгчид хуульд заасан хугацаанд мэдэгдсэн, бөөнөөр халах үед хийх хэлэлцээрийг ажилтан болон ажил олгогчийн төлөөлөгч хийсэн... гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдсэн гэж үзнэ.

7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Э ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 12 сарын 20-ны өдрийн 56 дугаар тогтоолоор компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг дахин шинэчлэн баталж, шинэ бүтцийн дагуу сонгон шалгаруулалт явагдах хүртэлх хугацаанд компанийн хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллахыг гүйцэтгэх захиралд даалгасан байна.

Үүний дагуу Э ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 12 сарын 28-ны өдрийн А/144 дүгээр тушаалаар бүтцийн чиг үүрэг, орон тооны хязгаар, албан тушаалын жагсаалт, албан тушаалын тодорхойлолтыг шинэчлэн баталжээ.

8. Маргааныг хянан шийдвэрлэхэд нэхэмжлэгчийн ажиллаж байсан Хөрөнгө оруулалтын хэлтсийн Төслийн үр ашгийн тооцоо хариуцсан мэргэжилтний ажлын байр бодитоор хасагдсан эсэх, шинээр бий болсон бүтцэд өөр нэршлээр байгаа эсэхэд дүгнэлт өгөх нь ач холбогдолтой байна.

9. Нэхэмжлэгчийн ажиллаж байсан Хөрөнгө оруулалтын хэлтсийн Төслийн үр ашгийн тооцоо хариуцсан мэргэжилтний Ажлын байрны тодорхойлолт-ыг шинээр бий болсон Төслийн судалгаа, үнэлгээний газрын Төслийн үнэлгээ, эрсдэл хариуцсан мэргэжилтний Ажлын байрны тодорхойлолт-той харьцуулан үзвэл ...ажил, албан тушаал бодитоор хасагдаагүй, нэршил өөрчлөгдсөн... гэсэн нэхэмжлэгч талын тайлбарыг илүү үндэслэлтэй гэж дүгнэхээр байна.

9.1. Төслийн үр ашгийн тооцоо хариуцсан мэргэжилтний ажлын байрны зорилго нь ...шинээр хөгжүүлж буй төслийн хөрөнгө оруулалтын тооцооллыг гаргах, хөрөнгийн удирдлагын тогтолцоог сайжруулах, шилдэг туршлагыг нэвтрүүлэх... бол Төслийн үнэлгээ, эрсдэл хариуцсан мэргэжилтний ажлын байрны зорилго нь ...төслийн эдийн засгийн үр ашгийн тооцоолол хийх, ТЭЗҮ-д дүн шинжилгээ хийж, санал бэлтгэх, үнэлгээ дүгнэлт гаргах... байна.

9.2.  Төслийн үр ашгийн тооцоо хариуцсан мэргэжилтэн нь ...төслийн санхүү, хөрөнгө оруулалтын тооцоо судалгаа хийх, хөрөнгө оруулалт хийх шаардлагатай хөрөнгийн мэдээллийг боловсруулах, төслийн үнэ цэнийг тодорхойлох, гүйцэтгэх удирдлагыг үр ашиг, хөрөнгө оруулалт, санхүүжилттэй холбоотой мэдээллээр хангах, төслийн судалгаа, төлөвлөлтийн үйл ажиллагаанд оролцох... үндсэн чиг үүрэгтэй байх ба эдгээр нь Төслийн үнэлгээ, эрсдэл хариуцсан мэргэжилтний үндсэн чиг үүрэгтэй давхцаж байна.

10. Иймд ...хэвээр хадгалагдаж үлдсэн байх тул ажлын байр хасагдсан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажил олгогчийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасантай нийцээгүй... гэсэн анхан шатны дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй, улмаар ...анхан шатны шүүх нотлох баримтыг үнэлж дүгнээгүй, хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй... гэсэн агуулгаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй.

11. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д тус тус заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн, мөн ажилгүй байсан хугацааны олговрыг зөв тооцсон байна.

12.  Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 16-ны өдрийн 181/ШШ2024/01568 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Э ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 05 сарын 17-ны өдөр урьдчилан төлсөн 301,571 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

Д.НЯМБАЗАР