Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 5031

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 05 өдөр

        Дугаар 102/ШШ2016/05031

                      Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Жуковын музейн ард өөрийн байранд байрлах, 5052254 тоот регистрийн дугаартай, Монголын Цахилгаан Шат ХХКомпанийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 26 дугаар байрны 21 тоотод байрлах, 5518369 тоот регистрийн дугаартай, Эм Би Эй Эс ХХКомпанид  холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 95 668 914 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2016 оны 4 дүгээр сарын 20-ний өдөр үүсгэсэн иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын өмгөөлөгч Г.Даваахүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгончимэг нар оролцов.

 

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Монголын Цахилгаан Шат ХХКомпани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өмгөөлөгч Г.Даваахүү шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай компани  Эм Би Эй Эс ХХКомпанитай 2013 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 101/13 тоот “Цахилгаан шат нийлүүлж угсарч, хүлээлгэн өгөх ажил гүйцэтгэх” гэрээг байгуулан уг гэрээгээр манайх хүн зөөврийн зориулалттай тус бүр нь 15 хүний багтаамжтай, 1000 кг  даацтай, 2 зогсоолтой, 2 ширхэг цахилгаан шатыг үйлдвэрээс нь шууд нийлүүлэх, захиалагч нь 2 шатны үнэ 81 928 ам долларыг төлөхөөр тохиролцож, манайх гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэж 2 ширхэг цахилгаан шатыг нийлүүлсэн ба захиалагч тал төлбөрийнхөө тал хувь 41 008 ам долларыг төлж, үлдэгдэл 40 920 ам долларыг төлөх үүргээ биелүүлэхгүй байна.Бид 2014 оны 8 дугаар сарын 12-ны өдөр гэрээгээ дүгнэж баталгаажуулсан байгаа.Дээрх гэрээний 6.3-т захиалагч тал төлбөр төлөх хугацаагаа хэтрүүлбэл хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувиар алданги тооцож төлүүлэхээр болсон тул үлдэгдэл төлбөрт 6138 ам долларын алданги тооцож нийт ам долларын ханшийг 2032 төгрөг 89 мөнгөөр бодож нийт 95 668 914 төгрөгийг хариуцагч Эм Би Эй Эс ХХКомпаниас гаргуулж өгнө үү, хариуцагч байууллага нь үйл ажиллагаа явуулдаг тодорхой хаяг байхгүй учраас захирал Т.Баасанбатын гэрийн хаягаар нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байгаад хариуцагч тал маргахгүй байгаа гэв.

 

            Хариуцагч Эм Би Эй Эс ХХКомпанийн төлөөлөгч Г.Хос-Эрдэнэ шүүхэд гаргасан тайлбартаа:Монголын Цахилгаан Шат ХХКомпанийн нэхэмжилсэн 95 668 914 төгрөгийн нэхэмжлэлийн дүнг зөвшөөрөхгүй гэжээ.

           

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч Монголын Цахилгаан Шат ХХКомпани хариуцагч Эм Би Эй Эс ХХКомпанид холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн үлдэгдэл төлбөрийн 183 190 360 төгрөг, алдангийн 12 478 554 төгрөгийн нийт 95 668 914 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.

 

Нэхэмжлэгч Монголын Цахилгаан Шат ХХКомпани Эм Би Эй Эс ХХКомпанитай 2013 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр “Цахилгаан шат нийлүүлж, угсарч, хүлээн өгөх ажил гүцэтгэх гэрээ байгуулсан байна.

 

Дээрх гэрээгээр гүйцэтгэгч  Монголын Цахилгаан Шат ХХКомпани гүүрэн гарцын барилгад хүн зөөврийн зориулалттай, 15 хүний багтаамжтай, 2 зогсоолтой, 2 ширхэг цахилгаан шатыг шинээр нийлүүлэн угсарч захиалагч Эм Би Эй Эс ХХКомпанид хүлээлгэн өгөх, Эм Би Эй Эс ХХКомпани цахилгааны шатны үнэ болон угсралтын үнэ 81 928 ам долларыг тохиолцсон хуваарийн дагуу гүйцэтгэгч Монголын Цахилгаан Шат ХХКомпанид төлөх үүргийг талууд тус тус хүлээсэн байна.

 

Гэрээний 6 дугаар зүйлийн 6.3-т “захиалагч гэрээний 5-д заасан төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд хожимдуулсан хоног тутамд төлөөгүй үнийн дүнгийн 0,1 хувиар алданги төлнө, Энэ нь үнийн дүнгийн 15 хувиас хэтрэхгүй гэж тохирсон байна.

 

Мөн талуудын хооронд 2014 оны 8 дугаар сарын 12-ны өдөр гэрээ дүгнэх хэлцэл хийсэн байх бөгөөд уг хэлцэлд гэрээний үлдэгдэл төлбөрийг 40 920 ам доллар гэж  тодорхойлон хэргийн зохигч байгууллагуудын эрх бүхий захиралууд гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан байна.

 

Нэхэмжлэгч байгууллага нь Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-т зааснаар гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэсэн байхад мөн хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-т зааснаар хариуцагч байгууллага гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх үүргээ биелүүлээгүй болох нь дээрх баримтаар нотлогдож байна.

 

Тус шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн хариуцагчийг албадан ирүүлэх захирамжийн дагуу хариуцагч байгууллагын захирал Т.Баасанбатыг албадан ирүүлсэн байх бөгөөд тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс 2016 оны 5 дугаар сарын 31-ны өдөр гардан авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүрэгтэйгээ танилцаж, хариу тайлбараа 2016 оны 6 дугаар сарын 14-ны өдөр өгөх үүрэг хүлээсэн байна.

 

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Г.Хос-Эрдэнэ нэхэмжлэгч байгууллагын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дүнг зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд гаргасан байх боловч зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тодорхой тайлбарлаагүй байх бөгөөд энэ талаарх нотлох баримт ирүүлээгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  25 дугаар зүйлд хариуцагч тал шүүхэд хэргийн талаар  үнэн зөв тайлбар гаргах, нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох,  нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, шүүхийн дуудснаар хүрэлцэн ирэх үүрэгтэй гэж заасан байхад хариуцагч байууллагын төлөөлөгч энэхүү үүргийг биелүүлээгүй байна.

 

Нөгөө талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-т заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа дууссан байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч Эм Би Эй Эс ХХКомпаниас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 83 190 360 төгрөгийг, алдангийн 12 478 554 төгрөгийн хамт гаргуулан нэхэмжлэгч байууллагад олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Монгол банкны 2016 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн лавлагаанд 1 долларын ханшийг 2032 төгрөг 89 мөнгөтэй тэнцэж байгааг тодорхойлсноор нэхэмжлэгч байгууллага тооцож нэхэмжлэлийн дүнг гаргасан байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т заасан үндэслэлд нийцэж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-т заасныг баримтлан Эм Би Эй Эс ХХКомпаниас 95 668 914 /ерэн таван сая зургаан зуун жаран найман мянга есөн зуун арван дөрвөн/ төгрөгийг гаргуулан Монголын Цахилгаан Шат ХХКомпанид олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 636 300 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Эм Би Эй Эс ХХКомпаниас 636 300 /зургаан зуун гучин зургаан мянга гурван зуун/ төгрөгийг гаргуулан Монголын Цахилгаан Шат ХХКомпанид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар  гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  З.ДОРЖНАМЖИН