Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2024/00532

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 03 18 210/МА2024/00532

 

 

Г ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Т.Гандиймаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2024/00187 дугаар шийдвэртэй,

Г ХХК-ийн нэхэмжлэлтэй, Н ХХК-д холбогдох,

311 гутал, 3 ширхэг түрийвч, 3 ширхэг цүнхийг гаргуулах, боломжгүй тохиолдолд үнэ 91 651 974 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Г, хариуцагчийн төлөөлөгч Б.Н, хариуцагчийн өмгөөлөгч М.Э, Д.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Г ХХК-ийн ажилчид 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 11-ний өдөр шилжих шөнө Н ХХК-ийн Шангрилагийн 2 давхарт байрлах түрээсийн талбайд гал унтраах шугам байрлуулах үед хүйтэн усны хаалт хагарч ус алдсаны улмаас 1 давхарт байрлах Б ХХК-д хохирол учирсан. Улмаар Н ХХК нь норсон гэх 610 ширхэг барааны төлбөрийг Б ХХК-д төлж барааг болон шаардах эрхийг өөртөө шилжүүлэн аваад 311 гутал, 3 ширхэг түрийвч, 3 ширхэг цүнхний хохирлыг Г ХХК-аас нэхэмжилсэн.

1.2. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 184/ШШ2023/00000 дугаар шийдвэрээр гэм хорын хохиролд 91,651,974 төгрөгийг Г ХХК нь төлөхөөр шийдвэрлэсэн тул Н ХХК-аас норсон гэх 311 гутал, 3 ширхэг түрийвч, 3 ширхэг цүнхийг гаргуулна.

Учир нь шүүхийн шийдвэрт Б ХХК-ийн хувьд гэмтсэн барааг засан сайжруулж, өмнө байсан байдалд оруулж, зах зээлд худалдаалах боломжгүй нөхцөл байдлаас шалтгаалан хариуцагчид хүлээлгэн өгч, өөрт учирсан хохирлоо мөнгөн хэлбэрээр шаардсан нь хуульд нийцжээ гэж бичсэн нь манайд эдгээр барааг хүлээлгэн өгснөөр хохирлоо мөнгөн хэлбэрээр Н ХХК авах эрхтэй гэж дүгнэсэн.

1.3. Хариуцагч Н ХХК нь шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт өнөөдрийн байдлаар 311 гутал, 3 ширхэг түрийвч, 3 ширхэг цүнхийг Г ХХК-д өгөх боломжтойгоор манай байгууллагад хадгалдаг гэж мэдүүлсэн нь мөн барааг манайд өгөхийг зөвшөөрсөн гэж үзэх бөгөөд барааг манайд хүлээлгэж өгөхөөс удаа дараа татгалзаж, явуулсан албан тоотод хариу өгөхгүй байна.

Иймд хариуцагчаас 311 гутал, 3 ширхэг түрийвч, 3 ширхэг цүнхийг гаргуулах, боломжгүй тохиолдолд тэдгээрийн үнэ 91,651,974 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга:

2.1. Г ХХК нь ажил гүйцэтгэх явцдаа ус алдсан гэм бурууг Шангрила Улаанбаатар хотел ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн ус алдалттай холбоотой болсон үйл явдлын репорт, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын №02/5021 дугаартай албан бичиг, Монгол Улсын зөвлөх инженер Ц.Д, Б.Б нарын өдрийн дүгнэлт, Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн ус алдсан төлөв байдлын тухай дүгнэлт зэргээр тогтоогдсон. Натурал текстайл групп XXК, Б XXК нар бусдын өмнөөс хохирол барагдуулах болон шаардах эрх шилжүүлэх гэрээг байгуулж, нийт 180,000,000 төгрөгийг Б ХХК-д төлж, гэм буруутай этгээдээс хохирол нэхэмжлэх эрхийг өөртөө шилжүүлэн авсан бөгөөд маргааныг хэлэлцээд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 184/ШШ/2023/00000 дугаар шийдвэрээр хариуцагч ГХХК-аас 91,651,974 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн.

2.2. Манай компани усанд норж гэмтсэн бараа бүтээгдэхүүнийг хүлээн авсан боловч ихэнх хэсэг нь норж халтайсан, гэмтсэн, гаднаа ил гэмтэлгүй боловч өмсөхөд салах, өнгө нь өөрчлөгдөх зэргээр чанарын доголдолтой бараа бүтээгдэхүүн болсон байсныг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон. Хэргийг шийдвэрлэсний дараа Б ХХК-аас Cole Haan брэндийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөх доголдолтой барааг гуравдагч этгээдэд худалдахгүй байх, зааварчилгааны дагуу устгал хийхийг шаардсан албан бичиг, мөн Б ХХК-ийн Нидерланд улсын Амстердам хотод байрлах Cole Haan international BV-тэй байгуулсан Дистрибьютер ба барааны тэмдгийн лицензийн гэрээнд гажиг гэмтэл оруулсан бүтээгдэхүүнийг зарахгүй байх, барааны дээрх ямар нэгэн хэв, гажилт, зурагдсан бүх бүтээгдэхүүнийг устгана гэж заасан. Түүнчлэн, Cole Haan компаниас 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр албан бичгээр ...та бүхнийг гэмтэлтэй барааг худалдахыг хориглосон, энэ нь манай брэндийн нэр хүндийг унагаж буй үйлдэл тул гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэх болно гэх шаардлагыг ирүүлсэн. Иймд манай компани ажлын хэсэг томилоод 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймаг дахь Эрдэнэт хивсний үйлдвэрт байрлах хашаанд 311 гутал, 3 ширхэг түрийвч, 3 ширхэг цүнхийг шатааж устгасан.

2.3. Б ХХК-д ус алдалтын улмаас нийт 286,465,170 төгрөгийн хохирол учирснаас Хаан даатгал ХХК нь 49,000,000 төгрөг, манай компани 180,000,000 төгрөгийн хохирлыг төлж өгсөн. Харин үлдсэн 60 орчим сая төгрөгийн хохирол барагдаагүй үлдсэн бөгөөд нэхэмжлэгч нь их хэмжээний хохирлыг өөрсдийн ажилтнуудын ажлын хариуцлагагүй үйлдлээс үүдэн бусдад учруулсан атлаа шүүхийн шийдвэрийн дагуу төлсөн хохирлын төлбөртөө тооцож гэмтсэн бараа бүтээгдэхүүнийг буцаан шаардаж, бусдад худалдан борлуулах гэж байгаа нь олон улсын гэрээ конвенцид нийцэхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н ХХК-иас 311 ширхэг гутал, 3 ширхэг түрийвч, 3 ширхэг цүнх, боломжгүй тохиолдолд тэдгээрийн үнэ 91,651,974 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 616,210 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүхийн шийдвэрт ...нэхэмжлэгч нь гэм хор учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан тохиолдолд дээрх гэмтсэн барааг шаардах эрхтэй... гэж дүгнэсэн атлаа уг бараа ямар төрлийн хэдэн төгрөгөөр үнэлэгдсэн талаар баримт ирүүлээгүй учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болголоо гэжээ. Гэтэл Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр гэм хор учирсан 610 бараа тус бүрийн үнэ, үнийн бууралтыг тусгасан. Үүнээс хариуцагч 192 ширхэг барааг борлуулсан гэж шүүхэд мэдүүлсэн хэдий ч ямар барааг борлуулсан, нэхэмжлэгчид шилжүүлэх ёстой байсныг хариуцагчаас тодруулах бүрэн боломжтой байсныг тодруулахгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Нөгөөтэйгүүр хариуцагчаас өнөөдрийн байдлаар 311 гутал, 3 ширхэг түрийвч, 3 ширхэг цүнхийг Г ХХК-д өгөх боломжтойгоор хадгалж байгаа гэж тайлбарласан. Мөн шүүхээс гэмтсэн бараа бүтээгдэхүүнийг Г ХХК-д хүлээлгэн өгч хохирлоо мөнгөн хэлбэрээр шаардах нь хуульд нийцнэ гэж үндэслэх хэсэгтээ дүгнэж дээрх барааны нийт хохиролд 91,651,974 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн шийдвэртэй зөрчилдсөн шийдвэр гаргасан гэж үзэж байна.

4.2. Хариуцагч нэхэмжлэлийн хувийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор тайлбараа шүүхэд ирүүлээгүй нь хуульд зааснаар нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөнд тооцдог. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдол гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга:

5.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь өөрийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжих бөгөөд нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэх, хариуцагч, түүний өмгөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах, түүнийхээ үндэслэлийг нотлох үүргийг хүлээдэг. Мэтгэлцэх ажиллагаа хэрэгжихэд өөрийн шаардлага, татгалзлаа нотлохдоо нотлох баримтаа гаргасан байх, тухайн нотлох баримт нь хэрэгт ач холбогдолтой, хамааралтай байх, хуульд заасан арга, хэлбэрээр бэхжигдсэн байх ёстойгоос гадна өөрөө олж авах боломжгүй бол хүсэлт гаргаж шүүхээр бүрдүүлэх хуулийн зохицуулалттай. Гэтэл нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь өөрсдийн хуулиар хүлээсэн нотлох үүргийг шүүх өмнөөс нь хэрэгжүүлэх ёстой байсан гэж үндэслэлгүй гомдлыг гаргажээ.

5.2. Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 184/ШШ2023/00000 дугаартай шийдвэрээр гэм хор учруулагч Г ХХК-аас гэм хорын хохиролд 91,651,974 төгрөгийг гаргуулж Н ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр хэрэгжсэний дараа Г ХХК нь хохиролд төлсөн төлбөрөө буцаан гаргуулахаар шаардах нь Н ХХК-д учирсан гэм хорын хохирол арилаагүй үр дагаврыг бий болгож шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох, хэрэгжүүлэхгүй байх үр дагавар үүсгэхийг шүүхээс шаардаж буйтай ижил юм. Б ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 14 дугаартай албан шаардлага, 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 26 дугаартай албан шаардлагаар Н ХХК-д хандаж гэмтэлтэй бүтээгдэхүүнийг устгахгүй байх нь тэдгээр гэмтэлтэй бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлэгдэх, брэндийн нэр хүнд унах, гэж үзэж, зааврын дагуу устгал хийхийг шаардсан.

Улмаар Дистибьютер ба барааны тэмдгийн лицензийн гэрээний үүргийн зөрчил үүснэ. Үйлдвэрлэгч Cole Haan брэнд, Монгол Улс дахь дистрибьютер Б ХХК-иудаас тавьсан дээрх шаардлагуудын дагуу 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Н ХХК-д хадгалагдаж байсан 311 гутал, 3 ширхэг түрийвч, 3 ширхэг цүнхийг устгалд оруулсан ба комиссын тайлан, фото зураг зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргасан. Эдгээр нотлох баримтуудтай нэхэмжлэгч тал танилцсан атлаа тэдгээр нотлох баримтыг татгалзсан, үгүйсгэсэн ямар ч тайлбар, нотлох баримт гаргаж өгөөгүй, шүүхээс нотлох баримт цуглуулах талаар хүсэлт гаргаагүй. Түүнчлэн Cole Haan брэндийн хувьд гэмтэлтэй ямар ч бүтээгдэхүүнийг зах зээлд гаргахыг хориглодог талаар өмнө хянан шийдвэрлэгдсэн шүүхийн шийдвэрт тодорхой дүгнэгдсэн тул ГХХК нь эдгээр үйл баримтыг бүрэн мэдэж, зөвшөөрсөн гэж ойлгож байна.

5.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заасан. Хуулийн дээрх заалт нь хариуцагч хуулийн хугацаанд, түүнчлэн шүүх хуралдаанд ч хүрэлцэн ирж тайлбар өгөөгүй тохиолдлыг зохицуулдаг бөгөөд хариуцагчийн хувьд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг татгалзах хэргийн оролцогчийн хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлж, шүүх хуралдаанд мэтгэлцэж оролцсон тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй.

Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч Н ХХК-д холбогдуулан 311 гутал, 3 ширхэг түрийвч, 3 ширхэг цүнхийг гаргуулах, боломжгүй тохиолдолд үнэ болох 91,651,974 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Н ХХК нь Г ХХК-тай 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээгээр ажил гүйцэтгэгч нь Шангри-Ла молл худалдааны төвийн 2 дугаар давхарт байрлах, 000 тоот тасагт талбайн инженерийн ажлыг угсарч суурилуулах ажлыг 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор хийж гүйцэтгэх, ажил гүйцэтгүүлэгч нь хөлс төлөх үүргийг харилцан хүлээсэн байна. /хх-ийн 53-54/

 

3.1. Дээрх 211В тоотод Г ХХК-ийн ажилтнууд шугам хоолойн угсралтын ажлыг хийх явцад 2020 оны 11 дүгээр сарын 10-аас 11-ний өдөр шилжих шөнө буюу 03:40 цагт хөргөлтийн системд гэмтэл гарч ус алдсаны улмаас тус төвийн 1 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулж байсан Б ХХК-ийн эд хөрөнгөд хохирол учирсан.

 

3.2. Н ХХК нь ажил үүрэг бусдаар гүйцэтгүүлж байхдаа ус алдсаны улмаас Б ХХК-ийн худалдан борлуулж байсан 286,465,170 төгрөгийн үнэ бүхий 610 ширхэг бараа гэмтсэний хохиролд 180,000,000 төгрөгийг тус компанид нөхөн төлөхөөр тохиролцож, норж гэмтсэн барааг авч улмаар 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Бусдын өмнөөс хохирол барагдуулах тухай болон Шаардах эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулж, хохирол шаардах эрхийг гэрээгээр шилжүүлэн авсан. /хх-ийн 72-80/

 

3.3. Үүний дараа энэ хэргийн хариуцагч Н ХХК нь нэхэмжлэгч Г ХХК-д холбогдуулан гэм хорын хохирол 159,800,639 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 184/ШШ2023/00398 дугаар шийдвэрээр хариуцагч Г ХХК-аас 91,651,974 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н ХХК-д олгож шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ. /хх-ийн 9-14/

 

3.4. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр төлбөр төлөгч төлбөрөө бүрэн төлсөн  үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон байна. /хх-ийн 29-33/

 

4. Нэхэмжлэгч нь хариуцагчид гэм хорын хохиролыг мөнгөн хэлбэрээр төлсөн тул шүүхийн шийдвэрийн дагуу усанд норсон 311 ширхэг гутал, 3 ширхэг түрүүвч, 3 ширхэг цүнхийг гаргуулах, боломжгүй тохиолдолд тэдгээрийн үнэ болох 91,651,974 төгрөгийг гаргуулна гэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

 

4.1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 184/ШШ2023/398 дугаар шийдвэрийн үндэслэх хэсгийн 3.5-д ...Б ХХК-ийн хувьд ус нэвтэрч, өнгө үзэмжийн хувьд гэмтсэн бараа бүтээгдэхүүнийг засаж сайжруулах байдлаар зах зээлд худалдаалах, цаашлаад сэргээн засварлуулж өмнө байсан байдалд нь оруулах боломжгүй нөхцөл байдлаас шалтгаалан гэмтсэн бараа бүтээгдэхүүнийг хариуцагчид хүлээлгэн өгч, өөрт учирсан хохирлоо мөнгөн хэлбэрээр шаардсан нь хуульд нийцжээ гэж дүгнэсэн нь нэхэмжлэгчид усанд норсон бараа бүтээгдэхүүн буюу түүний үнийг буцаан шаардах эрхийг үүсгэхгүй.

 

4.2. Учир нь, Cole Haan International B.V болон Б ХХК-ийн хооронд 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан дистрибьютер ба барааны тэмдгийн лиценцийн гэрээний 5-ын с-д барааны тэмдэг зураас, тэмдэглэгээг оруулаад, гэхдээ үүгээр хязгаарлагдахгүйгээр гажиг гэмтэл агуулсан аливаа бүтээгдэхүүнийг устгана. Дистрибьютер нь өөрийн харьяа байгууллага болон дэд лиценз эзэмшигч бүрийг энэхүү үүргээ биелүүлэхийг хариуцах бөгөөд дистрибьютер нь харилцаж буй бусад хүмүүс энэ үүргээ биелүүлэхийг шаардана гэж тохиролцжээ. /хх 63-71/

 

4.3. Ийнхүү гэрээгээр тохиролцсоны дагуу Б ХХК нь Н ХХК-д 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр, 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр тус тус усанд норж зах зээлд худалдах боломжгүй болсон бараа бүтээгдэхүүнийг зах зээлд худалдахыг Cole Haan брендээс хориглодог бөгөөд Cole Haan International B.V нь дээрх бараа бүтээгдэхүүнийг 7 хоногийн дотор устгаж баталгаажуулан ирүүлэхийг шаардсан байна. /хх 87-88/

 

4.4. Үүнтэй холбоотойгоор Н ХХК нь маргааны зүйл болох усанд норсон 311 ширхэг гутал, 3 ширхэг түрүүвч, 3 ширхэг цүнхийг 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр комисс томилж устгалд оруулж устгасан талаар тайлан бичиж фото зургаар баталгаажуулжээ. /хх 90-97/

 

4.5. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг гэм хор учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан тохиолдолд дээрх усанд норж гэмтсэн барааг хариуцагаас шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болохыг дараах байдлаар залруулан дүгнэнэ.

 

4.6. Хэргийн баримтаар Г ХХК-д Н ХХК-ийн устгасан 311 ширхэг гутал, 3 ширхэг түрүүвч, 3 ширхэг цүнхний үнэ болох 91,651,974 төгрөгийг гаргуулах шалтгаант холбоо тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэм хорын хохирол шаардах эрхгүй.

 

4.7. Түүнчлэн, нэхэмжлэгч Г ХХК нь өөрийн гэм буруутай үйлдлийн улмаас хариуцагч Н ХХК-д хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр учирсан хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар мөнгөөр нөхөн төлөх хариуцлагыг хүлээсэн. Уг хариуцлагыг эд хөрөнгөөр Н ХХК-аас буцаан шаардах эрхийг дээрх шийдвэрээр олгохгүй.

 

4.8. Нөгөө талаар Н ХХК нь усанд норж гэмтсэн 311 ширхэг гутал, 3 ширхэг түрүүвч, 3 ширхэг цүнхийг устгасан тул бусдын хөрөнгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул Г ХХК нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхгүй.

 

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ...хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар болон өмнөх шүүхийн шийдвэртэй зөрчилдсөн шийдвэр гаргасан гэх гомдлыг хангахгүй.

 

5. Хариуцагч нь нэхэмжлэлийн хувийг 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр гардаж авсан бөгөөд тэрээр хариу тайлбараа шүүхэд 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гаргасан байна. Иймд хариуцагч нь хариу тайлбараа хуулийн хугацаанд гараагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт заасан үндэслэлд хамаарахгүй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2024/00187 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 616,210 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ