Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 128/2019/0050/З |
Дугаар | 221/МА2019/0587 |
Огноо | 2019-11-12 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 221/МА2019/0587
“Тб” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ё, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Н, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.Ц нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2019/0557 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор, “Тб” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2019/0557 дугаар шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3, 23.3.3, 27 дугаар зүйлийн 27.1-д заасныг баримтлан “Мэдээллийн сангаас кадастрын нэгж талбар устгасан Нийслэлийн газрын албаны үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн газрын албаны 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 01-06/6036 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах, Газар эзэмших эрх олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг хариуцагч Нийслэлийн Засаг даргад даалгах” “Тб” ХХК-ийн захирал Л.И-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.М давж заалдах гомдолдоо: “...Мэдээллийн сангаас кадастрын нэгж талбар устгасан Нийслэлийн газрын албаны үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд: нэхэмжлэгчийн зүгээс кадастрын нэгж талбар устгасан үйлдэлтэй холбогдуулан маргаж байхад шүүх анх уг нэгж талбарын олголт нь хуульд нийцээгүй гэж тайлбарлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “… тухайн үед хуулийн этгээд үйл ажиллагаа явуулж байсан л бол төслийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байсан дээрх ажлын хүрээнд газар нь автоматаар мэдээллийн санд бүртгэгддэг байсныг хууль зүйн дагуу бүртгэл хийгдсэн гэж үзэхгүй” гэсэн тайлбарт уг нэгж талбарыг устгасан нь хуульд нийцсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн зүгээс кадастрын нэгж талбар устгасан хариуцагчийн үйлдлийг илт хууль бус байсан талаар маргасан байхад шүүх мэдээллийн санд бүртгэсэн үйлдэл нь хууль бус байсан талаар дүгнэлт хийсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасныг зөрчсөн. Хавтаст хэрэгт авагдсан Сүхбаатар дүүргийн газрын албаны 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 122 тоот албан бичгээр “18643312317096 нэгж талбар нь 2004 оны Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар хийгдсэн кадастрын зургийг хүлээлгэж өгөхөд Ж овогтой Я-ийн нэр дээр бүртгэгдсэн байна. Иймд уг нэгж талбарыг мэдээллийн сангаас устгаж өгнө үү гээд “Э б” ХХК-ийн албан тоотыг хавсаргав гэсэн. Харин “Э б” ХХК-ийн 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 тоот албан бичигт “ … Манай компанийн өмч болох Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн агуулахын доорх газрыг Л Ж Я гэгчийн эзэмшилд бүртгэн кадастрын мэдээллийн санд оруулсан байгаа … хууль зөрчин Л Ж Я гэгчийн нэр дээр баталгаажуулсан кадастрын зургийг кадастрын мэдээллийн сангаас хасч компанийн зөрчигдсөн эрхийг сэргээн, компанийн үйл ажиллагаа хэвийн тогтвортой явагдах боломжоор хангаж өгнө үү …” гэсэн байна. Өөрөөр хэлбэл гуравдагч этгээд “Э б” ХХК нь уг кадастрын бүртгэгдсэн маргаан бүхий газрыг өөрсдийн эзэмшлийн, өмчлөлийн газар гэж үзэж, өөрсдийн эзэмшлийн газрыг өөр бусад хятад иргэний нэр дээр буруу бүртгэсэн гэж тайлбарлаад уг бүртгэлийг устгуулах хүсэлтийг Сүхбаатар дүүргийн газрын албанд гаргажээ. Гэтэл маргаан бүхий газар нь “Э б” ХХК-ийн өмч хувьчлалаар авсан эзэмшил газартай давхацдаггүй, үл хөдлөх хөрөнгийн агуулахын газарт хамааралгүй болох нь Геодези зураг зүйн газрын 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 03/743 албан бичгийн хавсралтаар, 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 3/487 тоот албан бичгийн хавсралтаас тодорхой харагддаг. “Э б” ХХК-ийн албан бичигт дурдсан агуулахын газар нь маргаан бүхий байршилд биш, Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн ертөнцийн зүгээр зүүн талд байрладаг, хувьчлагдсан эд хөрөнгөд газрын эрх хамааралгүй байхад Нийслэлийн Газрын алба “Э б” ХХК-ийн үндэслэлгүй, хууль бус хүсэлтийн дагуу маргаан бүхий кадастрын нэгж талбарыг устгасан болох нь дээрх албан бичгүүдээр тогтоогдож байхад уг нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Түүнчлэн шүүхийн шийдвэрийн үндэслэлд “ … Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргын 2013 оны А/528 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Газрын кадастрын мэдээллийн санг хөтлөх, хяналт тавих журам”-ийн 4.1.1-д “Мэдээллийн сангийн зохих журмыг зөрчсөн, мөн алдаатай бүртгэгдсэн нэгж талбарыг тухайн бүртгэл асуудал хариуцсан нэгжээс ирүүлсэн хүсэлтийн дагуу мэдээллийн санд хяналт тавих ажлыг хэсгийн шийдвэрийг үндэслэн Газрын мэдээллийн технологийн хэлтэс зохих давхаргаас устгана” гэж заасны дагуу маргаан бүхий 24 м.кв газрын кадастрын нэгж талбарыг мэдээллийн сангаас устгасан хариуцагчийн шийдвэр хууль зөрчөөгүй” гэжээ. Гэтэл хавтаст хэрэгт мэдээллийн санд хяналт тавих “Ажлын хэсгийн шийдвэр” гэх нотлох баримт байхгүй, зөвхөн “Э б” ХХК-ийн хүсэлт болон Сүхбаатар дүүргийн Газрын албаны албан бичиг хавсаргасан байхад шүүх хавтаст хэрэгт авагдаагүй, байхгүй “Ажлын хэсгийн шийдвэр” гэх нотлох баримтад үндэслэж хариуцагчийн үйлдлийг зөвтгөж, шийдвэрээ гаргасанд гомдолтой. Мөн хариуцагч маргаан бүхий газрын нэгж талбарыг устгах хуульд заасан үндэслэл байгаагүйг анхааралдаа авахыг хүсье.
Нийслэлийн Газрын албаны 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 01-06/6036 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах тухайд: Нэхэмжлэгч “Тб” ХХК-иас 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Нийслэлийн Засаг даргад маргаан бүхий газар болох Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах газрыг эзэмшихээр шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэн хүсэлтээ гаргасан ба уг хүсэлтийн дагуу Нийслэлийн газрын албаны 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 01-06/6036 тоот албан бичгээр “ … Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн хурлаас Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасныг зөрчсөн, нийтийн эзэмшлийн, явган хүний зам хааж, зохих зөвшөөрөлгүйгээр дур мэдэн өргөтгөл барьсан тул боломжгүй… газраа чөлөөлөхийг үүгээр мэдэгдье” гэжээ. Нэхэмжлэгч маргаан бүхий газрыг эзэмших хүсэлтийг Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг даргад гаргасан бөгөөд хариуцагч Нийслэлийн Засаг дарга газар эзэмших эрх олгохгүй байх шийдвэрийнхээ үндэслэлийг Орон сууцны тухай хуулийн 15.1-ийг зөрчсөн, нийтийн эзэмшлийн газар, явган хүний замд хамаарч байгаа тул хүсэлт гаргасан объектын суурийн газрыг олгох боломжгүй хэмээн татгалзаад газар чөлөөлөх мэдэгдлийг татгалзсан шийдвэртэй хамт нэхэмжлэгчид ирүүлсэн. Гэтэл хариуцагчийн татгалзалд дурдсан Орон сууцны тухай хуулийн орон сууцны өргөтгөлд орохгүй, орон сууцны үндсэн бүтээцийг өөрчилж, өргөтгөж бариагүй, 1991 оноос хойш гутал засварын цэг байсан, орон сууцнаас тусдаа объект байсан талаар хүчин төгөлдөр Иргэний хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр магадлалд тодорхой тусгагдсан байгаа болно. Хариуцагч нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгохоос татгалзсан татгалзлаа нийтийн эзэмшил, явган хүний зам тул газар эзэмших эрх олгохоос татгалзсан шийдвэр гаргаж нэхэмжлэгчид ирүүлсэн. Шүүх энэхүү нөхцөл байдлыг тодруулж газрын үзлэг хийсэн, хариуцагчаас маргаан бүхий газар нь нийтийн эзэмшилд орж байгаа эсэх талаар нотлох баримтыг цуглуулсан, эдгээр нотлох баримтаар хариуцагчийн татгалзал болсон албан бичгээр зөвхөн … газар чөлөөлөх талаарх хэсэгт хэсэгчлэн дүгнэлт хийж, хариуцагчийн нэхэмжлэгчид газар олгохоос татгалзсан татгалзалд огт дүгнэлт хийгээгүй төдийгүй, орхигдуулсан нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зарчмыг ноцтой зөрчсөн.
Газар эзэмших эрх олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг хариуцагч Нийслэлийн Засаг даргад даалгах шаардлагын тухайд: Нэхэмжлэгчийн газар эзэмших хүсэлт нь Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Орон сууцны байшингийн үндсэн хийц, бүтээцийг анхны зураг төслөөс өөрчлөх, нэмэлт ачаалал өгч давхарлах, өргөтгөл хийхийг хориглоно” гэж заасныг зөрчөөгүй, бусдын эзэмшил газартай давхцалгүй, хавтаст хэрэгт авагдсан Сүхбаатар дүүргийн 4 дүгээр комбинатын ерөнхий инженерийн 1991 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн тодорхойлолтоор уг гутал засварын цэгийг уг газарт 1991 оноос хойш байсан, одоог хүртэл уг газрын суурь өөрчлөгдөөгүй, энэ талаар хэргийн оролцогчид маргадаггүй, нэхэмжлэгчийн хувьд уг газар дээр зохих ёсоор үйл ажиллагаа явуулж, газар ашигласны төлбөрөө ч төлж ирсэн, мөн уг газрыг нийтийн эзэмшлийн зам талбай болгосон албан ёсны шийдвэр гараагүй, явган хүний зам хаагаагүй, 2 машин чөлөөтэй зөрөх хэмжээний талбайтай байхад уг газрыг нийтийн эзэмшил гэсэн үндэслэлээр эзэмшүүлэхгүй байгаа хариуцагчийн үйлдэхүйг хууль бус гэж үзээгүйд гомдолтой байна. Мөн энэ шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгох үндэслэлдээ: Нэхэмжлэгчид 2013 онд маргаан бүхий газар дээр үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авсан хэдий ч түүний доорх газрыг эзэмших талаар 2018 оны 03 сар хүртэл эрх бүхий байгууллагад хандаж байгаагүй байна гэж дүгнээд энэ хугацаанд нэхэмжлэгчийг газар эзэмших хүсэлтээ эрх бүхий байгууллагад гаргаж байгаагүй хэмээн нэхэмжлэгчийг буруутгасан дүгнэлтийг хийжээ. Шүүх энэхүү дүгнэлтээрээ газар эзэмших хүсэлтийг хугацаатай болгон дүгнэж, Газрын тухай хууль тогтоомжийг ноцтой буруу тайлбарлан хэрэглэсэн. Газрын тухай хуульд иргэн, аж ахуйн нэг байгууллагын газар эзэмших хүсэлт нь бусдын эзэмшил газартай давхцалгүй байх шаардлага тавигддаг бөгөөд нэхэмжлэгчийг 2013-2018 он хүртэл газар эзэмших хүсэлтээ эрх бүхий байгууллагад гаргаж байгаагүй гэж шүүх дүгнэснээрээ иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг газар эзэмших хүсэлт нь хугацаатай байдаг мэтээр Газрын тухай хуульд байхгүй дүгнэлт хийж нэхэмжлэгчийг буруутгажээ. Учир нь маргаан бүхий газрыг гуравдагч этгээд эзэмшдэггүй, эзэмших талаар хүсэлт гаргаж байгаагүй, нийтийн эзэмшилд орохгүй, нэхэмжлэгч 2013 оноос өнөөдрийг хүртэл эзэмшиж ашиглаж байгаа, газрын төлбөр тооцоог төлсөөр ирсэн, урьд өмнө нь гутал засварын цэг ажиллаж байсан үйл баримтад талууд маргадаггүй байхад нэхэмжлэгчийн хүсэлт гаргасан газрыг одоо өөр хүн эзэмшилдээ байлгадаг, өөр этгээдэд газар эзэмших эрх олгогдсон мэтээр нэхэмжлэгчийг 2013 оноос хойш хүсэлт гаргаж байгаагүй гэж буруутгасан нь ойлгомжгүй юм. Мөн нэхэмжлэгч хариуцагчийн газар эзэмшүүлэхээс татгалзсан татгалзал нь хууль бус байсан талаар нэхэмжлэлдээ бичиж тайлбарласаар байтал зохих хариу өгч байсан нь эс үйлдэхүй биш хэмээн дүгнэж хариуцагчийн татгалзал нь хуульд нийцсэн эсэхэд огт дүгнэлт хийгээгүйд гомдолтой. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 557 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д ““кадастр” гэж газар ... тэдгээрийн эзэмшил, ашиглалт, өмчлөлийн эрхийг баталгаажуулах цогц үйл ажиллагааг”, 3.1.4-д “”нэгж талбар” (парсель) гэж хилээр хязгаарлагдсан, ашиглалтын зориулалт адил, эзэмшигч, ашиглагч, өмчлөгч нь нэг, оноосон дугаартай, кадастрт тусгавал зохих эдлэн газар, объект буюу түүний хэсгийг”, 3.1.14-д ““газрын улсын бүртгэл” гэж тодорхой хил заагаар бусад газраас тусгаарлагдсан аж ахуйн нэгж, байгууллага, иргэний эдлэн газрыг эзэмших, ашиглах эрх, түүний шилжилтийг бүртгэж, баталгаажуулах үйл ажиллагааг” гэж тус тус заажээ.
Үүнээс үзвэл, нийслэлийн газрын мэдээллийн санд иргэн, аж ахуйн нэгж байгууллагын нэр дээр кадастрын зураг бүртгэгдэх үндэслэл нь тухайн газрыг эзэмших, ашиглах эрх нь хуульд зааснаар баталгаажсан байх явдал бөгөөд газрын мэдээллийн санг хөтлөх үйл ажиллагааг мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д зааснаар Нийслэлийн газрын алба хөтлөн явуулах эрхтэй байна.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, Нийслэлийн Газрын албаны мэдээллийн сангийн 2006 оны 09 дүгээр сарын зурган мэдээлэлд маргаан бүхий газрыг эзэмших, ашиглах эрхгүй этгээд болох БНХАУ-ын иргэн Ж овогт Я-ийн нэр дээр нэгж талбарын 18643312317096 дугаараар бүртгэгдсэн, дээрх хуульд заасны дагуу уг бүртгэл хууль ёсны дагуу хийгдээгүй болох нь тогтоогдсон байх тул маргаан бүхий газрын нэгж талбарыг мэдээллийн сангаас устгасан хариуцагчийн үйлдэл Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан илт хууль бус шинжийг агуулаагүй байх төдийгүй үүний улмаас нэхэмжлэгчийн хууль ёсоор газар эзэмших, ашиглах, мэдээллийн сангаар үйлчлүүлэх эрх зөрчигдөөгүй, энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийн уг шаардлагыг шийдвэрлэхдээ шийдвэрийн тогтоох хэсэгт Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлаагүй алдааг гаргасан байна.
Түүнчлэн анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн “Нийслэлийн газрын албаны 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 01-06/6036 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах, газар эзэмших эрх олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг хариуцагч Нийслэлийн Засаг даргад даалгах” шаардлагад бүрэн гүйцэд дүгнэлт өгөөгүй, ямар хууль зүйн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болохоо тодорхой тайлбарлаагүй байна.
Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д зааснаар “эс үйлдэхүй” гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно.
Нэхэмжлэгч “Тб” ХХК нь маргаан бүхий газрыг эзэмших хүсэлтийг Нийслэлийн Засаг даргад гаргасан, хариуцагч нийслэлийн Засаг даргаас тухайн газар нь нийтийн эзэмшлийн зам, талбайд хамаарна гэж үзээд нэхэмжлэгчид газар эзэмшүүлэх боломжгүй гэсэн хариуг Нийслэлийн газрын албаны 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 01-06/6036 дугаартай албан бичгээр “...нийтийн эзэмшлийн явган хүний зам, талбайг хааж өргөтгөл барьсан байх тул боломжгүй “эс зөвшөөрсөн” тухай дүгнэлт гаргасан, ...газрыг чөлөөлөх” гэж хүргүүлсэн, үүгээр нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэсэн байхад нэхэмжлэгчээс “...хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргасан” гэж маргасан нь үндэслэлгүй.
Иймд хариуцагч нийслэлийн Засаг даргыг нэхэмжлэгчийн газар эзэмших хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргасан гэж үзэхгүй, харин Нийслэлийн газрын албаны 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 01-06/6036 дугаартай албан бичгийн тухайд, маргаан бүхий газар нь Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-д заасан хот, тосгон, бусад суурины гудамж, зам, талбай бүхий нийтийн эдэлбэр газарт хамаарч байгаа нь шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байх тул нэхэмжлэгчид нийтийн эдэлбэр газрыг эзэмшүүлэх боломжгүй гэж үзсэн дээрх татгалзсан шийдвэр Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д “нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан ... нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу ... газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ”, 31 дүгээр зүйлийн 31.2-т “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна” гэж заасантай нийцсэн, мөн Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.2-д зааснаар нийтийн эдэлбэр газрыг нийтээр ашиглах тул иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлэх боломжгүй.
Ийнхүү нэхэмжлэгчид маргаан бүхий газрыг эзэмшүүлэхээс татгалзсан шийдвэр хуульд нийцэж байх тул шүүхээс газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг хариуцагч Нийслэлийн Засаг даргад даалгах үндэслэлгүй.
Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.5-д зааснаар Нийслэлийн газрын алба нь нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд хийгдэх газар зохион байгуулалтын ажлыг зохион байгуулах эрхтэй.
Нэгэнт дээрх байдлаар маргаан бүхий газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлэх, ашиглуулах ямар нэг шийдвэр байхгүй, тэрээр хуульд заасны дагуу гэрээ, гэрчилгээний үндсэн дээр тухайн газрыг эзэмшээгүй энэ тохиолдолд Нийслэлийн газрын албанаас газрын эзэмшил, ашиглалт хуульд нийцэж байгаа эсэхэд хяналт тавих эрхийнхээ хүрээнд нийтийн эдэлбэр газрыг зохих зөвшөөрөлгүйгээр ашиглаж байгаа зөрчлийг арилгуулахаар нэхэмжлэгчид мэдэгдэл өгснийг буруутгах үндэслэлгүй төдийгүй Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасны дагуу эрх бүхий этгээдийн зохих шийдвэр, захирамж, зөвшөөрөлгүйгээр эзэмшиж буй газрыг чөлөөлүүлэх шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн хууль ёсоор газар эзэмших, ашиглах эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдэл зөв байх боловч шийдвэрийн тогтоох хэсэгт хэрэглэвэл зохих хуулийг баримтлаагүй байх тул зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2019/0557 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын хуулийн зүйл, заалт баримталсан хэсгийг “Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.2, 23 дугаар зүйлийн 23.3.3, 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 31 дүгээр зүйлийн 31.2, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан” гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээн нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.М-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН