Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хөхийсүрэнгийн Батсүрэн |
Хэргийн индекс | 125/2017/0001/З |
Дугаар | 001/ХТ2018/0208 |
Огноо | 2018-05-02 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 001/ХТ2018/0208
Б.Б-ийн нэхэмжлэлтэй,
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Л.Атарцэцэг
Шүүгчид: Г.Банзрагч
Б.Мөнхтуяа
Ч.Тунгалаг
Илтгэгч шүүгч: Х.Батсүрэн
Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох
Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/50 дугаар тушаалын хоёр дахь заалт буюу Б.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн мэргэжилтнээр ажилд томилох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэхийг даалгах”
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 42 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2018/0137 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батсүх,
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Баднайсүрэн нарыг оролцуулж,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 42 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.6, 40 дүгээр зүйлийн 40.2.3, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/50 дугаар тушаалын 2 дахь хэсэг буюу Б.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Б.Б-г Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэст мэргэжилтнээр томилох, ажилгүй байсан 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх хугацааны цалинг нөхөн гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасан байна.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2018/0137 дугаар магадлалаар: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 42 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6” гэж нэмж, “Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2” гэснийг хасч, “2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/30 дугаар тушаалын 2 дахь хэсэг буюу Б.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Б.Б-г Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэст мэргэжилтнээр томилох” гэснийг “2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/30 дугаар тушаалын 2 дахь хэсэг буюу Б.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Б.Б-г Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэст мэргэжилтнээр томилж” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхижээ.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. Хариуцагч Ховд аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат би Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2-т заасан эрхийнхээ дагуу Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 42 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27- ны өдрийн 221/МА2018/0137 дугаар магадлал зэргийг эс зөвшөөрч “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд:
4. Давж заалдах шатны шүүхийн магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтаар нэхэмжлэгч Б.Бурмааг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэст мэргэжилтнээр томилж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 107 дугаар зүйлийн 107.5-т заасныг зөрчиж байна. Учир нь давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Б.Бурмааг Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэст ямар бодлогын асуудал хариуцсан мэргэжилтнээр томилохыг даалгасан нь тодорхой бус, бодит байдалд хариуцагч уг заалтыг хэрхэн, яаж биелүүлэх нь ойлгомжгүй байна.
5. Тодруулбал хариуцагч Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт, шинжилгээ-үнэлгээ, дотоод аудитын хэлтэс нь батлагдсан орон тоо, цалингийн сангаар хэлтсийн дарга Д.С, Хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Б.Г, Тогтоол, шийдвэр, хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Ц.О гэсэн 3 орон тоотой ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл уг хэлтэст ажиллаж буй мэргэжилтэн Б.Гантөмөр, Ц.О нарын хариуцан гүйцэтгэх ажил, үүргээс хамаарч ажлын байрны нэр нь өөр өөр байгааг давж заалдах шатны шүүх анхаарсангүй.
6. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын ажлын алба нь Тамгын газар байх”-аар тусгажээ. Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг Засгийн газраас тогтоох бөгөөд аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар нь хэлтэс, тасагтай байхаар мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т заажээ.
7. Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 9 дүгээр тогтоолоор аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг 41 орон тоотой байхаар тогтоосон. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Тамгын газрын дарга ... Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан Тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлнө” гэжээ. Хуулийн дээрх заалтын дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А/50 дугаар тушаалаар Засаг даргын ажлын албаны бүтэц, орон тоог тогтоосон.
8. Шинэчлэн тогтоосон бүтцээр нэхэмжлэгч Б.Б-ийн эрхэлж байсан албан тушаалын орон тоо, эрхэлж байсан ажлын чиг үүрэг нь Орон нутгийн өмчийн газарт шилжсэн байгааг давж заалдах шатны шүүх анхаарч үзэлгүйгээр ямар ажил үүрэг гүйцэтгэх нь тодорхой бус, тодорхой нэршилгүй ажлын байранд томилсныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэж байна.
9. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 9 дүгээр тогтоол гарган ажлын албаныхаа бүтцэд багтдаг орон нутгийн өмчийн албаа татан буулгаж, албан хаагчдыг нь орон нутгийн өмчийн газрын мэдэлд шилжүүлсэн.
10. Аймгийн Засаг даргын тамгын газар ч өмчийн асуудал хариуцсан мэргэжилтнээ ажлын байраар хангуулахаар Орон нутгийн өмчийн газарт шилжүүлсэн нь нэхэмжлэгч Б.Б-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй болох нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 221/МА2017/0150 дугаар магадлалын хянавал хэсэгт хийсэн дүгнэлтээр батлагдана. Ийм байхад давж заалдах шатны шүүх урьд гаргасан магадлалд дурдсан дүгнэлтээ үгүйсгэж, нэг маргаантай асуудлаар харилцан эсрэг дүгнэлт хийсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т заасныг зөрчиж байна.
11. Нэхэмжлэгч Б.Б-г өмчийн мэргэжилтний ажлын байраар хангуулахаар Орон нутгийн өмчийн газрын мэдэлд шилжүүлсэн аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэгт зааснаар эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт юм. Учир нь дээрх тушаал нь нэхэмжлэгч Б.Бурмаад үүрэг бий болгоогүй, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарлаагүй, харин ч чиг үүрэг нь шилжсэн Орон нутгийн өмчийн газарт ажлын байраар хангуулахыг төсвийн шууд захирагчид даалгасан.
12. Орон нутгийн өмчийн газрын дарга нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас шилжүүлсэн алба хаагчид болох Б.Т, Б.С нарыг өмчийн мэргэжилтнээр томилсон атлаа аймгийн Засаг даргын Тамгын газраас шилжүүлсэн Б.Б-г өмчийн мэргэжилтнээр томилохгүй орхигдуулж, сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргасан. Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэхгүйгээр давж заалдах шатны шүүх эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т заагаагүй үндэслэлээр хүчингүй болгосон.
13. Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/50 дугаар тушаалын 2 дахь заалт буюу Б.Бурмааг ажлын байраар хангуулахаар Орон нутгийн өмчийн газрын мэдэлд шилжүүлсэн эерэг нөлөөлөл бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны хөндөгдөөгүй болно.
14. Давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан Хяналт, шинжилгээ- үнэлгээ, дотоод аудитын хэлтэст байх нэр нь бичигдээгүй орон тоог Цэргийн штабт шилжүүлж, дайчилгааны офицероор Д.О-ийг авсан гэж үзэх боломжгүй, хариуцагч бүтэц батлахдаа нэхэмжлэгчийн ажлын байрны нэрийг орхигдуулсан тухай дүгнэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 107 дугаар зүйлийн 107.4-т заасантай нийцэхгүй байна. Учир нь аймгийн Засаг даргын Тамгын газар нь 41 орон тоонд багтааж, орон нутагт дайчилгааны бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй дайчилгааны офицерыг Цэргийн штабын бүтцэд багтааж, уг ажлын байранд Д.О-ийг 2016 оны 10 дугаар сард томилон ажиллуулсан.
15. Анхан, давж заалдах шатны шүүхүүд Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог нэг бүрчлэн шалгах, алба хаагчдын хувийн хэрэгт үзлэг хийж, тодруулаагүй атлаа хоосон хүснэгтэнд дурдсан орон тоог шуудхан л нэхэмжлэгчийн ажлын байрны орон тоог гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т заасныг зөрчиж байна.
16. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Б-ийн Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.
ХЯНАВАЛ:
17. Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.
18. Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/50 дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” 9 дүгээр тогтоол, аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн А/421 дүгээр захирамжийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх заалтыг үндэслэн Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын нэр бүхий албан хаагчдыг эрхэлж буй албан тушаалаас чөлөөлж, нэхэмжлэгч Б.Б-г аймгийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Орон нутгийн өмчийн газрын мэдэлд шилжүүлжээ.
19. Нэхэмжлэгчээс “...Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс байгуулагдан миний урьд эрхэлж байсан ажлын чиг үүрэг дээрх хэлтэст хэвээр хадгалагдан үлдсээр байтал албан тушаалын чиг үүрэг өөр байгууллагад шилжсэн гэж үзэн Орон нутгийн өмчийн газрын мэдэлд шилжүүлсэн нь үндэслэлгүй” гэж, хариуцагч “Б.Б-ийн эрхэлж байсан ажлын чиг үүрэг нь Орон нутгийн өмчийн газарт шилжсэн тул түүнийг ажлын байраар хангуулахаар ...Орон нутгийн өмчийн газрын мэдэлд шилжүүлсэн. ...Нэхэмжлэгчийн эрхэлж байсан ажлын байр нь орон тооны цомхтголоор хасагдсан тул түүний оронд ямар нэгэн хүн томилон ажиллуулаагүй” гэж маргажээ.
20. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” 9 дүгээр тогтоолоор нэхэмжлэгчийн ажиллаж байсан Хяналт шинжилгээ үнэлгээний тасаг нь Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс болж өргөжин ажлын байр хэвээр хадгалагдаж үлдсэн гэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.
21. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт маргаан бүхий захиргааны актын огноог буруу бичсэн, тухайн маргаанд хамааралгүй хуулийн заалт баримталсныг зөвтгөж өөрчилсөн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т заасантай нийцсэн байна.
22. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын журмаар гаргасан гомдолдоо давж заалдах шатны шүүхэд бичсэн гомдлоо давтах байдлаар үйл баримтыг дурдсан, гомдол тус бүрд давж шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул хяналтын шатны шүүх хуралдаанаас дахин хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй юм.
23. Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “хариуцагчийг жинхэнэ хариуцагчаар сольж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх тухай” хүсэлт гаргаж, уг хүсэлтийг хариуцагчийн итгэмжилсэн төлөөлөгчид гардуулж, хариу тайлбар авсны дараа хэргийг шийдвэрлэсэн байна. Хэдийгээр анхан шатны шүүх хариуцагчийг сольсон захирамжийг гаргаагүй орхигдуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаа боловч энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлж, түүнийг хүчингүй болгох үндэслэл болохгүй тул “хариуцагч сольсон захирамж гаргаагүй” гэх гомдлыг хангахгүй орхив.
24. Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2018/0137 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ
ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН