Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 311

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Будхүүг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “5” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: М.О

Хариуцагч: Ч дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс

Гуравдагч этгээд: А.О, “Т” ББСБ

Нэхэмжлэлийн шаардлага: “Ч дүүргийн Улсын бүртгэлийн газраас иргэн А.От олгогдсон эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, өмчлөх эрхээ сэргээлгэх” 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.О, түүний өмгөөлөгч М.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, гуравдагч этгээд “Т” ББСБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, гуравдагч этгээд А.О, түүний өмгөөлөгч  Н.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэг. Нэхэмжлэгч  М.О шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...М.О миний бие Ч дүүргийн - дүгээр хороо, Б-Т, 00 дугаар байрны ** тоот 1 өрөө байрыг 1999 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн хууль ёсоор өмчилж ирсэн. 1999 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс С улс руу ажиллаж, амьдрахаар явсан. Тухайн үед миний байранд манай ээж болон М.О нар үлдсэн. Ээж маань 2006 онд харвалт өгөн С улсад эмчлүүлэхээр над дээр ирсэн. Ээжийг энд байх үеэр 2007 оны 03 дугаар сарын 07-ны өдөр ээжийн төрсөн дүү болох М.О нь хуурамч бичиг баримт бүрдүүлэн миний өмчлөлийн байрыг н.Ц гэх хүнд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн байсан. Миний бие нь 2015 оны 02 дугаар 23-ны өдөр С улсаас ирээд энэ талаар Ч дүүргийн Цагдаагийн хэлтэст өргөдөл гаргаж шалгуулсан.

М.Од үүсгэсэн эрүүгийн хэрэг нь 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн прокурорын тогтоол гарсан. Мөн М.О нь прокурорын тогтоол, шинжээчийн дүгнэлтээр хуурамч бичиг баримт үйлдсэн болох нь тогтоогдсон байдаг.

Иймд Ч дүүргийн Улсын бүртгэлийн газраас иргэн А.От олгогдсон эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож, уг гэрчилгээг миний нэр дээр болгон сэргээж өгнө үү” гэв. 

Хоёр. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Х 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хариуцагч болон гуравдагч этгээдүүдийн тайлбараас харахад захиргааны хэрэг биш гэж байна. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “улсын бүртгэл үнэн зөв байх”, 3.1.5-д “нотлох баримтад үндэслэн...” улсын бүртгэл явагдана гэж байна. М.Огийн байр анхнаасаа дээрх хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4.-т заасан зарчмыг зөрчиж бүртгэгдсэн. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлд эд хөрөнгө өмчлөх эрхийг хуурамч бичиг баримт бүрдүүлэн авсан нь тогтоогдвол Улсын бүртгэлийн байгууллагад холбогдох баримтын хамт хандана гэсэн зохицуулалт байгаа. Тэгэхээр эдгээр хуулиудыг зөрчиж анхнаасаа н.Ц болон дараа дараачийн хүмүүст шилжигдсэн байдаг. Ийм учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар захиргааны хэргийн шүүхээр хянан шийдвэрлэгдэх маргаан юм гэж үзэж байна.

Хөөн хэлэлцэх  хугацааны хувьд Иргэний хуульд ерөнхий хугацааг 10 жил гээд заасан байгаа учраас хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй. Мөн М.О бол 2015 оны 02 дугаар сард С улсаас ирснээсээ хойш өөрийн өмчлөх эрхээ зөрчигдсөнийг мэдсэн байдаг. 

Албан ёсны шүүхийн шийдвэр гараагүй байна гэдэг асуудал дээр бид өмчлөх эрхээ сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа. 

Өршөөлийн хуульд хэдийгээр хамрагдаж байгаа боловч өмчлөх эрх нь анхнаасаа Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийг зөрчиж бүртгэл хийгдсэн учраас захиргааны хэргийн шүүхээр хянан шийдвэрлэгдэх маргаан юм гэж үзэж байна. Тийм болохоор нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна” гэв.

Гурав. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Дээрх гэрээ, хэлцлүүд нь М.Огаас эхлээд олон удаа өөрчлөгдөн бүртгэгдсэн байдаг. Энэ өмчлөх эрхийг шилжүүлэхдээ Бүртгэлийн байгууллага нь Иргэний хууль болон Эд хөрөнгийн хөдлөх журамд нийцүүлэн өмчлөх эрхийг шилжүүлсэн учраас хууль зөрсөн бүртгэл гэж үзэхгүй байна. Нэхэмжлэгчийн дурдаад байгаа прокурорын тогтоол, шинжээчийн дүгнэлт гэх зүйлүүд нь нотлох баримтаар одоог хүртэл хэрэгт хавсрагдаагүй байдаг. Гуравдагч этгээд А.О, иргэн н.Б хоёрын хооронд хийгдсэн Бэлэглэлийн гэрээ нь өнөөдрийг хүртэл хүчинтэй хэвээр байгаа учраас А.Оын эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэж байна. 

Нэхэмжлэлийн шаардлага нь анх М.О нь хуурамч бичиг баримт үйлдэн н.Цад шилжүүлсэн бүртгэлийг хүчингүй болгуулах гэж байсан. Улсын бүртгэлийн байгууллага нь бичиг баримт хуурамч гэдгийг нь мэдэх боломж байхгүй учраас Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-д “Мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учирсан хохирлыг нөхөн төлнө”, 13.10-д “Гэрээ, хэлцэлд оролцогч талууд нотариатчаар гэрчлэгдээгүй аливаа гэрээ, хэлцэл, баримт бичгийн үнэн зөвийн баталгааг хангаж, түүнээс үүсэх хууль зүйн үр дагаврыг бүрэн хариуцна” гэж тус тус заасан байдаг. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Дөрөв. Гуравдагч этгээд “Т” ББСБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Бид хариуцагч талын тайлбар, үндэслэлийг дэмжин оролцож байна. Ер нь М.Огийн өмчлөх эрх зөрчигдсөн гэдэг асуудал нь мөрдөн байцаах болон хууль хяналтын байгууллагаас явуулсан үйл ажиллагаагаар тогтоогдсон гэж ойлгож байна. Прокурорын тогтоолоор хуурамч итгэмжлэл, хуурамч баримт бичиг бүрдүүлэх замаар М.Огийн өмчлөлийн эд хөрөнгийг бусдад шилжүүлсэн үйл явдал болжээ гэдгийг хууль хяналтын байгууллага тогтоосон. Гэхдээ Өршөөл үзүүлэх тухай хуулийг үндэслээд өршөөлд хамруулсан. Энэ удаагийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн нэг онцлог нь өршөөлд хамрагдаж байгаа этгээдүүд өөрсдийн тухайн үйлдэлдээ буруутгагдаж, сэжиглэгдэж яллагдаад байгаа гэмт хэрэгт гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрсний үндсэн дээр өршөөлд хамрагдаж байсан. М.О гэдэг хүн гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсний үндсэн дээр өршөөлд хамрагджээ. Эндээс ямар үр дагавар үүсэж байна вэ гэхээр Прокурорын байгууллага хэргийг хэрэгсэхгүй болгохдоо  буруутай этгээдээс иргэний журмаар нэхэмжилж болно гэж заажээ. Өнөөдөр та Улсын бүртгэлийн байгууллагыг захиргааны хэргийн шүүхэд өгөөд зогсож байх бус магадгүй дараа дараачийн мэдэх ёстой гээд байгаа өмчлөгчдийн эсрэг иргэний хэргийн шүүх дээр маргаан үүссэний дараа тэдгээр улсуудад өмчлөх эрх  үүссэн үйл ажиллагаа зөв байж уу, буруу байж уу гэдэг иргэний эрх зүйн маргааных нь хүрээнд хүчин төгөлдөр шийдвэр гарсны дараагаар эрхийн улсын бүртгэлийн байгууллагад хандахад бүртгэх, бүртгэхээс татгалзах эсэхээс хамаараад тэр үйл ажиллагаатай нь холбогдуулаад сая Улсын бүртгэлийн байгууллагыг захиргааны хэргийн шүүхэд өгөх ёстой байх. М.О нарын хүмүүсийн буруутай нь тогтоогдсон учраас улсын бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Та 1999-2015 онуудад харь улсад амьдарч байсан байж болно. Таны нэхэмжлэлд дурдсанаар таны ээж энэ байшинд амьдарч байсан гэж байна. Таны ээж 2006 онд эмчлүүлэх гээд явсан байна. Үүнээс хойших хугацаанд энэ байшинд хэн амьдарч байсан бэ? 2015 он хүртэл эзгүй байсан гэдэг нөхцөл байдал харагдахгүй байна. Өршөөл үзүүлэх тухай хуулийг яагаад би гэм буруугаа хүлээсэн гэдэг талаас нь яриад байна вэ гэхээр яг л ийм зүйлийг та нар бодож олоод яваад байгаа дүр зураг харагдаж байна. Ийм таамаглал дэвшүүлээд мэтгэлцэх эрх нь байдаг болохоор ингэж ярьж байгаа юм шүү. Хэн нэгнийг өмчлөгчөөр тогтоосон шүүхийн шийдвэр гараагүй байна. Улсын бүртгэлийн байгууллагад А.Оын бүртгэлийг хүчингүй болгох, таны бүртгэлийг бүртгэхээс татгалзсан нь зүй ёсны үйлдэл гэж үзэж байна. Тэгээд ч энэ асуудлаар захиргааны хэргийн шүүх дээр хэлэлцээд, шийдвэрлээд байх асуудал биш, нэхэмжлэл нь ямар нэгэн байдлаар хангагдах хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэл гарчээ гэж үзэж байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Тав. Гуравдагч этгээд А.О 2017 оны 04 дүгээр  сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...С улсад 2006-2010 онуудад шударгаар хөдөлмөрлөж олсон мөнгөөрөө энэ байрыг 2012.01.28-ны өдөр худалдаж авсан. Гэнэт М.О гэх хүн гарч ирээд миний хөрөнгийг авах, хуулиар баталгаажсан эрхийг хөндөж байгаад нь маш их гомдолтой байна. Өөрийн төрсөн ах дүү болох М.О гэх хүнээсээ өөрт учирсан хохирлоо нэхэмжилж аваасай гэж хүсэж байна. Ариун цагаан хөдөлмөрөөрөө худалдаж авсан юм шүү” гэв.

 Зургаа. Гуравдагч этгээд А.Оын өмгөөлөгч Н.Н 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасанчлан бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр иргэн А.О нь өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байна. Миний бие А.Оын хууль ёсны эрх ашгийг хамгаалах, эрх зүйн туслалцаа үзүүлэх зорилгоор дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Нэхэмжлэгч нь захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа иргэн н.Ц болон А.О нарын өмчлөлд бүртгэгдсэн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгож, өмчлөх эрхийг сэргээж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлага гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч А.Оын тухайд бол 2012 оны 01 сарын 28-ны өдөр Иргэний хуулийн 276 дугаар зүйлд зааснаар бэлэглэлийн гэрээг өөрийн төрсөн ээж н.Бтай байгуулан улмаар Иргэний хууль, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн дагуу өмчлөх эрхээ бүртгүүлж 2012 оны 02 сарын 16-ны өдөр Эрхийн улсын бүртгэлд бүртгэлтэй, Ч дүүргийн - дүгээр хороо, Б-Т 00 дугаар байрны ** тоот байрлалтай 14 м.кв бүхий 1 өрөө орон сууцны шударга өмчлөгч  болсон юм. Энэ бүртгэл нь дээр дурдсан хуулиудад заасны дагуу үнэн зөв хийгдсэн хүчин төгөлдөр бүртгэл юм. А.О нь Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д заасан улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийнхээ дагуу мөн бүртгүүлсэн. Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу бусад этгээдэд хууль болон гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэм хэмжээ хязгаарын дотор өөрийн өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр захиран зарцуулах, аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж хуульд заасны дагуу  “Т” ББСБ-тай 2013 онд зээлийн гэрээ байгуулж мөн барьцааны гэрээг Ч дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлд бүртгүүлсэн нь хүчин төгөлдөр байна. Зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээд явж байгаа. Энэ нь М.Огийн нэхэмжлэлтэй А.Оын өмчлөлийн бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй гэдэг нь харагдаж байна.

Нэхэмжлэлд болон шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгчээс “Намайг С улсад байх хугацаанд манай ээжийн төрсөн дүү болох М.О нь миний иргэний үнэмлэх болон итгэмжлэлийг хуурамчаар үйлдэн н.Ц гэх хүнд өмчлөх эрхийг шилжүүлсэн. Энэ талаар Ч дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгуулсан...” талаар өгүүлж байдаг. Энэ процессыг М.О нь сайн мэддэг. Үүн дээр бас хууль зүйн талаас нь тайлбар хийе.

Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3-т заасан М.Од холбогдох хэрэг бол хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын ажиллагаа хийгдэж дуусаад Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг үндэслэн сэжигтэн, яллагдагч М.Од холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн прокурорын хүчин төгөлдөр тогтоол өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хэвээр байгаа. Энэ тогтоолыг 2015 оны 05 сарын 10-ны өдөр 185/А дугаартай Ч дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор үйлдсэн байна. Уг тогтоолын 3 дах хэсэгт “Иргэн М.О нь өөрт учирсан хохирлоо сэжигтэн, яллагдагч  гэм буруутай этгээдээс иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй”  болохыг зааж өгсөн байдаг. Энэ тогтоолд хохирогч дээд шатных нь прокурорт гомдол гаргаагүй учраас Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 209 дүгээр зүйлийн 209.5-д зааснаар хүчин төгөлдөр болсон байна. Иймд уг маргааныг захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх асуудал биш  гэж үзэж байна. Хэдийгээр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Ч дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийг хариуцагчаар татаад иргэн А.Оын өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах шаардлага байгаа нь захиргааны хэргийн шүүхээр хянан шийдвэрлэгдэх маргаан биш гэдэг нь харагдаж байна. Иргэний журмаар М.О болон нотариатч нараас өөрт учирсан хохиролоо нэхэмжлэх эрх нь нээлттэй байхад захиргааны хэргийн шүүхэд хандаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэл болжээ гэж үзэхээр  байна. Мөн хэргийг шийдвэрлэхэд шүүх бүрэлдэхүүнээс хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой зүйлийг анхаарч үзээрэй гэж хүсмээр байна. 

1999 оны 03 сарын 24-ны өдөр нэхэмжлэгч С улс руу явсан гэдэг. Гэтэл М.О нь хуурамчаар бичиг баримт бүрдүүлж, нотариатаар орсон нь 2007 онд болсон үйл явдал байдаг. Үүн дээр хөөн хэлэлцэх хугацааг анхаарах нь зүйтэй болов уу. Мөн иргэн М.Огаас олгогдсон хуурамч итгэмжлэлийн үндсэн дээр хэд хэдэн этгээдүүд дээр өмчлөх эрх үүсч, дуусгавар болсон бүртгэлүүд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Ч дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүчин төгөлдөр гэрээ, хэлцлүүд бүртгэгдсэн байдаг. Миний үйлчлүүлэгч А.Оын тухайд Иргэний хуулийн 276 дугаар зйүлд заасныг үндэслэн өөрийн төрсөн ээж н.Баас бэлэглэлийн гэрээний дагуу өмчлөх эрхийг олж авч, мөн уг эрхээ хуульд заасны дагуу бүртгүүлсэн нь хэн нэгэн этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, шударга өмчлөгч бөгөөд улсын бүртгэл үнэн зөв явагдсан. Улсын бүртгэл нь хангалттай нотлох баримтан дээр үндэслэн хийгдсэн байгаа учраас гуравдагч этгээдийн эрхийг хөндсөн байдлаар шийдвэр гаргахгүй байх, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

                                                             ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Ч дүүргийн улсын бүртгэлийн газраас иргэн Г.Цад 2007 онд мөн иргэн А.От олгогдсон  эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож, өмчлөх эрхээ сэргээлгэх” гэж тодорхойлж байгаад иргэн “Ч дүүргийн Улсын бүртгэлийн газраас иргэн А.От олгосон эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж тодорхойлжээ.

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судалж, үнэлээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Нэхэмжлэгч М.О нь 2007 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр  Эрхийн бүртгэлийн газарт /хуучин нэрээр/ Улсын бүртгэлийн Y-**********544 дугаартай  13291 тоот  Ч дүүргийн - дүгээр хороо 00 дугаар байрны ** тоот  14 м.кв орон сууцны гэрчилгээг алдсан тул хүчингүй болгож  шинээр гэрчилгээ олгож өгнө үү гэж мэдүүлэг гаргаж, өргөдөл, хүчингүйд тооцуулсан сонины зарыг хавсаргаж ирүүлжээ. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын даргын /хуучнаар/ 2007 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн  “гэрчилгээг хүчингүй болсонд тооцох тухай” 19 дүгээр тушаалын 3 дахь заалтаар дээрх өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болсонд тооцож, шинээр гэрчилгээ бичиж олгохыг бүртгэлийн хэлтэст зөвшөөрч, М.Од  эрхийн улсын бүртгэлийн Y-**********544 дугаартай *********644 тоот гэрчилгээг олгожээ. 

             2007 оны 03 дугар сарын 07-ны өдөр иргэн Г.Ц Эрхийн улсын бүртгэлийн газарт мэдүүлэг гаргаж эрхийн улсын бүртгэлийн Y-**********544 дугаарт бүртгэлтэй орон сууцыг 2007 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн  бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авч байгаа тул  мэдүүлэг гаргаж,  бэлэглэлийн гэрээ, иргэний үнэмлэхний хуулбар,  М.Огаас  М.Од олгосон 2006 оны 02 сарын  05-ны өдрийн итгэмжлэл, М.Огийн *********644 тоот өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар зэргийг хавсарган ирүүлж, 2007 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн ********320 тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээгээр Ч дүүргийн - дүгээр хороо Б-Тгийн 00 дугаар байрны ** тоот орон сууцны өмчлөгч болсон болох нь хавтаст хэргийн 50-57 дугаар хуудсанд авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.  

           Дээрхи маргаан бүхий орон сууны өмчлөх эрх  иргэн Г.О*******, С.Ц*******, Ш.О*******, П.Б*******, А.О нар  дамжин шилжиж байсан болох нь хавтаст хэргийг 57-85 хуудсанд авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

           Ч дүүргийн 16 дугаар хороо Б-Тгийн 00 дугаар байрны ** тоот орон сууцны өмчлөгч А.О нь 2013 оны 07 дугаар сарын 24-ны өдөр “Т” ББСБ-тай зээлийн гэрээ байгуулж, 2013 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн баталгаат ипотекийн гэрээний  барьцааны зүйлд маргаан бүхий орон сууцыг барьцаалж бүртгүүлсэн болох нь хавтаст хэргийн 86-103 дугаар хуудсанд авагдсан бичгийн нотлох баримтуудаах тогтоогдож байна.

            Нэхэмжлэгч М.О нь “...би 1999 оны 3 дугаар сард С улсруу ажиллахаар явж миний ээж байранд үлдсэн юм. 2006 онд ээж харвалт өгсөн тул С улсад эмчлүүлэхээр над дээр ирсэн байх үед ээжийн төрсөн дүү болох М.О хуурамч итгэмжлэл үйлдэж миний өмчлөлийн  байрыг Г.Ц гэх хүнд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн байсан. Миний бие 2015 онд С улсаас ирээд энэ талаар мэдэж Ч дүүргийн Цагдаагийн хэлтэст өргөдөл гарган шалгуулж, М.Оийг хуурамч бичиг баримт бүрдүүлэн залилангийн гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоолгосон” гэсэн тайлбарлаж байна. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан Ч дүүргийн прокурорын газрын 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 185, 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 185А дугаар прокурорын тогтоолуудаар, М.Огийн 1999 онд С улсруу гарсан тухай тэмдэгтэй   гадаадын паспортын хуулбар, Хил хамгаалах ерөнхий газраас 2017 оны 04 дүгээр сарын 18-ний өдөр шүүхэд ирүүлсэн албан бичигт “ М.О нь 2015 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Сөүл-УБ-ын чиглэлийн Ом-302 дугаар аялалын онгоцоор улсын хилээр орсон бүртгэл авагдсан байна” гэсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

            Гэвч Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын даргын 2007 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 19 дугаартай “гэрчилгээг хүчингүй болсонд тооцох тухай 19 дүгээр тушаалын 3 дахь заалтаар өмчлөх эрхийн 13291 тоот гэрчилгээг хүчингүй болгож, М.Од  2007 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр дахин шинээр олгосон *********644 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгосныг, мөн Г.Цаас  2007 оны 03 дугаар сарын 07-ны өдөр гаргасан мэдүүлэг түүнд хавсаргасан баримтуудыг үндэслэн 2007 оны 03 дугаар сарын 07-ны өдөр түүнд олгосон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн ********320 дугаартай гэрчилгээ олгосоныг буруутгах үнэдэслэлгүй байна гэж дүгнэлээ.

            Учир нь Г.Цын гаргасан мэдүүлэг нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн  17дугаар зүйлийн 17.1-т заасан зүйлийн бүрэн тусгасан, мэдүүлэгт хавсаргасан баримтууд нь мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.5, 14 дүгээр зүйлийн 14.1-т заасан шаардлагыг хангасан, бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй байсан байна. Өөрөөр хэлбэл өнөөдрийг хүртэл 2007 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн бэлэглэлийн гэрээ, 2006 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн итгэмжлэлийг  хүчингүй болгосон шүүхийн хүчинтөгөлдөр шийдвэр байхгүй  бөгөөд хэдийгээр 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн прокурорын тогтоолоор Г.Цын үйлдлийг тогтоож, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон боловч энэ нь тухайн үед мэдэгдэх боломжгүй нотлох баримт байжээ.

           Иймд нэхэмжлэгч М.О Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” эрхтэй гэсний дагуу иргэний эрх зүйн харилцааны асуудлаа шийдвэрлүүлэх  боломжтой байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.   

 

                Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1,  106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2-т тус тус заасныг баримтлан М.Огийн нэхэмжлэлээр Ч дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргаснаар “Ч дүүргийн улсын бүртгэлийн газраас иргэн  А.От олгосон эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, өмчлөх эрхээ сэргээлгэх”-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг  төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.ЧАНЦАЛНЯМ