Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 92

 

 

 

Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газрын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Жамбалсүрэн, Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 153/ШШ2016/00246 дугаар шийдвэртэй, Завхан аймгийн Улиастай сумын Жинст багт байрлах Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газрын нэхэмжлэлтэй, хариуцагч Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн Гандангийн хэсэг 1-11 тоотод оршин суух Бээс овогт Шаравдоржийн Батсүхэд холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Номинчимэг, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэлийн шаардлага: 2013 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 000149471, 00144999 тоот гэрчилгээний дугаартай орон сууц худалдах, худалдан авах гэрээг цуцлуулах тухай.

Нэхэмжлэлийн агуулга: “Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газар нь иргэн Ш.Батсүхээс 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдөр улсын комисс хүлээн авсан гэх Завхан аймгийн Улиастай сумын Жинст багт байрлах 14 айлын 08 тоот /орон сууцны зориулалттай 46 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү-0918002625/, мөн 14 айлын 12 тоот /орон сууцны зориулалттай 44 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү-0918002566/ байрыг 2013 оны 08 дугаар сарын 30-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээг тус тус байгуулж, 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 108 000 000 /нэг зуун найман сая/ төгрөгийг шилжүүлэн төлбөрийг 100 хувь бүрэн барагдуулсан.

Байрыг авснаас хойш оршин сууж байсан иргэд байнгын тень залгаж, зузаан хувцастай байдаг байсан. Байрны халаалтын асуудлыг сайжруулах талаар удаа дараа шаардлага тавьж байсан хэдий ч өдийг хүртэлх хугацаанд шийдвэрлэж өгөөгүй. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу худалдах, худалдан авах гэрээнд биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг шилжүүлэх тухай хуульд заасан үүргээ худалдагч тал биелүүлээгүй. Гэрээнд тохиролцсоны дагуу уг орон сууцыг худалдан авснаас хойш 3 жилийн хугацаанд ямар нэгэн эрхийн доголдол гарвал Ш.Батсүх нь бүрэн хариуцахаар заасан бөгөөд энэ талаар ямар ч арга хэмжээ авахгүй байгаа тул Ш.Батсүхтэй байгуулсан худалдах, худалдан авах гэрээг цуцалж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагчийн хариу тайлбар: “Би 000149471, 00144999 тоот гэрчилгээний дугаартай 2 байрыг шүүхийн Тамгын газарт худалдах, худалдан авах гэрээ байгуулан Улсын комисс хүлээн авсан, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй шинэ байрыг худалдсан бөгөөд тухайн үед байрыг биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй байна гээд 2013 оны 8 дугаар сард худалдах, худалдан авах гэрээг байгуулж, 11 дүгээр сард төлбөрөө бүрэн барагдуулан хүлээн авч хоёр шүүгч нь хоёр жил амьдарч байгаа билээ. Байрыг худалдан авсан хүн нь цахилгаан, дулаанаар хангах байгууллагатай өөрсдөө гэрээ байгуулан төлбөрөө төлөөд явах ёстой. Гэтэл хоёр жилийн хугацаанд дулааныхаа төлбөрийг шүүгч нар нь огт төлөөгүй учир “Улиастай ирээдүй” хоршоо нь дулаанаар хангах боломжгүй гэж удаа дараа мэдэгдэж, дулааныг салгасан байдаг. Гэтэл шүүхийн Тамгын газар нь ганц дулааны асуудлаас болж орон сууц худалдах, худалдан авах гэрээг цуцлуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 153/ШШ2016/00246 дугаар шийдвэрээр: “1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.6-д зааснаар Завхан аймгийн шүүхийн Тамгын газрын нэхэмжлэлтэй, Ш.Батсүхэд холбогдох 2013 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 000149471, 00144999 тоот гэрчилгээний дугаартай орон сууц худалдах, худалдан авах гэрээг цуцлуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д зааснаар худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш 6 сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д заасан шаардлагыг гаргах эрхтэй гэж заасан байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхгүй гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д заасан зохицуулалт нь эд хөрөнгийн доголдолтой бол гэрээг цуцлах тухай зохицуулалт бөгөөд энэ заалтад заагдсан 6 сарын хугацаа нь хөөн хэлэлцэх хугацааг хэзээнээс эхэлж тоолох тухай асуудал ба шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзэх үндэслэлгүй юм. Мөн шүүх хуралдааны үед халаалтын шугам сүлжээ шаардлага хангаж байгаа эсэх талаар мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулах, мөн гэрээ байгуулсан компаниас энэ талаар тодруулж өгөх тухай хүсэлтийг шүүхэд гаргасаар байтал шүүх хүсэлтийг хангахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж шийдвэр гаргасан нь нэхэмжлэгчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-д заасан эрхийг зөрчсөн байна.

Хариуцагч нь байрны халаалтын талаар эрхийн доголдолтой гэдгээ хүлээн зөвшөөрсөөр байтал энэ байдлыг харгалзан үзэлгүй шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  хуульд заасан журмыг зөрчсөн байх  тул  шүүхийн  шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад хангаагүй байна.

Нэхэмжлэгч  Завхан аймаг дахь шүүхийн тамгын газар нь   худалдах худалдан авах  гэрээг  цуцлуулах  тухай нэхэмжлэлийн шаардлагыг        Ш.Батсүхэд   холбогдуулан    гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг   нэхэмжлэгч  эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан “шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчим”-д талуудын дунд үүссэн маргаантай эрх зүйн харилцааг   шүүхээс хянан шийдвэрлэхдээ хуулийг зөв тайлбарлаж хэрэглэхээс гадна  хэрэг   хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг тогтоосон хэм хэмжээг чанд мөрдөж, зөрчихгүй байх агуулгаар тодорхойлогддог юм.

Гэтэл   шүүхүүд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  хуульд заасан дараах журмыг зөрчсөн байна. Үүнд:

1. Хэргийн 16,17 дугаар хуудаст хариуцагч нь Д.Уртнасанг гэрчээр, Д.Отгондэлгэр,  Р.Мөнхбаатар нарыг хамтран хариуцагчаар татах, мөн 40 дүгээр талд Д.Отгондэлгэр,  Р.Мөнхбаатар нарыг хамтран хариуцагчаар татан оролцуулах тухай хүсэлтүүдийг гаргажээ. Шүүх хариуцагчийн дээрх хүсэлтүүдийг шийдвэрлээгүй орхигдуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг ноцтой зөрчжээ.

Хэрэгт авагдсан баримтаар  Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчийн төлөөлөгч Д.Энхжаргал  нь сантехникч А.Лхагважавыг гэрчээр асуулгах тухай  хүсэлт гаргасныг хянан шийдвэрлээгүй боловч    А.Лхагважавыг шүүхэд гэрчээр дуудаж   түүнд эрх үүрэг  тайлбарлаж, хууль сануулж гарын үсэг зуруулахгүйгээр гэрчийн мэдүүлэг авсан нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т заасантай нийцэхгүй  байна. /хх-ийн 34 дүгээр тал/

            Завхан аймаг дахь шүүхийн тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/106 дугаар тушаалаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр шүүхийн ерөнхий нягтлан бодогч Ж.Ганзоригийг томилсон албан тоотыг шүүхэд ирүүлсэн байхад  түүнд  хуулиар  олгогдсон  эрх, үүргийг тайлбарлаж танилцуулахгүйгээр хэргийг 2015 оны 12  дугаар сарын 11-ний өдөр өөр шүүхэд шилжүүлсэн нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан журмыг зөрчжээ.

2. Шүүх 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон Г.Номинчимэгт эрх үүргийг тайлбарлан   өгч, хэргийн материалтай танилцуулж,  маргааш нь буюу 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хэргийг хянан шийдвэрлэжээ. Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ганзоригт  2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр эрх үүрэгтэйн танилцуулж, 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хэргийг материалыг   танилцуулж мөн өдөр шүүх хуралдаанаар маргааныг шийдвэрлэсэн байна. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дээрх байдлаар явуулснаар хэргийн оролцогчид  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэх боломжит хугацаа олгоогүй байна.

Хариуцагч Ш.Батсүх нь 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Г.Номинчимэгийг оролцуулахаар түүнд итгэмжлэл олгожээ./хх-ийн 46 дугаар тал/

Г.Номинчимэгт итгэмжлэл олгосноос хойш шүүх түүнд нэхэмжлэлийн хувийг гардуулахгүйгээр  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар үйлийн 72.1 дэх заалтыг зөрчсөн байхаас гадна   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрхийг ноцтой зөрчжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд маргааны зүйл болох 2 орон сууцны одоогийн  нөхцөл байдалд Мэргэжлийн хяналтын газрын шинжээчээр томилж дүгнэлт гаргуулах, гэрч асуулгах тухай хүсэлт гаргажээ. /хх- ийн 74,77 дугаар тал/

Гэтэл шүүх 14 айлын  орон сууцны 8,12 тоот байруудад шинжээч томилуулах тухай хүсэлт хэрэгт  хамааралгүй, 2 жилийн өмнөх нөхцөл байдалд одоо дүгнэлт гаргах боломжгүй, нэхэмжлэгч тал шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш гэрч асуулгах хангалттай хугацаа байсан, гэхдээ гэрчүүд нь энэ хэргийн маргааны зүйлд хамааралгүй гэх үндэслэлээр хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн  нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан талуудын мэтгэлцэх зарчим,   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан  хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх нотлох баримт бүрдүүлэх журам,    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлд  заасан  шүүхээс шинжээч томилох журмыг ноцтой зөрчжээ.Энэ талаар  гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүхүүдийн гаргасан дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлүүдийг давж заалдах шатны  иргэний хэргийн шүүх хуралдаанаас залруулах боломжгүй, уг зөрчлүүдийн улмаас хэргийн оролцогчдын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-25.1.3-т заалтуудыг заасан шаардлагуудыг зөрчсөн байх тул  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т зааснаар  шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Хуульд зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа  улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Ховд  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 153/ШШ2016/00246 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       С.ӨМИРБЕК

 

 

ШҮҮГЧИД                                                         Д.ЖАМБАЛСҮРЭН

 

                                  

                                                                                    Н.ТУЯА