Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 5104

 

 

 

                                        

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, Өнөр хороолол, 19 дүгээр байрны 45 тоотод байрлах, регистрийн дугаар 5311284, Жэй Эй Ти Эс ХХКомпанийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, ТЗ-12-2 тоотод байрлах, регистрийн дугаар 2891425, Баянмонхор  ХХКомпанид холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 52 681 875 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Д.Төгөлдөрсайхан, түүний өмгөөлөгч В.Оюун-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгончимэг нар оролцов.

 

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Жэй Эй Ти Эс ХХКомпани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч Д.Төгөлдөрсайхан шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Манайх Баянмонхор ХХКомпанид 2015 оны 6 дугаар сарын 4-ны өдөр хөөсөнцөр хавтан бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулсан бөгөөд нийт 38 121 250 төгрөгийн үнэтэй хөөсөнцөр нийлүүлснээс 3 000 000 төгрөгийг урьдчилан төлөөд үлдэгдэл 35 121 250 төгрөгийг хариуцагч байгууллага төлөхгүй байна.Иймд Баянмонхор ХХКомпаниас үлдэгдэл төлбөрийн 35 121 250 төгрөг, гэрээнд заасны дагуу алданги 17 560 625 төгрөг нийт 52 681 875 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Жэй Эй Ти Эс ХХКомпани хариуцагч Баянмонхор ХХКомпанид холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн үлдэгдэл төлбөрт 35 121 250 төгрөг, алдангид 17 560 625 төгрөг нийт 52 681 875 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Жэй Эй Ти Эс ХХКомпани хариуцагч Баянмонхор ХХКомпанитай 2015 оны 6 дугаар сарын 4-ны өдөр “Хөөсөнцөр полистрол хавтан бэлтгэн  нийлүүлэх гэрээ байгуулсан байна.

 

Уг гэрээний зорилгыг нийлүүлэгч Жэй Эй Ти Эс ХХКомпани нь захиалагч Баянмонхор ХХКомпанийн хэрэгжүүлж байгаа төсөл болох 71 дүгээр байр, 2 орцтой, 12 давхар барилгын 1 орцонд шаардлагатай гадна ханын пасадны хөөс, хөөс наах цавуу, тор наах шавар зэрэг материалыг хүлээн авч, төлбөрийг төлөхтэй холбоотой харилцааг зохицуулна гэж тодохойлжээ.

Мөн гэрээний 7 дугаар зүйлийн 7.2-т “Захиалагч тал төлбөр тооцоог гэрээнд заасан хугацаанд шилжүүлээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцож нийлүүлэгч талд төлнө” гэж талууд тохирсон байна.

 

Улмаар Жэй Эй Ти Эс ХХКомпани гэрээний хавсралтад дурдсан тоо хэмжээ, үзүүлэлт, үнэ бүхий материалыг Баянмонхор ХХКомпанид нийлүүлсэн буюу худалдсан болох нь зарлагын баримтууд болон тооцоо нийлсэн актаар нотлогдож байна.

 

Хариуцагч байгууллагын төлөөлөгч П.Батбилэг 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр өдөр шүүхээс нэхэмжлэлийн хувийг гардан авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүрэгтэйгээ танилцсан боловч хариу тайлбараа хуульд заасан хугацаанд өгөөгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т “Хариуцагч  нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй” 72.3-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд  хэргийг шийдвэрлэнэ” гэж заасан байна.

 

Иймд хариуцагч Баянмонхор ХХКомпаниас барааны үлдэгдэл төлбөр 35 121 250 төгрөгийг, гэрээгээр тохирсон алдангийн 17 560 625 төгрөгийн хамт гаргуулан Жэй Эй Ти Эс ХХКомпанид олгож шийдвэрлэх үндэстэй байна.

 

Хариуцагч байгууллагын захирал П.Батбилэг шүүх хуралдааныг товыг 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн  100.3-д зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д  заасныг баримтлан Баянмонхор ХХКомпаниас 52 681 875 /тавин хоёр сая зургаан зуун наян нэгэн мянга найман зуун далан таван/ төгрөгийг гаргуулан Жэй Эй Ти Эс ХХКомпанид олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 421 359 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас 421 359 /дөрвөн зуун хорин нэгэн мянга гурван зуун тавин есөн/ төгрөгийг гаргуулан Жэй Эй Ти Эс ХХКомпанид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               З.ДОРЖНАМЖИН