Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2024/01343

 

Т ХХК-ийн  нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 03-ны өдрийн 182/ШШ2024/01434 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А ХХК-д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 172,460,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, хариуцагчийн өмгөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Т ХХК нь А ХХК-д 2019 оны 02 сарын 27-ны өдөр 5,196,000 төгрөг, 2019 оны 03 сарын 01-ний өдөр 119,400,000 төгрөг, 2019 оны 03 сарын 13-ны өдөр 59,700,000 төгрөг, 2019 оны 04 сарын 25-ны өдөр 13,200,000 төгрөг, 2019 оны 05 сарын 03-ны өдөр 20,000,000 төгрөг, 2019 оны 05 сарын 08-ны өдөр 15,000,000 төгрөгийг тус тус зээлж, шилжүүлсэн. А ХХК-д 2019 оны 02 сарын 27-ны өдрөөс хойш 6 удаагийн үйлдлээр нийт 232,496,000 төгрөгийг зээлсэн. Зээлийн гэрээг анх 2019 оны 02 сарын 28-ны өдөр нэг жилийн хугацаатай, сарын 2,8 хувийн хүүтэй байгуулж байсан. 2019 оны 02 сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний барьцаанд иргэн Б.А-ийн өмчлөлийн Лексус маркийн **-** У** улсын дугаартай автомашиныг барьцаалж, фидуцийн гэрээ байгуулсан. Манай компани 2019 оны 02 сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний 60,000,000 төгрөгөөс гадна бусад зээлийг олгохдоо уг гэрээг үндэслэн нэмэлт гэрээ байгуулж байсан. Зээлийн гэрээний дагуу хүүнд А ХХК нь 2019 оны 06 сарын 09-ний өдөр 16,000,000 төгрөг, 2019 оны 06 сарын 29-ний өдөр 7,000,000 төгрөг, 2019 оны 11 сарын 11-ний өдөр 7,000,000 төгрөг, нийт 32,843,942 төгрөгийг төлсөн. Зээлийн гэрээний хүүнд 2020 оны 05 сарын 31-ний өдрийн байдлаар 69,435,627 төгрөгийг төлөх үлдэгдэлтэй, харин үндсэн зээл 232,496,000 төгрөгөөс 2022 оны 06 сард фидуцийн гэрээний дагуу автомашиныг 60,000,000 төгрөгт тохиролцож, уг автомашиныг биет байдлаар хүлээн авсан. Энэ фидуцийн гэрээний дагуу зөвхөн 2019 оны 02 сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний төлбөр 60,000,000 төгрөгийг төлж нэмэлт бусад зээлийг төлж барагдуулаагүй. А ХХК нь 2022 оны 06 сараас хойш зээл болон зээлийн хүүг төлөх талаар огт санаачилга гаргахгүй байгаа. 2020 оны 10 сарын 05-ны өдөр нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. 2023 оны 01 сарын 09-ний өдөр нэхэмжлэл гаргахад нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй үндэслэлээр татгалзсан. 2023 оны 05 сарын 04-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж гаргасан боловч татгалзсан. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 172,460,000 төгрөгийг гаргуулна гэжээ.

2. Хариуцагч хариу тайлбартаа: А ХХК нь автозам барих тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг байсан. 2018 оны 12 сард А ХХК-ийн хувьцаа эзэмшигч Х.Г болон Т ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ц.Т нар Завхан аймгийн Т сумаас У аймагтай холбогдох автозам дээр замын ажил гүйцэтгэж байгаа Хятад компанийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан ЛЗ Монгол-1, ЛЗ Монгол-2 гэсэн компаниудад замын эрдэс нунтаг нийлүүлэхээр анх ярилцаж хамтран ажиллахаар болсон. Улмаар замын компаниудад эрдэс нунтаг нийлүүлэхээр шохойн чулуу тээрэмдэх тээрмийг БНХАУ-аас худалдаж авахаар Х.Г, Ц.Т нар хамт явсан. БНХАУ руу шохойн чулуу тээрэмдэх тээрмийг авахад А ХХК-ийн хувьцаа эзэмшигч Х.Г өөрийн эхнэрийн нэр дээрх **-** У** RX-450 маркийн автомашиныг Ц.Т-тай харилцан тохиролцож 60,000,000 төгрөгөөр үнэлж, Т ХХК-тай 2019 оны 02 сарын 28-ны өдөр зээлийн болон тээврийн хэрэгсэл өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулж, 60,000,000 төгрөгийн зээл авч, шохойн чулуу тээрэмдэх тээрэм худалдаж авахад зарцуулсан. Харин шохойн чулуу тээрэмдэх тээрмийг худалдаж авахад гарах бусад зардлыг нэхэмжлэгч компанийн хувьцаа эзэмшигч Ц.Т гаргахаар болсон. Ц.Т, Х.Г нар хамтарч ажиллахаар болсны дагуу дараах зүйлийг харилцан тохиролцсон байдаг. Тодруулбал, Т ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ц.Т нь өөрийн жолооч, эхнэрийн хамаатны ах Р.Н-ийн нэр дээр А ХХК-ийн 50 хувийн хувьцааг шилжүүлж авах, А ХХК-ийн банктай харилцах зарлагын эрхийг шилжүүлж авах нөхцөлүүд тавьсны дагуу Х.Г нь Р.Н руу А ХХК-ийн 50 хувийн хувьцаа болон банкны зарлагын эрхийг өгсөн. Ийнхүү Р.Н нь А ХХК-ийн харилцах данснаас гүйлгээ хийх эрхтэй болж Ц.Т, Р.Н-д мөнгө шилжүүлдэг киоск машин авч өгсөн байдаг. Ц.Т, Х.Г нар БНХАУ-аас шохойн чулууны тээрэмдэх тээрэм үзэж 270,000 юанаар тээрмээ худалдаж авсан. Тус тээрмээ Завхан аймгийн Тосонцэнгэл суманд байрлах Г.Б-ын хашаанд 2019 оны 03 сараас 06 сар хүртэл угсарсан. Тус тээрмийг Баян-Өлгий аймгаас ажилчид авч ирж, угсруулсан. Г.Б-д хашааг нь ашигласны төлбөр өгөхөөр болсны дагуу тээрэм ашиглаж олсон мөнгөө Ц.Т, Х.Г, Г.Б нар хувааж авахаар тохиролцсон. 2019 оны 06 сард Г.Б ын эзэмшиж байсан газраас шохойн чулууг нь хашаанд нь авчирч тээрмээ ажиллуулж эхлүүлсэн. Т ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ц.Т хятад хэлтэй учраас ЛЗ Монгол-1, ЛЗ Монгол-2 компаниудын захирлуудтай өөрөө уулзаад гэрээ хийдэг байсан. Тээрмийг ажиллуулж замын эрдэс нунтаг нийлүүлэлт хийж байсан хэдий ч тухайн захиалагч компанийн эрэлтийг хангаж дийлэхгүй байсан. Тээрмээс олсон орлого нь А ХХК-ийн дансаар болон бэлнээр орсон мөнгийг Ц.Т Т ХХК-иас авсан төлбөрөө төлж байна гээд авч захиран зарцуулдаг байсан. Ц.Т гэнэт тухайн үйл ажиллагаанд оролцохгүй, ямар нэгэн өглөг авлага байхгүй гээд цаашид тээрмийн үйл ажиллагааг Х.Г авч яв гээд больсон. Улмаар Х.Г тээрмийг үргэлжлүүлж ажиллуулахад ажилчдын цалин, цахилгаан, шатахуун, усны зардал гэх мэт их хэмжээний зардлуудыг төлж чадахгүй байсан тул тээрмийн үйл ажиллагааг зогсоосон. Х.Г нь Г.Б ын хашааг ашигласан төлбөрт өөрийн нэр дээр байсан экскаваторыг Г.Б-д өгч өөрийн зардлаар тээрмийг Улаанбаатар хотод авчирсан. Эдгээр үйл ажиллагааг нэхэмжлэгч компанийн хувьцаа эзэмшигч Ц.Т мэдэж байсан бөгөөд би улсын ажилтай оролцохгүй гэдэг байсан. Дээр дурдсан хамтран ажиллах ажлын хүрээнд шохойн чулуу тээрэмдэх тээрмийг харилцан хөрөнгө гаргаж худалдаж авах ажлын хүрээнд Х.Г өөрийн эхнэрийн нэр дээр Т ХХК-тай 2019 оны 02 сарын 28-ны өдөр зээлийн болон тээврийн хэрэгсэл өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулж 60,000,000 төгрөгийн зээл авч зээл төлөлтийг автомашиныг шилжүүлснээр зээлийг төлж дуусгасан. Харин бусад байдлаар А ХХК нь Т ХХК-иас зээл авч байгаагүй. Иймээс зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр болон хүү нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэжээ.

3.  Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч А ХХК-иас 129,235,373 төгрөгийг гаргуулж, Т ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 33,825,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,367,429 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А ХХК-иас 804,126 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т ХХК-д олгож шийдвэрлэжээ.

4.  Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

4.1.Шүүх талуудын хооронд үүссэн харилцаа нь зээлийн гэрээний харилцаанд хамаарахгүй, харин хамтран ажиллах гэрээний шинжтэй хэлцэл хийгдсэн гэж үзэхээр байна гэж зөв дүгнэсэн атлаа Иргэний хуулийн 492 дугаар зүйлийг баримталж хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзсэн нь үндэслэлгүй. Тодруулбал, анхан шатны шүүх нэг үйл баримтад хоёр өөр дүгнэлт хийж хариуцагчийн эрх зүйн байдлыг илтэд дордуулж шийдвэрлэсэн. Т ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын шаардах эрхээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийг үндэслэж тодорхойлж мэтгэлцсэн. Гэвч анхан шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлээс өөрөөр тодорхойлж шаардах нэхэмжлэгчийн эрхэд халдаж шүүх хөндлөнгийн хараат бус байх үндсэн зарчмыг алдагдуулсан дүгнэлт хийсэн.

4.2.  2018 оны 12 сард А ХХК-ийн хувьцаа эзэмшигч Х.Г болон Т ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ц.Т нар Завхан аймгийн Т сумаас У аймагтай холбогдох автозам дээр замын ажил гүйцэтгэж байгаа Хятад компанийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан ЛЗ Монгол-1, ЛЗ Монгол-2 гэсэн компаниудад замын эрдэс нунтаг нийлүүлэхээр анх ярилцаж Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.2-т зааснаар амаар тохиролцож хамтран ажиллахаар болж, хамтран ажилласан байдаг. Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.11-д зааснаар алдагдалтай ажилласны үр дүнг хамт үүрэх үүрэгтэй байтал нэхэмжлэгч дангаараа хохирсон мэтээр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй.

4.3. Нэхэмжлэгч нь шүүхэд 2019 оны 02 сарын 19-ний өдрөөс 05 сарын 03-ны өдрийн хооронд шилжүүлсэн мөнгийг зээлдүүлсэн гэж 2023 оны 09 сарын 04-ний өдөр нэхэмжлэл гаргасан. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад хугацаа хэтрүүлэн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд бичгээр гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээг бичгээр байгуулж хариуцагч гарын үсэг зурж өгөхөөр тохиролцсон боловч буцааж гэрээг өгөөгүй нэгэнт зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй тул хүүнд нэхэмжилсэн 69,435,627 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа багасгадаг. Хэдийгээр бичгээр зээлийн гэрээ байгуулаагүй боловч 232,496,000 төгрөгийг хариуцагч компанийн дансанд нэхэмжлэгч компанийн зүгээс зээл утгаар шилжүүлсэн нь баримтаар нотлогддог. Мөн хариуцагч компани зээлийн хүүнд нэхэмжлэгчид 33,825,000 төгрөг төлсөн нь баримтаар нотлогддог. Бичгээр гэрээ байгуулагдаагүй тул шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг баримталж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч болон хариуцагч компанийн хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүсээгүй, хариуцагч компанийн төлөөлөгч талуудын хувьцаа эзэмшигч нар хамтран ажиллах гэрээ байгуулсан гэдэг боловч үүнийг нотолдоггүй. Мөн Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т зааснаар нэхэмжлэгч компанид огт хамааралгүй асуудал юм. Нэхэмжлэгч компаниас 2020 оны 10 сарын 05-ны өдөр, 2023 оны 01 сарын 09-ний өдөр, 2023 оны 05 сарын 04-ний өдөр тус тус нэхэмжлэл гаргаж байсан ба нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй үндэслэлээр шүүх татгалзаж байсан. Мөн зээлийн гэрээний төлбөрөөс 2019 оны 11 сарын 11-ний өдөр 7,000,000 төгрөгийг төлж байсан баримт зэргээс харахад шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байгаа болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

2. Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч А ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 172,460,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

3. Хэрэгт авагдсан Х банк дахь ******** тоот дансны хуулгаас үзвэл Т ХХК нь 2019 оны 02 сарын 27-ны өдөр 5,196,000 төгрөгийг НДШ өр гүйлгээний утгатайгаар, 2019 оны 03 сарын 01-ний өдөр 119,400,000 төгрөг, 2019 оны 03 сарын 13-ны өдөр 59,700,000 төгрөг, 2019 оны 04 сарын 25-ны өдөр 13,200,000 төгрөг, 2019 оны 05 сарын 03-ны өдөр 20,000,000 төгрөг, 2019 оны 05 сарын 08-ны өдөр 15,000,000 төгрөгийг зээл олгов гүйлгээний утгатайгаар, нийт 232,496,000 төгрөгийг А ХХК-д шилжүүлсэн болох нь нотлогдож байна.

Эдгээр мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч нь зээл гэж, хариуцагч нь хамтран ажиллах гэрээний хураамж гэж тус тус харилцан адилгүй тайлбарлан маргасан.

4. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэж, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль (1995 оны)-ийн 22 дугаар зүйлийн 2-т Зээлийн гэрээнд зээлдэгч, зээлдүүлэгчийн оршин байгаа газрын хаяг, зээлийн дансны дугаар, зориулалт, зээлдэх мөнгөний дүн, хугацаа, зээлийн хүүгийн хэмжээ, уг гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтийг хангах арга, хэлбэр, гэрээний нөхцөлийг өөрчлөх, гэрээг цуцлах талаар тодорхой тусгана гэж тус тус заажээ.

Өөрөөр хэлбэл, аливаа ББСБ нь бусадтай зээлийн гэрээний харилцаанд орохдоо зээлийн гэрээг бичгээр байгуулах үүрэгтэй байна.

5. Хэрэгт Т ХХК болон А ХХК-иудын хооронд бичгээр байгуулсан гэрээ авагдаагүй.

Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй.

Хэрэгт 2019 оны 02 сарын 28-ны өдрийн 05/28022019/Z дугаартай Зээлийн гэрээ авагдсан боловч гэрээний талууд нь Т ХХК болон иргэн Б.А байх тул 2019 оны 02 сарын 27, 2019 оны 03 сарын 01, 2019 оны 03 сарын 13, 2019 оны 04 сарын 25, 2019 оны 05 сарын 03, 2019 оны 05 сарын 08-ны өдрүүдийн мөнгөн гүйлгээг уг гэрээний дагуу шилжүүлсэн мөнгө гэж үзэх боломжгүй.

6. Хэрэгт авагдсан Х банкны 2023 оны 12 сарын 12-ны өдрийн 7-411/775 тоот Тодорхойлолт, А ХХК болон М ХХК-ийн хооронд 2019 оны 03 сарын 12-ны өдөр байгуулагдсан Ашигт малтмал нунтаг эрдэс худалдах, худалдан авах гэрээ, фото зураг, мөн хэрэгт хавсаргагдсан тэмдэглэлийн дэвтэр зэргийг Х.Г, О.М нарын шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтэй харьцуулан үнэлбэл ...талууд шохойн чулуу тээрэмдэх тээрмийг хөрөнгө гарган худалдан авч, автозамын компанид эрдэс нунтаг нийлүүлэх талаар хамтран ажилласан... гэсэн хариуцагч талын тайлбарыг илүү үндэслэлтэй гэж үзэхээр байна.

Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүрэг шаардах эрхгүй.

7. Анхан шатны шүүх зохигчдын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн атлаа үндэслэлгүйгээр хөрөнгөжих хуулийн зохицуулалтыг тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь агуулгын хувьд зөрчилдөөнтэй, буруу болжээ.

Өөрөөр хэлбэл, талууд хамтран ажилласан тохиолдолд оролцогчид ямар хэмжээний хураамж төлсөн, хураамжийг юунд зарцуулсан, ямар хугацаанд хамтран ажилласан, хамтран ажиллах гэрээ ямар үндэслэлээр дуусгавар болсон, ашигтай, эсхүл алдагдалтай ажилласан эсэх зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр гэрээний талуудын хооронд гарсан ашиг, алдагдлыг хуваарилахтай холбоотой маргааныг шийдвэрлэх учиртай.

8.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 03-ны өдрийн 182/ШШ2024/01434 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан үндэслэлгүй тул хариуцагч А ХХК-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 172,460,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Т ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч А ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 06 сарын 10-ны өдөр урьдчилан төлсөн 804,130 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

Д.НЯМБАЗАР