Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 422

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,

Улсын яллагч Р.Энх-Оюун,

Шүүгдэгч Б. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Цагаан толгой овогт ийн д холбогдох 1908012940401 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1983 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, "" ХХК-д бригадын дарга ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянгол тоотод оршин суух, урьд

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2005 оны 136 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Цагаан толгой овогт ий   //.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

             Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:

            Б. нь 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 18 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг авто угаалгын газарт иргэн О.ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

1.Хохирогч О.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр ажил дээрээ ажлаа хийж байсан. Тэгсэн  гаднаас орж ирээд манай угаалгын газар автомашинаа байрлуулчихаад 2 давхарт байх манай хүлээлгийн өрөөнд орж дарга той хамт архи ууж байсан. Би 18 цагийн орчим 2 давхарт байх хүлээлгийн өрөөнд хамт ажилладаг  гэх хүнийг оруулчаад буцаад доошоо буугаад хаалганы хөшгөө хаачаад буцаад дээшээ 2 давхарт гарсан чинь ,  2 хоорондоо хэрэлдээд байсан, тэгэхээр нь тэр 2-ыг салгаад д та одоо гэртээ хариад амар гэж хэлсэн чинь намайг хэл амаар доромжлоод байсан. Би хамт ажилладаг  гэх хүнийг аваад 1 давхарт буулгасан чинь  явлаа гээд гараад явсан. Тэгээд би буцаад 2 давхарт гарсан чинь  над руу дүүгийн хамар далий юм байна, ах нь үнэгүй янзлаад өгье гээд байсан. Тэгсэн ууж байсан архинаасаа надаа нэг хийж өгөхөөр нь уусан чинь намайг энэ чинь ямар овоо банди вэ гээд миний баруун нүд рүү гараараа 2 удаа цохисон би доошоо тонгойсон чинь миний дээрээс цохиод байсан. Тэгээд би хөлнөөс нь татаад байсан чинь миний зүүн чихнээс хазсан. Миний баруун нүд хавдсан 2 оёо тавиулсан. Зүүн чихнээс хазсан 11 оёо тавиулсан...” гэх мэдүүлэг /хх 10-11 х/,

            2.Шүүгдэгч Б.гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2019-оны 02-р сарын 25-ны өдөр гэртэй хүүхдээ хараад байж байсан. Манай найз  утсаар надтай яриад машин бариад ус аваад өгөөч угаалгын газар усгүй болчихлоо гэж хэлсэн. Тэгээд би очсон. Очоод  машинийг нь агаад усыг нь авж өгсөн. Тэгсэн манай найз  нэг шил 0.75 литрийн хараа нэртэй архи авсан. Тэр архийг угаалгын байрны 2 давхарт байх хүлээлгийн өрөөнд  бид 2 ууж байсан чинь гаднаас  орж ирсэн, бид 3 архи уугаад сууж байсан чинь гаднаас  орж ирээд ,  бид 3-н ууж байсан архинаас шууд хийж уусан. Тэгэхээр нь би чи жоохон хүүхэд байж яаж байгаа юм бэ гэсэн чинь би 2 хүүхэдтэй том хүн гээд байсан. Би ыг чи миний ууж байсан архинаас зөвшөөрөлгүй уучихлаа гэсэн чинь намайг хэл амаар доромжлоод байсан. Би өрөөнөөс гарах гэсэн чинь  намайг бариад авсан. Тэгэхээр нь би нүүрлүү нь нэг цохисон, мөн зүүн шанаан дээр нь 2 удаа өвдгөлсөн. Тэгээд би гараад явсан. ...” гэх мэдүүлэг /хх 31-32 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

            3.Гэрч Б.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... бид 2 манай ажлын 2 давхарт байх өрөөнд орж нэг шил "Хараа" нэртэй 0,75 литрийн архи уугаад сууж байсан чинь гаднаас  орж ирсэн. Бид 3 хамт архиа уугаад сууж байсан чинь манай угаалга дээр ажилладаг угаагч залуу орж ирээд бид 3 ууж байсан архинаас өөрөө шууд аяганд хийгээд уусан. Тэгсэн  тэр залууг чи хүний архинаас зөвшөөрөлгүй уулаа гэж хэлж сонсогдсон, би утсаар яриад зогсож байсан юм. Тэгсэн     манай угаагч залуутай маргалдаад байсан. Тэгээд  гарах гэсэн манай ажлын угаагч залуу гийн хөлнөөс бариад авсан. Тэгсэн  манай ажлын залуу 2 хоорондоо маргалдаад газар унаад нэг нэгнийгээ дээр доор ороод бөмбөрөөд байсан.  бид 2 тэр 2-ыг салгасан. Тэгсэн манай ажлын залуугийн зүүн шанаа хэсгээс нь цус гарсан байсан. ...” гэх мэдүүлэг /хх 16 х /,

 

           4.Шинжээчийн 2863 тоот дүгнэлт

1.О.ын биед зүүн чихний шарх, баруун  зовхины  цус хуралт  гэмтэл  тогтоогдлоо. 

2.Мохоо  зүйлийн  2  удаагийн үйлчлэлээр   хэрэг   болсон   гэх   цаг  хугацаанд  үүссэн   байх   боломжтой.  

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. гэх дүгнэлт /хх 20 х/,

 

5.Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 33 х/

6.Шийтгэх тогтоолын хуулбар /хх 35-36 х/

7.Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 37 х/

8.Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 39 х/

9.Ажлын газрын тодорхойлолт /хх 50 х/

10.Шүүгдэгч, хохирогч нар эвлэрсэн тухай бичгээр гаргасан баримт /хх 57 х/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.

 

Шүүгдэгч Б. нь 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 18 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг авто угаалгын газарт архидан согтуурсан үедээ иргэн О.тай “настай хүмүүсийн дэргэд архи зөвшөөрөлгүй хундаглаж уулаа” гэсэн асуудлаас болж маргалдан түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

Хохирогч О.ын “...миний баруун нүд рүү гараараа 2 удаа цохисон би доошоо тонгойсон чинь миний дээрээс цохиод байсан. Тэгээд би хөлнөөс нь татаад байсан чинь миний зүүн чихнээс хазсан. Миний баруун нүд хавдсан 2 оёо тавиулсан. Зүүн чихнээс хазсан 11 оёо тавиулсан...” гэх мэдүүлэг /хх 10-11 х/,

 Шүүгдэгч Б.гийн: “...Тэгэхээр нь би нүүрлүү нь нэг цохисон, мөн зүүн шанаан дээр нь 2 удаа өвдгөлсөн. Тэгээд би гараад явсан. ...” гэх мэдүүлэг /хх 31-32 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

            Гэрч Б.ын: “...  манай ажлын залуу 2 хоорондоо маргалдаад газар унаад нэг нэгнийгээ дээр доор ороод бөмбөрөөд байсан.  бид нар тэр 2-ыг салгасан. Тэгсэн манай ажлын залуугийн зүүн шанаа хэсгээс нь цус гарсан байсан. ...” гэх мэдүүлэг /хх 16 х /,

           Шинжээчийн 2863 тоот дүгнэлт

1.О.ын биед зүүн чихний шарх, баруун  зовхины  цус хуралт  гэмтэл  тогтоогдлоо. 

2.Мохоо  зүйлийн  2  удаагийн үйлчлэлээр   хэрэг   болсон   гэх   цаг  хугацаанд  үүссэн   байх   боломжтой.  

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. гэх дүгнэлт /хх 20 х/  зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Шүүгдэгч Б. нь хохирогч О.ыг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон учраас хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл /хх 20 х/ гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан.     

Шүүгдэгч Б. нь хүнийг зодсон өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн. 

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Б.гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

 

            Хохирогч О. эмчилгээний зардалд 225,000 төгрөг нэхэмжилснийг төлсөн болох нь эвлэрлийн баталгаа /хх 57 х/-аар тогтоогдсон тул Б.г бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн.

 

            Улсын яллагч: Б.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан.

 

            Шүүгдэгч: Гэм буруу, хэргийн зүйлчлэл, улсын яллагчийн гаргасан ялын санал дээр маргахгүй гэсэн.

 

            Б. үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо өөрийн сайн дураар нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд урьд 1 удаа шүүхээр ял шийтгүүлж байсан, ажил хөдөлмөр эрхэлдэг, гэмт хэргийн хор уршиг арилсан, бусдад төлөх төлбөргүй зэргийг тал бүрээс нь харгалзан шүүхээс түүнд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгуулийг 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд тус тус дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1.Цагаан толгой овогт ийн г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  

  2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг ялтан Б.д үүрэг болгосугай.

  4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Б.д мэдэгдсүгэй.

  5.Б.гийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

           7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ