Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 5087

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

           

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Хас баатар гудамж, 23 дугаар байрны 1 тоотод  оршин суух, эмэгтэй, регистрийн дугаар /*/*/*////////////, Бадамсүрэнжав овогт Нямдоржийн Төгсжаргалын  нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, СОТ 3-1  байр 54 тоотод  оршин суух, эрэгтэй, регистрийн  дугаар ИГ 48062012, Чүлтэмийн Дэнзэнд  холбогдох

 

Газар чөлөөлүүлж, модны төлбөрт 1 657 100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Н.Төгсжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Батхүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жавзмаа, гэрч Д.Цэвээнсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Отгончимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Төгсжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2015.9.10-2015.09.15-ны өдрүүдэд дулааны шугам сүлжээний солих ажил хийгдсэн  бөгөөд уг ажлын аюулгүй байдлыг хангах үүднээс манай Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Хасбаатарын 23-1 тоотын хашааг түр буулгаж байж өргөн нүх ухаад ажил дуусмагч хашааг эргүүлэн барьж өгөхөөр тохиролцон уг ажлыг хийх явцад манай хашаанд тулган зөвшөөрөлгүй байршуулсан зөөврийн гражуудыг мөн холдуулсан байсныг уг ажил дуусмагц манай хашааг барьж амжаагүй байхад уг гражийн эзэн болох Дэнзэн өөрийн гражуудыг буцаан байршуулахаар улайрч дайрч гражийг өргөн байрлуулж байх үед хориг тавьсан ээжийг маань хүч хэрэглэн гарыг нь гэмтээж холдуулаад гражаа байрлуулсан бөгөөд уг гражуудыг байрлуулахыг зөвшөөрөхгүй гэж Баянгол дүүргийн ӨХГ албаны 9 дүгээр хороог хариуцсан мэргэжилтэн Ганбатыг биеэр ирж тайлбарлахад чи хахууль аваа юу гэх зэргээр доромжлон загниж БГД-ийн газрын албаны ус дулааны шугамы хамгаалалтын зурвасыг чөлөөлөхийг  шаардсан хуудас, 9 дүгээр хороо, болон цагдаа мөн баруун түгээх төвийн сануулга мэдэгдэл зэргийг үл тоон хууль бусаар хүч хэрэглэн гражуудаа байршуулсан.Гражаа байршуулсан манайхаас нийтийн эзэмшлийн талбайд тарьж ургуулсан 3 ширхэг улиас модыг сугалж хаясан тул дүүргийн дэд бүтэц байгаль орчны хэлтсээр уг моднуудыг үнэлүүлэн стандартын дагуу нэг ширхэг улиас мод 485 700 төгрөг, нийт 3 ширхэг модны төлбөр 1 457 100 төгрөг, тарьж ургуулсан ажлын хөлс  болон усалгааны зардал төлбөр болох 200 000 төгрөг, нийт 1 657 100 төгрөгийг гаргуулж  өгнө үү.

 

Нэхэмжлэгч Н.Төгсжаргал шүүх хуралдаанд гаргасан хүсэлтэндээ:Бид  ярилцаад, нэхэмжлэгч тал  модны үнэ гаргуулах тухай шаардлагаасаа татгалзаж хариуцагч нь гражаа 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдөр авч газрыг чөлөөлөхөөр тохиролцож эвлэрэлийн гэрээ байгуулж байна гэв.

 Хариуцагчийн төлөөлөгч Д.Жавзмаа шүүх хуралдаанд гаргасан хүсэлтэндээ: Уг гражийг 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдөр авч,нэхэмжлэгчийн орц гарцыг чөлөөлөхөөр эвлэрсэн гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Төгсжаргал хариуцагч Ч.Дэнзэнд холбогдуулан газар чөлөөлүүлж, модны төлбөрт 1 657 100 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч Н.Төгсжаргал модны төлбөрийн 1 657 100 төгрөг гаргуулах тухай шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Ч.Дэнзэн нь гражаа 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн дотор нүүлгэн авч, орц гарцыг чөлөөлөхөөр  талууд эвлэрэлийн гэрээ байгуулж байх тул тэдний эвлэрэлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.

 

Дээрх зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь бусдын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул тэдгээрийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11 670 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж,  зохигчдын эвлэрсэн шаардлагын хүрээнд ногдох   70200  төгрөгийн  50 хувь болох 35 100  төгрөгийг  хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид  олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь

 

1.Нэхэмжлэгч Н.Төгсжаргал тарьсан модны төлбөрт 1 657 100 /нэг сая зургаан зуун тавин долоон мянга нэг зуун/ төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Ч.Дэнзэн гражаа 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн дотор нүүлгэн авч, орц гарцыг чөлөөлөхөөр зохигчид эвлэрч байх тул тэдний эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11 670 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж,  35 100  төгрөгийг  хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан  шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл  гаргах  эрхгүй  болохыг  дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ДОРЖНАМЖИН