Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2024/01382

 

 Т ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 29-ний өдрийн 182/ШШ2024/01905 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Э-д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 12,409,285.66 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Т ХК нь Б.Э-тэй 2018 оны 04 сарын 19-ний өдөр Кредит карт эзэмших гэрээ-г байгуулж, 5,000,000 төгрөгийн алтан кредит картын бэлэн гүйлгээ хийсэн тохиолдолд 3 хувь буюу жилийн 36 хувийн хүүтэй, бэлэн бус гүйлгээ хийсэн тохиолдолд 2 хувь буюу жилийн 24 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээл олгосон. Хариуцагч Б.Э нь нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2023 оны 11 сарын 27-ны өдрийн байдлаар үндсэн зээл 4,941,572 төгрөг, зээлийн хүү 5,482,316 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,921,976 төгрөг, гүйлгээний шимтгэл 50,600 төгрөг, нийт 12,396,285 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Үндсэн зээлд 10,374,306 төгрөг, зээлийн хүүнд 2,501,217 төгрөг, гүйлгээний шимтгэлд 2,300 төгрөг, хугацаа хэтрэлтийн шимтгэлд 60,000 төгрөг төлсөн. Зээлийн гэрээний хугацаа 2021 оны 03 сарын 16-ны өдөр дууссан боловч цар тахлын үед хэрэглээний зээлийг 1 жилээр сунгасан, ингээд 2021 оны 03 сарын 16-ны өдөр хугацаа дууссан. Кредит карт нь зээлийн хэрэглээний зориулалттай бөгөөд кредит карт нь зарцуулсан, төлөгдсөн дүнгээрээ эрх нь сэргээд явдаг. Б.Э 2018 оны 04 сарын 19-ний өдөр зээл аваад 2020 оны 01 сарын 30-ны өдрийг хүртэл 9,704,000 төгрөг зарцуулснаас 7,864,000 төгрөг төлсөн. Бэлэн бус зарцуулалтаар 5,484,879 төгрөг зарцуулж, үүнээс 2,383,370 төгрөг төлсөн нийт бэлэн болон бэлэн бус зарцуулалтын дүн 15,188,879 төгрөг болсон. Нийт бэлэн болон бэлэн бус төлөлт нь 10,247,340 төгрөг, зарцуулалтын үлдэгдэл 4,941,572 төгрөг болсон. 2020 оны 01 сарын 31-ний өдрөөс хүү төлөх үүрэг үүссэн. Хүүнд нийт 2,602,280 төгрөг төлсөн байна. Зээлийн хүүг банкны кредит картын журамд заасан аргачлалын дагуу болон мөн Монголбанкнаас баталсан зээлийн хүү тооцох аргачлалын дагуу нарийвчлан тооцсон. Иймд зээлийн гэрээний үүрэгт 12,396,285 төгрөг, нотариатын зардал 13,000 төгрөг, нийт 12,409,285 төгрөгийг гаргуулна гэжээ.

2. Хариуцагч хариу тайлбартаа: Т-ны гүйцэтгэх захирлын 2017 оны 08 сарын 16-ны өдрийн А/277 тоот тушаалаар салбаруудын захирлуудад 5 сайн харилцагчид хүсэлтийг үндэслэн 5,000,000 төгрөг хүртэлх эрхтэй алтан кредит карт олгох, банкны ажилчдад 1,000,000 төгрөг хүртэлх эрхтэй кредит карт олгох тушаал гарсан. Үүний дагуу тус банк нь Б.Э-тэй 2018 оны 04 сарын 19-ний өдрийн 18/90 дугаартай карт эзэмших гэрээгээр 5,000,000 төгрөг олгосон. Хэрэгт авагдсан кредит картын шинэчилсэн журмын 1.2, 2.1.1, 2.1.2-т заасан шаардлагуудын алийг нь ч Б.Э хангаагүй. Б.Э нь Хятад улсад сурч байсан оюутан гэдгээ хүсэлтдээ бичсэн. Алтан кредит картын журмын 2.2.2-т банк шаардлагатай тохиолдолд хөдлөх эсвэл үл хөдлөх хөрөнгийг нэмж барьцаалж болно гэж заасан. Гэтэл **-** У** Тоёота Альфард машин барьцаалсан нь тухайн үедээ өөр банк бус санхүүгийн байгууллагад барьцаатай нь хэрэгт авсан баримтаар тогтоогдож байгаа. Хавсралтын 1.1-д заасан ирээдүйн бизнесийн орлого гэдэг зүйл картын журамд байхгүй. Гэтэл ирээдүйн бизнесийн орлого хэвийн, 3,000,000 төгрөг гэж заасан мөртлөө 5,000,000 төгрөгийн зээл олгосон нь ойлгомжгүй. Журмын 2.3.5, 2.3.6-д орлого нотлох баримт, нийгмийн даатгалын дэвтэр байх ёстой, орлого тодорхойлох баримт бичгүүд байх ёстой, барьцааны зүйлийн бичиг баримт, лавлагаа, итгэмжлэл, зөвшөөрөл гэх мэт зүйлүүд нь бүгд байхгүй. Эдгээр баримтыг гаргаж өгсний дараа банк судалгаа шинжилгээ хийх ёстой юм байна. Судалгаа шинжилгээ хийхдээ сарын орлого нь өр, зээлийн төлбөрийг тогтмол төлж чадах эсэхийг тогтоох ёстой. Хэрвээ тийм биш бол алтан кредит карт олгохдоо тухайн үнийн дүнгээр хугацаатай хадгаламжийн картыг дуусах хүртэл хугацаатай хадгаламжийг барьцаалдаг зээлийн журам байдаг. Гэтэл Б.Э-д хугацаатай хадгаламж байхгүй. Зөвхөн нэгж байгууллагын банкны захирлын тодорхойлсон стратегийн ач холбогдолтой харилцагчид уян хатан нөхцөл тогтоохдоо зөвхөн кредит картын зээлийн лимитийн хэмжээнд хөнгөлөлт үзүүлнэ гэсэн заалт байдаг. Энэ картыг олгохдоо картын өргөдөл, судалгааны, иргэний үнэмлэх, судалгаа шинжилгээ хийсэн баримт, зээлийн хорооны хурлын шийдвэрийг хавсаргаж байж зээл олгох ёстой. Хадгаламж, бизнесийн орлого, сарын цалингийн орлогыг барьцаалж тухайн авч байгаа зээлийн хэмжээнд хүрэхэд банкинд эрсдэлгүй байдлаар олгох гэж байгаа зээлийн төлбөр тооцоолох аргачлалыг заасан байна. Бэлэн болон бэлэн бус гүйлгээг томьёогоор бодож, системд банкны ажилтан автоматаар тооцдог. Гэтэл үндсэн шаардлагуудыг хангаагүй зээл дээр оюутанд 5,000,000 төгрөг өгсөн нь банк өөрсдийн журамтайгаа уялдуулж зээл өгөөгүй. Банкны удирдлага, зээлийн гэрээний мэргэжилтэн, ажилтан нь санаатайгаар банканд хуурамч баримт бүрдүүлсэн гэж үзэж байна. Б.Э нь оюутан, өөр байгууллагад барьцаатай машиныг барьцаалсан. Сүүлийн 6 сард хийгдсэн гүйлгээ байхгүй, 5,000,000 төгрөгтэй дүйцэхүйц хадгаламж байхгүй. Алтан кредит картын журмын 5.4.4-д картыг сүүлийн нэг жилийн хугацаанд ашиглаагүй бол картыг цуцална гэж заасан. Өртэй гэдгээр нь цуцлахгүй, хүү бодоод нэмээд байдаг. 5.4.5-т барьцааны зүйл дутагдсан, өөрчилсөн, үрэгдсэн, шилжсэн, ашиглах боломжгүй болсон, барьцаа хөрөнгө өмчлөх эрхийн хүчин төгөлдөр байдал, чанар, бүрэн бүтэн байдал нь гэрээ хийсэн үеэс зөрчилтэй, эсвэл маргаантай болохыг нь банк илрүүлсэн эсвэл гуравдагч этгээд тогтоосон бол цуцална гэж заасан. Журмын 5.5-д банкны санаачилгаар буюу 5.4-д заасан үндэслэлээр картыг хаахдаа зээлийн ажилтан, нэгжийн захирал картыг хаах үндэслэл шалтгааны талаар бичгээр тайлбар гаргаад картыг банкны санаачилгаар хаах тухай мэдэгдлийг карт эзэмшигчид цахим шуудангаар мэдэгдэн 5.3.1, 5.3.2-т заасны дагуу картын дансыг хаах арга хэмжээг авна гэж заасан. Картын хугацаа дууссан эсвэл хадгаламж барьцаалсан кредит карт руу зээлийн мөнгөний хугацаа дууссан бол банк картыг эзэмшигчийн хооронд байгуулсан гэрээ дуусгавар болсноор картыг хүчингүй болгож хаана гэж заасан. Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1-д зааснаар Б.Э-тэй байгуулсан 2008 оны 04 сарын 19-ний өдрийн 18/90 дугаартай карт эзэмших гэрээний нэг тал нь буюу банк хуулиар тодорхойлох буюу хуулийн заалтыг тодотгосон журмаар зөрчиж, байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон нөхцөлийг зөрчсөн. Стандарт нөхцөлийг зөрчиж, хийгдсэн гэрээ байна. Иймд гэрээг стандарт бус, хэвийн бус гэрээ гэж үзэж, 2018 оны 04 сарын 19-ний өдрийн 18/90 дугаартай кредит карт эзэмших гэрээг бүхэлд нь хүчингүйд тооцож өгнө үү. Банкийг хохиролгүй болгох үүднээс хариуцагчийн авсан 5,000,000 төгрөгөөс зээлийн үлдэгдэл 4,941,527 төгрөгийг төлнө, бусдыг нь төлөхгүй гэжээ. 

3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч Б.Э-гээс зээлийн гэрээний үүрэгт 10,414,488 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т ХК-д олгож, нэхэмжлэлээс 1,994,796 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 213,498 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Б.Э-гээс 181,581 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрээс Зээлийн, удаан хугацаагаар оногдуулсан өндөр хүүг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна.

4.1. Т-аас хариуцагч Б.Э-д олгосон Алтан картын зээл нь анхнаасаа картын зээл олгох баталсан журмаа ноцтой зөрчиж, банк өөрөө санаатайгаар зээлийн хүүг эргэн төлөх чадамжгүй иргэнд буюу ямар ч орлогоүй, гадаадад сурдаг оюутанд хуурамч нотлох баримт бүрдүүлэн олгосон зээл гэдгийг анхан шатны шүүх огт анхаарсангүй. Энэ зээлийг анх олгосон үйлдэлдээ банк өөрөө буруутайг анхан шатны шүүх авч хэлэлцсэнгүй. Алтан карт эзэмшигч гэж байнгын орлоготой, хадгаламжтай, эсвэл барьцаа хөрөнгөтэй хүнийг хэлнэ. Харин банкны журмыг санаатай зөрчиж, тухайн банкинд дансгүй, хадгаламжгүй, орлогогүй иргэнээс хүү авах гэсэн башир аргыг нь шүүх үнэн зөвөөр олж тогтоовол хариуцагч Б.Э нь банкны өмнө зөвхөн үндсэн зээлээ төлөх үүрэг хүлээнэ.

4.2. Анхан шатны шүүх Зээлийн гэрээ-г хүчин төгөлдөр гэж дүгнэсэн боловч уг гэрээ нь анхнаасаа банк зээл олгох журмаа зөрчиж, банк өөрсдийн нэг талын санаачилгаар хийгдсэн, ямар ч орлогогүй, тухайн банкинд төгрөгийн дансгүй хүнтэй байгуулсан Зээлийн гэрээ болно. Зээл олгох эрх хуулиараа банкинд байдаг хэдий ч Алтан картын зээл гэгч нь өөрийн онцлогтой Тусгай зээл гэдгийг анхан шатны шүүх үл анхааран бусад барьцаат зээлийн нэгэн адил хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Орлоготой, цалинтай, нийгмийн даатгал төлдөг банкны ажилтнууддаа нэг сая төгрөгийн эрхтэй карт олгосон хэр нь ямар ч орлогогүй оюутанд 5,000,000 төгрөгийн алтан карт эзэмшүүлж байгааг ойлгох ухаан надад алга. Энэ бол банкны зээлийн эдийн засагч, зээлийн хорооны хурлын гишүүд, зээлийг баталсан салбарын захирлын алдаа учир хариуцагчид тооцсон зээлийн хүүгээ банк өөрөө хариуцах учиртай.

4.3. 2018 оны 04 сарын 19-ний өдрийн Кредит алтан карт олгох 5,000,000 төгрөгийн эрхтэй зээлийн гэрээ нь 2020 оны 04 сарын 19-ний өдөр албан ёсоор дууссан. Талууд дахин ямар нэгэн байдлаар гарын үсэг зурж гэрээг сунгасан зүйл байхгүй байхад Т Ковид гээд нэг жилээр сунгасан гэж ярьдаг ч гэрээг нэг талын санаачилгаар сунгасан нь хууль бус болно.

4.4. Хариуцагч Б.Э нь орлогогүй боловч 2018 оны 04 сарын 19-ний өдрөөс 2020 оны 01 сарын 30-ны өдөр хүртэл нийт 15,188,879 төгрөг зарцуулж, 10,247,340 төгрөг төлж, 4,941,573 төгрөгийн үндсэн зээлийн өртэй үлдэж, 2020 оны 01 сарын 31-ний өдрөөс эхэлж хүү төлөх өр үүссэн гэж банк ярьдаг боловч картын хугацаа 2020 оны 04 сарын 19-ний өдөр дуусгавар болсон. Дахиж сунгагдаагүй тул картыг ашиглан гүйлгээ хийх боломжгүй болсон.

4.5. Т нь Алтан картын зээл олгох журмын дагуу зээлээ олгоогүй байж, журмын дагуу Алтан картын зээл эзэмшигчийн зээл төлөх шаардлагаар зээлийн хуримтлуулсан хүү нэхэмжилж байгаа нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

4.6. Т нь зээлийн хугацаа дууссан гурван жилийн хугацаанд хариуцагч руу гурван удаа шуудангаар мэдэгдэл илгээсэн гэх боловч иргэн Б.Э дээрх мэдэгдлийг гардаж аваагүй байхад анхан шатны шүүх түүнийг нотолгоо гэж үзсэнд гомдолтой байна.

4.7. Банк шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ санаатайгаар сунжруулан, зээлийн гэрээний албан ёсны хугацаа дуусаад бараг гурван жилийн хугацаа өнгөрсөн байхад нэхэмжлэл гаргаж байгаа нь тухайн иргэнээс хуримтлуулсан өндөр хүү авах гэсэн башир арга байсныг давж заалдах шатны шүүх анхаарч үзэж, хуулийг санаатайгаар гуйвуулан хэрэглэсэн банкны буруутай үйл ажиллагааг олж тогтоон банкнаас гаргасан зээлийн хүүг бууруулах эсвэл бүр тэглэн зөвхөн үндсэн зээл төлөх үүргээр нь хангаж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

2. Нэхэмжлэгч Т ХК нь хариуцагч Б.Э-д холбогдуулан үндсэн зээл 4,941,572 төгрөг, зээлийн хүү 5,482,316 төгрөг, хугацаа хэтэрсний шимтгэл 1,921,796 төгрөг, гүйлгээний шимтгэл 50,600 төгрөг, нотариатын зардал 13,000 төгрөг, нийт 12,409,285 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Дээрх шаардлагаас хариуцагч нь үндсэн зээл 4,941,572 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг ...банк журмаа зөрчиж зээл олгосон, шаардах эрхээ хэрэгжүүлээгүй санаатайгаар удсан, хариуцагч нь кредит карт эзэмших нөхцөлийг хангаагүй, тодорхой орлогогүй оюутан, барьцааны зүйл бусдын барьцаанд байсан... гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

3.  Талууд 2018 оны 04 сарын 19-ний өдөр 18/90 тоот Кредит карт эзэмших гэрээ байгуулж, уг гэрээгээр Т ХК нь 5,000,000 төгрөгийн зээлийн лимиттэй, бэлэн гүйлгээний жилийн 36 хувийн хүүтэй, бэлэн бус гүйлгээний жилийн 24 хувийн хүүтэй алтан кредит картыг 24 сарын хугацаатай эзэмшүүлэх, Б.Э нь алтан кредит картыг эзэмшиж, үндсэн зээл, бэлэн болон бэлэн бус гүйлгээний хүүг гэрээнд заасан хүүгийн хамтаар буцаан төлөх нөхцөлийг харилцан тохиролцжээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.

4. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зааснаар зээлдүүлэгч Т ХК нь үндсэн зээл, зээлийн хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг зээлдэгч Б.Э-гээс шаардах эрхтэй.

5. Хариуцагч Б.Э нь зээлдэгчийн анкет бөглөж, кредит карт хүссэн өргөдөл гаргаж, улмаар 2018 оны 04 сарын 19-ний өдөр 18/90 тоот Кредит карт эзэмших гэрээ байгуулсан байх тул Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар хүсэл зоригоо илэрхийлж, гарын үсэг зурж хэлцэл хийсэн гэж үзнэ.

Иймд ...банк журмаа зөрчиж зээл олгосон, хариуцагч нь кредит карт эзэмших нөхцөлийг хангаагүй, тодорхой орлогогүй оюутан... гэх татгалзал давж заалдах гомдол үндэслэлгүй. Эдгээр нөхцөл байдал нь зээлдэгчийг зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

6. Нэхэмжлэгч Т ХХК нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор зээлийн гэрээний үүргийг хариуцагч Б.Э-гээс шаардсан байх тул ...шаардах эрхээ хэрэгжүүлээгүй санаатайгаар удсан... гэх татгалзал, давж заалдах гомдол мөн үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, хуульд заасан эрхийг үүрэгжүүлэх боломжгүй юм.

7. Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.5-д барьцааны нэг зүйлийг хэд хэдэн этгээдэд барьцаалж болохоор зохицуулсан тул ...барьцааны зүйл бусдын барьцаанд байсан... гэсэн татгалзал, давж заалдах гомдлыг хангахгүй.

8. Нэхэмжлэгч талын гаргаж өгсөн зээл, хүүний тооцоололтой хариуцагч тал маргаагүй, уг тооцооллыг өөрийн тооцооллоор няцаагаагүй.

9.  Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 1,994,796 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй.

10. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 29-ний өдрийн 182/ШШ2024/01905 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 06 сарын 11-ний өдөр урьдчилан төлсөн 181,590 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

Д.НЯМБАЗАР