Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
Хэргийн индекс | 102/2023/01392/И |
Дугаар | 210/МА2024/00531 |
Огноо | 2024-03-18 |
Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 210/МА2024/00531
2024 03 18 210/МА2024/00531
А.Э нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Т.Бадрах, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2023/04253 дугаар шийдвэртэй,
А.Э нэхэмжлэлтэй, Л ХХК, Д.Б нарт холбогдох,
Хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулж, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.А, хариуцагч Д.Б, хариуцагчийн төлөөлөгч Т.Ч, хариуцагчийн өмгөөлөгч Д.Б, Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Би Л ХХК-тай 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж, Дархан-Уул аймаг, Дархан сумын 0000000 хороолол, Ласти таун, 000 тоот тоот хаягт байрлах, 3 өрөө 71.46 м.кв талбай бүхий орон сууцны 62.7 м.кв талбайг 1,000,000 төгрөгөөр, 8.76 м.кв талбайг 1,350,000 төгрөгөөр тооцон нийт 74,526,000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн зам талбайн ажил гүйцэтгэх гэрээгээр ажиллаж бартер хийж төлсөн.
1.2. Гэрээгээр Л ХХК нь байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөх үүрэгтэй боловч Д.Б-д 2.5 тэрбум төгрөгийн өр төлбөрийг 44 айлын үл хөдлөх хөрөнгөөр төлөхөөр тохиролцон миний захиалсан орон сууцны м.кв талбайн үнийг 972,850 төгрөгөөр тооцон нийт 69,519,861 төгрөгөөр өгөхөөр хэлцэл байгуулж өмчлөх эрхийг 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр шилжүүлсэн байсан.
1.3. Л ХХК болон Д.Б нар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд миний захиалсан байрыг хэлцэл хийж шилжүүлэхдээ Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3 дахь хэсэгт заасны дагуу жинхэнэ өмчлөгч нь А.Э болохыг мэдэж байсан. Байрны эзэмшигч, өмчлөгч нар шаардвал эрсдэлээ бүрэн хүлээх тухай харилцан тохиролцон энэ талаар 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд тусгагдсан.
1.4. Д.Б нь өмчлөгчөөр бүртгүүлсэн ч Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3, 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шударгаар олж авах боломжгүй. Иргэний хуулийн 270 дугаар зүйлийн 270.1-дэх хэсэгт заасны дагуу Л ХХК нь надад мэдэгдэх үүрэгтэй байхаас гадна мөн хуулийн 270.2 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдэж, миний зүгээс худалдан авах давуу эрхээ хэрэгжүүлээгүй бол гуравдагч этгээдэд шилжүүлж болохоор байсан. Гэтэл 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Л ХХК-ийн захирал Т.Ч, төлбөр авагч Д.Б нарын хөрөнгийн үнэлгээ, төлбөрт өгөх байрны жагсаалтын 36 дугаарт 43 тоот 3 өрөө, 71.46 м.кв талбай бүхий байрыг шилжүүлж өгсөн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Л ХХК нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 6 орчим тэрбум төгрөгийн өртэй, өөр өмч хөрөнгөгүй учраас хөрөнгө оруулагчид төлөх мөнгөн төлбөрт миний эрхийг зөрчин байрыг Д.Б-д шилжүүлсэн.
Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавар болох Дархан-Уул аймаг, Дархан сумын 0000000 хороолол, Ласти таун хотхон, 44 айлын орон сууцны өмчлөх эрхийг Д.Б-д шилжүүлсэн хэлцлээс 000 тоот тоот орон сууцны үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул үр дагаврыг арилгуулж, намайг орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Л ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1.Ц.Б нь Л ХХК-ийн өмнөх хувьцаа эзэмшигч А.Л-тэй 2014 онд гэрээ байгуулж хөрөнгө оруулсан. Улмаар Ц.Б нь мөнгөө авч чадахгүй байсан тул А.Л-тэй 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хувьцаа худалдах, худалдан авах болон хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар хөрөнгө оруулсан төлбөр тооцоог дуусгаж, компанийг буцаан өгөх нөхцөлтэйгээр гэрээ байгуулан шилжүүлэн авсан. Тэрээр гадаадад томилолтоор явахаар болсон тул Л ХХК-ийг 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хувьцаа худалдах худалдан авах, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр Т.Чын нэр дээр шилжүүлсэн.
Компанийг шилжүүлэн авсны дараа орон сууцыг худалдахдаа гэрээг давхардуулан хийсэн байсныг мэдсэн. Иймээс хувьцаа эзэмшигч байсан А.Л-тэй уулзаж, хөрөнгө оруулагч, өмгөөлөгч нарыг байлцуулан хуралдаж Л ХХК нь бусдын өмнө хүлээсэн өр төлбөрийг төлөх асуудлыг бүрэн хариуцахаар хэлцэл хийж, 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гэрээ байгуулан компанийг өмнөх хувьцаа эзэмшигч А.Лд 100 хувь шилжүүлсэн. Гэтэл А.Л нь улсын бүртгэлийн албанд бүртгэл хийлгээгүй, бидэнд мэдэгдэлгүй 2018 оны 03 дугаар сард Хятад улс руу яваад өнөөдрийг хүртэл ирээгүй. Цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжлуулсан боловч өнөөдрийг хүртэл олдохгүй байна.
2.2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 08942 дугаар захирамжаар Л ХХК-аас 2,500,000,000 төгрөгийг гаргуулж Д.Б-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж Л ХХК-ийн өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сум, 0000000 хороолол, Ласти таун хотхон 10А, 10Б байрны орон сууцнуудын захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн хэлтэст явуулсан 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн албан бичгийн дагуу Д.Б-д нийтдээ 44 айлын орон сууцыг төлбөрт тооцон шилжүүлсэн.
Эдгээр 44 айлын орон сууцанд айл байсан, гэрээ байгуулсан талаар Д.Б мэдэх боломжтой байсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн хийсэн тусгай тэмдэглэлд төлбөр авагч Д.Б, Б.Дөлгөөн нар өмчлөх эрхээ олж авах, гуравдагч этгээд гарч ирвэл эрсдэлээ хүлээнэ гэсэн байдаг. Улсын бүртгэлийн ерөнхий газар, Дарханы улсын бүртгэлийн алба, хөрөнгө оруулагч Д.Б, Б.Дөлгөөн, Л ХХК нар оролцсон сонсох ажиллагаа 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хийгдсэн. Сонсох ажиллагааны хуралд өмнөх хувьцаа эзэмшигч А.Л Л ХХК нь орон сууцыг бусад этгээдүүдтэй давхардуулан гэрээ байгуулсан байна гэдгийг хэлсэн. Гэвч Улсын бүртгэлийн ерөнхий газар шүүхийн шийдвэрийг биелүүлсэнгүй гэдэг шаардлага тавьж байсан. 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Д.Б-гийн нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагын дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч Д.Б-гийн татгалзал, тайлбарын агуулга:
3.1. Барилгыг барьж ашиглалтад оруулсан, мөн А.Этой гэрээ байгуулсан Л ХХК нь надтай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Уг гэрээгээр Л ХХК үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулахдаа хөрөнгө оруулагч тал болох Д.Б надад гэрээ байгуулах талаар мэдэгдэж, зөвшөөрөл авахаар тохиролцсон. Тухайлбал, хөрөнгө оруулалтын 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 01/14 дугаартай гэрээний 5.2.2, 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01 дугаартай гэрээний 6.2.2, 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 02 дугаартай гэрээний 4.1, 6.1, 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 03 дугаартай гэрээний 6.1-д тус тус тусгайлан заасан. Түүнчлэн 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ болон барьцааны гэрээг тус тус байгуулж, нэхэмжлэлд дурдсан Дархан-Уул аймаг, Дархан сум, 000000 тоотын орон сууц нь 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Д.Б миний барьцаанд бүртгэгдсэн. Гэтэл Л ХХК нь хууль болон гэрээнд заасан заалтыг зөрчиж, А.Эийг тухайн байранд амьдруулж байсан нь хууль бус юм.
3.2. Л ХХК нь хөрөнгө оруулалтын гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй, хөрөнгө оруулагч миний эрхийг зөрчиж байсан тул уг асуудлаар Хан-Уул дүүргийн Эвлэрүүлэн зуучлалд хандан өргөдөл гаргаж эвлэрүүлэн зуучлагчийн оролцоотойгоор Л ХХК-тай эвлэрлийн гэрээг байгуулж, шүүгчийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 183/Ш32017/08942 дугаар захирамжаар баталгаажуулсан. Уг захирамжийн дагуу Л ХХК нь надад 2,500,000,000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн дотор төлөх байсан үүргээ биелүүлээгүй тул шүүгчийн захирамжийг албадан биелүүлж хүсэлт гаргасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, уг ажиллагааны явцад Л ХХК-аас миний өмчлөлд Дархан-Уул аймаг, Дархан сум, 0000000 хорооллын таун хотхоны 10Б блокны 43 тоот орон сууцыг шилжүүлж өгөх санал гаргаснаар төлбөрт тооцон авсан. Дээрх орон сууцыг миний өмчлөлд шилжүүлэх асуудлаар 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс хойш удаа дараа мэдүүлэг гаргаж, тэдгээртэй холбоотой маргааныг захиргааны журмаар шийдвэрлүүлсний эцэст 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдөр улсын бүртгэлийг баталгаажуулж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулж авсан.
3.3. Би маргаан бүхий байрны өмчлөлийг шилжүүлэн авах үед тухайн 43 тоот орон сууцны өмчлөгч нь Л ХХК байсан. Л ХХК өмчлөх эрхтэй байхад шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад шилжин ирсэн, мөн төрийн байгууллага үйл ажиллагаагаа явуулаад шилжүүлэн өгсөн байрыг би эрхийн доголдолгүй, зориулалтаар нь ашиглахад боломжтой гэж хүлээж авсан. Л ХХК нь төлбөр төлөгч байх үедээ өмчийн эзний хувьд өөрийн хөрөнгөө хэнд шилжүүлж өгөхийг өөрсдөө мэдэх учраас надад шилжүүлж өгсөн тохиолдолд би буруугүй, өмчлөх эрхийг хуулийн дагуу авсан тул Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3 дахь хэсэгт заасан ... уг эрхийг шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг мэдэж байсан бол энэ заалт хамаарахгүй гэж үзэх үндэслэлгүй. Харин Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр эрхийн улсын бүртгэлийн 000000 дугаарт бүртгэсэн Д.Бгийн өмчлөх эрхийн улсын бүртгэл хууль ёсных хэмээн шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан.
3.4. Миний бие А.Э-ийг маргаан бүхий орон сууцнаас албадан гаргуулах нэхэмжлэлийг Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан бөгөөд тус шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1715 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 209/МА2023/00016 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 001/XT2023/00000 дугаартай тогтоолоор тус тус нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Иймд А.Э нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэг, 56.5 дахь хэсэг, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг баримтлан Л ХХК, Д.Б нарт холбогдох Дархан-Уул аймгийн Дархан сум, 0000000 хороолол, 000 тоот тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн А.Э нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 575,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын агуулга:
5.1. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөвөөр тодорхойлоогүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлээгүй, тал бүрээс нь бүрэн харьцуулан судлаагүй, хэрэглэх ёстой хуулийн хэрэглээгүй, нэхэмжлэлийн шаардлагад тусгагдсан асуудлаар хууль зүйн дүгнэлт гаргаагүй, талуудын маргаагүй зүйл болох орон сууц захиалан бариулах гэрээний тухай дүгнэлт хийж, үйл баримт болон талуудын байр сууринаас өөрөөр дүгнэж шийдвэр гаргасан нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй.
Учир нь Л ХХК-ийн гүйцэтгэгч М ХХК-ийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд гаргаж өгсөн 144 айлын орон сууцны захиалагчид төлбөр төлсөн болон төлбөр төлөх үнийн дүн бүхий жагсаалтыг гаргаж өгсөн боловч шүүх нотлох баримтаар үнэлээгүй. Тус нотлох баримт болох жагсаалтын №28-д Б блок, 43 хаалга, 71.46 м.кв, захиалагч Аюуш Энхзориг, худалдах үнэ 74,526,000 төгрөг, төлөлт 74,526,000 төгрөг, үлдэгдэл 0 төгрөг, гэрээний дугаар 120, бартер гэх мэдээллийн дагуу Д.Бг тухайн байрны захиалагч, төлбөрийг бүрэн төлсөн этгээд нь иргэн А.Эийг мөн болохыг бүрэн мэдэж, түүний эрх, ашиг сонирхлыг хохироож байсан тухайгаа бүрэн ухамсарлаж байсныг тогтоох чухал ач холбогдолтой байсан. Нэхэмжлэгч нь тус нотлох баримтыг шүүх хуралдаанд шинжлэн судлуулсан боловч тухайн нотлох баримтыг үнэлээгүй. Д.Б болон Л ХХК нар тус байрны захиалагч, тухайн байранд амьдарч эзэмшиж байгаа болон орон сууц захиалгаар бариулах гэрээний дагуу шударгаар өмчлөх эрх олж авах ёстой этгээдийг А.Э болохыг мэдэж байсан.
5.2. Хариуцагчаас А.Э эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илтэд хохироон үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх хэлцэл хийж байгаа нь Л ХХК нь төлбөрийн чадваргүй болсонтой шууд хамааралтай. Энэ нь нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан байх тул өмчлөх эрхийг шударгаар олж аваагүй. Бүртгэлийн үнэн зөв хэмээн үзэх хамгаалалт энэ тохиолдолд үйлчлэхгүй, шударга бусаар олж авсан өмчлөлийг хамгаалагдахгүй. Шүүхээс Д.Б-г шударгаар өмч хөрөнгө олж авсан эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй. Шийдвэрийн тогтоох хэсгийн 1-т нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасны баримтлан нэхэмжлэл гаргасан гэж тогтоож нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон Иргэний хуулийн 109 дугаар зүйлийн 109.3 дахь хэсгийг хэрэглээгүй, үнэлэлт дүгнэлт хийгээгүй. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэл гаргаад байгаа үндсэн шалтгаан нь хариуцагч Д.Б нь тухайн үл хөдлөх өмч хөрөнгийг шударгаар олж аваагүйтэй холбоотой. Д.Б нь Л ХХК-аас 2.5 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгө авахаар Хан-Уул дүүргийн Эвлэрүүлэн зуучлалд хандаж, улмаар талууд эвлэрсэн бөгөөд эвлэрлийн гэрээ нь гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж шүүхээс үзээд эвлэрлийн гэрээг баталгаажуулсан. Нэгэнт шүүхээс захирамж гарсан учир хэдэн төгрөг, хэрхэн хөрөнгө оруулсан эсэх нь хамааралгүй болж шүүхийн шийдвэрийн дагуу мөнгөн хөрөнгө төлөх үүрэг Л ХХК-д үүсэж, мөнгөн хөрөнгө авах эрх Д.Б-д үүссэн.
Гэтэл талууд эвлэрч хэлэлцээр байгуулснаар 2.5 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгө шилжүүлэн авах эрхийг дуусгавар болгож, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэн авч байгаа нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасан хэлцлийн шинжийг бүрэн агуулдаг. Д.Б, Л ХХК нар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад байгуулсан тухайн хэлцлээс өөрт ногдох хэсгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохоор шүүхэд хандсан. Гэтэл анхан шатны шүүхээс үндэслэх хэсгийн 2.4-т Иргэний хуулийн тухайн зүйлийн зөвхөн хууль зөрчсөн гэх хэсгийг сонгон авч хэрэглээд, харин нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан гэх хэсгийг хэрэглээгүй. Д.Б, Л ХХК нарын байгуулсан 2018 оны 05 сарын 08-ны өдрийн хэлцэл миний эрхийг ноцтойгоор зөрчөөд зогсохгүй, шударга ёс, зүй ёсонд нийцэхгүй, агуулга, байгуулж байгаа хэлбэр, зорилгын хүрээнд зан суртахууны хэм хэмжээнд илтэд харшилсан.
5.3. Шүүхийн шийдвэрт А.Э нь орон сууц захиалгаар бариулах гэрээний хувьд захиалагч болохгүйгээс гадна орон сууцны үнэ 74,560,000 төгрөг төлөөгүй, Л ХХК нь 3 өрөө орон сууцны барилгын ажлыг гүйцэтгэж үр дүнг хүлээлгэж өгөхөөр тохирсон ажил гүйцэтгэгч гэх үндэслэлгүй гэжээ. Ингэхдээ шүүхийн шийдвэрт А.Э нь Л ХХК-тай 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 120 дугаартай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан гэж дүгнэсэн. Талууд тухайн гэрээний хүчин төгөлдөр байдал, 74,526,000 төгрөг бартер хэлбэрээр төлж барагдуулсан талаар маргаагүй. Л ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээний төлбөр тооцоо дууссан тухай нягтлан бодох бүртгэлийн актыг хариуцагч хүлээн зөвшөөрдөг. Гэтэл шүүхээс А.Эийг орон сууц захиалгаар бариулах гэрээний хувьд захиалагч болохгүйгээс гадна Л ХХК нь байрыг хүлээлгэн өгөх ажил гүйцэтгэгч гэх үндэслэлгүй гэж дүгнэсэнд гомдолтой байна. Тус орон сууц захиалан бариулах гэрээ нь хүчин төгөлдөр бөгөөд талуудыг тохиролцооны дагуу би ажил хийж төлбөрөө бүрэн төлсөн захиалагч байхад үндэслэлгүй хэт нэг талыг барьсан, гэрээний эрх, эрх чөлөөнд халдсанд гэж үзнэ.
Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, А.Э нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
6. Давж заалдах гомдолд хариуцагч Л ХХК-ийн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
Тухайн орон сууцыг манай компани хүлээж авахад н.Лхагвасүрэн нь тухайн 144 айлын орон сууцын үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн компаний нэр дээр гаргасан байсан. Анх тухайн компанийг хүлээлгэж өгөхдөө хөрөнгө оруулагч нарыг оролцуулан хурал хийж тухайн хурал дээр орон сууцанд давхцалтай айлууд амьдарч байгаа талаар мэдсэний үндсэн дээр 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр компанийг буцаасан боловч н.Лхагвасүрэн өнөөдрийн байдлаар тухайн компанийн захирал хэвээр байна.
Шийдвэр гүйцэтгэх алба н.Дөлгөөн, Д.Б нарын захирамжийн дагуу ажиллагаа хийхэд Л ХХК-ийн 144 айлын орон сууцнаас өөр хөрөнгөгүй, н.Оюунчимэгийн жагсаалтаар гаргаж өгсөн баримт дээр тулгуурлан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийх боломжгүй байсан. н.Лхагвасүрэн нь захирал байхдаа 8,200,000,000 төгрөгөөр орон сууцыг худалдаж, 6,200,000,000 төгрөгийг урьдчилгаа хэлбэрээр авч 2,200,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй, давхцалтай компанийг орхин гадаад улс руу гараад сураггүй болсон. Шийдвэр гүйцэтгэх алба төлбөр авагч нарыг дуудан олон удаагийн уулзалт, тэмдэглэл, ярилцлага хийсний үндсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагын дагуу зөв зүйтэй талаас нь шийдвэрлэж өгнө үү гэжээ.
7. Давж заалдах гомдолд хариуцагч Д.Б-гийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хянан шийдвэрлэж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэрлэсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь хариуцагч Д.Б Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1, 109 дүгээр зүйлийн 109.3 дахь хэсэгт заасан шударга өмчлөгч биш гэж маргадаг. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь Л ХХК-ийн хууль ёсны өмчлөлд бүртгэлтэй байсан. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлтэй холбоотой харилцааны хувьд Иргэний хууль болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлтэй холбоотой бүртгэлийн харилцаа, өмчлөлийн харилцааг зохицуулсан хууль тогтоомжид заасан журмын дагуу өмчлөх болон шаардах эрх баталгаажаагүй байсан.
Энэхүү үйл баримтын талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсан. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Бг шударга өмчлөгч биш, нэхэмжлэгч А.Э өмчлөгч байх ёстой гэж нэхэмжлэгч тал тайлбарладаг. Гэтэл нэхэмжлэгч нь дээрх хуулийн зүйл заалтад заасан хууль ёсны өмчлөгч болох нь тогтоогддоггүй болохыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр дүгнэсэн. Нэхэмжлэгч нь хариуцагч нарын шүүхийн шийдвр биелүүлэхтэй холбогдуулан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гаргаж өгсөн албан бичиг, тодорхойлолтыг хэлцэл гэж үзэн нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй ба энэ талаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.4-т тодорхой тайлбарласан. Мөн нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4 дэх хэсгийг зөрчсөн. Иймд нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч А.Э нь хариуцагч Л ХХК, Д.Б нарт холбогдуулан 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Д.Б нь Л ХХК-тай хэлцэл хийхдээ хууль зөрчсөн тул хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг арилгуулж, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
3. Зохигчдын хооронд Л ХХК-иас Д.Б-д 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр маргаж буй орон сууцыг төлбөртөө тооцож шилжүүлсэн хэлцэл нь хууль зөрчсөн эсэх, хүчин төгөлдөр эсэх нь маргааны зүйл болсон байна.
4. Хэргийн баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. А.Э болон Л ХХК нарын хооронд 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Л ХХК нь Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, Ласти таун хотхоны орон сууцны 10б блокын 2 дугаар орцны 2 давхарт 43 тоот, 71.46 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг худалдахаар тохиролцож, нэхэмжлэгч А.Э нь гэрээний үүрэгт нийт 74,526,000 төгрөгийн төлбөрийг зам талбайн ажлыг хийсэн ажлын хөлсөнд тооцож хариуцагчид төлөх төлбөртөө харилцан тооцохоор тохиролцжээ. /хх-ийн 3-7/
4.2. Хариуцагч Л ХХК дээрх орон сууцыг 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэгч А.Э эзэмшилд шилжүүлсэн болох нь хэргийн 8-14 дэх талд авагдсан гэрээ, гэрээний хавсралт, тооцооны үлдэгдлийн баталгаа, зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Энэ талаар хариуцагч маргахгүй байх тул нэхэмжлэгчийг орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
4.3. Хариуцагч Д.Б, Л ХХК нарын хооронд 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр орон сууцны зориулалттай барилгад 1,000,000,000 төгрөгийн санхүүжилт хийж, барилга баригдсаны дараа орон сууцыг худалдан борлуулснаас олсон орлогоос тэргүүн ээлжинд ашиг авахаар харилцан тохиролцсон. /хх-ийн 89-92, 95-97/
4.4. Улмаар дээрх хөрөнгө оруулалтын гэрээг 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 02 дугаартай гэрээгээр сунгасан. Мөн талууд дээрх хөрөнгө оруулалтын гэрээнд 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ болон барьцааны гэрээг тус тус байгуулж, уг гэрээгээр 144 айлын 8,470 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай барилгаас 1 м.кв талбайг 750,000 төгрөгөөр тооцон нийт 2,667.22 м.кв талбай бүхий 46 айлын орон сууцыг хөрөнгө оруулагч барьцаалж, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн. /хх-ийн 137-142/
4.5. Хариуцагч Л ХХК-иас дээрх хөрөнгө оруулалтын гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйгээс Д.Б нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Эвлэрлүүлэн зуучлалд хандсан, улмаар талууд эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр хариуцагч Л ХХК-иас 2,500,000,000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн дотор Д.Б-д төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсаныг шүүгчийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШЗ2017/8942 дугаар захирамжаар баталгаажуулсан. /хх-ийн 101, 135-138/
4.6. Төлбөр төлөгч дээрх шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул төлбөр авагчийн гаргасан хүсэлтээр тус дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1277 дугаар гүйцэтгэх хуудас бичигдэж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 18290056 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолоор дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг явуулсан. /1-р хх-ийн 153, 193/
4.7. Л ХХК-ийн өмчлөлийн орон сууцнуудыг битүүмжлэн хураан авч, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн. Улмаар төлбөр төлөгч нь үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгүүдийг төлбөрт тооцон өгөх хүсэлт гаргаснаар 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Ласти таун хотхоны 144 айлын сууцны 1 м.кв талбайн зах зээлийн үнийг 972,850 төгрөгөөр үнэлээд нийт 2,500,000,0000 төгрөгт тооцон 44 айлын орон сууцны жагсаалт үйлдэж, 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Д.Б-гийн өмчлөлд шилжүүлснээр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон. /хх-ийн 132-134/
4.8. Дээрх 44 айлын орон сууцны дотор нэхэмжлэгчийн шаардаж буй Ласти таун хотхоны 000 тоот тоот орон сууц багтсан байх бөгөөд Улсын бүртгэлийн 000000 дугаартай, Дархан-Уул аймгийн Дархан сумын 0000000 хороолол, 10б байрны 16 сууц, түүний дотор 43 тоот сууцны өмчлөгчөөр Д.Б бүртгэгдэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон. /хх-130/
4.9. Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1715 дугаар шийдвэрээр Дархан-Уул аймгийн Дархан сумын 0000000 хорооллын 000 тоот тоот сууцыг А.Э болон түүний гэр бүлийн гишүүдийн хууль бус эзэмшлээс гаргуулж Д.Б-д олгож шийдвэрлэснийг Дархан-уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 16 дугаар магадлал, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 001/ХТ2023/000124 дүгээр тогтоолоор шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн бөгөөд шийдвэр хүчин төгөлдөр болсон. /хх-ийн 69-74, 81-86, 144-151/
4.10. Төлбөр төлөгч дээрх шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул төлбөр авагчийн хүсэлтээр шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж, Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 10/1422 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон. /1-р хх-ийн 155/
4.11. Дээрх үйл баримтын талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.4 дэх хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцжээ. Иймд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын ..талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөвөөр тодорхойлоогүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлээгүй, тал бүрээс нь бүрэн харьцуулан судлаагүй... гэх давж заалдах гомдлыг хангахгүй.
5. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасан.
5.1. Нэхэмжлэгчийн өмчлөх эрх үүсэхээс өмнө маргаан бүхий орон сууцыг хариуцагч Д.Б хөрөнгө оруулалтын гэрээний үүрэгт барьцаалсан, улмаар шүүхийн шийдвэрийн дагуу орон сууцыг төлбөрт тооцон авч, хууль ёсны өмчлөгчөөр бүртгүүлсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгчид өмчлөх эрх шилжээгүй байх тул түүний орон сууцыг эзэмшиж байсан, төлбөрийг зам талбайн ажлын бартер хийж төлсөн нь хариуцагч Д.Б-гийн өмчлөх эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй.
Түүнчлэн, нэхэмжлэгч нь гэрээ байгуулах үед маргаан бүхий орон сууцыг улсын бүртгэлд зээлийн барьцаанд бүртгэлтэй эсэхийг мэдэх боломжтой байснаас гадна улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэгээ хийгээгүй байна.
5.2. Хариуцагч Д.Б нь 2016 онд барьцааны гэрээг бүртгүүлэх үед нэхэмжлэгч А.Э өмчлөгчөөр бүртгүүлээгүй, урьдчилсан тэмдэглэгээ хийлгээгүйгээс гадна маргаж буй орон сууцыг 2017 онд эзэмшилдээ шилжүүлсэн байна. Энэ нөхцөлд Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3, 183 дугаар зүйлийн 183.1, 270 дугаар зүйлийн 270.1 дэх хэсгийн зохицуулалт хэрэглэгдэхгүй.
Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгчийн хүсэлтээр төлбөрт тооцон Дархан-Уул аймаг, Дархан сум, 000 тоот, 71.46 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг хариуцагч Д.Бгийн нэр дээр шилжүүлэн бүртгэсэн бүртгэл үнэн зөв талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт буруу биш байх тул нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын хариуцагч өмчлөх эрхийг шударгаар олж аваагүй, шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.
5.3. Мөн Л ХХК-ийн захирал Т.Ч, төлбөр авагч Д.Б нарын 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ, төлбөрт өгөх байрны жагсаалтын 36 дугаарт бичигдсэн Б блок хаалга №000 тоот, 3 өрөө 71.46 м.кв талбай, 1 м.кв талбайн үнэлгээг 972,850 төгрөг, нийт талбайн үнэ 69,519,861 гэсэн үл хөдлөх хөрөнгийг шилжүүлсэн хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан Хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл хийсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байх тул нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын ...нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмээнд харшилсан хэлцэл гэх давж заалдах гомдлыг хангахгүй.
6. Анхан шатнын шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт өгч, хариуцагч Л ХХК, Д.Б нарт холбогдох, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулж, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэгч А.Э нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2023/04253 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр урьдчилан төлсөн 575,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ