| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 182/2023/04430/И |
| Дугаар | 210/МА2024/00525 |
| Огноо | 2024-03-18 |
| Маргааны төрөл | Татварын ерөнхий хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 210/МА2024/00525
2024 03 18 210/МА2024/00525
Б хэлтсийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Т.Гандиймаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Б хэлтсийн нэхэмжлэлтэй, Б ХХК-д холбогдох,
Эрүүгийн гэмт хэргийн улмаас улсад учирсан хохиролд 759,239,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, Т.Б, И.Ө, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөлөөгч Г.Б, хариуцагчийн өмгөөлөгч Д.Х, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 Тус татварын хэлтсийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй Б ХХК-ийн 2010-2012 оны албан татварын ногдуулалт төлөлтийн байдалд шалгалт хийхэд 7,569,239,000 төгрөгийн зөрчил илэрсэн тул энэ талаар дүгнэлт бичиж холбогдох байгууллагад хандсан.
1.2. Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 55 дугаартай хэрэг бүртгэлийн хэрэг хаах тухай тогтоолоор хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хаасан. Улмаар Нийслэлийн Прокурорын газрын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 1/1989 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар уг тогтоолын 3 дахь заалтыг Б хэлтэс нь 7,569,239,000 төгрөгийн үнийн дүн бүхий нөхөн татварыг Б ХХК-аас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай гэж өөрчлөлт оруулсан.
Иймд Б ХХК-аас эрүүгийн хэргийн улмаас улсад учруулсан хохирол 759,239,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. Б ХХК-ийг 2011-2012 оны татвар төлөхөөс зайлсхийсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан боловч Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2017 оны 07 сарын 30-ны өдрийн 55 дугаартай тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгон хаасан. Шүүхийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, тогтоол гараагүй байхад Б ХХК-ийг эрүүгийн хэргийн улмаас улсад их хэмжээний хохирол учруулсан гэм буруутай гэж үзэн нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, гэм буруутайг хуулиар тогтоож эрүүгийн хариуцлага хүлээлгээгүй байхад улсад хохирол учруулсан гэж үзэхгүй.
2.2. Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт Татварын нөхөн ногдуулалт хийх, алданги, торгууль ногдуулах, хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх, алдагдал шилжүүлэх, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хөөн хэлэлцэх хугацаа 4 жил байх бөгөөд Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй гэж заасан. Нэхэмжлэлд дурдсан 2010-2012 оны 759,239,000 төгрөгийн татвартай холбоотой хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 55 дугаартай тогтоол гарсан. Тухайн өдөр хүртэл татварын хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзвэл 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөр татварын хөөн хэлэлцэх 4 жилийн хугацаа дууссан. Тус прокурорын тогтоолын 2 дахь заалтад Б ХХК-д холбогдох хэргийг хаах тухай Б хэлтэст мэдэгдсүгэй гэсэн байдаг.
Тухайн хэрэг 2014 оноос Чингэлтэй дүүргийн Прокурорын газарт хянагдаж байгааг Б хэлтэс мэдэж байсан. Түүнчлэн, Улсын Ерөнхий Прокурорын газраас Б ХХК-д холбогдуулан эрүүгийн хэргийн улмаас учруулсан хохирол 759,239,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүгчийн 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Уг захирамжид 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс хойш 10 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй болохыг дурдсан боловч нэхэмжлэгч гомдол гаргаагүй. Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гарсан өдрөөс хойш шүүгчийн захирамжид гомдол гаргах 10 хоногийг нэмбэл 2018 оны 07 дугаар сарын 13-ны өдөр болох бөгөөд татварын хөөн хэлэлцэх хугацааг тус өдөр хүртэл тасалдсан гэж үзээд хөөн хэлэлцэх хугацааг тоолбол 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдрөөр татварын хөөн хэлэлцэх 4 жилийн хугацаа мөн адил дууссан байна.
2.3. Б ХХК-ийн нэг хувийн хувьцаа эзэмшигч, захирал Ж.Б-ыг эрүүгийн хэргийн улмаас улсад их хэмжээний хохирол учруулсан гэж үзэх үндэслэлгүй. Учир нь Б хэлтэс нь иргэний шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагчаар Б ХХК болон захирал Ж.Б нараас гэсэн байна. 2008 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Б ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хооронд байгуулсан гэрээний 8.4, тус компанийн дүрмийн 7.4 дэх хэсэгт ерөнхий захирал нь компанийг гадаад, дотоодод төлөөлөх бөгөөд уг компанийн нэрийн өмнөөс гэрээ хэлцэл хийх, шүүх, хөндлөнгийн шүүхийн ажиллагаанд оролцож, санхүүгийн баримтад гарын үсэг зурах эрхтэй гэж заасан. Тус компанийн ерөнхий захирал нь ОХУ-ын иргэн А.В.Милов бөгөөд Б ХХК-ийн 99 хувийн хувьцааг эзэмшдэг. Ерөнхий захирал А.В.Милов нь Б ХХК-ийн мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй байсан.
Харин тус компанийн нягтлан бодогч Ч.Д нь компанийн санхүү, татварын тайланг гаргадаг мөн харилцах банкны дансаар гүйлгээ хийдэг. Ерөнхий захирал А.В.Милов нь Б ХХК-ийн үйл ажиллагааг өөрийн хяналтад явуулдаг байсан бөгөөд орон сууцны санхүүжилт, хөрөнгө оруулалт, орон сууцаа бусдад худалдан борлуулах, компанийн дансаар банкинд орж ирсэн төлбөр мөнгөний гүйлгээтэй холбоотой бүхий л асуудлаа хариуцан удирдаж, тус компанийн мөнгөн хөрөнгийг захиран зарцуулдаг. Ж.Б нь тус компанийн хөрөнгө оруулж буй орон сууцны барилгын угсралтын ажлыг гүйцэтгэж байснаас Б ХХК-ийн санхүүгийн үйл ажиллагааг удирдахад оролцдоггүй, мөнгөн хөрөнгийн захиран зарцуулах эрхгүй байсан. Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б ХХК-ийн эзэмшиж байсан газар дээр орон сууцны барилга барих ажил 2012 онд бүрэн дуусч улсын комиссын актаар баталгаажсанаар барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн Ж.Б нь Б ХХК-ийн е рөнхий захирал А.В.Миловтой хамтран ажиллах хамтын ажиллагаа дууссан.
2.4. Б ХХК нь 2013 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй байх бөгөөд 2013 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Б ХХК-ийн бүх гишүүдийн хурал хийж тус компанид Ж.Бы эзэмшиж байсан 1 хувийн хувьцааг компанийн 99 хувийн хувьцааг эзэмшигч ОХУ-ын иргэн А.В.Миловт шилжүүлж тус компанийн гишүүнчлэлээс гарч А.В.Милов 100 хувийн хувьцаа эзэмшигч болсон. Б ХХК-ийн 1 хувийн хувьцааг А.В.Миловт шилжүүлэх тус хуралд А.В.Миловийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А. Моисеева, Б ХХК-ийн менежер Б.Бямбасайхан нар оролцсон бөгөөд Б ХХК-ийн 2013 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн бүх гишүүдийн хурлын шийдвэр тогтоолоор Ж.Б-ыг тус компанийн гишүүнчлэлээс хассан гэх боловч тус хурлын шийдвэрийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй.
Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Гуравдагч этгээдийн тайлбарын агуулга:
3.1. 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан тогтоолоор гэмт хэргийн шинжтэй боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хаасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй... гэж заасан. Энэ нь цаашид мөрдөн шалгах ажиллагаа явуулж болохгүй гэх нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр хэргийг хаасан. Нийслэлийн Прокурорын газрын тогтоолоор Б ХХК-ийн төрд учирсан хохирлыг шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэх нэмэлт өөрчлөлт оруулсан.
3.2. Б ХХК нь одоогоор үйл ажиллагаагаа явуулж байхаас гадна тухайн компанийг татан буугдсан талаар Улсын бүртгэлд бүртгүүлээгүй. 2010-2012 оны хооронд нэмэгдсэн өртгийн албан татвар болон хувь хүний орлогын албан татвар төлөөгүй болох нь улсын байцаагчийн хяналт шалгалт болон дүгнэлтээр тогтоогдсон. Хариуцагч Б ХХК-аас төрд учирсан хохиролд 729,239,000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б ХХК-аас 759,239,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б хэлтэст олгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар хариуцагч Б ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 3,954,145 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.
5. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
5.1. Шүүхийн шийдвэрт Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт Татвар төлөгч татварын асуудлаар маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан бол тогтоол гарах хүртэл шүүхэд гомдол гаргасан, эсхүл хууль хяналтын байгууллагаар хянан шалгагдаж байгаа бол эцсийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар татварын хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж заасан зохицуулалттай нийцсэн гэж хуулийг буруу тайлбарлан, үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Учир нь Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т Татварын нөхөн ногдуулалт хийх, алданги, торгууль ногдуулах, хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх, алдагдал шилжүүлэх, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хөөн хэлэлцэх хугацаа 4 жил байх бөгөөд Иргэний хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй гэж заасан. Маргааны үйл баримт, нотлох баримтаас үзэхэд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн болох нь тогтоогдсон. Хөөн хэлэлцэх хугацаа тасалдах нөхцөл нь ... эсхүл хууль хяналтын байгууллагаар хянан шалгагдаж байгаа бол эцсийн шийдвэр гарах хүртэл гэж тодорхой заасан.
Өөрөөр хэлбэл, татварын улсын байцаагч 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдөр дүгнэлт үйлдэн цагдаагийн байгууллагад шилжүүлсэн өдрөөс хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж хууль хяналтын байгууллагын эцсийн шийдвэр буюу 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 55 дугаартай прокурорын тогтоол гарснаар хөөн хэлэлцэх хугацаа сэргэж байна. Прокурорын тогтоол хүртэлх хугацааг эцсийн шийдвэр гарах хүртэлх хугацаа гэж ойлгох, харин прокурорын тогтоолыг татварын байгууллага хэзээ авсан хугацаа нь дээрх зохицуулалтын агуулгад хамааралгүй, хуульд заасан эцсийн шийдвэр гарах хүртэл гэсэн заалтыг уг шийдвэрийг захиргааны байгууллага олж мэдэх хүртэл гэх агуулгаар шүүх тайлбарлан хэрэглэсэн нь үндэслэлгүй.
Энэ талаар хариуцагч тодорхой тайлбар хийсэн атал шүүх харгалзан үзээгүй, хэтэрхий нэг талыг барьж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч тал 2017 онд гарсан прокурорын тогтоолыг 2023 он хүртэлх хугацаанд мэдээгүй гэх тайлбар үндэслэлгүй. Хуульд хөөн хэлэлцэх хугацаа тасалдах, хууль хяналтын байгууллагын эцсийн шийдвэр гарснаар тасалдсан хөөн хэлэлцэх хугацаа сэргэж тоологдохыг заасан байтал татварын улсын байцаагч нар хайхрамжгүй хандаж өөрсдийн бичсэн дүгнэлтийн араас хөөцөлдөж, шийдвэр гарсан эсэхийг тодруулаагүй үйлдэлээ 2023 онд гардан авсан гэсэн шалтгаанаар хаацайлж байгаа нь нэгэнт хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн асуудалд хариуцагчид хариуцлага хүлээлгэхээр нэхэмжилж байгаа нь хуульд нийцээгүй.
5.2. Татварын улсын байцаагч нар татвар төлөхөөс зайлсхийсэн байж болзошгүй үйлдэлд хэрэг бүртгэлт хийлгэх, гэмт хэрэг үйлдсэн эсэхийг тогтоолгохоор цагдаагийн байгууллагад шилжүүлдэг бөгөөд үүний дагуу 2013 онд Б ХХК-д дүгнэлт бичиж цагдаагийн байгууллагад шалгуулахаар хүргүүлсэн. 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 55 дугаар прокурорын тогтоолоос харахад хэргийг шалгасан эсэх нь тодорхойгүй, хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай ирснийг хяналтын прокурор хянаад хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон үндэслэлээр хэрэг бүртгэлийн хэргийг хааж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрт гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг нөхөн төлүүлэх нь зүйтэй гэсэн дүгнэлтийг хийсэн. Гэтэл Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т ... гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно гэж, Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-т Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж тус тус заасан. Хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн прокурорын тогтоолыг гэм буруутай болохыг тогтоосон шийдвэр мэтээр тайлбарлан, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлт хийсэн нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн.
Хууль журмын дагуу бол эрүүгийн хэргийг прокурор хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон үндэслэлээр хааж шийдвэрлэсэн шийдвэрийг татварын улсын байцаагч нар авч татварын хөөн хэлэлцэх хугацааг тооцоолж зөрчилд татварын нөхөн ногдуулалтын акт үйлддэг. Уг нөхөн ногдуулалтын актыг татвар төлөгч эс зөвшөөрвөл Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж шүүхээр тухайн актыг хянуулж хууль ёсны эрх, ашиг сонирхолоо хамгаалуулах хуулийн зохицуулалттай байхад хэргийг бүрэн гүйцэд шалгаагүй, татвар төлөхөөс зайлсхийсэн эсэх гэм бурууг шүүхээс эцэслэн тогтоогоогүй атал прокурорын тогтоолыг үндэслэн гэм буруутай гэж дүгнэн, төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Прокурорын тогтоол бол хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон үндэслэлээр хэргийг хаасан бөгөөд татвараас зайлсхийх гэмт хэрэг үйлдсэн эсэхийг эцэслэн шийдвэрлээгүй.
Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:
Б хэлтсийн 24131201 дугаартай томилолтоор Б ХХК-ийн 2010-2012 онд албан татварын ногдуулалтад хяналт шалгалт хийж 7,596,239,000 төгрөгийн зөрчлийг илрүүлсэн. Татварын улсын байцаагч нь 2008 онд батлагдсан Татварын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.6-т заасныг үндэслэн албан татварын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн, мөн татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.15 дахь хэсэгт заасан нөхөн ногдуулах зохицуулалтыг талаар тайлбарласан. Нөхөн ногдуулалтыг татварын албанаас тогтоосон нөхөн ногдуулалтын торгууль, алдангийн дүнг тусгасан татвар төлөгчид хүргүүлэх баримт бичгээр уг акт тодорхойлогдоно. Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар татварын хөөн хэлэлцэх хугацаа буюу нөхөн ногдуулалтыг алданги, торгууль ногдуулах, хөнгөлөх, чөлөөлөх хөөн хэлэлцэх хугацааг 4 жилээр тогтоосон. Нэхэмжлэгчийн зүгээс нөхөн ногдуулалт хийхгүйгээр улсад учирсан татварын хохирлыг барагдуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд энэ тохиолдолд хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамааралгүй. Б хэлтэс нь 2013 оны улсын байцаагчийн дүгнэлт бичиж холбогдох байгууллагад шилжүүлсэн тул Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт Татвар төлөгч татварын асуудлаар маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан бол тогтоол гарах хүртэл, шүүхэд гомдол гаргасан, эсхүл хууль хяналтын байгууллагаар хянан шалгагдаж байгаа бол эцсийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар татварын хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж заасан. 2023 оны 04 дүгээр сард тухайн прокурорын тогтоолыг гардан авч, тогтоолтой холбоотойгоор Чингэлтэй дүүргийн Прокурорын газарт гомдол гаргасан.
2017 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн Прокурорын газар 55 дугаар тогтоолыг илт хууль зөрчиж гаргасан. Уг тогтоолд заасны дагуу Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст зөрчлийн хэрэг нээж шалгасан зүйл байхгүй. Нэхэмжлэгчийн зүгээс гомдол гаргасныг Нийслэлийн Прокурорын газраас гомдол үндэслэлтэй гэж өөрчлөлт оруулсан. Татварын хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байхад анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Мөн прокурорын тогтоол нь гэмт хэргийн шинжтэй боловч эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Татвар төлөгчийг ямар нэгэн гэмт хэрэг үйлдээгүй гэх эцсийн шийдвэр гараагүй. Уг нөхцөл байдлын улмаас хариуцагчийн зүгээс улсад учирсан хохирлоо нөхөн төлөх ёстой. Хариуцагч талаас гаргасан 7,500,000,000 төгрөгийн зөрчил нь анхан шатны баримтуудаар нотлогдож байна. Татвар төлөгч нь зөрчил гаргасан асуудалд ямар нэгэн тайлбар гаргаагүй. Учир нь татварын албанаас тодорхойлсон дүн, оногдуулах ёстой байсан албан татвар, улсад учруулсан хохирлын дүнд ямар нэгэн маргаан үүсээгүй. Иймд хариуцагчийн зүгээс уг нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна гэжээ.
7. Давж заалдах гомдолд гаргасан гуравдагч этгээдийн тайлбарын агуулга:
Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 55 дугаартай прокурорын тогтоолоор Эрүүгийн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.10.1.1-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэл нь цаашид мөрдөн шалгах ажиллагаа явуулж болохгүй гэж хуулиар зохицуулсан. Мөн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагааг явуулсны үндсэн дээр хэргийг шүүхэд шилжүүлдэг. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаагүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэргийг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн асуудлаар шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэх боломжгүй. Уг нөхцөл байдлын улмаас прокурорын байгууллагаас тухайн хэргийг хааж шийдвэрлэсэн.
Прокурорын байгууллагад гомдол гаргагч болон хохирогчийн зүгээс прокурорын тогтоолыг гардан авсан өдрөөс эхэлж гомдол гаргах хугацааг тоолох ёстой. Б хэлтсээс прокурорын тогтоол гарсныг мэдээгүй бөгөөд тухайн тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Нийслэлийн Прокурорын газарт гомдол гаргасан. Уг гомдлын дагуу Нийслэлийн Прокурорын газраас иргэний шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдаж, прокурорын тогтоолд өөрчлөлт оруулсан. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Б хэлтэс нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан эрүүгийн гэмт хэргийн улмаас улсад учирсан хохирол 759,239,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулах ажиллагааг хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.
3.1. Учир нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл нь гэмт хэргийн улмаас улсад учирсан хохиролыг эсхүл хуулиар ногдуулсан албан татвар төлөх үүргийг шаардсан эсэх, мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж шаардсан эсэхийг тодруулах шаардлагатай байхаас гадна шүүх энэ чиг үүргээ хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
3.2. Дээрх байдлаар шүүх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулах чиг үүргээ хэрэгжүүлснээр холбогдох хуулийн зохицуулалт болон нарийвчлан зохицуулсан хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэх талаар талуудыг мэтгэлцүүлэх шаардлагатай.
3.3. Түүнчлэн, нэхэмжлэгч нь 2017 оноос хойш хариуцагч татвар ногдох онц их хэмжээний орлогоо нуун дарагдуулж, татвар төлөхөөс зайлсхийсэн талаар эрх бүхий байгууллагад хандсан гэж тайлбарладаг боловч маргааны үйл баримтад хамаарах нотлох баримт хэрэгт авагдаагүйгээс үйл баримт бүрэн тогтоогдсон гэж үзэхгүй.
Иймд дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 182/ШШ2024/00243 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,954,145 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ