Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гөлгөөгийн Давааренчин |
Хэргийн индекс | 150/2024/00045/И |
Дугаар | 208/МА2024/00036 |
Огноо | 2024-05-28 |
Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 208/МА2024/00036
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 150/ШШ2024/00067 дугаартай шийдвэртэй
Нэхэмжлэгч *******,
Хариуцагч *******т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 35,000,000 төгрөг гаргуулах тухай
Хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн, 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч нар оролцож, тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:
1. Нэхэмжлэгч ******* нь *******т холбогдуулан 35,000,000 төгрөг гаргуулах тухай
2. Миний бие ******* нь *******тай худалдах-худалдан авах гэрээг амаар хийсэн. Учир нь ******* ах надад хэлэхдээ ...Хөдөө аж ахуйг дэмжих сангаас миний хүү зээлээр трактор, тармуур, хадуур, хаман боогч авсан байгаа юм. Би нэгэнт ажиллуулж чадахгүй юм чинь чи зээлээр авахгүй биз ... гэсэн саналыг анх надад тавьсан юм.
Миний зүгээс тухайн зарах гэж байгаа техникүүдийг очиж үзээд боломжийн байсан учраас худалдаж авахаар тохиролцсон. ******* ах дээрх техникүүдийг миний өөрийн хүү Хөдөө аж ахуйг дэмжих сангаас гэрээгээр худалдан авсан, гэрээний үүрэгт орон сууц барьцаанд байгаа, чи зээлийг чи өөрийн нэр дээр шилжүүлээд авчих, эхний ээлжинд зээлийн төлөлт 32.000.000 төгрөгийг төлөөд техникүүдээ надаас хүлээгээд авчих, явцын дунд хоёулаа Тариалан эрхлэлтийг дэмжих сан дээр очоод зээлийг чиний нэр лүү шилжүүлье гэж тохиролцсон.
Ингээд тохиролцсон ёсоор өөрийн эхнэрийн Хаан банкны ******* тоот данснаас *******ын Хаан банкны ******* тоот данс руу 2022 оны 6-р сарын 2-ны өдөр ******* трактор гэх утгаар 19.500.000 төгрөгийг, мөн дээрх дансаар хариуцагчийн данс руу 2022 оны 6-р сарын 21-ний өдөр ******* трактор гэх утгаар 7.000.000 төгрөг төгрөгийг шилжүүлсэн.
Мөн өөрийн төрсөн дүү ******* эхнэр *******ийн Хаан банкны ******* тоот дансаар өдөр *******, гэх утгаар 8.500.000 төгрөг нийт 35,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн.
Ингээд *******аас 2022 оны 7-р сарын 20-ны өдөр Оросын Холбооны Улсад үйлдвэрлэсэн Беларусь-81 маркийн трактор, ГВР-630 маркийн тармуур, КДН-210 маркийн хадуур, ППТ-160 маркийн хаман боогчийг тус тус хүлээж авсан.
Ингээд тохироцсон ёсоор Хөдөө аж ахуйн яаман дээр 2022 оны 9-р сард очоод гэрээг өөр дээрээ шилжүүлж авах гэсэн боловч тус яамны холбогдох ажилтан 2021 оны 9р сарын 09-ний өдрийн Трактор, хөдөө аж ахуйн техник худалдах, худалдан авах №БелТТ-21/112-04 тоот гэрээ-гээр Хөдөө аж ахуйг дэмжих сан болон ДМ86112711 регистрийн дугаартай нарын хооронд гэрээ байгуулагдсан, зээлийн гэрээний хугацаа 2023 оны 9-р сарын 9-ний өдөр дуусна, нэгэнт тэй гэрээ байгуулсан учир Хөдөө аж ахуйг дэмжих сан гэрээнд өөрчлөлт оруулах боломжгүй, тантай зээлийн гэрээг байгуулах үндэслэлгүй гэж хэлж татгалзсан.
Энэ нөхцөл байдлаас болж анх надад хэлж ойлгуулсан зүйл буруу болсон. Тодруулбал *******ын хүү тухайн зээлийг аваагүй гэдэг нь, мөн зээлийн гэрээг *******ын хүү биш өөр гэдэг хүн авсан болох нь, мөн *******ын хэлснээр ...эхний зээлийг төлөөд гэрээг чиний нэр дээр болгож шинэчилж өгөөд гэрээгээрээ чи цааш нь төлөөд явах боломжтой.... гэж хэлсэн нь худал болж ийм шалтгааны улмаас бидний хооронд байгуулсан худалдах-худалдан авах гэрээ бодит байдал дээр гэрээний эрх шилжихгүй болох нь тогтоогдсон.
Ингээд ******* нь надад техникүүдээ зарсан мөртлөө Хөдөө аж ахуйн яамнаас гэрээ шилжих боломжгүй болмогц техникээ буцааж авъя гэж хэлээд намайг цагдаагаар шалгуулсан. Мөн надаас дээр дурьдсан бүх техникүүдээ авсан мөртлөө миний түүнд шилжүүлсэн 35.000.000 төгрөгийг надад буцааж өгөхгүй байна. Иймд техник худалдан авах зорилгоор *******т шилжүүлсэн 35.000.000 төгрөгийг надад буцаан гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Тракторыг 7 сарын 20-ны өдөр авсан гэж байна. Манайх 5 сарын 20-ны үед зусландаа буусан. 5 сарын 25-ны үед дүүтэйгээ ******* ирээд надад трактороо зараач гэсэн. Би эхэлж санал тавиагүй. 2 хоногийн дараа хүрээд ир эзэнтэй нь яръя гэж би хэлсэн. Урьдчилгаа 6 сарын 02-ны өдөр 19,500,000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Үлдсэнийг нь өгөөгүй тул нөгөө хүн нь надаас мөнгөө нэхээд байсан би *******т хэлэхэд 6 сарын 21-нд 7,000,000 төгрөг шилжүүлсэн. Трактороо авсны дараа бусад техникээ өөрөө авсан. Би хооронд нь зуучилж өгсөн. Энэ миний зүйл биш. Би хүний зүйлийг зарах боломжгүй.
Өөрийн хүү нь гэрээ хийсэн гэж бичсэн байна. Би өөрийнхөө зээг миний хүү гэж дууддаг. Манай эгчийн хүүхэд байгаа юм. Улаанбаатар хотод өөрийн зээ хүү г 8 сарын 10-ны үед *******тай уулзуулсан. Шуудай төмс 100,000 төгрөг хүрэх үед ******* төмсөө зарах гээд хотод ирэхдээ уулзсан. Хөдөө аж ахуйн яам дээр очиход анхны төлөлт 9 сарын 2-ны өдөр байсан, анхны төлөлт хийсний дараа нэр шилжүүлнэ гэж яамнаас хэлсэн. Би 3 өрөө байраа барьцаанд тавьсан байсан тул чөлөөлж өг урьдчилгаагаа өгсөн юм чинь ямар ч асуудал байхгүй гэж *******т хэлээд гэрээ хийсэн хүнтэй нь уулзуулж өгсөн.
8 сарын 20-ны үед бид нар уулзахад ******* төмс тариад 100,000,000 төгрөг хийсэн төлөх боломжтой гэж д хэлсэн би хажууд нь байсан. 9 сарын 2-ны өдрийн төлөлтөө хийгээгүй тул Хөдөө аж ахуйн яамнаас над руу яриад зээлээ төл гэхээр нь би д хэлсэн. Эхний төлөлтөө хийгээгүй тохиолдол нэр шилжүүлэхгүй гэсэн. Урьдчилгаа мөнгөө авсан тул барьцаанд байгаа 3 өрөө байрыг чөлөөлөх тухай асуудал тавьсан. Гэтэл төлөлт хийгдээгүй бүх зүйл хойшлоод 11 сар болоод та миний техникийг буцааж өг гэсэн.
Хэдийгээр миний зээ хүү ч гэсэн төлөлттэй холбоотой бас еврогийн алдагдалд орох гээд байна энэний учрыг ол гэсэн. Би *******ыг цагдаад өгсөн. Энэ дээр нарийн ярих зүйл их бий. Миний хүлээлгэж өгсөн хадуур байхгүй, хаман боогч нь шал өөр хаман боогч байсан. Хүмүүс надад хэлэхдээ чи *******аас юу ч олж авч чадахгүй шүү гээд байсан. Өгсөн болгоныг нь хуучин байсан ч хамаагүй би аваад д өгсөн. , ******* хоёрын хооронд би зуучилж өгсөн. хэлэхдээ би техникээ өгч хавар, намар хэрэглүүлээд үрэн таран болгосон. Би түрээслээгүй, худалдах худалдан авах тохиролцоо хийсэн. Би урьдчилгаа мөнгийг буцааж өгөхгүй гэж надад хэлсэн. Энэ тохиролцооны мөнгийг гийн дансаар өгсөн. гийн өмчлөлд байгаа техник хэрэгсэл энэ маргаан, нэхэмжлэлийг г оролцуулан шийдэж өгөхийг хүсэж байна.
Би трактороо 11 сарын 20-ны үед авсан. 9 сарын 20-ны үе чинь эд хадлангийн үе байдаг. Тэр үеэр ******* энэ техникээр 10 нуруу хийгээд 65,000,000 төгрөгөөр Хөвсгөл аймаг руу зарсан. 11 сард би эхлээд трактороо дангаар нь авсан. Авах гээд очих би хүргээд өгье гээд ээж, дүү бас нэг эмэгтэй хүнтэй цагаан өнгийн машинтай дагаж ирж өгсөн. Би Баруунбүрэнээс мөнгө авах гээд явж байна трактор түр энд байж байг би мөнгөө өгнө гээд бүгд яваад өгсөн. Ингээд алга болчихсон. 32,000,000 төгрөг хий гэсэн нь ямар ч үндэслэлгүй юм. Би 8 сарын 10-ны үед тэй уулзуулаад энэ учраа та 2 ол гэж хэлсэн. Надад рүү мөнгө шилжүүлсэн баримт байхгүй,бид нар ах дүү хүмүүс оронд нь овьёос авсан билүү санахгүй байна. Бид нар хоорондоо яаж өгч авалцсан нь сонин биш гэжээ.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 150/ШШ2024/00067 дугаартай шийдвэрээр:
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д зааснаар хариуцагч *******аас 35,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 333,250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч *******аас 333,250 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгохоор шийдвэрлэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
.... Анхан шатны шүхийн шийдвэрийг хариуцагч миний бие хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэн эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.
Учир нь нэхэмжлэгч ******* болон миний зээ хүү нарын хооронд техник хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ амаар байгуулагдан гэрээний урьдчилгаа төлбөр болох 35.000.000 төгрөг миний дансаар орсон ба үүнтэй хэн ч маргаагүй юм. Уг гэрээний дагуу ******* нь гэрээний үүрэг болох эхний төлөлтөө 2022 оны 09-р сарын 07-ны өдөр төлөх байсан боловч уг үүргээ биелүүлэлгүй зөрчсөн. Уг үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч огт төлөлт хийхгүй атлаа техник хэрэгслийг нь хаврын тариалалт, намрын хураалтандаа хэрэглэсээр байсан.
Үүнээс үүдэн *******ыг ...зээлийн төлөлтөө яаралтай хий, эсвэл техник хэрэгслийг маань буцааж өг... гэдэг шаардлага тавихад ...төмсөө хурааж зараад 100.000.000 төгрөгтэй болсон. Одоо төлөлтөө хийнэ... гэж итгүүлсээр огт төлөлт хийгээгүй. Ингээд гэрээнээс татгалзан цагдаагийн байгууллагад хандан техник хэрэгслээ 2022 оны 11-р сард буцаан авсан байдаг. Миний дансаар орсон урьдчилгаа болох 35.000.000 төгрөгийг би д өгсөн. Өгөхдөө бид хоёрын дунд байсан урьдын өр төлбөрийг суутган үлдэх хэсэгт нь их хэмжээний овъёос дүйцүүлэн өгсөн тул 35 сая төгрөгийг бүрэн хүлээн авсан гэсэн үг юм. Үүн дээр ч маргадаггүй юм.
Талуудын хооронд иргэний хуулийн 243-р зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ амаар байгуулагдсан ба үүрэг гүйцэтгэгч ******* үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул үүрэг гүйцэтгүүлэгч гийн хувьд Иргэний хуулийн 204-р зүйлд зааснаар гэрээнээс татгалзсан юм. Иймд мөн хуулийн 115.1 дэх хэсэгт зааснаар талууд гүйцэтгэсэн гэрээний үүргээ биет байдлаар харилцан буцааж өгөх үүрэг хүлээх ба нь техник хэрэгслээ авсан тул ******* мөн шилжүүлсэн урьдчилгаа төлбөрөө шаардаж буй хэрэг юм.
Гэтэл уг харилцаа нь гэрээ байгуулсан хоёр этгээдийн хооронд үүсэх ёстой байтал дансаараа мөнгө авч шилжүүлж өгсөн надад уг үүргийг оноож байгаа нь үндэслэлгүй.
Анхан шатны шүүх уг харилцааг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 хэсэгт зааснаар ...үүрэг хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон... гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд тохирохгүй бөгөөд үндэслэлгүй дүгнэлт юм.
Учир нь талуудын хооронд үүссэн харилцаа буюу амаар байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулинд заасан хүчин төгөлдөр бус байх гэрээний шинжийг агуулаагүй, шүүхээс уг харилцааг хүчин төгөлдөр бусд тооцсон зүйл огт байхгүй юм. Зөвхөн гэрээний талууд гэрээнээс татгалзсан агуулга л байгаа. Дээрх хоёр ойлголт нь хоорондоо асар их ялгаатай ойлголт ба үүнээс үүдэн гарах үр дагавар ч өөр юм. Миний хувьд *******т анхнаасаа уг техник нь миний эд хөрөнгө биш тул эзнээс нь асууж өгье гээд анх санал тавьж ирэхэд нь 2 хоногийн дараа хариу хэлье гээд явуулж байсан. гээс асуугаад хэрхэн яаж худалдах талаар саналыг нь хэлээд Улаанбаатар хотод очиж тэднийг хооронд нь уулзуулаад ...Одоо өөрсдөө учраа олцоорой, үүнээс цааш надад хамааралгүй шүү... гээд хоёуланд нь хэлж байсан. Мөн анхан шатны шүүхэд хариу тайлбар гаргахдаа уг асуудал надад хамааралгүй, жинхэнэ хариуцагч байх хүнийг нь буюу г уг асуудалд оролцуулж өгнө үү гээд хүсэлтээ мөн гаргаж байсан. Гэтэл анхан шатны шүүх уг асуудлыг хэрхэн яаж шийдсэнээ хэлэлгүй шүүх хурлаар шийдвэрлэнэ гээд шууд л хурлын тов мэдэгдэн шүүх хурал хийсэн. Үүнд миний бие тодорхойлон хэрэглэх ёсгүй хууль болох Иргэний хуулийн 492 дугаар зүйл буюу үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх зүйл хэсгийг хэрэглэн уг гэрээнд огт хамааралгүй надаас 35 сая төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуулинд нийцэхгүй байх ба Иргэний хуулийн 204, 205-р зүйлийг хэрэглэх ёстой байсан хэмээн үзэж байна. Уг харилцааг гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагавар хэмээн зөв тодорхойлон шийдвэрлэсэн бол гэрээний нэг тал болох нь уг хэрэгт хариуцагчаар оролцох ёстой юм.
Энэ тохиолдолд мөн техник хэрэгсэлд нь учирсан гэмтэл, хохирлыг буруутай этгээдээс нэхэмжпэх гээд энэ хэрэгтэй хамт шийдвэрлэгдэх асуудлууд их байсан юм. Хүний эд хөрөнгийг ашиглаж, хэрэглэн их хэмжээний ашиг олон үр шимийг хүртчихээд техник хэрэгслийг нь эвдэж гэмтээн дутуу зүйл буцаан өгөөд, урьдчилгаанд өгсөн мөнгөө 1 төгрөг ч дутаалгүй буцаан авах гэж байгаа нь шударга ёсонд огт нийцэхгүй зүйл гэж миний хувьд бодож маш их гомдолтой байна.
Иймд талуудын хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлолгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 03-р сарын 14-ний өдрийн 67 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ зохигчдын хооронд үүрэг үүсээгүй учраас *******ын данс руу шилжүүлсэн 35,000,000 төгрөгийг буцааж ******* луу өгөх ёстой гэж шийдвэрлэсэн. Гэхдээ энэ дээр зохигчид санал нийлдэг нэг зүйл нь юу вэ? гэхээр талууд хоорондоо тохиролцоод техник зээлээр худалдах, худалдан авах гэрээ амаар тохиролцоод байгуулсан. Ингэхдээ *******ын хувьд тухайн гэрээг зуучлагчаар оролцож 2022 оны 08 дугаар сард тэй уулзуулж, энэ хоёрыг тохиролцуулж уг гэрээ албан ёсоор байгуулагдсан. Техник авсан асуудал нь 2022 оны 09 сард эхний төлөх 35,000,000 төгрөгөө үүрэг гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч ******* төлөөгүй учраас тухайн үүргийг гүйцэтгүүлэхээр удаа дараа нэхэмжлээд төлөхгүй байсан учраас өөрөө төлсөн. Үүнээс хойш нэгэнтээ гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа учраас техник хэрэгслийг ашиглаад байгаа учир техникээ авъя, гэрээгээ цуцалъя, би гэрээнээс татгалзлаа гэдэг байдлаар өөрөө төлөлтөө төлчихөөд техник хэрэгслээ авсан байдаг.
...Хүний өмнөөс зараад, мөнгийг нь дансаараа аваад буцааж шилжүүлж өгч, хоёр хүнийг хооронд нь учраа олоорой гээд гэрээ байгуулж орхисон нь харагддаг. Тухайн гэрээ хэзээ яаж татгалзсан, түүнээс гарах үр дагаврыг яаж шийдэх талаар хуулинд тусгайлан заасан журмын дагуу явагдаагүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэглэх ёсгүй хууль буюу огт харилцаанд нийцэхгүй Иргэний хуулийн 492 дугаар зүйлийг барьж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.
Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
... Шүүхээс надад нэхэмжлэл надад танилцуулсан. Ямар учиртай вэ? яах ёстой вэ? гэж шүүгчийн туслах Чулуунжав гэх хүнээс асуухад шүүгч зөвлөгөө өгдөггүй гэж хэлсэн. Хурлын тов ирэхээр нь би та нарт тайлбар гаргаж өгсөн. Надад хамаагүй гэдгийг бичиж өгсөн. Яагаад ингээд намайг дуудаад байна вэ гэж асуухад шүүгчийн туслах надад тайлбарлахдаа уг нэхэмжлэлийг шүүх хурлаар шийддэг гэж хэлсэн. Би хуралд бэлтгэлгүй орчихсон. Яагаад миний техник биш хэмхэрхий техник авсан гэхээр надад хаван боогч манай Сэлэнгэ аймгийн Орхон сумаас зарагдаад хот руу явсан хүний техник. Араас нь оруулж ирж авчирч надад хуучин техник өгсөн байгаа юм. Хадуурыг нь хэн ч харсан би огтхон ч хэрэглээгүй. Миний техникээр мөнгө олчихоод, миний техникийг эвдэлчихээд ингээд байгаа нь ойлгомжгүй байна. Эвлэрүүлэн зуучлалд байхад надаас 10,000,000 төгрөгийг нэхэхэд би зөвшөөрөөгүй. Гэтэл анхан шатны шүүхээр 35,000,000 төгрөг төл гэсэн шийдвэр гарсан гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгчид тодорхой эрх байна. Хэн миний эрх ашгийг зөрчсөн хөндсөн, тэр хүнийг хариуцагчаар нэхэмжлэгч өөрөө татдаг. Түүнээс биш хариуцагч орж ирээд өнгөрсөн үйл явдалд дүгнэлт хийлгэхийн тулд хэнийг ч хамаагүй гаргаж ирээд, энэ хүн үүргийг гүйцэтгэнэ гэж дүгнэлт хийх боломжгүй. Хэргийг уншаад, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлийг уншиж үзээд нэг зүйлийг ойлгосон. ******* гэдэг хүн өөрт байхгүй зүйлийг бусдад худалдсан байна. Өөрөө хийх боломжгүй гэдгээ урьдаас мэддэг байсан байна. Тэгсэн атлаа бусдын эд зүйл гэдгийг мэдсээр байж *******т зарсан байж болзошгүй нөхцөл байдалтай байгаа.
Анхнаасаа хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэдэг санаа байгаа юм. Хэрэв дүгнэж үзэж байгаа бол анхан шатны шүүхийн шийдвэрийн хууль хэрэглээний үндэслэл зөв гэж харж байгаа. Яагаад гэвэл ******* гэх хүнтэй тухайн цаг хугацаанд *******ын анхны өгсөн тайлбарт эхлээд урьдчилгаа 35,000,000 төгрөгийг авсан. Би хөдөө аж ахуйн дэмжих санд аваачиж, зээлтэй холбоотой асуудалд нэрийг чинь оруулаад энэ асуудлыг шийдээд өгнө. Миний хүү тухайн зээлийг авсан гэдэг байдлаар итгүүлсэн байна. Тэгтэл бодит нөхцөл байдал дээр зээ нь юм уу, зээ хүү нь юм уу гэдгийг мэдэхгүй. гэх хүн тухайн зээлийг авч уг хүнтэй холбоотой хөдөө аж ахуйн дэмжих санд гэрээний үүргийг гэх хүн гүйцэтгэх ёстой байсан. Яг энэ нөхцөл байдлаас шалтгаалж ******* болон *******ын хооронд хийсэн хэлцэл биелэгдэх ямар ч үр дүнд хүрэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Тийм учраас авсан өгснөө л буцаа. ******* би эвдэрхий зүйл авсан гээд байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад тийм зүйл байхгүй. Энэ хүн тухайн үед өгсөн техник хэрэгслээ бүгдийг нь авсан байна. Энэ дээр маргахгүй байна. ******* харин мөнгөө аваагүй. Тийм учраас мөнгийг нь буцааж өгөх хуулийн агуулга байна. Бодит нөхцөл байдал дээр өнөөдөр гомдол гаргаагүй, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдаагүй байгаа ч ******* гэх хүн залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн байна. Өөрөө зарж борлуулах, захиран зарцуулах эрхгүй юмыг хуурч, худлаа хэлдэг юм уу? итгэл үнэмшил төрүүлээд зараад урьдчилгаа мөнгийг авчихсан нөхцөл байдал байна. Хэргийн харьяаллыг өөрөө сонгосон байна. Иргэний хуульд заасны дагуу техникээ буцааж авсан учраас мөнгөө авахаар асуудалд хандсан. Үүнийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв. ******* гуай өөрийнх нь эд зүйл биш гэдгийг мэдээд байсан байна. Дундаас нь ганц хүн л ашиг олж байна. ******* гуай ашиг олж байна. ******* гуай 35,000,000 төгрөгийг Э.*******т өгнө үү, зээ дээ өгнө үү энэ хүний л асуудал. Миний үйлчлүүлэгч хүсэл зоригоо илэрхийлсэн байна гэв.
Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
******* гэх хүнтэй 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс наймаа хийж эхэлсэн. Хотод очиж зарна гэж байсан 35,000,000 төгрөг өгөөд, ах нь хөдөө аж ахуйн дэмжих санд 35,000,000 төгрөг өгсөн. Чи тэр мөнгийг төлөөд нэр шилжүүлж авах боломжтой. Манай хүүгийн техник байгаа гэж хэлсэн. Би тухайн үед хот ороход нэг залуу байсан. Та ******* ахын хүү нь мөн үү? гэхэд үгүй гэж хэлсэн. Би тэр хүнийг танихгүй. Миний техникийг эвдэлчихсэн гэж байгаа боловч энэ нь худлаа. Би трактор техникийг бүрэнгээр нь хүлээж авсан. Тухайн үед Батсайхан гэдэг хүний гэрийн урдаас хадуур боогч, дискэн хадуур, тармууруудыг очиж авч байсан. Хадуур боогч нь эвдэрчихсэн байсан. Энэ яагаад эвдэрчихсэн бэ? гэж хэлэхэд ах нь 600 боодол ногоон тэжээл боосон гэж хэлсэн. 08 дугаар сарын 20-ны өдөр хадлангийн газар хуваарилдаг. Багануураас ирж янзалж өгсөн хүн нь гэрч байгаа. Би хадуурыг нь аваад ер ашиглаагүй. Бүгд ашиглачихсан техник байсан. гэдэг хүнийг би мэдэхгүй. Би хот орж төмсөө зарахдаа ******* гуайтай очиж уулзсан. Би ******* гуайн хүүхэд гэж бодсон. 09 дугаар сарын 02-ны өдөр болох гэж байна дүү. Би ногоон өвс худалдаж авч байгаа. 32,000,000 төгрөгөндөө тааруулаад надад өвч өгчих юм уу гэхээр нь Хөвсгөл рүү гэрээ хийчихсэн байсан учраас тухайн үедээ өгч чадаагүй. 09 дүгээр сарын 02-ны өдөр болоход ******* гуай над руу залгаж *******аа 32,000,000 төгрөг миний данс руу хийнэ шүү гэж хэлсэн. Яагаад таны данс руу хийх вэ? Хөдөө аж ахуйн дэмжих сан руу хийхгүй юм уу гэж асуусан. Таньдаг хүнээсээ ******* гуай 32,000,000 төгрөгийг миний данс руу хий гээд байна. Та нар хэдийг төлсөн бэ гэж асуухад наадах чинь евро гэж хэлсэн биз дээ. Хаан банкнаас евро хэдтэй байгааг асуугаад 8300 төгрөгт бодуулчих гэж хэлсэн. Ингэж бодуулаад 27,300,000 төгрөг болж байна. ******* гуай 27,300,000 төгрөг болж байна. Та надаас яагаад илүү 5,000,000 төгрөг авах гээд байгаа юм бэ гэхэд дуугуй миний дансанд хий. Хийж чадахгүй бол техникээ буцааж авлаа гэж хэлсэн гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй *******ын нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд гомдлыг хангах үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талуудын мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт, маргааны зүйлийг зөв тогтоож, эрх зүйн дүгнэлтийг хийсэн, холбогдох хуулийн зохицуулалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
3. Хэргийг судлан үзвэл:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан 35,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагчтай худалдах худалдан авах гэрээний дагуу Беларусь-81 маркийн трактор, ГВР-630 маркийн тармуур, КДН-210 маркийн хадуур, ППТ-160 маркийн хаман боогчийг зээлээр худалдах худалдан авахаар тохирч урьдчилгаанд нь 35,000,000 төгрөгийг өгсөн боловч ******* нь худалдсан техникээ буцаан авсан тул урьдчилгаанд өгсөн 35,000,000 төгрөгөө буцаан гаргуулна гэж тайлбарлахад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг тус хэргийн хариуцагч биш гэсэн үндэслэлээр татгалзсан байна.
Анхан шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцээд хөрөнгө олж авсан этгээд болох хариуцагч *******, үүрэг гүйцэтгэгч болох ******* нарын хооронд үүрэг үүсээгүй тул хөрөнгө шилжүүлсэн этгээд болох ******* нь хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж дүгнэж Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д зааснаар *******аас 35,000,000 төгрөг гаргуулан *******т олгож шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж, гомдлын үндэслэлээ шүүх зохигчдын хооронд үүссэн маргаанд эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэжээ.
4. Хэрэгт авагдсан үйл баримтаар:
Иргэн 2021 оны 09-р сарын 09-ний өдөр Хөдөө аж ахуйг дэмжих сантай трактор, хөдөө аж ахуйн техник худалдах худалдан авах гэрээ байгуулж Беларусь-81 маркийн трактор, ГВР-630 маркийн тармуур, КДН-210 маркийн хадуур, ППТ-160 маркийн хаман боогч авчээ.
Зохигчдын тайлбараар тухайн худалдан авсан дээрхи хөдөө аж ахуйн техникүүд нь хариуцагч *******ын эзэмшилд байсан бөгөөд хариуцагч нь тус техникүүдийг *******т худалдахаар тохирч урьдчилгаанд 35.000.000 төгрөг өөрийн дансаар хүлээж авчээ.
Тодорхой хугацааны дараа иргэн нь өөрийн өмчлөлийн хөрөнгө болох хөдөө аж ахуйн техникүүдийг нэхэмжлэгч *******аас буцаан авсан байх тул хариуцагч *******аас нэхэмжлэгч ******* нь хөдөө аж ахуйн техникийн төлбөрт шилжүүлсэн 35.000.000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаарджээ.
5. Хариуцагчийн өмгөөлөгч зохигчдын хооронд худалдах худалдан авах гэрээ амаар байгуулагдсан гэж маргадаг боловч хариуцагч ******* нь гэрээний зүйл болох эд хөрөнгийн өмчлөгч биш тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй.
Учир нь хэргийн үйл баримт болох хэрэгт авагдсан нотлох баримтаар худалдах худалдан авах гэрээний зүйл болох хөдөө аж ахуйн техникүүд нь /Беларусь-81 маркийн трактор, ГВР-630 маркийн тармуур, КДН-210 маркийн хадуур, ППТ-160 маркийн хаман боогч/ хариуцагч *******ын өмчлөлийнх бус болох нь тогтоогдсон бөгөөд хөрөнгийн өмчлөгч нь өмчлөх буюу захиран зарцуулах эрхийг хариуцагч *******т олгоогүй, техник худалдан авахад зориулж нэхэмжлэгчээс шилжүүлсэн 35,000,000 төгрөгийг ******* нь хөрөнгийн өмчлөгч д өгсөн эсэх нь тодорхойгүй мөн нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ыг өөрийн хөрөнгөө худалдаж байна гэж ойлгон *******т гэрээний төлбөрт 35,000,000 төгрөгийг шилжүүлсэн нь тогтоогдсон байна.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж заасан бөгөөд зохигчдын хооронд хийсэн хэлцэл нь бусдын өмчлөх эрхийг зөрчиж хийгдсэн нь хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэх тул хариуцагч *******ыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т заасанаар бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан этгээд гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй байна.
Хөрөнгө олж авсан этгээд болох *******, үүрэг гүйцэтгэгч болох ******* нарын хооронд үүрэг үүсээгүй тул хөрөнгө шилжүүлсэн этгээд болох ******* нь хөрөнгө худалдан авахад зориулж шилжүүлсэн мөнгөө Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж заасан тул нэхэмжлэгчийн хариуцагчид холбогдуулан гаргасан шаардлага нь хуулийн үндэслэлтэй тул хариуцагч *******аас 35,000,000 төгрөг гаргуулан *******т олгож шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй.
Хариуцагч ******* нь өөрийгөө нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй тул хариуцах үүрэг бүхий этгээд биш гэж маргадаг боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын татгалзал түүнтэй холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй байх ба нотлох баримт гаргаж өгөөгүй шалтгаанаа хууль мэдэхгүй гэж тайлбарлажээ.
Хууль мэдэхгүй байх нь хариуцлагаас чөлөөлөх хүндэтгэх үзэх шалтгаанд тооцохгүй болохыг хариуцагчид тайлбарлах нь зүйтэй.
Иймд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 150/ШШ2024/00067 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 150/ШШ2024/00067 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 333,250 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гар,даж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ
ШҮҮГЧИД Б.ЭРДЭНЭХИШИГ
Г.ДАВААРЕНЧИН