Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2024/01383

 

 Х.Ч-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Э.Энэбиш, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 29-ний өдрийн 183/ШШ2024/01408 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х.Ч-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Х-д холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.Ч, түүний өмгөөлөгч Н.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Х.Ч миний бие Нийслэлийн Хан-Уул дүүргийн **-р сургуулийн захирлаар 2014 оны 12 сараас 2022 оны 10 сарын 21-ний өдрийг хүртэл тасралтгүй 8 жил ажилласан. Х дүүргийн **-р сургуульд 2022 оны 06 сард Нийслэлийн аудитын газраас шалгалт оруулаад сайн гэж үнэлж, шагнал урамшуулал олгосон байдаг. Гэтэл Х-ын төлөвлөгөөт шалгалт хийх захирамжийн дагуу 2022 оны 08 сарын 29-ний өдрөөс эхлэн 14 хоногийн хугацаанд дотоод аудитын хяналт шалгалт хийгдсэн. Аудитын хорооны хурал 2022 оны 10 сарын 20-ны өдөр хуралдаж Зөвлөмж 5, албан шаардлага 7, акт 2 байгаа тул сайжруулах шаардлагатай гэсэн агуулгатай дүгнэлт гаргасан. Үүнийг миний бие эс зөвшөөрч, хуулийн дагуу тодотгол хурал хийж шийдвэрлэе гэсэн санал гаргасан боловч миний саналыг авч хэлэлцэхгүй 2022 оны 10 сарын 21-ний өдөр албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Иймд Нийслэлийн Х-ын 2022 оны 10 сарын 21-ний өдрийн Б/63 тоот захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.  

2. Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Х.Ч нь 2014 оноос хойш тус дүүргийн ерөнхий боловсролын **-р сургуулийн захирлаар томилогдон ажилласан. Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу Хан-Уул дүүргийн Дотоод аудитын алба нь дүүргийн төсөвт байгууллагуудад Төсвийн тухай хуулийн хэрэгжилт, санхүүгийн хяналт шалгалтын ажлыг тогтмол зохион байгуулдаг. Дээрх ажлын хүрээнд Дотоод аудитын албаны 2022 оны 08 сарын 29-ний өдрөөс 14 хоногийн хугацаатай **-р сургуулийн 2021, 2022 оны эхний хагас жилийн төсөв, санхүүгийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт аудитыг хийж гүйцэтгэсэн. Уг шалгалтаар **-р сургуулийн захирал Х.Ч нь төсвийн шууд захирагчийн хувьд санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх, хариуцлагатай байх зарчмуудыг хэрэгжүүлээгүйн улмаас Дотоод аудитын албанаас 2 акт тогтоолгож, 10 албан шаардлага авч үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж, санхүүгийн зөрчил гаргасан нь тогтоогдсон. Сургууль, цэцэрлэгүүдэд хийсэн дотоод аудитын тайланг дүүргийн Дотоод аудитын хороо 2022 оны 10 сарын 20-ны өдрийн хурлаар авч хэлэлцсэн бөгөөд тус хуралд нэхэмжлэгч Х.Ч өөрөө оролцож аудитын шалгалтаар илэрсэн зөрчлийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Нэгэнт хөдөлмөрийн гэрээ болон ажлын байранд заасан төсвийн шууд захирагчийн хүлээсэн үүргээ зөрчсөн нь тогтоогдсон тул Хөдөлмөрийн тухай хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар Х.Ч-ыг Нийслэлийн ерөнхий боловсролын **-р сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2-т зааснаар хариуцагч Хан-Уул дүүргийн З-аас 543,849 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х.Ч-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг даатгуулагч Х.Ч-ын төлбөл зохих Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлж, нөхөн бичилт хийхийг хариуцагч Х-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Х.Ч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 16,965 төгрөг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, эрх зүйн харилцааг буруу дүгнэсэн гэж үзэж байна. Тодруулбал:

4.1. Х 2022 оны 10 сарын 21-ний өдрийн Б/63 тоот захирамжаар Х.Ч-ыг Нийслэлийн ерөнхий боловсролын **-р сургуулийн сургалтын менежерийн албан тушаалд томилсон. Ерөнхий боловсролын сургуулийн менежерийг томилох, чөлөөлөх асуудал нь зөвхөн тухайн сургуулийн захиралд олгогдсон эрх хэмжээ байдаг. Өөрөөр хэлбэл, Х Нийслэлийн ерөнхий боловсролын **-р сургуулийн дотоод асуудалд шууд нөлөөлж, сургуулийн захирлын эрх хэмжээнд халдаж сургуулийн менежерийг томилох хууль эрх зүйн үндэслэл байдаггүй бөгөөд Засаг даргын дээрх захирамж нь бодит байдал биелэх боломжгүй, илт хууль бус захирамж юм.

4.2. Нэхэмжлэгч Х.Ч миний бие Х-ын 2022 оны 10 сарын 24-ний өдрийн Б/63 дугаартай хууль зөрчсөн захирамжийг биелүүлэх боломжгүй, З нь Х.Ч-ыг Нийслэлийн **-р сургуулийн захирлаар ажиллах хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үндэслэлгүйгээр цуцалсан байх тул **-р сургуулийн сургалтын менежерээр ажиллаагүй, ажиллах боломжгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

5. Хариуцагч тал нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх Х.Ч-ыг Нийслэлийн ерөнхий боловсролын **-р сургуульд менежерийн албан тушаалд томилогдоод тодорхой хугацаанд ажилласан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. 2022 оны 11 сарын 11-ний өдөр өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан нь хэргийн 121-127 талд авагдсан. Өөрөөр хэлбэл, хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд ямар нэг албадлагын арга хэмжээ хэрэглэгдээгүй. Иймд захирамжид заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн учир давж заалдах гомдол үндэслэлгүй гэжээ.

6. Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэглэвэл зохих зохицуулалтыг эрх зүйн маргаанд зөв тайлбарлан хэрэглээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй.

6.1. Нэхэмжлэгч Х.Ч 2014 оноос Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын **-р сургуулийн захирлын албан тушаалд томилогдон ажиллаж байсан бөгөөд 2018 оны 09 сарын 20-ны өдөр СУ2018/113 дугаар хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсан байдаг. Мөн нэхэмжлэгч Х.Ч-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь Хөдөлмөрийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2-р зүйлд заасны дагуу хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан. Сургуулийн захирлын албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ болон албан тушаалын тодорхойлолтод зааснаар Боловсролын талаарх төрийн бодлого, хууль тогтоомж, Төсвийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, төрийн үйлчилгээ үзүүлэх чиг үүргийн хүрээнд боловсролын байгууллагыг захиргааны болон мэргэжлийн удирдлагаар хангах, байгууллагын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах чиг үүргийг гүйцэтгэдэг.

6.2. Дүүргийн Дотоод аудитын албанаас 2022 оны 08 сарын 29-ний өдрөөс 14 хоногийн хугацаатай **-р сургуулийн 2021, 2022 оны эхний хагас жилийн төсөв, санхүүгийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт аудит хийсэн бөгөөд **-р сургуулийн захирал Х.Ч нь төсвийн шууд захирагчийн хувьд санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх, хариуцлагатай байх зарчмуудыг хэрэгжүүлээгүйн улмаас Дотоод аудитын албанаас 2 акт тогтоолгож, 10 албан шаардлага авч үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж, санхүүгийн зөрчил гаргасан нь аудитын тайлангаар тогтоогдсон. Ажилтан зөрчил гаргасан нь аудитын тайлангаар тогтоогдож нэхэмжлэгч танилцан, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, аудитын тайланг хэлэлцэх дүүргийн Дотоод аудитын хорооны хуралд оролцож хүлээн зөвшөөрсөн. Дээрх зөрчил нь ажилтны 2018 оны 09 сарын 20-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.2, 5.5, албан тушаалын тодорхойлолтод заасан үүргээ зөрчсөн зөрчилд хамаарч байсан тул дүүргийн З-ын 2022 оны 10 сарын 21-ний өдрийн өдрийн Б/63 дугаар захирамжаар Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4-т заасан албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан.

6.3. Гэтэл анхан шатны шүүх хариуцагч нь Боловсролын тухай хуулийн /2002 оны/ 31 дүгээр зүйлийн 31.1.12-т заасныг үндэслэн Х.Ч-д албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна гэж хууль зүйн буруу дүгнэлт хийн ажилд нь эгүүлэн тогтоосон. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус зааснаар ажилтны буруутай үйлдэл, гаргасан зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан ямар төрлийн сахилгын шийтгэл ногдуулах нь ажил олгогчийн эрхэд хамаардаг. Өөрөөр хэлбэл, шүүх сахилгын зөрчил байсан эсэх хөдөлмөрийн гэрээ, албан тушаалын тодорхойлолтод заасан хэм хэмжээг зөрчсөн эсэх маргаан бүхий захиргааны акт Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн эсэхэд дүгнэлт хийлгүй Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12-т заасныг зөрчсөн үйлдэл гэж буруу дүгнэлт хийсэн. Тухайлбал, зөрчил гаргагч нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй ажилтан, зөрчилд арга хэмжээ авах эрх бүхий этгээд нь ажил олгогч этгээд байдаг бөгөөд харин ажилтны гаргасан зөрчил нь түүний хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, мэргэжлийн ажил, үүрэгтэй холбоотой дүрэм, журам зэргийг зөрчих, мөн ёс зүйн алдаа гаргах зэргээр зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байхыг ойлгодог.

6.4. Харин Боловсролын тухай хууль /2002 он/-ийн 31 дүгээр зүйлийн 31.1.12-т заасан нь сонгон шалгаруулалтын дүн болон үр дүнгийн гэрээний хэрэгжилтийн дүнг үндэслэн чөлөөлөхөд санал авах агуулгатай. Дүүргийн З нь Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан ажил олгогчийн төлөөлөгч мөн бөгөөд Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12-т заасан томилох, чөлөөлөх, хөдөлмөрийн сахилгын зөрчил тооцох эрх бүхий этгээд юм. Хөдөлмөрийн тухай хуульд ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж тайлбар авах, шийдвэрийг бичгээр болон цахимаар хэлбэрээр гаргах нөхцөлийг тусгайлан нэрлэн заасан. Шүүх хэргийг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор судлан шинжлэх үүрэгтэй бөгөөд маргаан бүхий захиргааны актын талаар дүгнэлт хийлгүй, маргаж буй зүйлийг зөрчил эсэх, ногдуулсан сахилгын шийтгэл нь зохих зарчимтай нийцэж байгаа эсэх, нотлох баримтыг тал бүрээс нь үнэлж шалгалгүй явцуу утгаар тайлбарлаж, хуульд тусгайлан заасан шаардлагаас өөрөөр тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

7. Нэхэмжлэгч тал хариуцагч талын давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Аудитын дүгнэлттэй 2022 оны 09 сарын 15-ны өдөр танилцсан гэж тайлбарлаж байна. Гэтэл дүгнэлттэй 2022 оны 10 сарын 19-ний өдөр танилцаж, гарын үсэг зурсан. Мөн 435,607,100 төгрөгийн зөрчил гараагүй, зөвхөн сайжруулах шаардлага бүхий 15 ажил байсан гэжээ.

ХЯНАВАЛ:  

1.  Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хангахгүй орхив.

2. Нэхэмжлэгч Х.Ч нь хариуцагч Х-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгчийн томъёолсон ...Х-ын 2022 оны 10 сарын 21-ний өдрийн Б/63 дугаар захирамжийг хүчингүй болгуулах... гэх шаардлага нь нэхэмжлэлийн шаардлага бус нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарч байна.

3. Х-ын 2022 оны 10 сарын 21-ний өдрийн Б/63 дугаар захирамжаар Нийслэлийн ерөнхий боловсролын **-р сургуулийн захирал Х.Ч нь төсвийн шууд захирагчийн үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан, байгууллагын үйл ажиллагааг мэргэжлийн удирдлага зохион байгуулалт, хяналтаар хангаагүй үндэслэлээр түүнд албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулж, Х.Ч-ыг Нийслэлийн ерөнхий боловсролын **-р сургуулийн сургалтын менежерийн албан тушаалд томилж шийдвэрлэсэн байна.

Дээрх захирамжид Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.1, 40 дүгээр зүйлийн 40.4.2, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12, Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4-т заасныг тус тус удирдлага болгожээ. 

4. Шүүх дээрх захирамжийг Боловсролын тухай хуулийн /2002 оны/ 31 дүгээр зүйлийн 31.1.12-т заасныг зөрчсөн гэж дүгнэн, улмаар нэхэмжлэгч Х.Ч-ыг Нийслэлийн ерөнхий боловсролын **-р сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоосон нь үндэслэлтэй байх тул энэ талаарх хариуцагч талын татгалзал, давж заалдах гомдлыг хангахгүй.

4.1. Боловсролын тухай хуулийн /2002 оны/ 31 дүгээр зүйлийн 31.1, 31.1.12-т зааснаар дүүргийн З нь нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирлыг томилох, тэдгээрийн үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх бүрэн эрхтэй байна. Өөрөөр хэлбэл, дүүргийн З нь нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн захирлыг шууд томилох, чөлөөлөх бүрэн эрхгүй буюу уг бүрэн эрхийг эдлэхдээ нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэх, саналыг үндэслэхээр байна.

4.2. Боловсролын тухай хуулийн /2002 оны/ 31 дүгээр зүйлийн 31.1.12-т заасан зохицуулалтын агуулга нь Нийслэлийн боловсролын газраас ажил олгогчийн хувиар 2018 оны 09 сарын 20-ны өдөр Х.Ч-тай Хөдөлмөрийн гэрээ байгуулсан үйл баримтаар давхар нотлогдож байна.

4.3. Үүнээс гадна Х нь Нийслэлийн ерөнхий боловсролын **-р сургуулийн захирлаар ажиллаж байсан Х.Ч-д албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулахдаа Нийслэлийн ерөнхий боловсролын **-р сургуулийн сургалтын менежерийн албан тушаалд томилж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4-т заасан албан тушаал бууруулах зохицуулалтад нийцээгүй байна.

Тодруулбал, Нийслэлийн ерөнхий боловсролын **-р сургууль болон Нийслэлийн ерөнхий боловсролын **-р сургууль нь тусдаа хуулийн этгээд бөгөөд нэг хуулийн этгээдээс нөгөө хуулийн этгээд рүү томилсныг албан тушаал бууруулсан гэж үзэх боломжгүй юм.

5. Нэхэмжлэгч Х.Ч нь 2022 оны 11 сарын 09-ний өдөр Нийслэлийн ерөнхий боловсролын **-р сургуулийн захиргаанд ...тус сургуулийн сургалтын менежерээр ажиллаж байгаа боловч ар гэрийн шалтгаанаар өөр ажилд шилжих болсон тул ажлаас чөлөөлж өгнө үү... гэсэн хүсэлтийг гаргасны дагуу тус сургуулийн захирлын 2022 оны 11 сарын 11-ний өдрийн тушаалаар дунд ангийн сургалтын менежерийн ажлаас чөлөөлөгдсөн байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2-т заасан өмнө авч байсан дундаж цалин хөлсний зөрүүтэй тэнцэх хэмжээний олговрыг шүүх 2022 оны 10 сарын 21-ний өдрөөс 2022 оны 11 сарын 11-ний өдөр хүртэл хугацаанд тооцсоныг буруутгах үндэслэлгүй, энэ талаарх нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй.

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 29-ний өдрийн 183/ШШ2024/01408 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5-д зааснаар төсвийн байгууллагын давж заалдах гомдол болон гомдлоор авч хэлэлцэх хэргийн давж заалдах гомдол тус тус улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

Д.НЯМБАЗАР