Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 779

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж,

 

Улсын яллагч: Х.Е,

Нарийн бичгийн дарга: О.Бадмаараг,

            Шүүгдэгч С.О /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.О холбогдох эрүүгийн 1809024360658 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол улсын иргэн, С.О

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч С.О нь 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр, Бэлхийн 52 дугаар гудамжны 276/А тоотод байрлах гэрт хохирогч Г. хувийн таарамжгүй харилцааны улмаас буюу “танай хүүхэд манайх руу чулуу шидсэн” гэх шалтгаанаар маргалдан үсдэж, цээж рүү нь гараараа 1 удаа цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.О мэдүүлэхдээ: Нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн гэв.  

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г /хх-ийн 44-48/, гэрч /хх-ийн 6/, гэрч /хх-ийн 49-50/ нарын өгсөн мэдүүлэгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 6256 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 7-8/, шүүгдэгч С.О урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29/ зэрэг болно.   

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч С.О нь 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр, Бэлхийн 52 дугаар гудамжны 276/А тоотод байрлах гэрт хохирогч Г. тай хувийн таарамжгүй харилцааны улмаас буюу “танай хүүхэд манайх руу чулуу шидсэн” гэх шалтгаанаар маргалдан үсдэж, цээж рүү нь гараараа 1 удаа цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүгдэгч С.О нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

Хохирогч Г. мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 12-ны цагийг нь сайн санахгүй байна. Хажуу айлын О согтуу орж ирж миний хүү Цогтбаатар луу дайраад байхаар нь “боль” гэсэн чинь хэвтэж байсан намайг үсдэж чирэн, хөлөөрөө хэвлий хэсэг рүү жийж өшиглөсөн. Тэгээд С.О гарахаар нь би хаалгаа түгжээд Цогтоог гаргахгүй байж байтал, манай гэр дээр Оюунжаргал гараад яндан сугалаад, тооноор толгойгоо цухуйлгаад Цогтоотой хэрэлдээд байсан. Тэгээд манай хүү Ц салгаж гаргасан. Тэгээд манай хүү эгч Даваахүү рүүгээ залгаж цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-48/,

 

Гэрч Д.Цогтбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 12-ны 13:30 цагийн үед манай хажуу айлын Оюунжаргал гэгч орж ирсэн. Тэгээд над руу дайрсан. Согтуу байсан болохоор хэл нь ойлгогдохгүй байсан. Тэгээд манай ээжийг үсдээд 2 удаа өшиглөөд, яндан суга татаад, чулуу гэр лүү авч шидээд байсан. Тэгээд би эгч рүүгээ залгаж цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 6/,

Гэрч Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би тухайн өдөр жолооч цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б хамт Сүхбаатар дүүргийн 16, 18, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Бэлх 114 чиглэлийн авто эргүүлийн чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан. Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 52-272 тоотод “манай ээжийнд хажуу айлын С.О гэгч орж ирж танхайраад байна. Одоо гэрийг нь буулгаад байна” гэх дуудлага, мэдээллийг хүлээн авч очиж шалгасан. Дуудлага өгсөн газарт очиж шалгахад С.О нь хэлгүй бололтой эмэгтэйгийн охинтой хоорондоо хэрэлдээд байсан. Бид хоёрыг очиход ямар нэгэн зодоон болоогүй. Тэгээд С.О албаны машинд суулгаад, эрүүлжүүлэх байранд шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50/,

     

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 6256 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Г. биед цээж, зүүн тохойнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 7-8/ зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, яллагдагч болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нийгэмд тогтсон зан, ёс суртахууны хэм хэмжээ дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч С.О /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

 

Энэ хэргийн улмаас учирсан гэм хорын асуудлын хувьд хохирогч Г. нь “...Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн хүсэлт /хх-ийн 56/ гаргасныг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгчийн хувийн байдал, энэ хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, хохирогчийн санал хүсэлт зэргийг харгалзан шүүхээс С.О торгуулийн ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох...” гэж заасны дагуу торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулах боломжтой байна.

 

Шүүгдэгч С.О хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх талаар хугацаа тогтоох шаардлагагүй гэж шийдвэрлэв. Харин торгох шийтгэл ногдуулсан шүүхийн шийдвэрийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт заасан хугацааны дотор төлж барагдуулах үүрэгтэйг С.О тайлбарласныг тэмдэглэвэл зохино.

 

Шүүгдэгч С.О нь урьд цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С.О хохирогч Г. эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.О 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.О нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй

 

4.Шүүгдэгч С.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй  болох бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.О авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.РЕНЧЕНХОРОЛ