Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 128/2019/0148/З |
Дугаар | 221/МА2019/0586 |
Огноо | 2019-11-13 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 221/МА2019/0586
“С м” ХХК-ийн гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Д.Баатархүү, Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, хариуцагч Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагч Ч.Э нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2019/0601 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор “С м ” ХХК-ийн гомдолтой, Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагчид холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2019/0601 дүгээр шийдвэрээр: “Зөрчлийн тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 2, 8.5 дугаар зүйлийн 1, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 4 дүгээр зүйлийн 4.1, 12 дугаар зүйлийн 12.3.5, 13 дугаар зүйлийн 13.1.4-т тус тус заасныг баримтлан “С м ” ХХК-ийн “Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагч Ч.Э-ын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 21 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх “С м ХХК нь “Мм” ХХК-ийн барааны тэмдэгтэй төсөөтэй барааны тэмдгийг үйл ажиллагаандаа ашиглан барааны тэмдэг эзэмшигч “Мм” ХХК-ийн эрхийг зөрчсөн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна. Тодруулан хэлбэл … үг, дүрс, өнгөний хувьд төсөөтэйгөөс шалтгаалж хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж болзошгүй болох нь зэрэгцүүлэн харуулсан барааны тэмдэг /лого/-үүдээр нотлогдож байна.” гэж үзсэн. Нэхэмжлэгчийн зүгээс шүүх хуралдаан эхлэхийн өмнө барааны тэмдэг нь төсөөтэй эсэхийг тодруулах зорилгоор шинжээч томилуулах хүсэлт гаргасан. Гэтэл шүүх хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, шүүх хуралдаан эхэлсэн. Улмаар шүүх нэхэмжлэгчийг бусдын барааны тэмдгийг төсөөтэй ашигласан, үүнээс шалтгаалж хэрэглэгчийг төөрөгдөлд оруулж болзошгүй байна гэж дүгнэсэн. Ямар хууль зүйн болон бодит үндэслэлээр ТӨСӨӨТЭЙ гэдгийг шүүх хэрхэн тогтоож чадав? Хэрэглэгчид хэрхэн төөрөгдөв? Угтаа бол нэхэмжлэгч нь “Мм” ХХК-ийн барааны тэмдгээс үг, өнгө, дүрсийн хувьд ялгаатай барааны тэмдэг /лого/ ашигласан болохоос бус ижилхэн, хэрэглэгчийг төөрөгдүүлж ашиг олох зорилго агуулаагүй.
Анхан шатны шүүх “ … хэрэгт авагдсан зөрчлийн хэргээс үзэхэд “С м ” ХХК-ийн төлөөллийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан болох нь, шийтгэлийн хуудастай Ж.Б танилцсан болох нь тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б-өөс мэдүүлэг авсан болох нь, холбогдогчоос мэдүүлэг авсан болох нь нотлогдож байх тул гомдол гаргагчийн тайлбар үндэслэлгүй” гэж дүгнэсэн. Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах бол хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулах ёстой. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд зааснаар “холбогдогч” гэж хэнийг ойлгох, хохирогчийн гомдолтой танилцаж тайлбар гаргах, зөрчлийн хэрэгтэй танилцах, улмаар хүсэлт, гомдол гаргах зэрэг эрхийг эдлүүлэхтэй холбоотой шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах байтал шууд дуудаж ирүүлээд шийтгэлийн хуудас гардуулсан. Өөрөөр хэлбэл хариуцагч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан холбогдогчийн эрхийг зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д заасан “ … хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагыг хангаагүй тул Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2019/0601 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 21 дугаартай шийтгэлийн хуудсаар “С м ” ХХК-ийг барааны тэмдэг эзэмшигч “Мм” ХХК-ийн эрхийг зөрчиж, тухайн компанийн барааны тэмдгийг ашигласан зөрчил гаргасныг тогтоож, Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 3 000 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
Үүнийг эс зөвшөөрч, гомдол гаргагч “С м ” ХХК-иас “... “Мм” ХХК-ийн барааны тэмдгээс ялгаатай логог манайх хэрэглэдэг мөн улсын байцаагч нь манай компанийг оролцуулахгүйгээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, шийтгэлийн хуудсыг үйлдсэн, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй” гэж маргажээ.
Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д ““барааны тэмдэг” гэж иргэн, хуулийн этгээд өөрийн бараа, үйлчилгээг бусад этгээдийн бараа, үйлчилгээнээс ялгах зорилгоор хэрэглэх ялгагдах чадвартай илэрхийллийг”, 3.1.7-д ““барааны тэмдэг эзэмшигч” гэж бүртгэгдсэн барааны тэмдгийг өмчлөх эрхийг хуульд заасан журмын дагуу олж авсан этгээдийг” ойлгохоор заажээ.
Хэрэгт цугларсан баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбараас үзэхэд, “Мм” ХХК нь өөрийн бараа, үйлчилгээг бусад этгээдийн бараа, үйлчилгээнээс ялгах зорилгоор улсын бүртгэлд холбогдох барааны тэмдгээ бүртгүүлж, барааны тэмдгийн өмчлөх эрхийг олж авсан[1], харин гомдол гаргагч “С м ” ХХК нь маргаж буй барааны тэмдгийг хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлээгүй бөгөөд дээрх хуулийн этгээдүүд нь адил төрлийн буюу мах, махан бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, ингэхдээ тухайн барааны тэмдгүүдийг ашигладаг болох нь тогтоогдсон, энэ үйл баримттай гомдол гаргагчаас маргаагүй байна.
Харин хэрэгт авагдсан “Мм” ХХК-ийн бүртгэгдсэн барааны тэмдгийн гэрэл зургийг “С м ” ХХК-ийн ашиглаж буй барааны тэмдэгтэй харьцуулахад тухайн барааны тэмдгүүд нь үг, дүрс, өнгөний хувьд төсөөтэй болох нь илт тогтоогдож байх төдийгүй ижил төрлийн үйл ажиллагаа явуулахдаа ийнхүү төсөөтэй барааны тэмдгийг ашиглаж буй тохиолдолд хэрэглэгчид төөрөгдөлд орох боломжтой, гомдол гаргагчийн энэ үйлдэл нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-д “Барааны тэмдэг эзэмшигч тухайн барааны тэмдгийн хувьд дараах онцгой эрх эдэлнэ”, 12.3.5-д “бүртгэгдсэн барааны тэмдэгтэй төсөөтэй барааны тэмдгийг бусад этгээд ашигласан нь хэрэглэгчийг төөрөгдөлд оруулахаар...” гэж заасан барааны тэмдэг эзэмшигч “Мм” ХХК-ийн эрхийг зөрчсөн байх тул маргаан бүхий шийтгэлийн хуудас үндэслэлтэй, энэ үндэслэлээр гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байх тул шийдвэрийг хэвээр үлдээхээр тогтов.
Давж заалдах гомдлын тухайд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэхэд тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахаар шүүхээс шинжээч томилох зохицуулалттай, энэ маргааны тухайд маргаан бүхий барааны тэмдгүүдийг харьцуулан судлахад төсөөтэй эсэх нь тусгай мэдлэг шаардагдахгүйгээр илэрхий тогтоогдож байхад шинжээч томилж, тухайн асуудлыг тогтоолгох шаардлагагүй, энэ нь тусгай мэдлэг шаардагдах асуудал биш байх тул энэ талаарх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.
Хэрэгт авагдсан зөрчлийн материалаас үзэхэд, Ж.Б нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд холбогдогчийг төлөөлөн оролцсон, хариуцагчаас “....“С м ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Б-тай утсаар ярихад “өмгөөлөгчөө явуулна” гэсэн тул түүнийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан” гэж тайлбарласан, үүнийг гомдол гаргагч “С м ” ХХК-иас үгүйсгээгүй төдийгүй зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд Ж.Б-ийг оролцуулж, мэдүүлэг авахдаа хариуцагч нь түүнд зөрчлийн хэргийн холбогдогчийн эрх, үүргийг тайлбарлан өгч, гарын үсэг зуруулсан /хх47-48/ атал шалган шийдвэрлэх ажиллагаанд “С м ” ХХК-ийг төлөөлж оролцохгүй талаар Ж.Б өөрөө мэдэгдээгүй байх тул Ж.Б-ийг “С м ” ХХК-ийн төлөөлөгчөөр оролцуулан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан хариуцагчийг буруутгах үндэслэлгүй.
Гомдол гаргагч “С м ” ХХК нь төсөөтэй барааны тэмдгийг үйл ажиллагаандаа ашиглаж буй энэ үйлдэл нь тодорхой хугацаанд үргэлжилсэн шинжтэй, Зөрчлийн тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 2-т “Зөрчил тодорхой хугацаанд үргэлжилсэн бол үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно” гэж заасанд хамаарч байх тул “...хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан байхад шийтгэл оногдуулсан” гэх гомдлыг хангах үндэслэлгүй байна.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2019/0601 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
[1] Оюуны өмчийн газрын албан ёсны https://www.ipom.gov.mn/ цахим сайтад барааны тэмдэг эзэмшигчээр бүртгэгдсэн.