Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 333

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “4 дүгээр” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц.У

Хариуцагч: Баянгол дүүргийн 10 дугаар хорооны иргэдийн Нийтийн хурлын дарга, Баянгол дүүргийн Засаг дарга.

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянгол дүүргийн 10 дугаар хорооны Иргэдийн Нийтийн хурлын 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаан хууль зөрчиж хуралдсан болохыг тогтоолгож, “Хорооны иргэдийн нийтийн Хурлын даргыг сонгож батлах тухай” 04, “Хорооны иргэдийн нийтийн хурлын Тэргүүлэгчдийг сонгож батлах тухай” 05, “Хорооны Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” 07, тус хорооны Иргэдийн нийтийн Тэргүүлэгчдийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “Иргэдийн нийтийн хурал зарлан хуралдуулах тухай” 08 дугаар тогтоолууд, мөн дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/112 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Э, нэхэмжлэгч Ц.У, хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, хариуцагч Баянгол дүүргийн 10 дугаар хорооны иргэдийн Нийтийн хурлын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “Баянгол дүүргийн 10 дугаар хорооны Ц.У миний бие 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 23 цаг 40 минутад хороодууд маргааш хуралтай гэсэн мэдээллийг Баянгол дүүргийн 22 дугаар хорооны иргэн М.Гаас утсаар мэдсэн. Маргааш нь буюу 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 09 цагт Баянгол дүүргийн 10 дугаар хорооны байранд очиж Засаг даргын үүрэг гүйцэтгэгч н.Мөнхтүвшинтэй өрөөнд нь орж уулзаж иргэдийн Нийтийн Хуралтай юм уу? Хурал, хаана, хэзээ, хэдэн цагт болох бэ? Хэрэв хуралтай бол 15 хоногийн өмнө иргэдэд ил тод нээлттэй зарласан байх ёстой шүү гэж асуухад ямар ч хурал болохгүй, одоогоор тийм мэдээлэл байхгүй, бүх нийтийн цэвэрлэгээ хийх үүднээс зар тарааж байгаа гэж хариулсан. Гараад би гэрлүүгээ явж байхад тус хорооны иргэний танхимын зохион байгуулагч н.Дтэй гудамжид таарч иргэдийн Нийтийн Хурал болох гэж байгаа юм уу? Бусад хороодуудаар болох сураг сонслоо гэж асуухад ямар ч хурал болохгүй, одоогоор бидэнд мэдсэн зүйл байхгүй байна гэж хэлсэн. Дараа нь 11 цаг 50 минутын үед хорооны иргэний танхимд очиход Засаг даргын үүрэг гүйцэтгэгч н.Мөнхтүвшин, иргэний танхимын зохион байгуулагч н.Дэлгэрцэцэг, мөн хорооны хэсгийн ахлагч нар иргэний танхимын сандалыг гаргаж цэвэрлэгээ хийж байсан. Мөн хурлын талаар асуухад “төсөв мөнгө байхгүй учир бид иргэдийн шинэ жилийг энд зохион байгуулах гэж байгаа юм аа гэдэг хариулт хэлсэн. Дараа нь 15 цагт очиход иргэд орж гараад хөл хөдөлгөөнтэй болсон байсан. Сураг сонсоход хурал болох гэж байгаа талаар сонссон. Иргэн хүний хувьд сонгох сонгогдох эрхээ эдлэх зорилгоор тус хорооны иргэдийн Нийтийн Хурлын даргад нэр дэвшин өрсөлдөх сонирхолтой байсан юм.  Баянгол дүүрэг болон тус хороонд эрх барьж байгаа Ардчилсан намаас зориуд зохион байгуулалттай, өөрсдийн намын гишүүд дэмжигчдийн хүрээнд нууцаар зарлагдсан хэт нэг талыг баримталсан, хүч түрэмгийлсэн, хууль зөрчсөн хурал боллоо. Иймд 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Баянгол дүүргийн 10 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлыг хууль зөрчиж хуралдуулсан болохыг тогтоолгох, уг иргэдийн Нийтийн Хурлын тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн 10 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлыг тус хурлын тэргүүлэгчид Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасны дагуу бүрэн эрхийнхээ хүрээнд 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 07 дугаар тогтоол гаргаж 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хуралдуулахаар тов тогтоож, орон сууцны орц, зарлалын самбаруудаар хурлын тов зарыг тараасан болно.

Ийнхүү зар тараасан нь “Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсгийг зөрчсөн зүйл байхгүй бөгөөд хуульд заасан “хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна” гэж заасан хэсэгтэй тохирч байгаа буюу 16 хоногийн өмнө хуралдааны тов тогтоосон болно. Энэхүү тогтоолын дагуу Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10 дахь хэсэгт заасан “...хороо, аймгийн төвийн сумын багт 20-30 өрх тутмаас нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцоно” гэж заасны дагуу Баянгол дүүргийн 10 дугаар хороонд улсын бүртгэлээр бүртгэгдсэн 2280 өрх бүртгэлтэй бөгөөд 30 өрх тутамд 1 хүн буюу 76,06 /2280:30*100=76.6/ иргэн ирснээр хүчинтэй тооцогдох хуралд нийт 93 иргэн хуралд хүрэлцэн ирснээр хуульд заасан хүчинтэй ирцтэйгээр хуралдаан эхэлсэн байна. Хуралдааныг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6 дахь хэсэгт зааснаар иргэдийн Нийтийн Хурлын даргын үүрэг гүйцэтгэгч С.Л нээж хуралдаан даргалагчид иргэн А.Чын нэрийг дэвшүүлж хуралдаанд оролцогчдын олонхийн санал авч хуралдааны даргаар сонгогдсон байна.

Гэвч Ц.У, н.Б тэргүүтэй хэсэх хүмүүс бүлэглэн хуралдаан даргалагчаар сонгогдсон н.Ч хуралдааныг удирдуулахгүй гэж үймүүлж, тасалдуулах оролдлого гарган эмх замбараагүй байдал үүсч болзошгүй болсон тул арга буюу дахин санал хураалт явуулж, хурлын даргын үүрэг гүйцэтгэгч С.Л хурлыг удирдан явуулж, тооллогын комисст иргэн Б.Н, М.Б, Д.Э нарын редакцийн комисс Б.Б, Э.Р, З.Э нарын нэрийг дэвшүүлж хуралдаанд оролцсон олонхи дэмжсээр тоологын болон редакцийн комисс байгууллагдсан болно.

Хуралдаанаар иргэн С.Лийг иргэдийн Нийтийн Хурлын даргад, Л.Д, Г.Э, Ц.Д, Г.Д нарын нэрийг иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчид нэр дэвшүүлж дээрх нэр дэвшигч тус бүрээр санал хураалт явуулахад С.Лийг 61 иргэн дэмжиж, 32 иргэн дэмжээгүй санал өгч, 56.74 хувийн саналаар Л.Дэмбэрэлийг 57 иргэн дэмжиж, 36 иргэн дэмжээгүй санал өгч 64.17 хувийн саналаар, Ц.Дыг 73 иргэн дэмжиж, 20 иргэн дэмжээгүй санал өгч 67.89 хувийн саналаар, Г.Дыг 62 иргэн дэмжиж, 31 иргэн дэмжээгүй санал өгч 59.62 хувийн санал авч, иргэдийн Нийтийн Хурлын дарга, тэргүүлэгчдээр сонгогдож, иргэдийн Нийтийн Хурлын тогтоолоор баталсан байна.

Иргэн С.Л 10 дугаар хорооны Засаг даргад иргэн Г.Мгийн нэрийг дэвшүүлж, иргэн С.О нь иргэн С.Огийн нэрийг дэвшүүлж хурлын нөхцөл байдлаас шалтгаалан санал хураалтыг нууцаар, илээр явуулах тухай санал хурааж илээр санал хураахад Г.Мг 72 иргэн дэмжиж, 21 иргэн дэмжээгүй санал өгч хуралдаанд оролцогчдын 66.96 хувийн санал авч дүүргийн Засаг даргад уламжлахаар тогтоол гаргасан байна.

Дээрх тогтоолууд нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирлагын тухай хуулийг зөрчсөн зүйл байхгүй байна. Нэхэмжлэл гаргагч Ц.У, н.Б нар нь тухайн иргэдийн Нийтийн Хурлыг өөрсдийн санаанд нийлүүлэх санаархал нь үл гүйцэлдмэгц, нийтийн эмх замбараагүй байдал үүсгэхийг оролдож хууль бусаар хурлыг тараахыг оролдсон тул хурлын үйл ажиллагааг хурдан шуурхай явуулж, хэлэлцэх асуудлын дарааллаар батлагдсан зүйлсийг хэлэлцэж баталснаар хурал өндөрлөсөн болно. 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.  

Нэхэмжлэгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Иргэдийн нийтийн хурлыг зарлан хуралдуулах тогтоолтой холбогдуулж нэхэмжлэл дээрээ бичсэн байгаа. Үүнд хуралдааны бэлтгэл ажлыг хангаж хуралдааныг товыг мэдэгдэхийг хорооны Иргэдийн Нийтийн хурлын нарийн бичиг н.Дэлгэржаргалд даалгасугай гэсэн тогтоол гарсан байгаа. 2016 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн өглөө 09 цагт н.Д, үүрэг гүйцэтгэгч байсан н.Мтэй уулзсан. Хурал хэзээ, хаана болох вэ гэж асуухад 2-уулаа нууцалж ямар ч хурал болохгүй, зүгээр эх цэвэрлэгээ хийх гэж хүмүүст зар тарааж байгаа гэж хэлсэн. н.Мтэй өрөөнд нь орж уулзчихаад хорооноос гараад гудамжинд н.Дтай тааралдахад хурал болохгүй гэж хэлсэн. Гэрчүүдийн мэдүүлгээс миний хэлж байгаа илүү үнэн бодитой гэдгийг хэлмээр байна. Тэгээд 11 цаг 40 минутын үед иргэний танхимд ирэхэд тухайн өрөөнд сандлуудыг гаргаад хорооны Засаг даргын үүрэг гүйцэтгэгч н.М, н.Д, хэсгийн ахлагч нар гэх хүмүүс өрөө цэвэрлэж байсан. Би энэ хурал болох гэж байгааг анх 23-ны өдрийн орой 11 цаг 40 минутын үед 22 дугаар хорооны иргэн н.Г гэх хүнээс мэдсэн. Тэгээд маргааш өглөө 09 цагт очсон. Тэгээд өрөөг цэвэрлэж байхаар нь хурал болох гэж байна уу гэж асуутал “үгүй хүмүүс шинэ жил тэмдэглэх гэж байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би гудамжаар зар байна уу харсан нэг ч зар байгаагүй. Гэтэл гэрч нар 2 дугаар гудамжний 2 талаар зар наасан байсан гэж мэдүүлэг өгсөн байна. Зар байгаагүй гэдгийг би баттай хэлж байна. 16 цагт хурал болж бид нарыг ороход заал дүүрсэн байсан. Ихэвчлэн Ардчилсан намын гишүүд суусан байсан. Би хуулийн дагуу бүх материалаа бүрдүүлсэн зөвхөн хурлын товыг хүлээж байсан. Энэ хурал хуулийн дагуу тов мэдэгдээгүй гэж баттай хэлэх байна. Нотлох баримтаар өгсөн хурлын бичлэгт ойлгомжтой байгаа. Уг бичлэг дээр н.Д надад хурал гэнэт хийх болоод хийж байна гэж хэлж байсан. Иргэдэд болохоор хуулийн хүчин төгөлдөр хийгдэж байгаа хурал шүү гэж хэлж байсан. Миний хувьд эрх зөрчигдсөн гэж үзэж нэхэмжлэл гаргасан юм. Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулах талаар энэ иргэдийн хуралтай үүдэлтэйгээр хүчингүй болох ёстой яагаад гэвэл иргэдийн хурал нь хууль бусаар болсон болохоор иргэдийн хурлын 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хурлыг хууль бус гэж үзэх үндэслэлтэйгээр тогтоогдсон тохиолдолд тухайн 10 дугаар хорооны Засаг даргыг батламжилсан дүүргийн Засаг даргын тогтоол нь хүчингүй болох үндэслэлтэй гэж ойлгож байгаа юм. Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-т зааснаар ирцтэй холбоотой асуудал, мөн хуралдааны дарга тэргүүлэгчдийг сонгох эдгээрийг уншиж танилцуулж санал хурааж Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1-т заасныг үндэслэн 10 дугаар хорооны Иргэдийн Нийтийн хурлыг анхдугаар хуралдаанаас  тогтоох нь гэж тогтоолоо гаргаж, санал хурааж үүнийгээ хурлын дарга танилцуулж тэгээд хуралдааны даргыг тэргүүлэгчтэй нь сонгох үйл явц болоогүй.

Мөн хуралдааны дарга тэргүүлэгч сонгогдсоноор хуралдаан эхэлнэ. Үүнд тооллогын комиссыг байгуулна. Тооллогын комиссыг байгуулахдаа Нийслэлийн Баянгол дүүргийн 10 дугаар хорооны Иргэдийн Нийтийн хурлын анхдугаар хуралдаанаас тогтоох нь гэж иргэдийн саналаар бүрэлдэхүүнийг танилцуулж, дарга, нарийн бичиг танилцуулж тамга дарснаар хүчин төгөлдөр болох байсан.

10 дугаар хорооны Иргэдийн Нийтийн хурлын тооллогын комиссын тогтоолд Иргэдийн Нийтийн хурлын даргыг сонгох үүнд хуралдааны дарга Иргэдийн Нийтийн хурлаас чөлөөтэй, нээлттэйгээр нэр дэвших хүмүүсийг иргэд сонгож, сонгогдсон дарааллаар нь эрэмбэлж тооллогын комисс санал хурааж, тооллогын комисс тогтоол гаргаж өгнө. Гэх мэт бүх юм 7-8 төрлийн тогтоол, бичиг баримт байх ёстой. Эдгээрийг саяны бичлэг дээр нэг ч уншиж танилцуулаагүй, зүгээр гараа өргөж тэр тэрийг сонгоё гэж явсан байгаа. Ийм хурал гэж байхгүй” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнхсайхан шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Баянгол дүүргийн 10 дугаар хорооны Иргэдийн Нийтийн хурал 12 дугаар сарын 24-ны өдрийн 16 цагт болсныг хүчингүй болгуулах гэж байна. Хурал удирдсан дүүргийн төлөөлөгч н.Чинбат хурал удирдсанаар үймээн самуун үүссэн гэж тайлбарлаж байна.  н.Чинбат бол тухайн хорооны иргэн, хорооны иргэний хувьд Иргэдийн Нийтийн хуралд оролцсон түрүүн би хуралдаан даргалагч гэж ямар үүрэгтэй хүн талаар нэхэмжлэгчээс асуусан, хуралдаан даргалагч гэж зөвхөн хурлын зохион байгуулах асуудлыг хариуцдаг хүн юм. Энэ хурал Ц.Уын өөрийнх нь үймүүлж байгааг гэрч н.Б, н.О гэх мэт бичлэг дээрээс тодорхой харагдаж байна. Энэ байдлаас болж хуралдааныг хуучин Иргэдийн Нийтийн хурлын н.Л удирдсан. Хурал үймээнтэй байсан ч гэсэн зорилгоо биелүүлсэн. Хурлын дарга болон тэргүүлэгчдийг, хорооны Засаг даргыг сонгосон. 

Энэ хуралдаанд иргэд оролцож чадаагүй эрх зөрчигдсөн гэж байна. Тухайн н.Баярмаа, н.Отгонцэцэг гэх гэрчүүдийн мэдүүлж байгаагаар хуралд 16 цагаас өмнө очсон хүмүүс оролцох боломжтой түүнээс хойших нь хаалттай байдал үүссэн байна. Тэгэхдээ Ц.Уын мэдүүлж байгаа шиг нууцаар, далд, зарлаагүй хурал хийсэн гэж байна. Хэрвээ нууцаар хийх байсан бол хурал хийхгүй ч байж болох байсан. Тэгэхээр хурал зарлаагүй, хийгээгүй гэдэг асуудал бол болоогүй хурлыг хуулийн хугацаанд товлож зарласан. Гэрчүүд мэдүүлж байгаа. Хороонд ажиллаж байсан хэсгийн ахлагчид  хууль сануулж гэрчийн мэдүүлэг авсан. 

Нэхэмжлэлтэй холбоотойгоор нийтийн эрх ашгийн төлөө гэж ярьж байгаа боловч гадаа 20, 30 хүн байсан гэж байна. Хэрвээ эдгээр хүмүүс ороод Ц.Уыг  Засаг даргад нэр дэвшихэд дэмжлээ гэж бодоход 50% ийн ч санал авах боломжгүй байсан гэж бодож байна. Хуралдаанд олонх болж чадаагүй учраас хуралдааныг үймүүлж, тараах зорилготой байсан. Энэ нь бүтээгүй учраас нэхэмжлэл гаргаж байгаа гэж дүгнэж байна.  

Тогтоол гаргаж баталж үзүүлэх ёстой байсан гэж байна. Ямар нэгэн бичиг цаас үйлдэх ямар ч боломж байгаагүй нь хурлын бичлэг дээр тодорхой харагдаж байна. 

2 нэр дэвшигчийг нууцаар хураах байсан илээр хураасан талаар илээр хураах нууцаар хураах талаар Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн  11 дүгээр зүйлийн 11.3,11.4-т зааснаар тухайн хурлын төлөөлөгчид “хурлын даргад нэг хүний нэр дэвшсэн бол илээр, хоёр ба түүнээс дээш хүний нэр дэвшсэн бол нууц санал хураалт явуулж хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонх” гэж заасан байгаа. Иргэдийн Нийтийн хурал дээр төлөөлөгчид гэдэг ойлголт байхгүй. Тэгэхээр нууцаар санал хураалт явуулаагүйгээс болж Засаг даргыг хууль бусаар сонгосон гэсэн зүйл байхгүй. 

Тэгэхээр нэхэмжлэгч Ц.Уын гаргаж байгаа нэхэмжлэл хуулийн шаардлага хангаагүй зөвхөн хувийн ашиг сонирхлын байдлаас уг хурлын үйл явдлыг бужигнуулсан нь харагдаж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Батбаяр шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Сүүлд нэхэмжлэгчийн нууцлахыг хүссэн гэрчийн бичлэгийг сонсоход хэн бичиж байгаа, хэн гэдэг хүн хариулж байгаа, нууцаар бичлэг хийж байгаа эсвэл ил бичлэг хийж байгаа эсэх нь тодорхойгүй байна. Тэр хүн хавтаст хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн байна. Магадгүй нэхэмжлэгч өөртөө ашигтай байдлыг харуулахын тулд тухайн хүнийг эрүүгийн гэмт хэрэгт татуулах гэж байгаа асуудал биш биз дээ. Энэ нь нотлох баримтаар үнэлэгдэхгүй байх гэж бодож байна. Хэрвээ хуралдааныг хууль зөрчсөн гэж үзэж дахин хуралдаан хуралдуулах асуудал яригдах юм бол дахин иймэрхүү л хуралдаан болох л байх гэж бодож байна. Төлөөлөгч мөн иргэнийхээ хувиар хуралдаанд оролцож байна. Тэгэхээр хурлын хуралдааны шийдвэрийг үндэслэж гаргасан Засаг даргын шийдвэр нь үндэслэлтэй юм. Иймээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ;

Ц.У Баянгол дүүргийн 10 дугаар хорооны Иргэдийн Нийтийн хурлын 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаан хууль зөрчиж хуралдсан болохыг тогтоолгож, “Хорооны иргэдийн нийтийн Хурлын даргыг сонгож батлах тухай” 04, “Хорооны иргэдийн нийтийн хурлын Тэргүүлэгчдийг сонгож батлах тухай” 05, “Хорооны Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” 07, тус хорооны Иргэдийн нийтийн Тэргүүлэгчдийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “Иргэдийн нийтийн хурал зарлан хуралдуулах тухай” 08 дугаар тогтоолууд, мөн дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/112 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах  нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Тэрээр Баянгол дүүргийн 10 дугаар хорооны Иргэдийн нийтийн хурлыг Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т заасныг зөрчиж хуралдуулсан хууль бус бөгөөд энэ хууль бус хуралдаанаас нэр дэвшүүлсэн Г.Мг засаг даргаар томилсон дүүргийн Засаг даргын захирамж мөн хууль бус гэж маргажээ. 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд түүнчлэн  Баянгол дүүргийн 10 дугаар хорооны 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хуралдсан Иргэдийн Нийтийн хурлын хуралдааны явцыг видео бичлэгээр CD-д бичиж нотлох баримтаар ирүүлснийг судлан энэ бичлэгээр бэхжүүлсэн үйл баримтад дүгнэлт өгч нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж үлдсэнийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Дээрх хуралдааны явцыг видео бичлэгээр CD-д бичиж бэхжүүлсэн баримт нь  хуралдааны үйл ажиллагаанд оролцсон хэргийн оролцогчдийн тайлбар, хариуцагчийн хуралдааны явцыг бичсэн видео бичлэгээр давхар нотлогдож байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т зааснаар “...тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой...” гэж үзэж үнэлсэн болно. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2, 23 дугаар зүйлийн 23.4-т заасныг үндэслэн 

хорооны Иргэдийн нийтийн Тэргүүлэгчдийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 08 дугаар тогтоолоор 10 дугаар хорооны Иргэдийн нийтийн хурлыг 12 дугаар сарын 24-ний өдөр хуралдуулахаар зарласан нь хууль зөрчөөгүй байна. 

Түүнчлэн энэ өдриййн Иргэдийн нийтийн хуралдаанд тус хорооны нийт өрхийг төлөөлж 93 хүний ирцтэй байсан нь  Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-д заасан шаардлагыг хангасан гэж үзэхээр байна.

Энэ нь хэрэгт авагдсан хурлын ирцийн хүснэгт, хуралд оролцсон иргэдийн иргэний үнэмлэхийн хуулбар, түүн дээр бичигдсэн оршин суух хаяг, гэрч Б.Өлзийхишигийн тайлбараар нотлогдсон бөгөөд харин хурлын зарыг 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хурал болохоос 2 цагийн өмнө тараасан талаар дүрсгүй видео бичлэг CD-д хуулж нотлох баримтаар ирүүлснийг  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр судалж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5-д зааснаар “.....хуульд заасан журмыг зөрчиж олж авсан.......” нотлох баримт гэж үзэж үнэлээгүй болно.

Харин хуралдааны явцыг CD-д бичиж бэхжүүлсэн бичлэгийг судлаж дүгнэн хуралдаан даргалагч Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.14-д “Хуралдааныхаа дэгийг Хурал өөрөө тогтоож тогтоолоор батлана.” гэснийг зөрчиж хуралдааны дэгийг батлалгүй хуралдааныг үргэлжлүүлсэн нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн гэж үзэв.

   Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тогтолцоо, эрх хэмжээ, үйл ажиллагааны зарчим, зохион байгуулалттай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна.”, 7 дугаар зүйлийн 7.1-д “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын тогтолцоо нь дараахь бүтэцтэй байна;”, 7.1.2-т “баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал:” гэж зохицуулснаас үзэхэд хорооны иргэдийн Нийтийн Хурлын үйл ажиллагаа энэ хуулийн зохицуулалтын хүрээнд явагдахаар байна.

Түүнчлэн энэ хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие даан зохион байгуулж үйл ажиллагаандаа ардчилсан ёс, шудрага ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчим баримтлана.”, 9 дүгээр зүйлийн 9.1-д “Нутгийн өөрөө удирдах байгууллага нь дараахь тогтолцоотой байна;, 9.1.3-д “баг, хорооны иргдийн Нийтийн Хурал:” гэжээ.

Энэхүү хуралдааны үйл явцыг харуулсан бичлэгийг дүгнэхэд хуралдаанаар хэлэлцүүлж байгаа асуудал тодорхойгүй, Иргэдийн нийтийн хурлын дарга, тэргүүлэгчид, хорооны Засаг даргад нэр дэвшигчдийг танилцуулж хэлэлцүүлээгүй, мөрийн хөтөлбөр танилцуулах, бусад иргэдийн оролцоог хангах боломж олгоогүй нь тус хурал хуулийн хүрээнд явагдсан гэж үзэхээргүй байна.

Тухайлбал Хуралдааны үйл ажиллагаанд оролцож үзэл бодлоо илэрхийлэн, саналаа өгөхөөр ирсэн хорооны иргэдийг хуралдаанд оролцуулахгүй хаалгаа түгжиж тэдний сонгох, сонгогдох эрхээ хэрэгжүүлэх боломжийг олгоогүй байна.

Ингэснээр иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох үндсэн эрхийг баталгаатай эдлүүлээгүй явагдсан энэ хуралдааныг хуулийн дагуу явагдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болно.

Ээлжит орон нутгийн сонгуулийн үр дүнгээр бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж, шинээр сонгогдон хорооны иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалж үйлчлэх үүрэг бүхий нутгийн өөрөө удирдах ёсны анхан шатны байгууллагаа  сонгохоор ирсэн иргэдэд хаалттай болж, тэдний хуралд оролцох эрхийг хязгаарласан, иргэд нутгийн өөрөө удирдах байгууллагад сонгох, сонгогдох, биечлэн оролцох эрхээр бүрэн хангаагүй уг хуралдааныг Монгол улсын Үндсэн хууль, бусад хуулиар хамгаалагдсан иргэд төлөөлөгчийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох, шудрага ёс, хууль дээдлэх зарчимтай нийцээгүй хууль бус гэж үзнэ.

Хурлыг хуулийн хүрээнд зохион байгуулж, иргэдийн хуралдаанд биечлэн оролцох, тэдний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, сонгох, сонгогдох эрхээ эдлэх нөхцөл боломжоор хангаж ажиллах үүрэг бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байгаа Хурлын Тэргүүлэгчдэд байгаа бөгөөд энэ үүргээ хуульд нийцүүлэн хэрэгжүүлээгүй байна.   

Тодруулбал хурал зохион байгуулсан танхимын багтаамжаас шалтгаалж хорооны иргэдийн оролцоог хязгаарлсан нь хариуцагчийг зөвтгөх үндэслэл болохгүй юм.

Түүнчлэн Баянгол дүүргийн 10 дугаар хорооны Иргэдийн Нийтийн хурлын 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаан Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн холбогдох зохицуулалтуудыг зөрчиж хуралдсан болох нь тус хуралдааны бичлэг, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд энэ хууль бус хуралдаанаас нэр дэвшүүлсэн Г.М тус хорооны Засаг даргаар томилсон дүүргийн Засаг даргын захирамж хууль бус байна.

Тодруулбал уг хуралдаанаас “Хорооны Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” 07 дугаар тогтоол Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “...хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд.....нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг хурлын хуралдаанд оролцсон иргэд...ийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно.” гэсэн заалттай нийцээгүй.

Өөрөөр хэлбэл Хорооны Засаг даргад нэр дэвшигч тухайн хорооны иргэдийн   хуралд оролцох эрхийг бүрэн хангаагүй хууль бус хуралдаанаас тэдний олонхийн саналыг авсан байх боломжгүй бөгөөд ийнхүү хууль зөрчсөн хуралдааны тогтоолыг үндэслэн хорооны Засаг даргаар томилсон дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/112 дугаар захирамж үндэслэлгүй гэж дүгнэв.

Ийнхүү дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийхэд Баянгол дүүргийн 10 дугаар хорооны Иргэдийн Нийтийн хурлын 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаан Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн холбогдох зохицуулалттай нийцээгүй байх тул дээрх хуралдааны “Хорооны иргэдийн нийтийн Хурлын даргыг сонгож батлах тухай” 04, “Хорооны иргэдийн нийтийн хурлын Тэргүүлэгчдийг сонгож батлах тухай” 05, “Хорооны Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” 07 дугаар тогтоолууд болон дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/112 дугаар захирамж хууль бус болохыг тогтоож тус тус  хүчингүй болгон, Иргэдийн нийтийн Тэргүүлэгчдийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “Иргэдийн нийтийн хурал зарлан хуралдуулах тухай” 08 дугаар тогтоолыг хүчингүй болгох шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

                  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13-т заасныг баримтлан ТОГТООХ нь:

 

1. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2, 8 дугаар зүйлийн 8.1,  9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.3, 17 дугаар зүйлийн 17.2, 23 дугаар зүйлийн 23.4, 23.10, 23.14-т заасныг баримтлан Баянгол дүүргийн 10 дугаар хорооны Иргэдийн Нийтийн хурлын 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаан хууль бус болохыг тогтоож, “Хорооны иргэдийн нийтийн Хурлын даргыг сонгож батлах тухай” 04, “Хорооны иргэдийн нийтийн хурлын Тэргүүлэгчдийг сонгож батлах тухай” 05, “Хорооны Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” 07 дугаар тогтоолууд, дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/112 дугаар захирамжыг тус тус  хүчингүй болгон, Иргэдийн нийтийн Тэргүүлэгчдийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “Иргэдийн нийтийн хурал зарлан хуралдуулах тухай” 08 дугаар тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баянгол дүүргийн Иргэдийн нийтийн хурлаас 35100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              А.НАСАНДЭЛГЭР