Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2017/01235

 

О-ийннэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

       Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар       

            Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2017/01286 дугаар шийдвэр,

   Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 1433 дугаар магадлалтай,

            О-ийннэхэмжлэлтэй,

            Б-т холбогдох

            Зээлийн гэрээний үүрэгт 3.572.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

            Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Батсайхан, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

        Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл  болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Би 2011 онд Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 36-278 тоот хашаа байшин, газар, гараашийг Б-ийн ээж, аав болон Б-тэй тохирч 70.000.000 төгрөгөөс ярьж, 65.000.000 төгрөгөөр худалдахаар гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний төлбөрийг төлүүлэх зорилгоор нөхөр У.Батсайхан Эрэл банкнаас 20.000.000 төгрөгийн зээлийг авч, 5.000.000 төгрөгийг бид байрны урьдчилгаа гэж аваад 15.000.000 төгрөгийг Бийн ээж н.Эрдэнэцэцэгт өгсөн. Эднийд эргэлтийн хөрөнгө хэрэгтэй байсан тул зээл авч өгсөн бөгөөд уг мөнгийг өсгөснөөр байрны үнийг төлөх байсан. Бид 5.000.000 төгрөг авч 2011 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр байрандаа оруулсан боловч хариуцагч өөр мөнгө өгөөгүй. Эрэл банкнаас нөхөр У.Батсайханы нэрээр авсан зээлийг Б хуваарийн дагуу төлж барагдуулсан. 2012 онд байранд гал гарч 2 давхар нь тэр чигээрээ шатсан ба тэнд байсан бүх зүйл шатсан. Үүнээс болж манайд 10.000.000 гаруй төгрөгийн хохирол учирсан бөгөөд эднийх байр авах хэвээр байсан тул дахин Хас банкнаас зээл авахаар хөөцөлдөж, бид цахилгаан бараа, машин зэргээ барьцаалж, нөхөр У.Батсайханы нэрээр 29.000.000 төгрөгийн зээл авсан. У.Батсайхан банкнаас зээлсэн 29.000.000 төгрөгөө тэр чигээр нь өгсөн бөгөөд эднийх уг мөнгөнөөс бидэнд 2.800.000 төгрөг өгч, үлдсэнийг нь гутал хийдэг ажилдаа зарцуулаад олсон мөнгөөрөө банкны зээлийг төлж, ашгаараа байшингийн үнийг төлөх байсан. Гэтэл байшингаа авах нь битгий хэл Хас банкны зээлийг бага багаар төлж байснаа ч төлөхөө больж, банк биднээс мөнгөө шаардсанаар 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр зээлийн хугацаа дуусч, үлдэгдэл нь 2.300.000 төгрөг болсныг бид арга буюу хүнээс мөнгө зээлж, хүүгийн хамт нийт 3.512.697 төгрөг төлж, зээлийг хаасан. Бид эдний өмнөөс Хас банкинд зээл, хүүд 3.572.000 төгрөг төлсөн тул энэ мөнгийг Бээс гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хашаа байшинг бид бусдад худалдсан бөгөөд хашаа байшинтай холбоотой мөнгө нэхэмжлээгүй, зөвхөн Хас банкнаас авсан зээлийн үлдэгдлийг нэхэмжилж байгаа тул асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

          Хариуцагч Б-ийн шүүхэд болон шүүх хуралдаанд  гаргасан хариу тайлбарт: Бид У.Батсайхантай ярьж тохироод эдний байшинг 65.000.000 төгрөгөөр худалдаж авахаар болсон бөгөөд У.Батсайхан ах эхлээд Эрэл банкнаас 20.000.000 төгрөгийг зээлж, бид уг мөнгөний 5.000.000 төгрөгийг түүнд өгч, үлдэх 15.000.000 төгрөгийг эргэлтийн хөрөнгө гэж авсан. Бидэнд байшингийн үнийг төлөхийн тулд эргэлтийн хөрөнгө хэрэгтэй байсан учир банкнаас зээл авахуулсан. Энэ зээлийг У.Батсайханы өмнөөс 2012 оны намар гэхэд Эрэл банкинд төлж дууссан. Дахин 2012 оны намар 29.000.000 төгрөгийн зээлийг У.Батсайхан ахаар Хас банкнаас авахуулж, түүнээс 2.800.000 төгрөгийг У.Батсайхан ахад өгч, үлдэх мөнгийг эргэлтийн хөрөнгө болгож авсан. Зээлийг бага багаар төлж байтал аав маань нас барж, бидний бүх төлөвлөгөө нурсан. Ингээд байшин авах мөнгөө хуримтлуулж чадаагүй бөгөөд Хас банкны зээлээс 2.300.000 төгрөгийг төлөлгүй үлдсэн нь үнэн. Бид байшингаа буцааж өгсөн бөгөөд У.Батсайхан, О нарт 5.000.000 төгрөгөөс эхлээд 2011 оны 11 сараас 2014 оны 6 сар болтол сар бүр 400.000 төгрөг төлж байсан бөгөөд нийт 16.700.000 төгрөг өгсөн учир нэмж мөнгө төлөх боломжгүй гэжээ.

          Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2017/01286 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Б-ээс 2.300.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О-т олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 1.272.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч О-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 72.100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б-ээс 51.750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О-т олгож шийдвэрлэжээ.

       Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 1433 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2017/01286 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

          Хариуцагч Б-ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2017/01286 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 1433 дугаар магадлалд гомдолтой байна.  Шүүх хэргийг бүхэлд нь хяналгүй, зээлийн гэрээ мэтээр тайлбарлан шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна. У.Батсайхан, О нарт 16.700.000 төгрөг бэлнээр, бэлэн бусаар 10-аад сая төгрөг өгсөн. Үүнээс 7.800.000 төгрөгийг бэлнээр авснаа хүлээн зөвшөөрч байгаа. Үлдэх мөнгийг нэхэмжлэгч “нотлох баримт байхгүй, чи тэр мөнгийг олж авч чадахгүй” гэж хэлж байсан. Нэхэмжлэл гаргах гэсэн боловч улсын тэмдэгтийн хураамж төлөх мөнгөгүй надаас 2.300.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэнд харамсаж байна. Иймд хэргийг бүхэлд нь судлан үзэж, үнэн зөв шийдвэр гаргана гэж итгэж байна гэжээ.

        ХЯНАВАЛ:

          Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

            Нэхэмжлэгч О нь хариуцагч Б-т холбогдуулан түүний өмнөөс зээлийн үлдэгдэл төлбөр болон хүүд төлсөн 3.572.000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, уг төлбөр нь худалдах худалдан авах гэрээний үүрэгт харилцан тооцогдож дуусгавар болсон гэж маргажээ.

         Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ худалдах худалдан авах гэрээ бус Хас банкнаас 29.000.000 төгрөгийн зээлийг Б-т авч өгсөнөөс үндсэн төлбөр 2.300.000 төгрөг, хүү 1.272.000 төгрөг, нийт 3.572.000 төгрөгийг төлөөгүй тул Бийн өмнөөс уг төлбөрийг банкинд төлсөн гэх бөгөөд энэ талаар хариуцагч маргаагүй байна.

          Хариуцагч Б нь нэхэмжлэгч О, түүний нөхөр У.Батсайхан нараар банкнаас зээл авахуулж, эргэн төлөлтийг өөрөө хийж байсан нь Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3 дах хэсэгт зааснаар өрийг хүлээн зөвшөөрсөн, талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн тухай анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

         Хариуцагчид авч өгсөн банкны зээлээс үлдсэн 2.300.000 төгрөгийг хүүгийн хамт нэхэмжлэгч нь төлж дуусгавар болгосон талаарх нэхэмжлэгчийн тайлбар болон шүүхэд гаргасан баримтыг хариуцагч үгүйсгээгүй, эсрэг баримт гаргаж мэтгэлцээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д нийцсэн байна.

        Б нь худалдах, худалдан авах гэрээний дагуу О-ээс төлбөр авах ёстой гэх боловч энэ талаарх баримтыг шүүхэд гаргаагүй, өөрийн тайлбар татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй болно. Иймд энэ талаарх хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.

        Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

          1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2017/01286 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 1433 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай. 

       2. Хариуцагч Б-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51.750 /тавин нэгэн мянга долоон зуун тавин/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

                                ШҮҮГЧ                                                     Д.ЦОЛМОН