Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 777

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж,

 

Улсын яллагч: Б.Д,

Нарийн бичгийн дарга: О.Бадмаараг,

            Шүүгдэгч Б.Л /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Л холбогдох эрүүгийн 1803007330389 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол улсын иргэн, Б.Л

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Б.Л нь 2018 оны 08 дугаар сарын 07-ны 07 цаг 21 минутын үед Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны баруун замд Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.1-д заасан “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна. а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх”-гүйгээр Mitsibishi Colt маркийн 66-14 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад мөн дүрмийн 7.7-д заасан “Жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Daewoo маркийн 03-86 УБЧ улсын дугаартай автобустай мөргөлдөж, автобусны зорчигч Б.Д-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Л мэдүүлэхдээ: Нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн гэв.  

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Д /хх-ийн 26-28/, иргэний хариуцагч Ц.Б /хх-ийн 29-30/, насанд хүрээгүй гэрч /хх-ийн 32/, гэрч /хх-ийн 35-36/ нарын өгсөн мэдүүлэгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед үзлэг хийсэн 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 9761 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 41/, 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-12/, жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-ийн 87-88/, “Кости-Эстимэйт” ХХК болон автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн хавсралт /45-46/, Техникийн шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 627 дугаар дүгнэлт /хх-ийн 64-65/, шүүгдэгч Б.Л урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 82/ зэрэг болно.   

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Прокуророос шүүгдэгч Б.Л Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзнэ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.Л нь 2018 оны 08 дугаар сарын 07-ны 07 цаг 21 минутын үед Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны баруун замд Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.1-д заасан “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна. а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх”-гүйгээр Mitsibishi Colt маркийн 66-14 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад мөн дүрмийн 7.7-д заасан “Жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Daewoo маркийн 03-86 УБЧ улсын дугаартай автобустай мөргөлдөж, автобусны зорчигч Б.Д-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

Хохирогч Б.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...20 дугаар хорооны баруун замд явж байтал гэнэт автобус дайваад унах гэж байснаа урд хэсэг нь хазайгаад явсан. Би тухайн үед голын хаалганы арын хос суудал дээр ач охины хамт сууж явсан. Ач охин суудлаасаа хөндийрч байх шиг болохоор нь охиноо дараад нэг хартал би сандлаас хөндийрөөд хатуу зүйл мөргөсөн, эсрэг тал руу бас мөргөөд толгойн хэсгээр жолоочийн ар талын суудлыг ахин мөргөсөн. Тэгээд газарт унахад цээж өвдөөд, мөргөлтийн явцад толгой маш их өвдсөн.... 66-14 УБИ дугаартай автомашины жолооч 1.000.000 төгрөг өгсөн. Энэ жолоочид гомдол, санал хүсэлт нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28/,

 

Иргэний хариуцагч Ц.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Жолооч Д.Д дээр акт тавигдаад жолооч автобусны эвдрэлийг өөрөө засаж дууссан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/,

 

Насанд хүрээгүй гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Автобусны арын суудал дээр сууж явсан болохоор сайн харагдаагүй. Туслах замаас нэг машин орж ирээд автобустай мөргөлдсөн. Үзэгдэх орчин чөлөөтэй, зорчих хэсэг хоосон. Хөдөлгөөн сийрэг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32/,

 

Гэрч Д.Д мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...нэгдүгээр эгнээгээр явж байтал баруун талын гарцнаас Colt маркийн хар өнгийн, 66-14 УБИ улсын дугаартай автомашин ертөнцийн зүгээр баруунаас урагшаа чиглэлтэй гарч ирээд миний жолоодож явсан автобусны хойд хаалга орчимд мөргөхөд би тоормоз гишгээд зогссон.... Би 40 км цагийн хурдтай явсан... зогсоох арга хэмжээ авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед үзлэг хийсэн 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 9761 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Б.Д-ийн биед хүзүүний 2-р нугалмын хугарал, сээрний 2, 3-р нугалмын хугарал, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, бугалга, гуянд цус хуралт, тохойнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна...” /хх-ийн 41/,

 

Техникийн шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 627 дугаар дүгнэлт: “...Mitsibishi Colt маркийн 66-14 УБИ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан жолооч Б.Л нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1 “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх”, 7.7 “Жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид, замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйнд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх ундэслэлтэй байна. Daewoo маркийн 03-86 УБЧ улсын дугаартай автомашины жолооч Д.Даваадаш нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3 “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Сонгинохайрхан дүүргийн техникийн хяналтын үзлэгийн иөвийн шинжээчийн №059609 тоот дүгнэлтэд Daewoo маркийн 03-86 УБЧ улсын дугаартай автомашины урд дугуйн тормозны зам уртсаж жолоодлого алдагдах байдлаар нөлөөлж болно гэжээ. Жолооч Д.Д нь бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргасан гэж үзэж болно. Харин зам тээврийн осол гарах шууд шалтгаан болохгүй...” /хх-ийн 64-65/,

 

2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-12/, жолоочийн лавлагаа мэдээлэл “Б.Л нь 2018 оны 08 дугаар сарын 10-нд жолооч болсон. В ангилалтай...” гэх лавлагаа /хх-ийн 87-88/, “Кости-Эстимэйт” ХХК болон автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн хавсралт №13811 “Daewoo BS-106 03-86 УБЧ үнэлгээгээр тогтоогдсон дүн: 387 500...” гэсэн эвдрэл хохирлын үнэлгээ /хх-ийн 45-46/ зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, яллагдагч болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд замын хөдөлгөөний дүрмийг бүрэн баримтлах соёл дутмаг байдал шууд нөлөөлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Л /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

 

Иймд шүүгдэгч Б.Л нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, дүгнэлт хийж байгаа зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон үзлээ. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Энэ хэргийн улмаас учирсан гэм хорын асуудлын хувьд хохирогч Б.Д Б.Л нь “...гомдол санал байхгүй...” гэсэн хүсэлт /хх-ийн 126/ гаргасныг дурьдах нь зүйтэй.

 

Энэ хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс Б.Л Эрүүгийн хулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасах нь түүнд эрх хязгаарлах, үүрэг хүлээлгэх хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг авах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Л нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Б.Л №1236497 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоолын хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр тогтов.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 5, 8, 9, 36.1, 36,2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Л тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгийн 1.1 дэхь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.   

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.Л оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэргэлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Б.Л мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.Л нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурьдсугай.

 

6. Шүүгдэгч Б.Л №1236497 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоолын хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Л авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.РЕНЧЕНХОРОЛ