| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2016/00346/И |
| Дугаар | 378 |
| Огноо | 2016-06-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 378
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Төв аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар багт оршин суух, 1962 онд төрсөн, 54 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОЭ62112218, Боржигон овогт Баатарын Буянжаргалын,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэдэн-Иш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Буянжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь Увс аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт 1978 оноос эхлэн бохирын слесариар ажилд орсон. Тус байгууллагад 1986 он хүртэл бохирын слесариар ажиллаж байгаад 1986 оны 6 дугаар сарын 10-наас бохирын машины жолоочоор ажиллах болсон. Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт бохирын машины жолоочоор 1990 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ажиллаад ажлаасаа чөлөөлөгдсөн юм. Миний хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч бичилт нь дутуу тул ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандаж байна. Иймд 1978 оны 7 дугаар сарын 08-наас 1990 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Увс аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт бохирын слесарь, бохирын машины жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Надтай хамт ажиллаж байсан Т.Нямаа, Б.Төвсанаа нарыг гэрчээр асууж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэдэн-Иш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өнөөдрийн шүүх хуралдаанд Б.Буянжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Б.Буянжаргал нь 1978 оноос 1991 оныг хүртэл Увс аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт бохирын слесарь, бохирын машины жолоочоор ажиллаж байсан. Б.Буянжаргалын хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч дутуу бичилттэй тул шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай болсон. Иймд Б.Буянжаргалын дээрх жилүүдэд ажиллаж байсныг тогтоож өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Буянжаргал нь 1978 оны 7 дугаар сарын 08-наас 1990 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Увс аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт бохирын слесарь, бохирын машины жолоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.
Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 135 дугаар арихивын лавлагаанд: “Увс аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газрын даргын 1978-1979 оны тушаал, цалингийн баримт манай архивт шилжиж ирээгүй тул Баатар овогтой Буянжаргалтай холбогдох лавлагааг шүүн үзэх боломжгүй байна” гэжээ.
Б.Буянжаргалын Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газраас 1978 оны 7 дугаар сарын 10-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрт: “1978 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний газарт бохирын слесариар авч ажиллуулав, 1986 оны 6 дугаар сарын 10-ны өдөр жолоочийн курс төгссөн тул бохирын машины жолоочоор авч ажиллуулав” гэжээ.
Увс аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газрын даргын 1978 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 76 дугаар “Ажилд томилох тухай” тушаалд: “Баатар овогтой Буянжаргалыг 1978 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн бохирын слесариар авч ажиллуулсугай” гэжээ.
Увс аймгийн Нийтийн аж ахуйн газрын даргын 1990 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 129 дүгээр “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалд: “Бохирын машины жолооч Б.Буянжаргалыг 12 дугаар сарын 15-наар тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй” гэжээ.
Мөн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Т.Нямаа, Б.Төвсанаа нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Т.Нямаагийн “Би 1979 оноос 2013 он хүртэл Увс аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газар, Ус суваг, “Чандмань Увс” ХХК-д жолоочоор өндөр насны тэтгэвэрт гаргах хүртлээ ажилласан. Б.Буянжаргал нь намайг анх уг байгууллагад ажилд ороход бохирын слесариар ажиллаж байсан. Б.Буянжаргал 1986 он хүртэл бохирын слесариар ажиллаж байгаад дараа нь буюу 1986 оноос бохирын машины жолоочоор ажиллах болсон. Увс аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газар нийт 8 бохирын машинтай байсан ба Б.Буянжаргал УВ 76-06 улсын дугаартай бохирын цэнхэр өнгөтэй машин, би УВ 88-55 улсын дугаартай улаан шар өнгөтэй машин барьдаг байсан. Биднийг ажиллаж байх үед Улаангом сум нь бохирын нэгдсэн шугам сүлжээгүй байсан тул бүх бохироо машинаар зөөж Адарганад асгадаг байсан. Б.Буянжаргал бид 2 тус байгууллагад 13 жил хамт ажилласан. Б.Буянжаргал нь тухайн үед төлөвлөгөө нормоо сайн биелүүлдэг байсан ба өндөр цалин авдаг байсан. Увс аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газрын даргаар Ц.Давааням гэх хүн ажиллаж байсан” гэх мэдүүлэг, гэрч Б.Төвсанаагийн “Би 1979 оноос 1993 он хүртэл Увс аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газарт жолооч, бригадын дарга, Хог тээврийн газрын даргаар ажиллаж байсан. Б.Буянжаргал нь намайг анх уг байгууллагад ажилд ороход бохирын слесариар ажиллаж байсан. Б.Буянжаргал тус байгууллагад 1986 он хүртэл бохирын слесариар ажиллаж байгаад дараа нь буюу 1986 оноос бохирын машины жолоочоор ажиллах болсон. Увс аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газар нь нийт 3000 гаруй ажилтантай байсан. Увс аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газар нийт 8 бохирын машинтай байсан ба Б.Буянжаргал нь УВ 76-06 улсын дугаартай бохирын цэнхэр өнгөтэй машин барьдаг байсан” гэж мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд хэрэгт авагдсан байна.
Нэхэмжлэгч Б.Буянжаргал 1978 оны 7 дугаар сарын 08-наас 1990 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Увс аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт бохирын слесарь, бохирын машины жолоочоор ажиллаж байсан болох нь Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газраас 1978 оны 7 дугаар сарын 10-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр, Увс аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газрын даргын 1978 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 76 дугаар “Ажилд томилох тухай” тушаал, Увс аймгийн Нийтийн аж ахуйн газрын даргын 1990 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 129 дүгээр “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, гэрч Т.Нямаа, Б.Төвсанаа нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч Б.Буянжаргалын хүсэлтийг хангаж, түүний 1978 оны 7 дугаар сарын 08-наас 1986 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Увс аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт бохирын слесариар 7 жил 11 сар 2 хоног, 1986 оны 6 дугаар сарын 10-наас 1990 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл бохирын машины жолоочоор 4 жил 6 сар 5 хоног, нийт 12 жил 5 сар 7 хоног ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Б.Буянжаргалын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Баатарын Буянжаргалын 1978 оны 7 дугаар сарын 08-наас 1986 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Увс аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт бохирын слесариар 7 жил 11 сар 2 хоног, 1986 оны 6 дугаар сарын 10-наас 1990 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл бохирын машины жолоочоор 4 жил 6 сар 5 хоног, нийт 12 /арван хоёр/ жил 5 /тав/ сар 7 /долоо/ хоног ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Б.Буянжаргалын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ