Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Наранчимэг |
Хэргийн индекс | 134/2016/00033/И |
Дугаар | 134/ШШ2016/00073 |
Огноо | 2016-05-26 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 134/ШШ2016/00073
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д.М нэхэмжлэлтэй
Хариуцагч: Говьсүмбэр аймаг дахь П холбогдох
Политехник коллежийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/07 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажлаас үндэслэлгүй халагдсанаа тогтоолгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.М нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.А хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, хариуцагчийн өмгөөлөгч Э.С гэрч П.М Л.Г Ч.Н, Ц.М М.О шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 2009 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Б/125 тоот захирлын тушаалаар Говьсүмбэр аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын туслах, бичиг хэргийн эрхлэгч, 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/109 тоот тушаалаар П хүний нөөцийн ажилтан, 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Б/64 дугаар тушаалаар хүний нөөц, эрх зүй, гадаад харилцааны ажилтан, 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/107 дугаар тушаалаар Политехник коллежийн нийгмийн түншлэл хариуцсан ажилтан зэрэг албан тушаалд томилогдон ажиллаж байсан.
Гэтэл Политехник к захирлын 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/07 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ажил үүрэгтэй холбоотой зөрчил гаргасан гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 43 дугаар зүйлийн 43.1, 131 дүгээр зүйлийн 131.1.3, хөдөлмөрийн гэрээний 3.2.1, 3.2.3, 3.2.5 дахь хэсгийг үндэслэн ажлаас халах тухай тушаал гарчээ. Үүнийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж нэхэмжлэл гаргаж байна. Учир нь нийгмийн түншлэл хариуцсан ажилтан гэдэг албан тушаалд ажиллуулахаар надтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй бөгөөд ноцтой зөрчил гэж ямар зөрчлийг тооцох талаараа тусгайлан тохиролцоогүй. Ажил олгогч намайг ажил тасалсан, шийдвэргүйгээр томилолтоор явсан, Г.Б н ажлын хөлсний урьдчилгааг дур мэдэн авсан гэж ажлаас халсан гэж тайлбарлаж байна. Би ажил таслаагүй, томилолтоор яваагүй. 2015 оны 12 дугаар сарын 29-нөөс 31-ний өдрүүдэд манай сургалтын албаны ажилчдыг захирал амраасан. 2016 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр амралтын өдөр байгаа тул би ажил таслаагүй. Г.Б нь манай нөхөр учраас түүний зөвшөөрсөний үндсэн дээр түүний цалинг авсан юм. Үүнийг ноцтой зөрчил гэж үзэхгүй байна.
Иймд Говьсүмбэр аймаг дахь П захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/07 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоон ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байх хугацааны цалинг олгуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт дээрх хугацааны шимтгэл хураамж төлсөн тухай холбогдох бичилт хийх үүргийг даалгах шийдвэр гаргаж өгнө үү. Би сард 539 547 төгрөгийн цалин авдаг байсан. Шатлал нь адилхан болохоор хүний нөөц, эрх зүй, гадаад харилцааны ажилтны цалинтай адил цалин авдаг байсан гэв.
Хариуцагч Говьсүмбэр аймаг дахь П шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Политехник коллежийн захирлын 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/07 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ажил үүрэгтэй холбоотой зөрчил гаргасан гэж үзэн Д.М Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 43 дугаар зүйлийн 43.1, 131 дүгээр зүйлийн 131.1.3, хөдөлмөрийн гэрээний 3.2.1, 3.2.3, 3.2.5 дахь хэсгийг тус тус үндэслэн ажлаас халсан.
Уул уурхайн жишиг сургууль Говьсүмбэр аймаг дахь П Нийгмийн түншлэл хариуцсан ажилтаны хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ажил үүрэгтэй холбоотой ноцтой зөрчил гаргасан нь дараах байдлаас харагдана.
1.Эрхэлж буй ажил үүрэгтэй холбоотой хууль, дүрэм журам мөрдөж ажиллаагүй, албан тушаалаа урвуулан ашиглан хуурамч бичиг баримт бүрдүүлэн Төсвийн тухай хууль зөрчин бэлэн мөнгөний касснаас хүний өмнөөс тухайн хүний ажлын хөлсний урьдчилгаа авсан.
2.Албан томилолтын шийдвэр байхгүй байхад Төсвийн тухай хууль зөрчин бэлэн мөнгөний касснаас мөнгө гаргаж, дур мэдэн томилолтоор явсан.
3.Хөдөлмөрийн гэрээний 3.1.5-д зааснаар дотоод журамд заасан цаг баримтлах, ахуй амьдралд нь хүндэтгэн үзэх шалтгаан бий болсон тохиолдолд ажлын нэг өдөрт багтаан мэдэгдсэн байх гэсэн заалтыг зөрчиж, 2015 оны 12 дугаар сарын 25, 28-31, 2016 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ажил тасалсан. Бид Д.Мөнгөнжигүүрийн акттай гэдгийг 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр мэдсэн. Уг акт Сургалтын менежерээр ажиллаж байсан Л.Г гэдэг хүний ажлын хавтсанд байсан. Үүнээс үзэхэд эмнэлгийн магадлагаа хэд хоногийн дотор удирдлагадаа хүргэгдэх ёстой вэ гэдгийг анхаарч үзэх ёстой гэж үзэж байна. Мөн хөдөлмөрийн гэрээний 4.3.б-д ажлын 2 өдөр, нийлбэрээр 16 цаг тасалбал ноцтой зөрчилд тооцно гэж хөдөлмөрийн гэрээнд заасан ба үүнийг ноцтой зөрчилд тооцохоор ажилтантай тохирсон. Түүний актад 2016 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл ажлаас чөлөөлсөн гэж байна. Иймд Д.М 09-ний өдөр ажил дээрээ ирсэн байхыг ойлгож байна. Дотоод журамд зааснаар 5 хүртэлх хоногийн чөлөөг сургуулийн захирал, 3 хүртэлх хоногийг салбарын дарга өгнө, нэг хоног ч гэсэн бичгээр өргөдөл гаргаж, цохолтоор чөлөө олгогдоно гэж заасан. Чөлөөтэй байсан талаар гэрчийн мэдүүлэг байгаа боловч чөлөө олгогдсон гэдэг бичгийн баримт байхгүй байна гэдэг нь нотлогдож байна. Дотоод журмын 4.1.5, 4.1.6-д зааснаар сар бүрийн 22-ны дотор тухайн ажилтны ажилласан цагийн тооцоог гаргаж хүний нөөцөд хүргүүлнэ. Хүний нөөцийн ажилтан дотоод журмын 4.1.7-д зааснаар цагийн бүртгэлд хяналт тавина гэж заасан. Дотоод журмын 4.2.8-д зааснаар нотлох тодорхойлолтгүй, урьдчилан мэдэгдээгүй бол эмнэлгийн магадлагаатай байсан ч ажил тасалсанд тооцно гэсэн зохицуулалт байна.
Иймээс Д.М нэхэмжлэлийн шаардлагыг эсэргүүцэж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.М нь Говьсүмбэр аймаг дахь П д холбогдуулан П коллежийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/07 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажлаас үндэслэлгүй халагдсанаа тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай шаардлага гаргажээ.
Хариуцагч нь Д.М Хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ажил үүрэгтэй холбоотой зөрчил гаргасан, хууль, дүрэм, журам мөрдөж ажиллаагүй, албан тушаалаа урвуулан ашиглан, хуурамч бичиг баримт бүрдүүлэн хүний өмнөөс тухайн хүний ажлын хөлсний урьдчилгаа авсан, албан томилолтын шийдвэр байхгүй байхад Төсвийн тухай хууль зөрчин бэлэн мөнгөний касснаас мөнгө гаргаж, дур мэдэн томилолтоор явсан, олон өдөр ажил тасалсан тул түүнийг ажлаас халах тухай тушаал үндэслэлтэй гэж маргажээ.
Д.М ажлаас буруу халсан гэсэн гомдол нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор гаргана гэсэн заалтад нийцжээ.
Ажил олгогч нь 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/07 тоот Захирлын тушаалаар Д.М Нийгмийн түншлэл хариуцсан ажилтаны албан тушаалаас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 43 дугаар зүйлийн 43.1, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн гэрээний 3.2.1, 3.2.3, 3.2.5 дахь хэсгүүдийг үндэслэн ажлаас халсан боловч энэ ажлын байранд ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байх тул Д.М Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, хөдөлмөрийн гэрээний 3.2.1, 3.2.3, 3.2.5-д заасныг зөрчсөн гэж ажлаас халсан нь үндэслэлгүй байна. Учир нь:
Зохигч Хүний нөөц, эрх зүй, гадаад харилцааны ажилтан Д.М 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээг нотлох баримтаар өгч, энэ гэрээний 3.2.1, 3.2.3, 3.2.5-д заасныг зөрчсөн гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Гэтэл ажил олгогч энэ үүргээ хэрэгжүүлээгүй ба Нийгмийн түншлэл хариуцсан ажилтаны ажлын байранд нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй явдалд ажилтан буруугүй юм.
Нөгөө талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д зааснаар ажил олгогч нь сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл нь ажилтан хөдөлмөрийн гэрээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй байна.
Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил гэдэг нь ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байх бөгөөд гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байхаас гадна зөрчил нь нотлогдон тогтоогдсон байх шаардлагатай юм.
Иймд Говьсүмбэр аймаг дахь П захирлын 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/07 тоот Д.М үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тушаал нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул нэхэмжлэгчийг Нийгмийн түншлэл хариуцсан ажилтаны ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорыг тооцож олгох нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь нэг сард 539 547 төгрөгийн үндсэн цалинтай гэж тайлбарлаж байгаа ба энэ нь түүний 2015 оны цалингийн картаар нотлогдож байх тул ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Нийгмийн хамгаалал Хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7а-д заасны дагуу нэхэмжлэгчийн сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцоход /539 547 + 670 496 + 539 547 = 1 749 590 : 3 сар = 583 196 нэг сарын цалин. 583 196 : 21,5 ажлын хоног = 27 125 нэг өдрийн цалин/ ажилгүй байсан хугацаа болох 3 сар 17 хоногт 2 210 713 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй.
Д.М ур чадварын нэмэгдлийг сар бүр авдаг байсан гэх боловч үүнийгээ нотлох баримтаар нотлоогүй болно.
Дундаж цалин хөлс тодорхойлох журамд заасны дагуу хөнгөлөлтийн орлого буюу унаа, хоолны үнийн хөнгөлөлтийг ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулж тооцдоггүй тул ажилтны цалингийн картад бичигдсэнээр дундаж цалин хөлсийг тооцсон болно.
Нэхэмжлэгчээс Говьсүмбэр аймаг дахь П захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/07 тоот тушаалыг хүчингүй болгуулах шаардлага гаргасан боловч энэ шаардлага нь ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагын үндэслэл юм. Иймд Д.М ажилд нь эгүүлэн тогтоосон тул Б/07 тоот тушаал нь цаашид эрх зүйн үр дагавар үүсгэхгүй бөгөөд шүүх уг тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй юм.
Энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэрэг тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуульд зааснаар чөлөөлөгдсөн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул ажлаас халагдсан шаардлага буюу үнэлэх боломжгүй шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид 50 321 төгрөг, нийт 120 521 төгрөгийг хариуцагчаас гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулах үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Мөнгөнжигүүрийг Говьсүмбэр аймаг дахь П Нийгмийн түншлэл хариуцсан ажилтаны ажилд эгүүлэн тогтоосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Говьсүмбэр аймаг дахь П нэхэмжлэгчийн ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2 210 713 төгрөгийг гаргуулж, Д.М олгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Мөнгөнжигүүрийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид үүрэг болгосугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөнийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 120 521 төгрөгийг гаргуулж, орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр, Дорноговь аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.НАРАНЧИМЭГ