Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2024/00517

 

 

 

 

 

 

 

 

 

2024 03 15 210/МА2024/00517

 

 

Э.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2024/00015 дугаар шийдвэртэй

Э.Э-ын нэхэмжлэлтэй, НШШГГ-т холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01-р сарын 03-ны өдрийн 181/ШШ2020/00073 дугаар шийдвэрээр С ХХК-аас 2,080,134 ам.доллар гаргуулж Ч ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу эзэмшлийн улсын бүртгэлийн 00000000 дугаартай, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Рояал грийн вилла 62/3 дугаар байр, 0000 тоот орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 10, 11 тоот зогсоолыг 861,070,181 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Учир нь Улаанбаатар хотын хамгийн үнэ цэнэтэй байрлал болох Зайсанд байрлалтай, хотхоны зохион байгуулалттай, 200 м.кв талбай бүхий орон сууцыг 1 м.кв талбайн үнийг 4,305,350 төгрөгөөр үнэлж байгаад гомдолтой байна. Одоогоор шинээр баригдаж буй захын хорооллын орон сууцны үнэ 4,000,000 төгрөгөөр үнэлэгдэж байгаа бөгөөд манай ойр орчмын байрны үнэлгээ 7,000,000 төгрөгөөс эхэлдэг. Мөн 10,11 тоот гаражууд нь тус бүртээ ойролцоогоор 50,000,000 төгрөгийн үнэтэй байтал тус үл хөдлөх хөрөнгүүдэд үнэлгээ хийгээгүй орон сууцны үнэд хамааруулан үнэлгээ гаргасан нь өмчлөгчийн эрхийг ноцтойгоор зөрчсөн.

1.2. Шинжээчийн гаргасан хөрөнгийн үнэлгээ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт Хөрөнгийн үнэлгээний тайлан нь үйлчлүүлэгч, захиалагч, гуравдагч этгээдэд уг үнэлгээний зүйлийн үнэ цэнийн талаар бодитой ойлголт өгөхөөр бэлтгэгдсэн байна гэж, мөн хуулийн 8.2.3 дахь хэсэгт Хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэлтэй, тодорхой байх гэх шаардлагуудыг хангаагүй, бодит байдалд нийцээгүй бүрэн дүүрэн үнэлгээ хийгээгүй.

Иймд орон сууцыг үнэлсэн 2023 оны 05 дугаар сарын 23-ы өдрийн 01/22 дугаартай хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Төлбөр төлөгч С ХХК-д шүүхийн шийдвэр биелүүлэх тухай удаа дараа мэдэгдсэн боловч тогтоосон хугацаанд биелүүлээгүй учраас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заагдсан гуравдагч этгээд Э.Э-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн 00000000 дугаартай, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Рояал грийн вилла /17027/, Зайсангийн тойруу 62/3 дугаар байрны 0000 тоотод байрлах орон сууц, мөн хаягт байрлах зоорийн давхрын 10, 11 тоот зогсоолын хамт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 22420095/01 тоот тогтоолоор битүүмжилж, 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 22420095/04 тоот тогтоолоор хураасан.

Талууд өмчлөгчид хөрөнгийн үнэлгээг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу харилцан тохиролцож тогтоох тухай мэдэгдлийг талуудад өгсөн боловч мэдэгдэлд дурдсан хугацаа үнийн санал тохиролцоогүй тул 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 5/192 тоот тогтоолоор шинжээчийг томилж, үнэлгээ тогтоолгоход дээрх барьцаа хөрөнгийг 861,070,181 төгрөгөөр тогтоосон. Талуудад хөрөнгийн үнэлгээг тогтоосон хугацаанд гардуулан өгч, тэмдэглэлээр баталгаажуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэгч Э.Э-ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.  Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн татгалзал, тайлбарын агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч С ХХК болон Э.Э нар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул барьцаа хөрөнгө болох эрхийн улсын 00000000 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Роял грийн вилла /17027/, Зайсангийн тойруу 62/3 байрны 0000 тоот хаягт байршилтай орон сууц, мөн хаягт байрлах зоорийн давхрын 10, 11 тоот авто зогсоол зэрэг эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангахыг НШШГГ-т даалгаж шийдвэрлэсний дагуу дээр дурдсан төлбөр төлөгчийн барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэхэд 861,070,181 төгрөгийн үнэ цэнэтэй болохыг тогтоосон.

Улмаар талуудад 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдөр төлбөр авагч, түүний төлөөлөгч, төлбөр төлөгч болон өмчлөгч нарт мэдэгдсэн. Гэтэл барьцааны хөрөнгийн өмчлөгч этгээдээс хөрөнгийн үнэлгээг хуульд заасан стандарт аргачлалыг баримталж, үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнэ, зах зээлийн ханштай дүйцүүлж үнэлгээ хийгээгүй хэт доогуур үнээр үнэлсэн гэж гомдол гаргасан боловч гомдлын үндэслэлээ нотолсон баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан НШШГГ-т холбогдох, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Э.Э-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр өмгөөлөгч Б.Х-тай хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан. Өмгөөлөгчийн зүгээс хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд бэлтгэн оролцох боломжоор ханган шүүх хуралдааныг боломжит богино хугацаагаар 1 удаа хойшлуулах хүсэлтийг шүүхэд гаргасан боловч хүсэлтийг хангахгүй орхиж хэргийн оролцогчийн хууль зүйн туслалцаа авах эрхийг хязгаарласан. Учир нь өмгөөлөгч үйлчлүүлэгчид хууль зүйн туслалцаа үзүүлэхийн тулд хэргийн материалтай танилцах, цаашлаад холбогдох хүсэлт, гомдлыг шүүхэд гаргах, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэх байдлаар үйлчлүүлэгчийн хууль зүйн туслалцаа авах эрхийг шүүх хуралдаанд хангаж оролцох эрхтэй. Гэтэл шүүх хүсэлтийг хангахгүйгээр шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцуулсан нь хууль зөрчсөн.

Тодруулбал, өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан оролцох чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хуульд заасан эрх эдэлж, үүрэг хүлээж оролцох, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3.7 дахь хэсэгт Үйлчлүүлэгчийн шаардлага, татгалзал, түүнийг нотлох баримт, үндэслэлийг гаргах, мөн хуулийн 34.3.8 дахь хэсэгт Эсрэг талын болон бусад оролцогчийн гаргасан нотлох баримт, шаардлага, татгалзал, тайлбартай танилцах, тэдгээрт тайлбар өгөх, мөн хуулийн 34.3.9 дэх хэсэгт Хэргийн нотлох баримттай танилцах..., 34.3.11 дэх хэсэгт Өмгөөлөлд бэлтгэх боломжит хугацаа, нөхцөлөөр хангагдах гэж тус тус заасны дагуу хэрэгжүүлэх бөгөөд хэргийн материалтай танилцахгүйгээр нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, шүүх хуралдаанд эрх тэгш мэтгэлцэх боломжгүй.

Түүнчлэн өмгөөлөгч хэргийн материалтай танилцаж шүүх хуралдаанд оролцох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, хууль зүйн хүрээнд зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгосон эрхэд зүй ёсоор хамаарна. Энэ нь зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэгш эрх эдлэх, мэтгэлцэх боломжоор хангагдах хуулиар олгосон хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн байна. Монгол улсын үндсэн хуульд хууль зүйн туслалцаа авах, өмгөөлөгч авах эрхийг баталгаатай эдлэх эрх байхаар хуульчилсан бөгөөд өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг хуулиар хязгаарлаагүй.

Иймд хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга:

Анхан шатны шүүх өмнөх шүүх хуралдаанаар нэхэмжлэгч тал хэргийн материалтай танилцах хангалттай хугацаа олгоод шүүх хуралдааныг хойшлуулсан. Иймд нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан гуравдагч этгээдийн тайлбарын агуулга:

Шүүх хуралдаан нэхэмжлэгч талын хүсэлтээр удаа дараа хойшилж байсан. Сүүлд шүүх хугацааг тодорхой тохирсон, хангалтай хугацаа өгөөд энэ хугацаанд өмгөөлөгчөө аваарай, хэргийн материалтай танилцуулаарай, дахин хойшлохгүй гэж байгаад шүүх хуралдааныг товлосон. Гэтэл сүүлийн өдөр нэхэмжлэгчийн өмгөөлөгч хэргийн материалтай танилцъя гэсэн хүсэлт гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Э.Э нь НШШГГ-т холбогдуулан Х ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн орон сууц болон авто зогсоолын хамт 861,070,181 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн №181/ШШ2020/00073 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн №499 дүгээр магадлал, Монгол Улсын дээд шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн №001/ХТ2021/01429 дүгээр тогтоолоор хариуцагч С ХХК-аас 2,080,134.02 ам.долларыг гаргуулж, нэхэмжлэгч Ч ХХК-д олгож, нэхэмжлэлээс 1,391,389.98 ам.долларын шаардлагыг болон хариуцагч Д.Мөнхөөд холбогдох батлан даалтын гэрээний үүргийг хангуулах, хариуцагч Тавантолгой транс ХХК-д холбогдох С ХХК-ийн эзэмшдэг хувьцаанаас үүрийг хангуулах тухай нэхэмжлэлийг, хариуцагч Э.Э-ын гаргасан барьцааны гэрээнд өөрт холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, барьцаа хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох ... эрхийн улсын бүртгэлийн 00000000 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 11 хороо, Роял грийн вилла/17027/, Зайсангийн тойруу 62/3 дугаар байрны 0000 тоот хаягт байршилтай орон сууц, мөн хаягт байрлах зоорийн давхрын 10,11 тоот авто зогсоолыг албадан дуудлага худалдаанд оруулж үүргийг хангуулахыг НШШГГ-т даалгаж ... шийдвэрлэжээ. /хх-63-121/

 

3.1. Төлбөр төлөгч дээрх шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул төлбөр авагчийн гаргасан хүсэлтээр тус дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 251 дугаар гүйцэтгэх хуудас бичигдэж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолоор дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг явуулсан байна. /хх 62, 123/

 

3.2. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь эрхийн бүртгэлийн 00000000 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Роял грийн вилла /17027/, Зайсангийн тойруу 62/3 дугаар байр, 0000 тоот, зоорийн давхрын 10, 11 тоот зогсоол байршилтай, орон сууц, авто зогсоолын зориулалттай нийт 200 м.кв талбайтай бүхий үл хөдлөх хөрөнгийг шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 22420095/01 дүгээр тогтоолоор битүүмжлэн, 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 22420095/04 дугаар тогтоолоор тухайн үл хөдлөх хөрөнгийг хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. Нэхэмжлэгч энэ ажиллагааны талаар гомдол гаргаагүй болно. /хх 144-150/

 

3.3. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үнийн санал ирүүлэхийг нэхэмжлэгч Э.Эд мэдэгдэхэд тэрээр 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 3,124,314,000 төгрөгөөр, төлбөр авагч Ч ХХК нь 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 600,000,000 төгрөгөөр тус тус үнэлсэн үнийн санал ирүүлсэн. Улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх гүйцэтгэх газар 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 5/192 тоот тогтоолоор Х ХХК-ийг шинжээчээр томилж, эрх, үүргийн тайлбарлажээ. /хх-ийн 156-159/

 

3.4. Шинжээч Х ХХК-ийн үнэлгээчин Б.Батзаяа нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий этгээд болох нь Хөрөнгийн үнэлгээний тайланд хавсаргасан тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /хх-ийн 165/

 

3.5. Шинжээч Х ХХК нь , Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Роял грийн вилла /17027/, Зайсангийн тойруу 62/3 дугаар байр, 0000 тоот, зоорийн давхрын 10, 11 тоот зогсоол байршилтай, орон сууц, авто зогсоолын зориулалттай нийт 200 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийг 861,070,181 төгрөгөөр үнэлснийг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 4-239/10584 тоот мэдэгдлээр нэхэмжлэгч Э.Эд баталгаат шуудангаар мэдэгдсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ. /хх-ийн 192/

 

3.6. Шинжээч Х ХХК нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасан арга аргачлалын дагуу хөрөнгөд үнэлгээ хийснээс гадна хөрөнгийн үнэлгээний тайлан нь хууль, стандартад нийцсэн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна. Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээнд Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Роял грийн вилла /17027/, Зайсангийн тойруу 62/3 дугаар байр, 0000 тоот, зоорийн давхрын 10, 11 тоот зогсоол байршилтай, орон сууц, авто зогсоолын зориулалттай нийт 200 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө гэж орон сууц авто зогсоолыг хамтад нь бүртгэж нэг гэрчилгээ олгосон тул орон сууц авто зогсоолыг хамтад нь үнэлсэнийг буруутгахгүй. Түүнчлэн, нэхэмжлэгч тухайн үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн, авто зогсоолыг үнэлээгүй гэх тайлбар болон гомдлоо баримтаар нотлоогүй.

 

3.7. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж дүгнэсэн нь хэргийн нотлох баримтад үндэслэгджээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

4.1. Шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШЗ2023/10284 дугаар захирамжаар уг хэрэгт иргэний хэрэг үүсгэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 6 сарын хугацаанд үргэлжилсэн. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгч авах хүсэлт гаргасныг хүлээн авч шүүх хуралдааныг 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацаагаар хойшлуулж, дээрх хугацаанд өмгөөлөгчөө сонгон авах, хэргийн материалтай танилцах эрхээр хангасан байна.

 

4.2. Улмаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч хэргийн материалтай танилцах хүсэлтийг 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралданд гаргасныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

Учир нь талууд хуульд зааснаар хэргийн материалтай танилцах эрхтэй боловч нөгөөтэйгүүр шүүх хуралдаанаас өмнө хэргийн материалтай танилцсан байх үүрэг хүлээхээс гадна дээрх эрх, үүргээ хэрэгжүүлэх нь зохигчдын хариуцах асуудал болно. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2024/00015 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ