Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 796

 

 

 

 

 

,

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж,

 

Улсын яллагч: Ч.М,

Нарийн бичгийн дарга: Ч.Амаржаргал,

Хохирогч: Б.Х,

            Шүүгдэгч Н.Д /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Д холбогдох эрүүгийн 1709020080394 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол улсын иргэн, Н.Д

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Н.Д нь 2017 оны 11 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сансар” худалдааны төвийн орчим Б.Хтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Д мэдүүлэхдээ: 2017 оны 11 дүгээр сарын 08-09-ний хооронд Золзаяа найзтайгаа буудалд орсон. Тэгтэл Хандсүрэн, Анужин Энхмөрөн 3 ирсэн. Тэгээд 66 муудалцаж зодолдохоор нь би салгасан. Гэтэл бүгд дайрахаар нь Хандсүрэнтэй зодолдсон. Хандсүрэнгийн малгайнаас нь зулгааж доош нь дарсан. Тэгээд бид 2 үсдэлцсэн. Би нүүрийг нь маажсан. Тэгээд цагдаа нар ирсэн гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Х мэдүүлэхдээ: Бид нар олуулаа байгаагүй. Эд нар олуулаа байсан. Шүүгдэгч маш олон зүйлийг худлаа ярьж байна. Хохирлоо бүрэн авчихвал гомдол саналгүй гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б. /хх-ийн 13-17/, гэрч /хх-ийн 32-33/, яллагдагч Н.Д /хх-ийн 106-107/ нарын өгсөн мэдүүлэгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 14072 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 40/, шүүгдэгч Н.Д урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63/ зэрэг болно.   

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Н.Д нь 2017 оны 11 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сансар” худалдааны төвийн орчим Б.-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүгдэгч Н.Д нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч Б.Х-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэгсэн чинь миний утас дуугарахаар нь би булан эргээд утсаар ярьж байхад зодоон эхэлсчихсэн байсан ба тэд нар дээр очиход салсан ба би Соко нь хандан “та нар яагаад байгаа юм бэ” гэж хэлэхэд Соко “би салгаж байна чамд ямар хамаатай юм гичий минь” гэсэн тэгэхээр нь би “чи одоо юу гээд байгаа юм” гээд цээж рүү нь түлхэхэд би тухайн үед юүдэнтэй цамцтай малгай өмсчихсөн байхад миний малгайнаас зуураад давхар үсдээд авахаар нь би зөрүүлээд үсдээд авсан чинь нөгөө зулуучууд нь орж ирж намайг салгаад “чи наад гараа ав” гэхээр нь би зүүн гараа авсан чинь баруун гараа үснээс нь аваагүй байхад Соко намайг улам доошоо дараад нүүр маажсан. ...Тэгээд би нүүрээ харахад хамар, баруун нүдний хэсэгт маажигдсан байсан. ... миний нүүрийг маажчихсан. Тухайн үед миний хоёр нүдний голоор, хамарны яг голд, хамарны зүүн талын хэсгээр маажчихсан... Миний биед учирсан дээрх хөнгөн гэмтэл болох хоёр нүдний дотор зовхины хэсэг болон хамарны хэсэгт байгаа зулгаралтууд нь бүгдээрээ нүүр маажсан явдлаас үүссэн. Бид 2 тухайн үед нэг нэгнийхээ үснээс зулгаасан учир тухайн үед тархи доргилт үүссэн гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-17/,

Гэрч Б. мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэгж байгаад эргээд хартал Дамдинцоо, Хандсүрэн хоёр барьцалдаад авчихсан байсан. Н.Д Хийн юүдэнтэй малгайнаас доош нь дарчихсан хоорондоо үсдэлцчихсэн байсан. Тэгээд хамт байсан эрэгтэйчүүд нь салгах гэж байна гээд Х-ийн нэг гарыг нь барьчихсан байсан чинь Н.Д гэдэг охин хандсүрэнгийн нүүрийг нь самардчихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/,

Яллагдагч Н.Д мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэр өдөр би Хандсүрэнгийн нүүрийг нь хамар хэсгээр нь маажчихсан. ...Гараараа үснээс нь зулгаасан. Нүүрэн тус газрынх нь хамар хэсэгт нэг удаа гарын хурууны хумс хэсгээр маажчихсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 106-107/,

            

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 14072 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Б.Х-ийн биед тархи доргилт, баруун нүдний доод зовхи дотор хэсэг, хамрын угаас зүүн нүдний дотор дээд хэсэг хүрсэн, зүүн нүдний дотор буланд, хамар, зүүн хөмсөгний дотор дээд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 40/ зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, яллагдагч болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын хувьд нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээ, зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Иймд Н.Д хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Энэ хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн санал хүсэлт зэргийг харгалзан шүүхээс Н.Д нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр буюу нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь түүнийг нийгэмшүүлэх, цээрлүүлэх зэрэг эрүүгийн хариуцлагын зорилготой нийцнэ.

 

Шүүхээс шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, дүгнэлт хийж байгаа, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон үзлээ. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын асуудлын хувьд хохирогч Б.Х нь эмчилгээний зардалтай холбоотой 322.700 төгрөгийг баримтаар нэхэмжилснээс 200 000 төгрөгийг дансаар шилжүүлсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байх тул нэхэмжлэлээс үлдэх 122 700 төгрөгийг шүүгдэгч Н.Д гаргуулах  нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Н.Д нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Н.Д хохирогч Б.Х-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. 

 

3. Шүүгдэгч Н.Д нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурьдсугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д 122700 төгрөгийг гаргуулж хохирогч д олгосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй  болох бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.Д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.РЕНЧЕНХОРОЛ