Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2024/00516

 

 

 

 

 

 

 

 

 

2024 03 15 210/МА2024/00516

 

 

М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Т.Гандиймаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШШ2024/00114 дугаар шийдвэртэй

М-ын нэхэмжлэлтэй, М ХХК-д холбогдох,

Даатгалын гэрээний үүрэгт 27,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Талуудын хооронд 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гэнэтийн ослын даатгалын гэрээ байгуулж, уг гэрээгээр даатгуулагч М ТӨҮГ нь даатгалын зүйл болох 1,467 ажилтны амь нас, эрүүл мэндийг даатгуулж, нэг ажилтны даатгалын хураамжид 48,900 төгрөг буюу нийт 71,736,300 төгрөгийг даатгагчид төлөх, даатгагч М ХХК нь даатгалын тохиолдол учирсан үед гарсан хохирлыг гэрээнд заасан нөхцөлийн дагуу нөхөн төлөхөөр харилцан үүрэг хүлээсэн.

Тус гэрээний үндсэн нөхцөл хэсгийн 3 дугаар зүйлийн 3.1-т даатгалын гэрээний хавсралтад тусгагдсан ажиллагсдын амь нас, эрүүл мэнд даатгалын зүйл болно гэж, мөн зүйлийн 3.2-т гэнэтийн ослын даатгалд хамрагдах ажиллагсдын нэрсийн жагсаалтыг гэрээний хавсралтаар батлах бөгөөд дараах хуваарилалтын дагуу батална гэж тус тус заасны дагуу даатгуулагчийн ажилтан О.Б-ын нэр гэрээний хавсралт №1 Бор-Өндөр УБҮ-ийн 2022 онд гэнэтийн ослын даатгалд хамруулах ажилтны нэрсийн 1068 дахь талд орсон.

1.2. Даатгуулагч М-ын харьяа Бор-Өндөр УБҮ-ийн дулааны станцын ус, дулаан хангамжийн хэсгийн гагнуурчин ажилтан О.Б нь 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр гагнуурын ажил хийх явцад бензин насосын шаланг нугалаасаар цоорон бензин цацарч гал гаран түлэгдсэн даатгалын тохиолдол үүссэн. Уг даатгалын тохиолдлыг М-ын харьяа Бор-Өндөр УБҮ-ийн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх комисс 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Засгийн газрын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 269 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1 дүгээр заалтыг үндэслэн О.Б-ын түлэгдсэн ослыг үйлдвэрлэлийн осолд тооцож хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчаар батлуулсан. Түүнчлэн, Хэнтий аймгийн Бор-Өндөр нэгдсэн эмнэлгийн 2022 оны 06 дугаар сарын 28-ний өдрийн магадалгаагаар Т23.2-Бугуй ба сарвуу халууны үйлчлэлээр түлэгдэх 2 зэрэг үндсэн онош тогтоогдож О.Б нь 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл хөдөлмөрийн чадвараа түр алдсан нь хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн баталгаажсан хуудсаар тус тус батлагддаг.

1.3. М ТӨҮГазар нь тус даатгалын тохиолдлын нөхөн төлбөрийг авахаар М ХХК-д 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 1/2526 тоот, 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 1/605 тоот албан бичгээр тус тус хандсан. Дээрх албан бичгийн хариуг М ХХК нь 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 03/12-1322 тоот, 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 01/12-584 тоот нөхөн төлбөр шийдвэрлэсэн тухай албан бичгээр ирүүлэхдээ О.Б нь гагнуурын ажил хийх явцад бензин насосын шаланг нугалаасаар цоорон бензин цацарч гал гаран түлэгдэж гэмтэл авсан осол гарсан гэж үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актаар дүгнэсэн нь Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т газрын тосны бүтээгдэхүүн гэж ... бүх төрлийн шатахуун... гэж заасны дагуу бензин нь бүх төрлийн шатахуунд хамаарах тул гэрээний 9.1.4-т заасан өндөр шатамгай төрлийн газрын тосны химийн бодис гэж заасны дагуу нөхөн төлбөр олгох боломжгүй гэсэн хариуг өгсөн нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь О.Б-ын гагнуурын ажил хийх явцад түлэгдэж гэмтэл авсан үйлдвэрлэлийн осол нь тус гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь хэсэгт заасан машин, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлтэй харьцах үеийн эрсдэл, химийн бодист хордох, хөдөлмөр, хамгааллын аюулгүй ажиллагааны дүрэм зөрчигдсөнөөс үүсэх эрсдэл, аливаа осол, аваараас үүдэн гарах учирч болох эрсдэлүүдээс даатгуулагчийг хамгаална гэж зохицуулсан даатгалын эрсдэлүүдэд хамаарч байна.

Мөн даатгалын маргааныг шийдвэрлүүлэхээр Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан бөгөөд уг хорооноос 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 9/2949 тоот албан бичигт даатгагч М ХХК-ийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.1.4-т Хорт хөнөөлт болон эсвэл өндөр шатамтгай төрлийн газрын тосны химийн болон химийн бодис гэж заасны дагуу нөхөн төлбөрийг олгохоос татгалзаж шийдвэрлэснийг үндэслэлгүй ба гэрээний 4.1.2-т заасан машин, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлтэй харьцах үеийн эрсдэл, химийн бодист хордох, хөдөлмөр, хамгааллын аюулгүй ажиллагааны дүрэм зөрчигдсөнөөс үүсэх эрсдэл, аливаа осол, аваараас үүдэн гарах учирч болох эрсдэлүүдээс даатгуулагчийг хамгаална гэж заасны дагуу дээрх үйлдвэрлэлийн осол нь даатгалын гэрээгээр хамгаалагдсан эрсдэлийн улмаас үүссэн гэж үзэхээр байх тул даатгуулагчид учирсан гэнэтийн ослын даатгалын нөхөн төлбөрийг олгох нь зүйтэй гэж дүгнэсэн.

Иймд даатгагч М ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй байх тул О.Б-ын хөдөлмөрийн чадвар түр алдсан ажлын 57 хоногт даатгалын үнэлгээ 60,000,000 төгрөгийн 30 хувиар тооцон даатгалын нөхөн төлбөрт 18,000,000 төгрөг, алданги 9,000,000 төгрөг, нийт 27,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Талуудын хооронд 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гэнэтийн ослын даатгалын гэрээг нэг жилийн хугацаатай байгуулсан. Харин ослын шалтгааныг тогтоосон 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актад О.Б нь гагнуурын ажил хийх явцад бензин насосын шаланг нугалаасаар цоорон бензин цацарч гал гарч түлэгдэж гэмтэл авсан осол гарсан гэж дурдсан нь талуудын хооронд байгуулсан гэрээний 9.1.4-т Хор хөнөөлт болон, /эсвэл өндөр шатамхай төрлийн газрын тосны химийн болон химийн бодис гэж заасан татгалзах нөхцөлд хамаарч байна. Тодруулбал, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т Газрын тосны бүтээгдэхүүн гэж газрын тос болон химийн нэгдлүүдийг боловсруулах замаар гарган авсан бүх төрлийн шатахуун, тусгай шингэн, шатдаг хий тос, тосолгооны материал, битум, мазут болон бусад бүтээгдэхүүнийг гэж заасны дагуу дээрх үйл баримт буюу бензин цацарч гал гаран түлэгдэж гэмтэл авсан осол нь гэрээнд заасан нөхөн төлбөр олгох боломжгүй.

2.2. Мөн тухайн актын 14 дүгээр зүйлийн 14.1-т Осолдогч О.Б нь тухайн хэсэгт 14 жил, 6 сар, 16 хоног ажилласан туршлагатай боловч ажил гүйцэтгэх үедээ аюулгүй ажиллагааны дүрмийг мөрдөөгүй ажлын хамгаалах хэрэгслийг бүрэн бүтэн өмсөөгүй, ажлын багаж хэрэгсэл болох гагнуурын тоног төхөөрөмж, кабель, шалангуудын бүрэн бүртэн байдлыг шалгаагүй ажил гүйцэтгэж ажлын байранд гарч болох эрсдлийг тооцоогүй, анхаарал болгоомжгүй хайнга ажилласан нь осол гарахад нөлөөлсөн байна... гэж дүгнэсэн нь даатгуулагч даатгалын гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.2-т даатгалын зүйлийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх ... гэж заасан үүргээ биелүүлээгүйн улмаас даатгалын зүйлд хохирол учирсан нь даатгалын гэрээний 9.1.1-т даатгуулагч буюу түүний эрх ашгийг хамгаалагч гуравдагч этгээд санаатайгаар хохирол учруулсан буюу хохирол гарах орчин нөхцөлийг бүрдүүлсэн, мөн гэрээний 9.1.13-т даатгуулагч энэ гэрээний 7.1.1, 7.1.2, 7.1.3-т заасан үүргээ биелүүлээгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М ХХК-аас 27,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М ТӨҮГазарт олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч М ТӨҮГазраас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 292,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 292,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М ТӨҮГазарт олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүхийн шийдвэрт гэнэтийн ослын даатгалын гэрээний 4.1.2-т заасан даатгалын тохиолдол үүссэн гэж үзэх үндэслэлтэй тул даатгуулагч гэрээний дагуу нөхөн төлбөр олгохыг даатгагчаас шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь гэнэтийн осол гэдэгт бороос хамаарахгүй гэнэтийн шинжтэй үйл баримтыг үздэг тул дүрмээ мөрдөөгүйгээс үүссэн тохиолдлыг хамааруулан ойлгож талуудын хооронд байгуулсан гэрээг буруу тайлбарласан.

Тодруулбал, 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актын 14 дүгээр зүйлийн 14.1-т комиссын дүгнэлтэд ...осолдогч О.Б аюулгүй ажиллагааны дүрэм мөрдөөгүй, ... ажлын байранд гарч болох эрсдэлийг тооцоогүй, анхаарал болгоомжгүй хайнга ажилласан нь осол гарахад нөлөөлсөн байна гэж дүгнэсэн нь даатгуулагч даатгалын гэрээний 7.1.2-т даатгалын зүйлийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх... гэж заасан үүргээ биелүүлээгүй, дүрэм мөрдөөгүй нь даатгалын гэрээний 9.1.1-т даатгуулагч буюу түүний эрх ашгийг хамгаалагч гуравдагч этгээд санаатайгаар хохирол учруулсан буюу хохирол гарах орчин нөхцөлийг бүрдүүлсэн гэж заасан үндэслэлд хамаарч байгаа болох нь тогтоогдсон. Мөн гэрээний 9.1.13-т даатгуулагч энэ гэрээний 7.1.1, 7.1.2, 7.1.3 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй гэж заасныг мөрдөөгүйгээс хохирлын хэмжээ нэмэгдсэн нь тус ослын шалтгааныг тогтоосон акт бичигт ... О.Б нь гагнуурын ажил хийх явцад бензин насосын шаланг нугалаасаар цоорсон гэж дүгнэсэн үйл баримт тогтоогдсон.

4.2. О. Бадамбазар нь бензин цацарч гал гаран түлэгдэж гэмтэл авсан осол гарсан гэж дурдсан нь талуудын хооронд байгуулсан гэрээний 9.1.4-т дараах зүйлсийн боловсруулалт болон эсвэл үйлдвэрлэлт болон эсвэл агуулах болон эсвэл тээвэрлэлт болон эсвэл аливаа үйл ажиллагаа ажиглалтаар үйл ажиллагаагаа явуулдаг аж ахуйн нэгжийн ажилчид хорт хөнөөлт болон эсвэл өндөр шатамхай төрлийн газрын тосны химийн болон химийн бодис гэж заасан татгалзах нөхцөлд хамаарах юм. Өөрөөр хэлбэл, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т газрын тосны бүтээгдэхүүн гэж газрын тос болон химийн нэгдлүүдийг боловсруулах замаар гарган авсан бүх төрлийн шатахуун, тусгай шингэн, шатдаг хий, тос тосолгооны материал, битум, мазут болон бусад бүтээгдэхүүнийг гэж заасны дагуу дээрх үйл баримтад гэрээний нөхөн төлбөр олгохгүй гэж заасан.

Мөн гэнэтийн ослын даатгалын гэрээний 9.1.4-т зааснаар М ТӨҮГ нь хорт хөнөөлт, өндөр шатамтгай төрлийн газрын тосны химийн болон химийн бодистой холбоотой боловсруулалт, үйлдвэрлэлт, агуулах, тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж биш байх тул хариуцагчийн дээрх татгалзал үндэслэлгүй гэж дүгнэсэн нь шүүх гэрээг буруу тайлбарласан. Учир нь гэрээний 9.1.4-т Дараах зүйлсийн боловсруулалт болон ажиглалтаар үйл ажиллагаагаа явуулдаг аж ахуйн нэгжийн ажилчид гэснийг шүүх боловсруулалт, үйлдвэрлэлт, агуулах зэргээр хязгаарлагдмал дүгнэсэн нь тус зохицуулалтын хорт хөнөөлт, өндөр шатамтгай төрлийн газрын тосны бодистой холбоотой аливаа үйл ажиллагаандаа хэрэглэж байгаа хэлбэр хэмжээг зааж хязгаарласан. Тухайн зохицуулалтын үйл ажиллагааны эзэмшилд тодорхой хэмжээнд байлгаж, ажиглалтаар үйл ажиллагаандаа хэрэглэнэ гэсэн талаар шүүх дүгнэлт өгөхгүйгээр нэг талыг баримталж шийдвэрлэсэн. Үүнээс үзэхэд ямар нэгэн хэмжээ, үйл ажиллагааны хяналтыг сулруулах зэргийг зөвшөөрсөн ойлголт гэрээнд байхгүй, эсрэгээрээ байнгын өндөр хяналтыг гэрээгээр зохицуулсан тул газрын тосны аливаа бодис тодорхой хэмжээгээр ашиглаж байгаа бол анхаарал хяналт дээд зэргээр тавьж ажиллах ёстой байгууллагад нэхэмжлэгч багтаж байна.

4.3. Шийдвэрийн шийдвэрт ажилтан О.Б нь ажлын нийт 57 хоног амбулаториор эмчлүүлж хөдөлмөрийн чадвар түр алдсан нь эмнэлгийн хуудсаар тогтоогдсон тул нэхэмжлэгч нь даатгалын үнэлгээний 30 хувиар тооцож, даатгалын нөхөн төлбөрт 18,000,000 төгрөг нэхэмжилсэн нь гэрээнд заасан даатгалын нөхөн төлбөр олгох, тооцох нөхцөлд нийцсэн байна гэж дүгнэсэн нь алдаатай байна. Учир нь О.Б-ын листний хугацаагаар тооцоолол хийвэл ажлын 49 хоног өвдсөнөөс нэхэмжлэгч 09 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл өвдсөн гэж дурдаад байгаа боловч нийгмийн даатгалын лавлагаанаас үзэхэд 9 сард бүтэн ажилласнаар нийгмийн даатгал төлөгдсөн нь 9 сард өвдсөн гэх ажлын 7 хоног хасагдаж, ажлын 42 хоног өвдсөн нь гэрээний 8.2.3-т зааснаар даатгалын үнэлгээний 25 хувиар тооцох үндэслэлтэй. Түүнчлэн, нэхэмжлэгчийн алданги тооцсон нь үндэслэлгүй.

Иймд анхан шатны шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Тухайн ослыг Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актаар үйлдвэрлэлийн осолд тооцсон тул гэнэтийн ослын даатгалын гэрээний 4.1.2-т машин тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлтэй харьцах үеийн эрсдэл, хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааны дүрэм зөрчигдсөнөөс үүсэх эрсдэл, аливаа осол, аваараас үүдэн гарах эрсдэл гэж тодорхойлсноор уг 3 төрлийн даатгалын эрсдэлд хамаарах тул хариуцагчийн гомдол үндэслэлгүй. Мөн шүүхийн шийдвэрт талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээний харилцаа үүссэн ба тус гэрээг бичгээр байгуулж, гол нөхцөлийг бүрэн тусгасан тул Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.2, 431.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж шийдвэрлэсэн нь хуулийн зүйл заалтыг оновчтой, зөв хэрэглэсэн шүүхийн шийдвэрийн хууль ёсны байх шаардлага хангагдсан гэж үзэх үндэслэлтэй байна. Түүнчлэн, гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.11 гэнэтийн осол гэж гэнэтийн, гадны хүчний нөлөөгөөр бие махбодод гэмтэл, бэртэл учруулах нөхцөл байдлыг ойлгоно гэж заасан ба даатгуулагч М ТӨҮГ-ын ажилтан нь гагнуурын ажил хийх явцад бензин насосны шаланг нугалаасаар цоорсон нь гэнэтийн шинжтэй, цаг хугацааны хувьд шаланг цоорохыг урьдчилан таамаглах боломжгүй бөгөөд бензин цацарч гал гаран түлэгдсэн нь гэнэтийн осол тул дүрмээ мөрдөөгүйгээс үүссэн тохиодолд гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

5.2. Нэхэмжлэгч нь ашигт малтмалын хайгуул, явуулдаг болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт болох хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдсон тул гэрээний 9.1.4-т аливаа үйл ажиллагаа, ажиглалтаар үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн ажилчид гэж заасан татгалзах нөхцөлд хамаарна гэсэн нь үндэслэлгүй. Мөн шүүх гэрээний 9.1.4 дэх заалтыг зөвхөн боловсруулалт, үйлдвэрлэлт, агуулах зэргээр хязгаарлагдмал дүгнэсэн нь тус зохицуулалтын хорт хөнөөлт, өндөр шатамтгай төрлийн газрын тосны бодистой холбоотой аливаа үйл ажиллагаандаа хэрэглэж байгаа хэлбэр хэмжээг зааж хязгаарласан нь гэрээг буруу тайлбарлан дүгнэсэн гэж үзэх үндэслэлтэй байна гэх гомдол үндэслэлгүй. Учир нь шүүх хуралдаан даргалагчаас гэрээний 9.1.4 дэх заалтын агуулгыг хариуцагч М ХХК-аас тодруулан асуусан ба хариуцагч нь давж заалдах гомдолд дурдсан хорт хөнөөлт, өндөр шатамтгай төрлийн газрын тосны бодистой холбоотой аливаа үйл ажиллагаандаа хэрэглэж байгаа хэлбэр /их, бага/-ын хэмжээг зааж хязгаарласан, мөн ажиглалтаар анхаарал болгоомжтой хяналттайгаар үйл ажиллагаандаа хэрэглэнэ гэсэн агуулыг гэрээ байгуулах бэлтгэл үе шатанд нэхэмжлэгчтэй тохиролцсон гэсэн хариулт өгсөн боловч үүнтэй холбоотой нотлох баримт гаргаж өгөөгүй.

5.3. Ажилтан О.Б нь Хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудсаар 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийг дуустал ажлын 54 хоног амбулаториор эмчлүүлсэн нь тогтоогдсон. Мөн гэнэтийн ослын даатгалын гэрээний 8.5.1-д даатгагч нөхөн төлбөрийн баримт бичгүүдийг шаардлага хангасан гэж үзвэл 14 хоногийн дотор шийдвэрлэнэ, мөн 10.3-д даатгалын нөхөн төлбөрийн материалыг бүрэн хүлээн авсан болохоо даатгуулагчид мэдэгдэж хариу өгснөөс хойш гэрээний хугацаанд нөхөн төлбөр олгоогүй тохиолдолд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож даатгуулагчид олгоно гэж тохиролцсоныг үндэслэн анхан шатын шүүх нөхөн төлбөрийг хууль болон гэрээгээр тохиролцсон хугацаа, хэмжээнд олгох үүргээ биелүүлээгүй гэж дүгнэн, алданги тооцож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Түүнчлэн, хариуцагч нь хуульд заасан татгалзлын үндэслэлээ баримтаар нотлоогүй, анхан шатны шүүх нотлох баримтыг хуульд заасан хуульд нийцүүлэн үнэлсэн атал илт нэг талыг баримталсан гэх гомдол үндэслэлгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлсэн, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна. 

 

3. Нэхэмжлэгч М ТӨҮГ нь хариуцагч М ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 18,000,000 төгрөг, алданги 9,000,000 төгрөг, нийт 27,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.1. М ТӨҮГ болон М ХХК нь 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гэнэтийн ослын даатгалын гэрээ байгуулж, уг гэрээгээр даатгуулагч М ТӨҮГнь хавсралтад дурдсан ажилтнуудын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болох гэрээнд заасан эрсдэлээс хамгаалахаар 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл даатгуулж, даатгалын төлбөрийг төлсөн байна. /хх-ийн 16-26/

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээний харилцаа үүссэн, гэрээний хүчин төгөлдөр байдалд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 

4. Даатгуулагч М ТӨҮГ-ын даатгуулсан ажилтан О.Б нь Хэнтий аймаг, Бор-Өндөр сум Уулын баяжуулах үйлдвэрт 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр гагнуурын ажил хийх явцад бензин насосын шаланг нугалаасаар цоорон, бензин цацарч гал гаран түлэгдэж гэмтэл авсныг 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Үйлдвэрийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт үйлдэж, үйлдвэрлэлийн осолд тооцсон болох нь хэргийн баримтаар тогтоогджээ. /хх-ийн 41-43/

 

4.1. Хариуцагч нь татгалзлаа ...О.Б нь гагнуурын ажил хийх явцад бензин насосын шаланг нугалаасаар цоорон бензин цацарч гал гарч түлэгдэж гэмтэл авсан нь талуудын хооронд байгуулсан гэрээний 9.1.4-т заасан нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцөлд хамаарч байна. Түүнчлэн, даатгуулагч даатгалын гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасан үүргээ биелүүлээгүйн улмаас даатгалын зүйлд хохирол учирсан нь мөн гэрээний 9.1.1-т заасан нөхцөлийг бүрдүүлсэн байхааас гадна гэрээнд заасан даатгагчийн үүргээ биелүүлээгүй гэж тайлбарлан маргажээ.

 

Дээрх ослыг гэрээгээр тохирсон даатгалын тохиолдол бий болсон гэж үзэх эсэх, даатгалын гэрээгээр зохицуулагдах даатгалын эрсдэлд хамаарах эсэх нь зохигчдын хоорондох маргааны зүйл болжээ.

 

4.2. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь гэнэтийн ослын даатгал байх ба даатгуулагчийн ажилтны амь нас, эрүүл мэндэд гэнэтийн ослын улмаас хохирол учирсан байхыг шаардах учиртай.

 

4.3. Хэрэгт авагдсан 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн эмчийн үзлэг, эмнэлгийн магадлагаа, Хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас баримтаар даатгуулагчийн ажилтан О.Б нь гагнуурын ажил хийж гүйцэтгэх явцад бензин насосын шаланг задарч, гал гарсны улмаас түлэгдэж, хоёр гарын сарвуу хүзүү, эрүү орчмын түлэгдсэн шарх 3-н А зэрэг биеийн гадаргуугийн 5 хувьтай тэнцэх гэмтэл авсан нь тогтоогдсон байна. /хх-ийн 44-56/

 

4.4. Энэ нь талуудын хооронд байгуулсан гэнэтийн ослын даатгалын гэрээний 4.1.2-т заасан машин, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлтэй харьцах үеийн эрсдэл, хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааны дүрэм зөрчигдсөнөөс үүсэх эрсдэл, аливаа осол, аваараас үүдэн гарах эрсдэл гэж тодорхойлсон даатгалын эрсдэлд хамаарч байгаа талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

4.5.Түүнчлэн, нэхэмжлэгч М ТӨҮГ-ын дүрэм-ийн 2.3-т хайлуур жонш, алт болон бусад ашигт малтмал олборлох, баяжуулах, борлуулах, баяжмал болон бусад бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах, үйлдвэрлэсэн баяжмалыг металлургийн аргаар боловсруулах, Монгол улсын нутаг дэвсгэр дээр геологи хайгуулын ажил явуулах, ашигт малтмалын орд газрыг үйлдвэрлэлийн аргаар эзэмшихэд бэлтгэх, ашиглах... гэх мэт үйл ажиллагаа явуулдаг талаар тусгажээ. /хх-ийн 8-15/

 

4.6. Дээрхээс дүгнэхэд гэнэтийн ослын даатгалын гэрээний 9.1.4-т зааснаар М ТӨҮГ нь хорт, хөнөөлт, өндөр шатамтгай төрлийн газрын тосны химийн болон химийн бодистой холбоотой боловсруулалт, үйлдвэрлэлт, агуулах, тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжид хамаарахгүй талаар гэж шүүх дүгнэснийг буруутгахгүй. Иймд хариуцагчийн ... гэрээний 9.1.4-т заасан татгалзах нөхцөлд хамаарна гэх гомдлыг хангахгүй.

 

4.7. Хэргийн 52-56 дугаар талд авагдсан Хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас гэх баримтаар ажилтан О.Б нь ослын улмаас гэмтэж, 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл ажлын нийт 57 хоног амбулаториор эмчлүүлж хөдөлмөрийн чадвараа түр алдсан болох нь нотлогдож байх тул нэхэмжлэгч нь гэрээний 8.2.3-т зааснаар 30 хувиар тооцон даатгалын нөхөн төлбөрийг хариуцагчаас шаардах эрхтэй байна. Энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн тул хариуцагчийн ...42 хоног хөдөлмөрийн чадвараа түр алдсан учраас даатгалын үнэлгээг 25 хувиар тооцох үндэслэлтэй... гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

Иймд анхан шатны шүүх хариуцагч М ХХК-аас даатгалын нөхөн төлбөрт 18,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М ТӨҮГ-т олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

5.Талууд гэрээний 8.5.1-д Даатгагч нөхөн төлбөрийн баримт бичгүүдийг шаардлага хангасан гэж үзвэл 14 хоногийн дотор шийдвэрлэнэ гэж, мөн 10.3-т Даатгалын нөхөн төлбөрийн материалыг бүрэн хүлээн авсан болохоо даатгуулагчид мэдэгдэж хариу өгснөөс хойш гэрээний хугацаанд нөхөн төлбөр олгоогүй тохиолдолд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож даатгуулагчид олгоно гэж тохиролцжээ. /хх-ийн 16-23/

 

5.1. Хэргийн баримтаар нэхэмжлэгч нь даатгалын тохиолдол үүссэнээс хойш 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 1/2526, 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 1/605, 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1/1761 тоот албан бичгүүдээр даатгалын нөхөн төлбөр шаардахад хариуцагч нь 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 03/12-1322, 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 01/12-584, 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 01/12-1013 тоот албан бичгүүдээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан хариуг өгсөн. /хх-ийн 28-37/

 

Иймд хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд нэхэмжлэгчид даатгалын нөхөн төлбөрийг олгоогүй буруутай байх тул хариуцагчаас алданги 9,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасанд нийцжээ.

 

6. Хариуцагч нь ...Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актад осолдогч О.Б нь ажил гүйцэтгэх үедээ аюулгүй ажиллагааны дүрмийг мөрдөөгүй, гагнуурын тоног төхөөрөмж, кабель, шалангуудын бүрэн бүтэн байдлыг шалгаагүй, ажил гүйцэтгэгч гарч болох эрсдэлийг тооцоогүй, анхаарал болгоомжгүй хайнга ажилласан нь осол гарахад нөлөөлсөн гэж дүгнэснээс үзвэл даатгуулагч нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, дүрэм журмаа мөрдөөгүй, хохирол гарах орчин нөхцөлийг бүрдүүлсэн нь тогтоогдсон... гэх агуулга бүхий гомдол гаргажээ.

 

6.1. 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актаар осолдогч О.Б нь ажил гүйцэтгэх үедээ аюулгүй ажиллагааны дүрмийг мөрдөөгүй, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг шалгаагүй, гарч болох эрсдэлийг тооцоогүй, анхаарал болгоомжгүй хайнга ажилласан нь осол гарахад нөлөөлсөн гэж дүгнэсэн боловч энэ нь гэрээгээр тохиролцсон даатгалын эрсдэлд орсны улмаас даатгалын тохиолдол бий болоход төлөх нөхөн төлбөрийг төлөхгүй байх, улмаар төлбөрийг багасгах үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл, гагнуурын ажил хийх явцдаа бензин насосын шаланг нугалаасаараа цоорон, бензин цацарч гал гарсны улмаас ажилтан түлэгдэж гэмтсэн нь даатгалын эрсдэлд хамаарна. Харин ажилтан гагнуур хийж байхдаа ажлын хамгаалах хэрэгслийг бүрэн бүтэн өмсөөгүй, гагнуурын тоног төхөөрөмж, кабель, шалангуудын бүрэн бүтэн байдлыг шалгаж аюулгүй ажиллагааны дүрмийг баримтлаагүй нь ажил үүрэг гүйцэтгэхтэй хамаарах заалт юм..

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 181/ШШ2024/00114 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч М ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр урьдчилан төлсөн 292,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ