| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэн Ренченхорол |
| Хэргийн индекс | 185/2018/0935/э |
| Дугаар | 801 |
| Огноо | 2018-11-06 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Н.А |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 801
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж,
Улсын яллагч: Н.Анхбаяр,
Нарийн бичгийн дарга: О.Бадмаараг,
Хохирогч Б.М,
Шүүгдэгч Б.Б /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б холбогдох эрүүгийн 1803006900368 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол улсын иргэн, Б.Б
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Яллагдагч Б.Б нь 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 22 цагийн үед Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Авлигатай тэмцэх газрын зүүн талын уулзварын замд 84-08 УБП улсын дугаартай Toyota prius загварын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.12-д заасан “жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ /уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна/ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас унадаг дугуйтай Б. ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 22 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Авлигатай тэмцэх газрын зүүн талын уулзварын замд чигээрээ явж байгаад унадаг дугуйтай Б. ыг мөргөж хохирол учруулсан. Хохирогчид 6.200.000 төгрөгийг бэлнээр өгсөн гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б. мэдүүлэхдээ: Надад гомдол санал байхгүй. Эмчилгээний төлбөрөө шүүгдэгчээс бүрэн төлүүлж авсан. Одоогоор би шүдний эмчилгээ хийлгээд явж байгаа гэв.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б. /хх-ийн 26-28/, гэрч /хх-ийн 39/, яллагдагч Б.Б /хх-ийн / нарын өгсөн мэдүүлэгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 9926 дугаар дүгнэлт /хх-ийн 48/, Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 578 дугаар дүгнэлт /хх-ийн 52-53/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-14/, шүүгдэгч Б.Б урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 76/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 22 цагийн үед Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Авлигатай тэмцэх газрын зүүн талын уулзварын замд 84-08 УБП улсын дугаартай Toyota prius загварын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.12-д заасан “жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ /уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна/ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас унадаг дугуйтай Б. г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэж прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүгдэгч Б.Б нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч Б.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би тэр өдөр буюу 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн орой 22 цаг 40-45 минутын орчимд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр болох гэрэлт гудамжнаас өөрийн найз О.Амарын хамт унадаг дугуйтай модны 2 орох санаатай би урд талд нь унадаг дугуйтай, миний араас 2-3 метрийн зайтай манай найз унадаг дугуйтай Сүхбаатар дүүргийн гэрэлт гудамжнаас баруун тийш явсан засмал замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд явж байтал Авлигатай тэмцэх газрын зүүн уулзварт ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд зорчин явсан Тоёота Приус маркийн 84-08 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч гар утасаа оролдож яваад харалгүй тэр чигээрээ гэнэт урдуур зүүн гар тийш дарж эргэх үйлдэл хийн би уг автомашины баруун урд хэсэгт мөргүүлэн унадаг дугуйтайгаа хамт автомашины урд копуд давж уг автомашины цаад талд буюу ертөнцийн зүгээр баруун талд нь би засмал зам дээр толгойгоо цохиж унасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28/,
Гэрч О. мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...миний урд талд манай найз Б.М, ард талд нь би унадаг дугуй унаад явж байсан тэгээд Авлигатай тэмцэх газрын зүүн уулзварт ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд зорчин явсан Тоёота Приус маркийн 84-08 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч гар утасных нь гэрэл асчихсан утсаа гартаа барьчихсан явж байгаад гэнэт урдуур зүүн гар тийш эргэх үйлдэл хийн унадаг дугуй унаж явсан манай найз Б.Мг автомашиныхаа урд хэсгээр буюу урд буферийнхээ баруун урд хэсгээр мөргөсөн, тэгээд найз Б.М уг автомашины урд копудыг давж автомашины цаана засмал зам дээр нүүрээр цохиж унасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 39/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 9926 дугаар дүгнэлт: “...Б.М биед хоншоор ясны түүшингийн хугарал, зүүн дээд 1-р шүдний булгарал, баруун дээд 1-р шүдний цөгцний 1/3-ийн хугарал, баруун дээд 2-р, зүүн дээд 2-р шүдний сулрал, хамрын ясны хугарал, хамрын таславчны мурийлт, уруулд няцарсан шарх, хамар, уруулд зулгаралт, баруун гуя, хоёр өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 48/,
Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 578 дугаар дүгнэлт: “...Тоёота Приус 20 маркийн 84-08 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Б нь МУ-ын ЗХД-ийн 7.12 “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ (уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна) өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 52-53/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-14/ бусад бичгийн нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, яллагдагч болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Б /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүх энэ талаар няцаан үгүйсгэх дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд замын хөдөлгөөний дүрмийг бүрэн баримтлах соёл дутмаг байдал шууд нөлөөлжээ.
Иймд шүүгдэгч Б.Б нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхээс шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, дүгнэлт хийж байгаа зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон үзлээ. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчийн хувийн байдал, энэ хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг зэргийг харгалзан шүүхээс шүүгдэгч Б.Б ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох...” гэж заасны дагуу 450 нэгж буюу 450.000 төгрөгийн торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Б хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх талаар хугацаа тогтоох шаардлагагүй гэж шийдвэрлэв. Харин торгох шийтгэл ногдуулсан шүүхийн шийдвэрийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт заасан хугацааны дотор төлж барагдуулах үүрэгтэйг Б.Б тайлбарласныг тэмдэглэвэл зохино.
Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын асуудлын хувьд хохирогч Б.М нь шүүхийн хэлэлцүүлэгт “...гомдол саналгүй. Эмчилгээний төлбөрөө шүүгдэгчээс бүрэн төлүүлж авсан...” гэснийг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Б нь урьд цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болохыг дурьдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Б тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б 450 нэгж буюу 450.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурьдсугай.
4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
5. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ